МАН-аас зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форум хоёр дахь өдрөө “Монгол Улсын эдийн засгийн байдал, хөгжлийн бодлого” сэдвийн хүрээнд үргэлжиллээ. Хоёр дахь өдрийн хуралдааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нээж үг хэллээ. Тэрээр “Энэ форумаас нэгдсэн шийдлийн хувилбарууд гарч ирэх юм. Тэдгээр гарц шийдлийг Засгийн газар болон УИХ-ын хэмжээнд ярьж ажил хэрэг болгоно. Гэхдээ эрх баригч гол хүчин маань бидний санал санаачилгыг хүлээж авахгүй бол хэцүү л дээ. Тэгэхээр эрх баригчдыг хүлээж авах хэмжээнд иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн мэргэд, судлаачид, улс төрийн намууд хамтарч алхаж байгаа юм. Өнөөдөр бизнесийн орчинд ямар ямар асуудал тулгамдаж байна, тэдгээр асуудлаас яаж гарах вэ гэдэг шийдлийг ярина. Тэгэхээр Монгол Ардын Намаас санаачлан зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форум маш өгөөжтэй болж байна” гэлээ.
Хоёр дахь өдрийн хуралдааныг нээж УИХ-ын гишүүн Сү.Батболд “Монгол Улсын хөгжлийн бодлого” сэдвийн дор “Монгол Улс хаана яваа, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хямралын гол шалтгаан, цаашид бодлогын ямар асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй вэ” зэрэг асуултад хариулт өгсөн илтгэл тавьсан юм.
“Эдийн засгийн хямрал хаана ч урилгагүй ирдэг, харин Монгол Улсад урилгаар ирлээ . Ямарч улс орон хямралыг зорьж олдоггүй. Бид бодлогогүй, бодлогын алдаанаасаа болж хямралд орлоо”
Агуулгаа ерөнхийд нь ингэж тодорхойлсон Сү.Батболд гишүүний итгэлийн үеэр дурдсан онцлох мэдээллүүдийг хүргэж байна. Тэрээр Монгол Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэрхэн уруудсаныг өөрийнхөө тэргүүлж байсан Засгийн газрын үетэй харьцуулж тайлбарласан юм.
Сү.Батболдын Засгийн газрын үе буюу 2008, 2009 онд эдийн засгийн хямралыг зөв бодлогоор давж, 2011 оны эцэст эдийн засаг 17.8 хувьд хүрч өсч байсан гэлээ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн өсөлт гурван хувь байгаа юм байна. Энэ нь дөрвөн жилийн өмнөхөөс зургаа дахин буурсан үзүүлэлт юм байна. Дөрвөн жилийн өмнө манай улсад 4.6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэж байжээ. Харин 2014 оны эцэст 276 сая ам.доллар болж нийтдээ 16 дахин буурсан гэлээ. Тухайн үед нийт хөрөнгө оруулалтын 30 орчим хувийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлж байсан бол, өнөөдөр нийт хөрөнгө оруулалтын 70 гаруй нь Оюутолгой төслөөс хамаарч байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдээ урагшлуулсан бол ийм байдал үүсэхгүй байсан гэдгийг УИХ-ын гишүүн Сү.Батболд илтгэлдээ дурдлаа. Хөрөнгө оруулалт эрчимтэй саарч байгаа нь Монгол Улсыг дэлхий тоохгүй, манайх бусдад тоогдохгүй байгаагийн муу жишээ гэв.
Засгийн эрхийг 2012 онд хүлээлгэн өгөхөөс өмнө гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн байж. Харин сонгуулийн дараа алдаатай олон бодлого явуулсны уршгаар өнөөдөр Монголбанк зөвхөн юанийн хэлцлээр л валютын нөөцөө аргацаах хэлбэрт шилжсэн гэлээ. Сү.Батболдын Засгийн газрын үед ам.долларын ханш 1390 төгрөг байсан бол өнөөдөр 2000 төгрөг давж байна. Өнгөрсөн гуравхан жилийн хугацаанд төгрөгийн ханш 45 хувиар өсч, иргэдийн худалдан авах чадвар 60 орчим хувиар муудсан байна гэлээ.
Дараагийн анхаарал татсан тоо бол Монгол Улсын гадаад өр байлаа. Тэрээр итгэлдээ дурдахдаа улсын гадаад өр хуульд заасан хэмжээнээс давсан байгаа гэв. Энэ оны хагас жилийн байдлаар манай улс 21.6 тэрбум ам.долларын буюу нийт 42.3 их наяд төгрөгийн өртэй байгаа юм байна. Энэ нь ДНБ-ий хэмжээтэй харьцуулахад 180 хувиар давсан үзүүлэлт юм байна. Улсын гадаад өр дээр дотоодын зээлийн өрийн үлдэгдэл болох 12.3 их наяд төгрөгийг нэмбэл ДНБ-ий 231 хувьд хүрнэ гэж зарим эдийн засагч тооцсон байна. Энэ нь Грекийн өрийн хямралтай дүйцэх хэмжээнд ирсэн үзүүлэлт гэнэ. Грекийн хямрал улам гүнзгийрч сүүлийн үеийн мэдээгээр ДНБ-ийхээ 235 хувьтай тэнцэж байгаа юм байна. Дээр нь манай улс өрийн өндөр эрсдэлтэй 13 орны наймд нь багтсан байгаа юм байна.
Дэлхийд бид хаана явна вэ
Монгол Улс өрсөлдөх чадвараараа 147 орноос 107-д эрэмбэлэгдэж, гурван жилийн өмнөхөөс 10 орноор хойш ухарчээ. Хүний хөгжлийн индексээр дэлхийн 183 орноос 103-д багтаж дундаж гэсэн ангилалд байгаа аж. Амьдралын чанарын үзүүлэлтээр 107 дугаар байрт байна.
Эдгээр тоо баримтыг дурдсаны дараа УИХ-ын гишүүн Сү.Батболд хэлэхдээ “Улсаараа урагшаа явж чадалгүй, улсаараа хойшоо ухарлаа. Өртэй, үнийн өсөлттэй, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаж иргэд нь хүн шиг амьдарч чадахгүй байхад улс нь улс шиг хөгжих боломжгүй гээд, цаашид яах вэ гэдэг гарцыг хэлсэн юм.
Түүнийг нь сийрүүлбэл, “Мөнгө дангаараа байгаад хөгжлийг бүтээдэггүй. Мөнгө, сайн бодлоготой хосолж байж хөгжлийг бүтээдэг. Ингэж байж бодит эдийн засгийн өсөлт бий болно. Өнөөгийн хямрал бол бодлогогүйн уршиг, бодлогын алдаанаас үүдэлтэй. Дэлхийн хямрал гэхээс илүү дотоод бодлогын алдаанаас хамааралтай. Бодлого бол нэг талаасаа зорилго, бас маршрут. Бодлогогүй бол газрын зураггүй аялалд гарсантай адил. Тиймээс тогтвортой бодлого, бодлогын залгамж чанарыг хадгалах нь чухал байна. Бидэнд хөгжлийн ийм л зам хэрэгтэй. Нэг нам, нэг Засгийн газар гарч ирээд бодлого өөрчилдөг биш, харин хэрэгжүүлдэг байвал улс орон хөгжих, ард түмний амьдрал сайжрах нөхцөлд бүрдэнэ. Бодлого нэгдүгээрт, мөнгө хоёрдугаарт эрэмбэлэгдэх ёстой. Цаашид мэдлэгт суурилсан эдийн засаг, хөгжлийн тогтвортой цуврал бодлого хэрэгтэй байна. Бодлого тодорхой зорилттой байх ёстой. Нийгэмд чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх төрийн бодлого явуулах хэрэгтэй. Бодлого зөв байж өнөөгийн хямралаас гарч чадна” гэлээ. Ч.Хашчулуун: Эрдэс бүтээгдэхүүний үнэ 2018, 2019 оноос өсөх хандлагатай байгаа
Түүний итгэлийн дараа хоёр дахь өдрийн салбар хуралдаанууд эхэлсэн юм. “Уул уурхайн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” салбар хуралдаанд Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Алгаа, эдийн засагч Ч.Хашчулуун нар итгэл тавьсан. “Монголын эдийн засагт уул уурхайн салбарын үзүүлэх нөлөө, түүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь” сэдвээр тавьсан эдийн засагч Ч.Хашчулууны илтгэл нэлээд сонирхол татлаа. Тэрбээр төсөв алдагдалтай байгаа үед уул уурхайг ашиглахаас өөр аргагүй . Хэдий уул уурхайн супер цикль дуусч байгаа ч Монгол Улс өнөөгийн нөхцөлд уул уурхайгүйгээр урагшлахгүй гэлээ. Ирэх 2018, 2019 оноос эрдэс бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байгаа гэнэ. Тиймээс манайх үүнээс урьдаж өрсөлдөх чадвараа сайжруулах зайлшгүй шаардлагатай гэлээ. Тэрээр хэлэхдээ “Дэлхийн өрсөлдөөнд нүүрсний салбарт гэхэд Австралитай тулж ажиллах ёстой. Австралийн жилийн нүүрсний экспорт 400 сая ам.долларт хүрчихсэн байхад Монголынх дөнгөж 18 сая хүрч байна. Үүнээс харахад дэлхийн зах зээлд Монгол Улс жижиг тоглогч учир өөрсдийгөө дээгүүрт үнэлэх шаардлагагүй. Хаа холоос, Австралиас нүүрс авчирч болоод байхад бид 200 км-ын цаадахь төмөр замаа барьж чадахгүй саатлаа . Одоо төмөр замын асуудлаа нэг тийш нь болгох хэрэгтэй. Манай улс төмрийн хүдэр, алт, зэс, нүүрс гэсэн дөрвөн л экспортын чадвартай. Зах зээлийн хувь, байр сууриа хадгалахын төлөө тэмцэх ёстой. Манай нүүрс Индонезынхоос муудахгүй, зэс Австралийнхаас доордохгүй учраас дэд бүтэц, хөрөнгө оруулалтаа сайжруулах хэрэгтэй. Төмрийн хүдрийг үнэд хүргэхийн тулд Богд уулыг тойрсон төмөр замаа барих хэрэгтэй . Ингэснээр Сэлэнгээс зөөж буй төмрийн хүдрээ Хятадын зах зээлд гайгүй үнээр нийлүүлэх боломжтой” гэсэн юм. Мөр тэрээр итгэлдээ уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт буурч, нэмэгдэхгүй байгаа шалтгааныг "Хан ресурс" компанитай холбон тайлбарласан юм. Монголын төр “Хан ресурс”-ийн мөнгийг бараг л дээрэмдчихээд сүүлдээ өгөхгүй гээд шүүхдэж байна. Олон улсын шүүх дээр Засгийн газар бараг ялагдаж байна. “Хан ресурс”-д хандсан хандлага нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэлээ.