Монголын чөлөөт бөхийн холбооны өргөтгөсөн хуралдаан өчигдөр болох тов гарсан ч албан ёсоор хуралдаж чадалгүй ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа. Уг хуралдаанаар МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржийг чөлөөлж, шинээр сонгох, холбооны дүрэм шинэчлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байжээ.
Өчигдөр МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж хуралдаанд ирээгүй юм. Харин холбооны Дэд ерөнхийлөгч А.Сүхбат үдээс хойш хуралдаанд хүрэлцэж ирсэн. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-МЧБХ-ны өргөтгөсөн хуралдаанаар ямар асуудлыг ярьж, ямар дүнд гарах вэ?
-Манай дасгалжуулагчдын олимпод гаргасан алдаанаас болж МЧБХ-д 50 мянган франк доллароор торгуулсан. Асуудал үүсгэх хэмжээнд ёс зүйн алдаа гаргасан учраас хариуцлага үүрүүлж байгаа юм. 2016 оны арванхоёр сарын 13-нд Дэлхийн чөлөөт бөхийн холбооны тайлангийн хурал болно. Энэ хурлаар МЧБХ 50 мянган фанк доллароо төлсөн байна уу, хариуцлагын шийтгэлээ биелүүлсэн байна уу, алдаа дутагдал гаргасан дасгалжуулагч нартаа арга хэмжээ авсан уу гэдгийг дүгнэж ярина. Хариуцлагын шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд Дэлхийн чөлөөт бөхийн холбоо МЧБХ-г дэлхийн болон олон улсын тэмцээнд оролцох боломжийг хаах эрсдэлтэй байгаа. Тиймээс МЧБХ-ны энэхүү өргөтгөсөн хуралдаанаар чөлөөт бөхөө цааш нь авч явах уу , үгүй юү, дөрвөн жил олон тэмцээнд оролцох эрхээ хасуулж тамирчид, дасгалжуулагчид, бөх сонирхогч ард түмэн хохирох уу гэдэг асуудлыг өнөөдөр шийдэх ёстой юм. Манай дасгалжуулагчид алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөхгүй, чөлөөт бөхийн Удирдах зөвлөлөөс гаргасан хурлын ажлын хэсгийг үл хүндэтгэж, болчимгүй зан авир гаргаж байна.
-Зарим дасгалжуулагч, тамирчдыг яагаад хуралд оролцуулахгүй байгаа юм бэ. Үүнээс болж асуудал үүсээд байгаа юм биш үү?
-Энэ маргаан дэгдээх асуудал биш. Алдаа дутагдал гаргаж, ёс зүйгүй байгаа тамирчин, дасгалжуулагчийн асуудлыг яах вэ. Энэ асуудлыг шат шатны байгууллагуудад хандах хэрэгтэй гэсэн саналтай байгаа. Биеийн тамир спортын газар гээд агенлагттай болсон. МЧБХ, Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо, Олимпийн хороо, Спортын арбитрын шүүх гэж байна. Эдгээр байгууллагуудад үе шаттай хандаж асуудлаа шийдүүлэх хэрэгтэй. Энэ байгууллагуудын гаргаж байгаа санал бол эцсийн шийдвэр гэж ойлгох хэрэгтэй. МЧБХ олон бөхийн холбооны дүрэм журмыг баримтлах ёстой. Учир нь эргээд баг тамирчид дэлхийн бөхийн холбооны дүрэм журмын дагуу тэмцээн уралдаанд орно, шүүгчдээ томилно, таримчдаа батална. Гэтэл манайх ийм дэг журмаараа явж чадахгүй байна. Тиймээс цаашид Монголын чөлөөт бөхийн холбоо байх ёстой юм уу, үгүй юү гэдгийг бодож сууна. Бид өнөөдөр сахилга батгүйгээр юунд ч хүрч чадахгүй. Сахилга батгүй холбоонд улс төсөв хуваарилах хэрэгтэй юм уу гэдгийг ч ярих хэрэгтэй. Дасгалжуулчигд олон түмнийг үймүүлж, янз бүрийн мэдэгдэл хийж байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй. Алдаа дутагдлаа эхлээд өөрсдөөсөө хайх хэрэгтэй.
-Энэ удаагийн хурлаар шинэ ерөнхийлөгч сонгох асуудал яригдаж байна. Ерөнхийлөгчөө танхимаас сонгох уу, Удирдах зөвлөлийн гишүүд сонгох юм уу?
-2019 онд МЧБХ-ны ерөнхийлөгчөөр Гацуурт компанийн захирал Чинбатыг их хурлаараа сонгосон. Уг хурлаар дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж , улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Дүрмийнхээ дагуу л Ерөнхийлөгчөө сонгох ёстой. Өмнөх удирдлагуудын хувьд дотоод үйл ажиллагаанд нарийн оролцдоггүй явснаас процессын алдаа гарсныг үгүйсгэхгүй. Чөлөөт бөхийн холбоог хөгжүүлье, энэ спортоор хичээллэж байсан, аж ахуй бизнесийнхээ салбарт өндөр үр дүн амжилттай яваа олон хүн Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлд ажиллах сонирхолтой байна. Эдгээр нөхдүүдийг урмаар тэтгэж хүлээн авах ёстой. Дөнгөж нэг ажил эхлэх гэтэл шүүмжлээд байж болохгүй. Тамирчид, дасгалжуулагч нараа олон улсын тэмцээнд оролцуулахад их хэмжээний зардал менежментэй байх хэрэгтэй . Тэгэхээр энэ чиглэлд сэтгэл зүрхээ зориулах хүмүүсээ сонгох хэрэгтэй. Урьд, урьдын чөлөөт бөхийн холбоог авч явж байсан зарим удирдлага, виз гаргаж байсан, зөрчил гаргаж байсан юм байдаг. Энэ асуудлыг шүүх эцэслэн шийдэх байх. Миний хувьд чөлөөт бөхийн гишүүн болоод “Олимп” сургуулийг байгуулж, чөлөөт бөхийг хөгжлүүлэх чиглэлд нэлээд үр дүнтэй ажилласан. Энэ удаагийн хурал амжилтай болж, МЧБХ маргаантай асуудлуудаа шийдээсэй гэж хүсч байна. Хэрвээ асуудлаа шийдэж чадахгүй бол миний бие Удирдах зөвлөлөөс нэрээ татна.
МУГТ Б.Наранбаатарын байр суурийг сонирхлоо.
-Энэ бол хурал биш хэлэлцүүлэг. Холбооны үйл ажиллагаа хууль бус гэж яриад байгаа хүмүүсийн гомдол шүүх дээр явж байгаа. Шүүхийн асуудал нэг тийш болсны дараа хурлаа албан ёсоор зарлаж, гишүүдийн оролцоог тэгш хангаж хурлаа явуулах ёстой. Өнөөдрийн хэлэлцүүлгээр гишүүдээсээ асууж холбооны ерөнхийлөгчөө тодруулна гээд байгаа, логик дараалалгүй. 2009 он 2013 оны дүрмээ зэрэг хэрэглэж явах гээд байна. 2013 оны дүрмээр ерөнхийлөгчөө сонгохыг эсэргүүцэж байгаа. Учир нь үүнийг хэдхэн нөхдүүд хоорондоо ярьж байгаад Удирдах зөвлөл бүх асуудлыг шийднэ гээл өөрчилчихсөн. Тэгэхээр Удирдах зөвлөлийн хэдхэн хүний шийдвэрээр ерөнхийлөгч сонгох гээд байна. Гэтэл танхим ирсэн хүмүүс танхимаас санал авч олонхийн санал авсныг нь сонгоно гээд байна. Уг нь 2009 оны дүрэм дээр танхимаас санал авч ерөнхийлөгчөө сонгоно гэж заасан байгаа. Ийм маргаантай, төөрөгдөлтэй асуудал үүсч байна. Зарим тамирчин, дасгалжуулагчидтай мандат олгохгүй, оруулахгүй маргаан өрнөөд байна. Үүний цаана тамирчин, дасгалжуулагчдын өөрийнхөө эрх ашгийг хамгаалах эрхийг нь боогдож байна. Хэсэг бүлэг хүмүүс цуглаж нэгнийгээс ерөнхийлөгчөөр сонгох ажиллагаа харагдаж байна.
Дашрамд дурдахад, МЧБХ-ны шинэ ерөхийлөгчид Женко клубын ерөнхийлөгч Х.Баттуул, Зэс эрдэнийн хувийн Д.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар нарын нэр яригдаж байгааг эх сурвалж хэллээ.