Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын газрын улсын байцаагч Б.Сүхбаатарыг "Эксперт" буландаа урьж ярилцлаа. Тэрээр хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих чиглэлээр мэргэшсэн гаалийн байцаагч нарын нэг юм. Бид сүүлийн хэдэн жил Өмнөговь аймагт аюул тарьж буй “мими” гэх хортой донтуулагчийн талаар ярилцав.
-Өмнөговь аймагт нүүрс тээврийн жолоочнар “мими” гэдэг бодис хэрэглэж, тэрэндээ донтож байна. Сумын замын гуанзнаас авахуулаад аймгийн төвийнх нь айлууд гэртээ зардаг болсон талаар цагдаагийнхан хэллээ. Энэ бодисийг хаагуур оруулж ирээд байна вэ. Өнгөрсөн онд хэдий хэмжээний бодисыг гааль дээр илрүүлэв?
-Мими гэдэг бодисыг ихэвчлэн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоор байнгын нүүрсний тээвэрт явдаг жолооч нар олон хоног унтахгүйн тулд хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Гаалийн байгууллага 2016 онд гурван удаагийн тохиолдлоор нийтдээ 18 кг мими илрүүлсэн байдаг. Граммаар хэрэглэдэг мими 18 кг-аар нь оруулахыг завдлаа шүү дээ. Эдгээрийг Монгол Улсын иргэд хилээр нэвтрүүлэхдээ өмнөд хөршийн Ганцмодны хилийн боомтоос худалдаж аваад өөрийнхөө биед болон тээврийн хэрэгсэл, эд зүйлийнхээ зай хөндийд нууж байсан.
-Энэ бодис зэргэлдээх аймаг, цаашлаад Улаанбаатарт орж ирвэл аюул болохоор байна. Энэ бодис хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ?
-“Мими” гэх бодисыг тогтмол хэрэглэсэн тохиолдолд 3-5 жилийн дотор хүний таван цул эрхтэн хүчтэй хордож, эргэж сэргэхгүйгээр гэмтдэг. Хүний цуллаг эрхтнээс гадагшлахгүй хуримтлагдаж гэмтээдэг хоруу чанартай гэсэн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг юм билээ. Мими гэх бодис нь НҮБ-ын конвенциудаар хяналтад авагдаагүй. Дээрээс нь манай улсын үндэсний хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан барааны жагсаалтад багтаагүй бодис. Нэг хэрэглээд ирэхээр тодорхой хэмжээгээр дахин хэрэглэмээр санагдаж, донтолт үүсдэг шинж чанартай. Хэрвээ энэ бодис хүн ам нягт суурьшсан газарт тархаж, хэрэглээ нь даамжирвал одоо бидэнд тулгараад байгаа “Анданте” шиг асуудал үүсгэх вий гэдэг болгоомжлол байгаа. “Анданте” гэдэг эм хэрэглэсэн хүүхдүүд, оюутнуудын сэтгэц өөрчлөгдөж гэмт хэрэг үйлдсэн, амиа хорлосон явдлууд ч гарч байсан. Үүнээс үүдэн энэхүү сэтгэц идэвхит чанартай нойрны эмийг Монгол Улсын эмийн бүртгэлээс хасч байсан. Унгарт үйлдвэрлэж ОХУ руу импортолдог эм юм билээ. ОХУ руу тогтмол зорчин явдаг иргэд энэ эмийг хууль бусаар оруулж ирэх явдал гарч байна. Энэ үйлдлийнхээ улмаас тэд ял шийтгэл эдэлж байгаа.
-“Мими”-г анх бүтээсэн Хятад улс өөрөө энэ бодисоо хориглосон гэж сонссон. Гэтэл манайх хориглож чадаагүй л байна.
-Бидний олж авсан мэдээллээр БНХАУ-д энэ бодисыг хэрэглэх, хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг. Мими гэх бодисонд хүний сэтгэцэд хүчтэй нөлөөлөх өөр нэг бодис агуулагдаж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Гэвч манай лабораториуд энэ бодисын зарим найрлагыг бүрэн тогтоож чадаагүй байна.
-Монгол Улс “мими”-г хориглож, иргэдээ хамгаалахын тулд ямар үйлдэл хийх ёстой вэ?
-НҮБ-ын конвенцод, “Энэ конвенцод тусгагдаагүй бол үндэсний хууль тогтоомжоор хэрэглээ болон эргэлтийг нь хориглож болно” гэсэн байдаг. Энэ заалтыг баримтлаад “мими”-г хориглож өгөөч гэсэн хүсэлтийг Гаалийн ерөнхий газраас УИХ болон Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлсэн байгаа. Тийм учраас эхний ээлжинд мими-г хориглоод, энэ бодисыг хэрэглэсэн, хилээр оруулж ирсэн тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд хуулийн хариуцлага тооцох эрх хэмжээг чангатгах шаардлагатай байна. Ингэж байж таслан зогсоож чадна. Тэгэхгүй бол мими оруулж ирсэн хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ ч буцаагдаад байгаа учир гаалийн байгууллагаас захиргааны арга хэмжээ ихэвчлэн авч байна. Хортой энэ бодисыг оруулж ирсэн иргэн, хуулийн этгээдэд оноох ял шийтгэлийн бодлого үгүйлэгдээд байгаа учир энэ төрлийн хэрэг, зөрчил тасрахгүй байгаа юм.
-Ганц “мими” гэлтгүй бусад төрлийн сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис манай улсад орж ирж байна. Оюутан, сурагчид, хамтлаг дуучид, баячуудын хүүхэд хэрэглэж байна гэх юм. Ихэвчлэн хаагуур оруулахыг завдаж байна вэ?
-Сүүлийн 2-3 жилд нөхцөл байдал нэлээд өөрчлөгдөж байна. Өмнө нь хилээр “уламжлалт” мансууруулах бодис гэж ярьдаг героин, кокайны төрлийн мансууруулах бодисууд, хашиш, олсны ургамлын гаралтай мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдах тохиолдол гардаг байсан. Нэг удаад их хэмжээгээр буюу ихэвчлэн кг-аар ярьдаг байсан бол сүүлийн 2-3 жил өөр болсон. Гол төлөв лабораторийн нөхцөлд нийлэгжүүлэх аргаар орчин үеийн технологи, химийн бодис ашиглан гаргаж авсан хүчтэй үйлчилгээтэй синтетик бодисуудыг бага хэмжээгээр бие болон хувцас, эд зүйлдээ нууж хууль бусаар нэвтрүүлэх хандлага ихэсч байна. Энэ төрлийн зөрчлийн ихэнх хувь нь Буянт-Ухаа дахь агаарын хилийн боомтод гарч, БНХАУ болон Зүүн өмнөд Азийн Малайз, Филиппин зэрэг улсад зорчиж явсан Монгол Улсын болон гадаад улсын иргэд холбогддог байсан. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Бээжин хотоос Улаанбаатарыг чиглэсэн нислэгээр мансууруулах бодис тээвэрлэх явдал нэмэгдэж байна.
-“Мөс” гэдэг бодис орж ирээд байгаа юм аа даа.
-Ерөөсөө 90 хувь нь ice буюу талст метафитамины төрлийн сэтгэцэд нөлөөт бодис байна. Хил, гааль, хууль сахиулах бусад байгууллагын хамтын ажиллагаа харьцангуй сайжирсны үр дүнд Буянт-Ухаа дахь агаарын боомтын хяналт шалгалт чангарч байгаатай холбоотойгоор сүүлийн үед энэ урсгал Замын-Үүдийн авто замын боомтыг чиглэх хандлагатай боллоо. Ялангуяа ачаалал ихтэй, хяналт шалгалт бүрэн гүйцэд тавих хүч хүчний болон техникийн боломж тааруу байгаа боомтуудаар зорчигчид биедээ болон бараа, эд зүйлдээ нууж оруулах нь нэмэгдэж байна. 2016 оны арванхоёрдугаар сарын байдлаар Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх цогцолбороор метафитамины төрлийн мөс хэмээх бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдсан хоёр удаагийн тохиолдол 14 хоногийн зайтай гарсан. Он гараад Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх цогцолбороор 56 грамм мөсийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг бүртгэгдсэн байдаг.
-Оруулж ирэхийг завдсан хүмүүс нь Монголын иргэд үү?
-Түрүүн дурдсан хэргүүдэд Монголын иргэд холбогдсон байдаг. БНХАУ руу тогтмол зорчин явдаг 20-30 насны иргэд байна. 2016 оны арваннэгдүгээр сарын 1-нээс энэ оны нэгдүгээр сарын 1-ний хооронд гурван сар Дэлхийн гаалийн байгууллагын хэмжээнд явагдаад дууссан ажиллагаа байгаа. “Шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих ажиллагаа” нэртэй. Энэ хүрээнд мөс зэрэг бодисыг хууль бусаар оруулж байгаа тохиолдлуудыг илрүүлсэн.