Өвөлжилтийн бэлтгэл хангаж, хадлан бэлтгэх ажил эхлээд байгаа. Энэ өвөл хэдий хэмжээний хадлан авах болон хадлан бэлтгэх ажил ямар шатандаа явж байгаа талаар ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибалаас тодрууллаа.
-Өвөлжилтөд бэлтгэх ажил эхэлсэн үү. Ямар шатандаа явж байна вэ?
-Өвөлжилтийн бэлтгэл хангаж ажил үндсэндээ эхэлсэн. Долдугаар сарын 7-нд аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэх хэмжээг батласан. наймдугаар сарын 3-ны өдрийн 320 дугаар тогтоолоор Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 онд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүн, гурил, малын тэжээлийн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн 76.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн гэрээг нэг жилийн хугацаатайгаар сунгахаар шийдвэрлэсэн. Мөн махны нөөц бүрдүүлэх болон экспортын зориулалттай мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд нийт 180 тэрбум төгрөг, хүнсний болон үрийн улаанбуудай нөөцлөхөд шаардагдах 80 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Мөн улсын нөөцөд малын хүчит тэжээл, аймгийн нөөцөд ногоон тэжээл болон рапсын шахдас, өвс хаман боогч худалдан авахад зориулж нийт 10.6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр, мөн Сүхбаатар, Дорнод аймгуудын хадлангийн зориулалттай 635 мянган га талбайг бусад аймгуудад ашиглуулахаар тогтсон.
-Энэ өвөл зуд болж магагдүй гэж яригдаж байна. Энэ өвөл хэдий хэмжээний хадлан, тэжээл шаардлагатай вэ. Хадлан, тэжээл хэрхэн бэлдэж байгаа вэ?
-Мал аж ахуйн салбарт долдугаар сарын дунд үеэс зуншлага сайжирч нийт нутгийн 30 хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн, 60 хувьд дунд байсан. Үүнтэй холбоотойгоор малын тарга хүч чамбайрч эхэлж байна. Хадлан бэлтгэлд хадуур, тармуур бүхий 5529 дугуйт трактор, 1100 морин хадуур, тармуур, 15000 гар болон хөдөлгөөнт хадуур, 470 хаман боогч ажиллаж одоогийн байдлаар 120 мянган тонн өвс, 261.1 тонн гар тэжээл бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих өвсний 10 хувь. Засгийн газрын тогтоолоор Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай аймгуудаас Дорнод аймагт 60 гаруй, Сүхбаатар аймагт 50 гаруй, Хэнтий аймагт 20 гаруй хадлангийн салаа гэрээний дагуу ажиллаж байна. Энэ намрын ургацын урьдчилан балансаас тооцоход гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаанбуудайнаас 58 мянган тонн хивэг, 12.6 мянган тонн багсармал тэжээл, 53 мянган тонн ногоон тэжээл нийлүүлэгдэхээр байгаа. Энэ нь хивэгний экспортыг зогсоосон тохиолдолд малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг хангах боломжтой.
Цаг уурын хүрээлэнгээс өвөл, хаврын бэлчээрийн даацын баг тус бүрээр тооцоолон гаргаснаас харахад ирэх өвөл, хавар нийт нутгийн 60 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 40 хувьд даац олон дахин хэтэрсэн байна. Даац олон дахин хэтэрсэн Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгорын ихэнх сумд, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгуудын зарим сумд эртнээс отор, нүүдлээ зохицуулах, өвөлжих малынхаа тоог цөөлөх, хадлан тэжээлээ хангалттай хэмжээгээр бэлтгэж малаа тэжээж онд оруулахад бэлтгэх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна.
-Хадлан, тэжээл бэлтгэх ажил 10 хувьтай явж байна гэлээ. Тэгэхээр хадлан тэжээлээ хэзээ бэлтгэж дуусах вэ?
-Есдүгээр сарын 1-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус болж сэрүүсэх тул хадлан бэлтгэлийг есдүгээр сарын 15-наас хэтрүүлэлгүй хийх нь зохимжтой.