Монголын боловсролын салбарын ахмад ажилтан, Монгол Улсын Гавьяат багш Шурдаанхан овогт Хоохдойн Чагдаа 2017 оны 7-р сарын 21-ний өдөр бурхны орондоо заларлаа.
Үр хүүхдийнхээ ивээлт эцэг, өргөн олон шавь нарынхаа эрдэмт багш болсон Х.Чагдаа нь 1938 оны 1-р сарын 5-нд Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутагт төржээ.
Тэрээр 1947-1959 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн 1-р сургууль, 1959-1963 онд МУИС-ийн физикийн анги, 1976-1978 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Намын Дээд Сургуульд тус тус суралцан төгсчээ.
Х.Чагдаа Ардын боловсролын системд 50 шахам жил ажиллаж хөдөөгийн анхны ууган их сургууль болох Ховд дахь Улсын Багшийн Дээд Сургууль, одоогийн Ховд их сургуулийг анхлан үүсгэн байгуулсан түүхэнд дурсагдах гавъяатай, түмэнд хүндлэгдэх алдартай, олон мянган шавь нарынхаа хайр хүндлэлийг хүлээсэн нэрт сурган хүмүүжүүлэгч байлаа.
Тэрээр 1963-1978 онд Дарханы Политехникумын сургуульд багш 1978-1979 онд Эрдэнэт хотын Намын хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч, 1979-1993 онд МУИС-ийн Ховд дахь салбар сургуульд проректор, хичээл эрхлэгч, багш зэрэг албыг хашиж байжээ.
Х.Чагдаагийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медалиуд, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2003 онд Алтангадас одонгоор, 2012 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, 2014 онд Монгол Улсын Гавьяат багш цолоор шагнажээ.
Ховдын цэнхэр хязгаарт эрдэм соёлын үрийг тарьж, хотол Монголынхоо хөгжилд мэдлэг боловсролын уурхайг нээсэн эрхэм хүмүн таны их үйлс эгнэгт бууршгүй үргэлжилж, цаглашгүй дэлгэрэх болно.
Ум сайн амгалан болтугай.
ХОВД АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ
УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ.