УБТЗ-ын Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий инженер Г.Сэрээнэндоржтой ярилцлаа. Энэ ярилцлагыг өгснөөс хоёр хоногийн дараа АТГ-аас Г.Сэрээнэндоржийг цагдан хорьсон юм.
-Таныг төмөр замд 800 сая долларын үнэтэй зүтгүүр шахаж 400 сая төгрөг завшсан хэрэгт АТГ-аас шалгаж байгаа тухай хэвлэлээр мэдээлжээ. Үнэхээр тийм өндөр үнэтэй зүтгүүр авсан юм уу?
-Эхлээд алийг нь ярих уу.
-Намайг шалгаж байгаа “хэрэг” гэгчийг үү, эсвэл өндөр үнэтэй зүтгүүрийн тухай юу.
-Нэгдүгээрт, энэ бол өртөөний зам дээр явдаг хөдлөх бүрэлдэхүүний болон сэлгээний зүтгүүр биш. Байгууллагын хашаан дотор явдаг тэрэг. Манай төмөр замчид ТГМ гэдэг юм.Хоёрдугаарт, 800 сая долаар биш, 800 сая төгрөгийн үнэтэй. Яагаад ийм ТГМ авах болсон тухайд манай төмөр зам 2012 онд 20, 2013 онд 21 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ хэмжээнд болоод үүнээс илүү ачаа тээвэрлэхэд вагоны хүрэлцээ муу. Бид өмнө нь ч гадаадаас, Оросоос өндөр үнээр вагон түрээслэдэг. Гэтэл Монголд, тухайлбал “Болд төмөр-Ерөө гол” гэж компанид 700 орчим вагон сул зогсч байдаг. Адилхан л Оросын вагон. Хэрвээ засварлаад авбал хамаагүй хямд, хоногийн 20 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой. Тэгээд тэдгээр 700 вагоныг Зүүнхараагийн вагон депо руутатаж аваад засч эхэлсэн. Татах, засварлаад замд гаргах зэрэг нь өндөр зардалтай, эргэлт удаантай, байгаа сэлгээний тэрэгний хүрэлцээ ч муу байсан. Хэрвээ ТГМ-тэй бол хамаагүй бага зардлаар, маш богино хугацаанд энэ ажлыг хийх бололцоотой. Цаашдаа ч төмөр замд их хэрэгтэй учраас Зүүнхараагийн вагон депогийнхон 500 сая төгрөгөөр ийм ТГМ авах гэж төлөвлөгөөнд тусгуулаад мөнгө нь хүрээгүй. Дараа жил нь 800 сая төгрөгөөр авна гэж жилийн ажлын төлөвлөгөөнд тусгуулсан. Тэгсэн ч 800 сая төгрөгт олдохгүй байсан. Цоо шинэ нь хамгийн багадаа нэг сая гаруй долларын үнэтэй эд л дээ. Тэгж явсаар бид батлагдсан төсөвтөө багтааж өмнө нь ашиглаж байсан, арай шинэвтэр, цаашдаа 20 жил ашиглах техникийн боломжтой, бас баталгаатайг нь 800 сая төгрөгөөр авч чадсан. ТГМ бол гидромеханизмтай, маневр сайтай, сүүлийн үеийн шийдэлтэй тэрэг л дээ. Тийм учраас ТГМ-ийг авсны дараахь эхний зургаан сард л гэхэд дотооддоо шатахууны зардал гэж 50 сая төгрөг хэмнэсэн. Гадаад талдаа төмөр замын тээвэрлэсэн ачааны хэмжээ нэмэгдсэн, 2014 онд УБТЗ гадаадаас вагон түрээслээгүй, Монголдоо байгаа вагонуудыг ашиглаж 21 сая ачаа тээвэрлэсэн. Энэ бүхэн ТГМ авч ашигласны үр дүн. Одоо ч Зүүнхараагийн депод үр дүнтэй ашиглаж байгаа. Ер нь гадагшаа мөнгө урсгахгүйгээр Монголдоо үлдээх, ачаа эргэлт болоод тээврлэх ачааны хэмжээг нэмэх боломжууд төмөр замд олон бий. Гол нь менежментээ олж, онож хийх хэрэгтэй. Тэрний нэг нь сая ярьдаг ТГМ-ийг авсан явдал л даа.
-Ийм тэрэг ТГМ-ийг авах шийдвэрийг Замын даргын хувьд та гаргасан юм уу?
-Үгүй ээ. УБТЗ бол Монгол, Оросын хамтарсан байгууллага. Олны мэдэхээр ТУЗ гэх юмуу даа, УБТЗ-ын “толгой” байгууллага нь хоёр талаасаа тус бүр гурван хүний төлөөлөлтэй Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал гэж байдаг. Тэр хурлаас ТГМ авахыг зөвшөөрч, төсвийг нь 800 сая төгрөгөөр баталсан байсан. Би удирдлагынхаа шийдвэрийг л биелүүлсэн. Гэтэл намайг дур мэдэж авсан, дундаас нь мөнгө завшсан гэж зохиомол хэрэг үүсгэж үзсэн л дээ.
-Үнэхээр дундаас нь мөнгө завшаагүй гэдгийг яаж батлах вэ, хянадаг бүтэц байна уу?
-Хоёр талын бүрэлдэхүүнтэй Паратитный буюу тэгш эрхийн комисс гэж бий. Бас Замын үнэлгээнийн комисс гэж байна. Энэ хоёр бүтцийн давхар давхар хяналт, зөвшөөрлийн дараа худалдаж авсан. Бас хоёр улсын аудит ороод шалгачихсан. “Арвижих трейд” гэж Монголын компани 800 сая төгрөгөөр ТГМ нийлүүлэх санал төмөр замын удирдлагаас биш, дороос гарч ирсэн.
-“Арвижих трейд”-тэй хамт Оросын хоёр компанийн нэр орж ирсэн. Гэхдээ тэд нэг сая долларын үнэ санал болгосон. Бидэнд тийм мөнгө байгаагүй. Бидний батлагдсан төсөвт таарч, бас хамгийн богино хугацаанд нийлүүлэх нь “Арвижих трейд”-ийн санал байсан. Бидний авсан шиг хуучин ТГМ ер нь хамгийн багадаа 400 мянган доллар, шинэ нь нэг сая долларын үнэтэй байгаа.Энийг дурын хүн интернэтээс харж болно.
-Одоо тэгээд энэ хэрэг хаагдсан уу?
-Хаагдаагүй. Сая өнгөрсөн долоо хоногийн нэг дэх өдөр АТГ-аас намайг дуудаж энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэлээ гэсэн. Тэгээд шууд баривчилж хорино гэсэн. Байцаагч хорих зөвшөөрөл хүссэн бичгээ миний нүдэн дээр бичээд прокурор руу орсон. Гэтэл прокурор хорих зөвшөөрөл өгөөгүй шиг байгаа юм. Маргааш өглөө эрт ир гэсэн. Өглөө нь яваад очтол өдөр 15 цагт ир гэсэн. 15 цагт нь очтол “дуудахаар ирээрэй” гээд явуулчихсан. Өнөө хагас өдрийн өмнө л барина, хорино гэж яараад байснаа дуудахаар ир гээд явуулчихаж байгаа юм.
-Таныг өмнө нь АТГ-аас дуудаж шалгаж байсан уу?
-Өнгөрсөн нэгдүгээр сард намайг Замын даргын үүрэг гүйцэтгэгч байхдаа вексель бичиж төрийн албан хаагчийн эрх мэдлээ хэтрүүлсэн гэж сэжигтнээр шалгасан. Тэр нь бас саяын ТГМ-ийн “хэрэг” гэдэгтэй яг адилхан. Тэгэхдээ саяынхыг бодвол их сүржин, дээр нь гэр бүлийнхийг маань сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан л даа. “Вексель үйлдсэн зэвсгийг чинь хайж байна” гэж миний ажлын өрөө, гэр, зуслан, тусдаа гарсан охины маань гэрт хүртэл нэгжлэг хийсэн.Тэгснээ “олсонгүй” гээд “таны хэрэг”-ийг хаалгахаар мөрдөн байцаах газарт шилжүүллээ гэсэн.
-ТГМ-ийнхтэй адилхан гэхээр бас л та буруугүй, гэмт хэрэг биш гэсэн үг үү?
-Тийм, нэгд би төрийн албан хаагч биш. Хамтарсан аж ахуйн нэгж учраас УБТЗ-ын даргыг ч, үүрэг гүйцэтгэгчийг Орос, Монгол буюу хоёр тал зөвшилцөж томилдог. Харин тусгаар тогтносон улсын хувьд Монгол Улс төрийн албан хаагчдаа Оростой зөвшилцөж томилдоггүй. Тэгэхээр би буюу Замын даргын үүрэг гүйцэтгэгч төрийн албан хаагч биш учраас “төрийн албаны хаагчийн эрх мэдлээ хэтрүүлсэн” гэдэг үндэслэл тохирохгүй, худлаа болж байгаа юм. Тэгсэн, тэгвэл Замын дарга вексель бичих эрхгүй, та эрх мэдлээ хэтрүүлсэн байна гэсэн. Гэтэл “УБТЗ-ын 1949 оны гэрээ” болон “1968 оны УБТЗ ХНН-ийн дүрэм”-ийн Замын даргын эрх, үүргийн заалтад векселийн талаар огт дурьдаагүй байдаг. Тэр үед нийгэм өөр, вексель гэж хэрэглэдэггүй, бараг мэддэг ч үгүй байсан юм чинь яаж ч байх билээ. Манай улс 1995 онд л “Векселийн тухай хууль”-тай болсон байдаг юм. Тийм учраас УБТЗ-ын гэрээ дүрмээр хориглоогүй учраас би вексель бичсэн. Ингэлээ гээд улсад болоод байгууллагад ямар нэгэн хохирол учруулаагүй.
-Ер нь яагаад вексель бичих шаардлага гарсан юм бэ?
-Би 2012 оны аравдугаар сард Замын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг авсан. Тэгэхэд “Жаст” компаниас найм орчим сая долларын зээл аваад ашиглачихсан, 36 сая долларын өртэй байгууллагыг Т.Очирхүү даргаас хүлээж авсан. Ажил аваад удаагүй байтал й “Жаст”-ынхан УБТЗ-ыг өрөө төл гэж шахсан. Тэдний буруу биш шүү дээ. Гэтэл бид төлж чадахгүй байсан. Тэгэхээр нь би УБТЗ-ын ХНН-ийн Ерөнхий хорооны даргатайгаа зөвшилцөж байгаад вексель бичсэн. Тээврийн орлого сайжрахаар өрөө дөрөв, дөрвөн саяар нь хувааж төлье гэж “Жаст”-ын хувьцаа эзэмшигч “Хадгаламж” банкинд вексель буюу өрийн бичиг тавьсан. Тэгээд би ажилчдынхаа цалинг тавьсан, ачаа тээврэлэлт нэмэгдсэн учраас “Жаст”-ын өрийг төлөөд дууссан. Хоёр талдаа өр төлсөн, төлбөрөө хүлээж авсан акт ч байгаа. Тэгж байтал “Жаст” дампуурсан. Гэтэл бидний “Жаст”-д бичиж өгсөн вексель “Хадагламж” банкныхны сейфэнд байж таараад тус банкны тухайн үед байсан активтай хамт Төрийн банк руу шилжсэн. Төрийн банкныхан биднийг өрөө төлөөгүй байна, та нар одоо Төрийн банкинд төл гэсэн. “Жаст”-д төлчихсөн юм чинь бид энэ асуудлаар шүүхэд хандсан. Шүүхээс энэ асуудал УБТЗ болон “Жаст”-ын асуудал байна, тэд өрөө барагдуулсан байна гэж шийдвэр гаргасан. Төрийн банк ч ойлгоод, баримтаа хянаж үзээд энэ асуудал дууссан. Гэтэл энийг ойлгохгүй байгаа юм уу, зориуд юмуу шалгаад л, гэр орон, бүх охины минь гэрийг хүртэл нэгжээд л их бүдүүлэг загнасан даа. Харин цагдаад очсны дараа Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн нэг хурандаа шалгасан. Их өндөр боловсролтой залуу байна лээ. Векселийн тухай өөрөө судлаад, МУИС-ийн багш нараас нараас асуугаад бүх зүйлийг хуульд нийцүүлж тулгаад “энэ чинь хэрэг биш байна, та төрийн албан хаагч ч биш юм байна, та вексель бичиж улсыг ч, байгууллагаа ч хохироогоогүй байна” гээд хэрэгсэхгүй болгох санлаа прокурорт өгсөн. Ийм л юм болсон. Би шударга ёс бий гэдэгт итгэж өнгөрсөн нэгдүгээр сараас хойш итгээд л, сэтгэл зүйн дарамттай ажлаа хийгээд явж байна. Гэтэл сая дахиад дуудлаа. Барина хорино гэснээ маргааш нь болохоор дуудахаар ир гээд явуулж байна. Одоо тэвчээр үнэхээр барагдаж байна. Хүний нэр төр, ажил хэргийн алдар хүнд ийм үнэ цэнэгүй байж болохгүй. Энгийн хүн ч ойлгох их ойлгомжтой зүйлийг зориуд гуйвуулж, 800 сая төгрөгийг 800 сая доллар болгож замаас нь намайг их хэмжээний мөнгө завшсан гэж нийгэмд зарласан. Албан тушаалд хүрч, хувьдаа мөнгө төгрөгтэй л болж байвал зарим хүнд нэр төр нь үнэ цэнэгүй байдаг байж магадгүй. Надад бол тийм биш. Би төмөр замд 28 жил үнэнч зүтгэж, энэ байгууллагын дарга байж, одоо ерөнхий инженерийн албыг хашиж байгаа учраас миний нэр төр илүү үнэ цэнэтэй, бас эрхэм. Яагаад гэвэл миний нэртэй хамт УБТЗ-ын нэр гарна, энэ байгууллагатай 15 мянган төмөр замчныхувь заяа хамт яваа. Тийм учраас би энэ зохиомол хэргийн учрыг олохоор өөрөө хуулийн байгууллагад хандах гэж байна. Улсын ерөнхий прокурорын орлогч болон АТГ-ын даргад албан бичгээр хандаж байгаа. Байцаагчийн санаандгүй алдаа гаргаэ, хэвлэлүүд ч ямар нэгэн эх сурвалжгүйгээр мэдээ цацсан гэж бодохгүй байгаа.
-Тэгэхээр та гэнэтийн энэ үйл явдлын цаана өөр учир холбоо, захиалагч байна гэж хардаж байгаа хэрэг үү?
-Байж магадгүй, улстөрийн юмуу, бүлэглэлийн сонирхол байхыг үгүйсгэхгүй. Сая намайг барьж хорино гэж дуудсан, зарим хэвлэлээр миний нэр төрд халдсан тэр өдрүүдэд УБТЗ-ын Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал эхэлж, зарим томоохон томилгоо, бүтцийн өөрчлөлтийг хэлэлцэж байсан юм.
-Таныг албан тушаалаас чинь чөлөөлж, өргөдлийг чинь бичүүлэх гээд байж болох уу. Та ажлаа өгчихөж болдоггүй юм уу?
-Би ч бас тэгж бодох боллоо. Яагаад гэвэл, томоохон томилгоо хэлэлцэх Ерөнхий хорооны хурлын өмнө АТГ-аасдуудаад л, маргааш нь ганц хоёр сонин, телевизээр энэ мэдээгээ явуулаад л. Бодвол “энэ нөхөр идсэн уусан, хуулийг байгууллага шалгаж байна, харав уу” гэжнийгэмд харуулах, миний нэр хүндийг гутаах гэсэн юм болов уу гэж хардахадхүрч байна. Ажлаа өгөхийн тухайд би өргөдлөө бичихгүй ээ. Нэгд, би ямарч гэмт хэрэг үйлдээгүй учраас ажлаа өгөх, өргөдлөө бичих шалтгаан надад байхгүй. Хоёрт, би үнэний төлөө, төмөр замчдынхаа төлөө ярих ёстой юмыг ярих цагт нь, бас ярих газарт ярьж хэлж явах ёстой юм байна гэж бодож байна. Тийм ч учраас зарим нэг асуудлаар хуулийн байгууллагад хандахаар зэхэж байгаа хэрэг. Гуравт, миний албан тушаал бол хоёр улсын хамтарсан байгууллагын шийдвэрээр томилогдож, чөлөөлөгддөг. Намайг өргөдлөө өг гэж өнөөдөртөө ил хэлж тулгасан юм алга. Гэхдээ шахаж байгаа нь цаагуураа надад мэдрэгдэж л байна.
-Та өөрөө аль намын гишүүн бэ?
-Би аль ч намын гишүүн биш. Төмөр замд, төмөр замчдынхаа төлөө ажиллахад хувь хүнд намын батлах хэрэггүй л дээ. Харин төр засгийн шийдвэрийг биелүүлэх, улс орнхоо хөгжилд хувь нэмрээ бодитой оруулдаг, манай улсын “эдийн засгийн зүтгүүр” томоохон салбар гэдэг утгаар нь төр засгийн бодлогын дэмжлэг төмөр замд хэрэгтэй гэж үздэг хүн.
-Та шинээр томилогдсон Замын дарга Л.Пүрэвбаатартайгаа хэр гар нийлж байгаа вэ?
-Төмөр зам хатуу сахилга баттай, хууль дүрмийг ягштал мөрддөг, захирах, захирагдах ёсыг маш сайн мэддэг газар газар. Тийм учраас би удирдлагын зүгээс хуулийн хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээд л ажиллаж байгаа. Төмөр замын төлөө л бол хамтрахгүй, гар нийлэхгүй гэсэн ойлголт төмөр замчдад байдаггүй. Харин хууль дүрмээ зөрчсөн, олон мянган төмөр замчдын эрх ашигт сөрөг нөлөөтэй шийдвэрийг нь “энэ чинь болохгүй” гэж хэлж ярилцаад л явж байна.
-Санаа оноогоо хэлж, санал зөрсөн тохиолдол та хоёрт байна уу?
-Хувь хүн Л.Пүрэвбаатар, Г.Сэрээнэндорж хоёр санал нийлэхгүй байж болно. Зөрж ч болно. Харин гэрээ дүрмээ илт зөрчсөн, цаашид хуульд нийцүүлж явахад хэцүү өөрчлөлтүүдийг шинэ удирдлага маань хийж байна. Төмөр замын мэргэжлийн хүн гэхэд гомдмоор маш бүдүүлэг, буруу бүтэц бий болгож байна. Өмнө нь байсан бүтэц дээр Орос, Монголоор нэг үг нэмэх юмуу хасаад л бүтэц өөрчлөгдөж байна гээд халж солих гэж байна. Монгол Улсын хуульд ч нийцэхгүй, цаашид ч хэрэглэж болохгүй нэр томъёо хүртэл оруулж ирж байна. Хүний нөөцийн алба гэж байсныг Боловсон хүчний алба, Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны албыг Хөдөлмөр хамгааллынх болгоно гэж хуучин нэрийг нь сэргээж тэрийгээ бүтцийн өөрчлөлт гэж нааш цааш нь хүмүүс сэлгэж бужигнуулах, орон тоо чинь байхгүй болсон гэдгээр халаа сэлгээ хийх бололцоо гаргаж байна. Сая зургадугаар сарын 2-ноос их олон хүний ажлын байрыг сольж, өөрчлөлт хийх гэж байсан. Буруу гэдгийг нь хэлсэн, хүлээж аваагүй. Тэгэхээр нь би ХНН-ийн Ерөнхий хорооны Монголын болон Оросын талын дарга нарт албан бичиг өгсөн. Надад тийм бичиг өгөхөөс өөр сонголт байгаагүй. Тухайн үед Замын дарга өөрөө гадаад томилолттой,орос дарга байгаагүй. Замын даргыг би орлож байсан. Олон хүн надад хандаж орж ирсэн. Хэрвээ би тийм бичиг бичихгүй бол зургадугаар сарын1-ний баярын маргааш олон төмөр замчныг халж солих байлаа. Ийм ийм хууль бус үйлдлийг нь зогсооснытөлөөс л надад ирж байгаа юм болов уу гэж хардахад хүрч байна. Би энэ үйл явдалд маш их цочирдож, гайхаж байна. Бид чинь ямар улс оронд амьдраад байна вэ. Ажлаа хийгээд явж байгаа бид болохоор хуультай шүүхтэй төртэй гээд яваад байдаг. Гэтэл эрх мэдэлтэн бүлэглэлүүд болохоорсанасандаа хүрэхийн тулд хуулийг хувьдаа хэрэглэдэг, хуулийн байгууллагаар дарамталдаг, айлгададаг болчихсон юм уу.
-Төмөр замд орон тоо бол нэлээд нэмэгдсэн үү?
-Халаа сэлгээ аж ахуйн нэгжүүдэд хүртэл халдаж эхэлж байгаа. Орон тоо ч нэмж байна. Жишээ нь, бинэг туслахтай байсан. Одоогийн дарга гурван туслах, дээр нь зөвлөх цалинжуулаад ажилладаг. Би өөрөө 2013 онд Удирдахын орон тоог багасгаж, хасч хүмүүсийн дургүйг хүргэж л явсан л даа. Манай Удирдахын орон тоог багасгах л ёстой. Тэгэж байж түргэн шуурхай үйлчилдэг болно. Энэ менежментийг маань шинэ дарга буцаагаад, данхайлгаж байна л даа. УБТЗ-ыг вант улс л гэдэг ч үнэндээ үйлчилгээний байгууллага шүү дээ. Гэтэл вант улс гэдэгт нь итгээд Монгол Улс дахь нэг ханлиг мэтээр ойлгож, дураараа бужигнуулж байна. Төмөр зам бол улс доторхи улс биш, харин ч энэ улсынхаа төлөө зүтгэх учиртай үйлчилгээний байгууллага.
-Гадна талдаа төмөр замын тээврийн орлого нэмэгдэж байна уу?
-Төмөр зам бол улсын эдийн засгийн толь л доо. Хойноос, урдаас орж ирж байгаа болон гарч байгаа галт тэрэгний тоог, орж ирж байгаа импорт, экспортыг харьцуулж хараад л улсын эдийн засаг ямар байгааг тольдож болдог. Өнөөдөр төмөр замын тээвэр өнгөрсөн оныхоос 3,8 хувиар буучихсан байна. Экспорт ч, импорт ч бага байна. Тийм учраас төлөвлөгөө биелэхгүй байгаа. Энэ бол улсын эдийн засагтай холбоотой. Манайхаас хамаарсан, вагон хүрэлцэхгүй байгаа юм бол байхгүй.
-Төлөвлөгөө биелэхгүй байгаа бол цалингаа яаж тавьж байгаа вэ?
-Би ямарч гэсэн өмнөх даргаасаа өртэй байгууллага хүлээж аваад Л.Пүрэвбаатар даргад өргүй төмөр замыг хүлээлгэж өгсөн.Өнөөдөр байдал хүнд байгаа, хаа сайгүй л тийм байх шиг байна. Тэгэхдээ төмөр зам бол зээл аваад ч хамаагүй ажилчдынхаа цалинг өгөх л ёстой. Эдийн засгийн хямралыг давахад төмөр зам болон компани бүр хүмүүсээ халж биш, ажлын байраа хадгалж тус болох ёстой юм. Тэр тусмаа үеийн үед ачааны хүндийг үүрч ирсэн төмөр замчид хямралыг сөрөх ёстой болохоос дагаж хямарч болохгүй. Ийм түүхэн үүрэгтэй, эдийн засгийн хэцүү хэцүү үед ачааны хүндийг үүрдэг хүмүүсийг хайрлах ёстой.