Хэд хоног дараалан орсон борооны улмаас нийслэлийн зарим дүүрэг усанд автаж, олон иргэн эрүүл мэнд, өмч хөрөнгөөрөө хохирсон. Ус зайлуулах шугам, шуудуу, даланг өргөтгөх, шинээр барих шаардлагатай хэмээн иргэд үзэж буй юм. Энэ талаар НОБГ-ын Урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Г.Сэдэдсүрэнгээс тодрууллаа.
-Сая хэд хоног бороо ороход Гадаад хэргийн яам, Хүүхдийн 100, Чингис зочид буудлын өмнөх замд үер бууж байна. Манайд хэр хэмжээний далан шуудуу байдаг вэ?
-Нийслэлийн хэмжээнд нийт 110 км зурвастай үерийн далан, инженерийн байгууламжууд байдаг. Түр зуурын ширүүн бороо орсны дараа Улаанбаатарт яагаад халиа үүсч, орон сууцны подваль руу ус ороод байгаа нь хамгийн түрүүнд иргэдийн ухамсартай холбоотой. Яагаад гэвэл, иргэд маань ахуйн хэрэглээний хогоо жалга руу хаяад байна. Нөгөө хог нь жалгаар дамжиж үерийн суваг руу орж ирдэг. Хамгийн ойрын жишээ бол Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн зүүн талын үерийн далан шуудуу байна. Ийшээ тэр хавийн айлууд хог, бохироо хаядаг. Үүнээс үүдэж үерийн далангийн тунгаагуур бөглөрч халиа үүсдэг. Гэр хорооллын өрхүүдийн жорлон хальж урссанаас эргээд гэдэсний халдварт өвчин гарах, өвчний голомт үүсэх аюул нүүрлэдэг.
Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу онцгой байдлын алба, Улаанбаатар нэгтгэл, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран жилд 3-4 удаа далан сувгийн цэвэрлэгээ хийдэг. Энэ жилийн хамгийн эхний цэвэрлэгээг мөс хайлаагүй дөрөвдүгээр сард хийсэн. Маш их хог гаргасан. Зөвхөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг дайрч өнгөрдөг үерийн шуудуунаас гэхэд хогны зургаан машин хог гарсан. Дараагаар нь тавдугаар сарын 20-ны үед дахиад цэвэрлэсэн. Хоёр удаа цэвэрлэсэн байхад л саяын борооноор дахиад л үерийн байдал үүслээ. Яасан гэтэл хүмүүс дахиад л тийшээ хог хаяж битүүлчихсэн байгаа юм.Тээврийн хэрэгсэл нэвтрэн өнгөрч буй хотын төвийн замууд руу ус хальж орж ирлээ. Энэ замуудад үерийн гаргалгаа хийх ажлыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Инженерийн байгууламжийн хэлтэс хариуцаж явдаг.
-Манай ихэнх зам ус зайлуулах шугамгүй, эсвэл тэр нь битүүрсэн байна. Зам барилгын ажлын үеэр та бүхэн үерийн ус зайлуулах шугам барихыг шаардах уу?
-Бидний эрхийн асуудал биш ээ. Сүүлийн үед барьсан замууд усны хаялгатай болж байгаа. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт чиглэл рүү явж байгаа зам, Сонгинохайрхан дүүргийн Партизаны сангийн аж ахуй руу явсан зам үерийн гаргалгаатай. Гэтэл уулын үер бууж ирээд тухайн замыг хааж бөглөх тохиолдлууд гарч байгаа.
-1-10 км далан шуудуу нийслэлд хангалттай юу. Далан шуудуу заавал барих ёстой хороо, дүүрэг хаагуур байгаа вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд хангалтгүй. Нэмж барих гэхээр мөнгө санхүү нь болдоггүй юм уу мэдэхгүй. Ямар ч байсан энэ жил Улаанбаатар хотын үерийн менежмэнтийн асуудлыг Нийслэлийн Засаг дарга, НИТХ дээр ярьсан байгаа. Энэ чиглэлээр гаднын хөрөнгө оруулалт, төслийг оруулж ирэн үерийн далан, шуудууг нэмж барих байх.
-Иргэд хогоо хаяж л байг. Үерийн далан бөглөрч л байг. Үерт айлууд автаж та нар аварч л байг гэж болохгүй биз дээ. Асуудал босгож ирээд цэгцлэх болсон юм биш үү?
-Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо Зурагт орчмын баруун талын ШТС-ын доод талд үерийн нэлээд том далан байдаг. Тухайн даланд жилээс жилд туугдаж орсон лаг шавар зузаараад 1.8-2 метр болсон байна. Энийг цэвэрлэхэд багагүй хэмжээний хөрөнгө шаардагдах учраас хүлээгдээд л байгаа.
-Үерт автах магадлалтай ямар газрууд байгаа бол?
-Улаанбаатарын хэмжээнд үерт автах магадлалтай газар нэлээд олон байгаа. Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 7, 22, 32дугаар хороо, Баянзүрх дүүргийн 20, 13, 14 дүгээр хороо, Хан-Уул дүүрэгт Биокомбинат, Морингийн даваа зэрэг байна. Төвийн дүүргүүдээс Чингэлтэй, Сүхбаатар нэлээд далан байдаг ч гэр хорооллын иргэд хогоо хаяснаас бөглөрчихсөн байгаа. Иргэд өөрсдөө үерийн нөхцөл байдал бүрдэхэд нэмэр болж байна. Жил бүр Засаг даргын албан даалгавар гарч нөгөө л онцгой байдлынхан, нөгөө л Улаанбаатар нэгтгэлийнхэн цэвэрлэж байна. Цэвэрлэчихээд эргээд харахад нөгөө нь дахиад хогоор дүүрсэн ийм байж болохгүй. Манай Нийслэлийн Онцгой байдлын газар бол сүүлийн 4-5 жил Баянгол дүүргийн 16 дугаар хороо Бөмбөгөр орчмын үерийн далан сувгийг цэвэрлэж байна.
-Бараг л цэвэрлэгээний байгууллага болж байгаа юм байна?
-Цэвэрлэгээ хийж байхад иргэд харсаар байхад тортой хогоо хашаагаа давуулаад чулуудаж байх жишээтэй. Автомашинтайгаа хашааныхаа гадна зогсоод гэртээ орсон залуу эргэж гарч ирэхдээ хувинтай угаадсаа толгой руу цацсан тохиолдол ч байна. Шаардлага тавихаар “Та нар өчнөөн олон жилийн хур хогийг цэвэрлэнэ гэж худлаа. Харъя та нарыг” гээд хэл амаар доромжилдог. Тэгсэн мөртлөө тарьсан хог нь үерийн далан бөглөж өөрсдөө үерт автахаараа “Авраарай. Живлээ” гэдэг. Онцгой байдлын ажилтнууд маань нийслэлд үерийн аюул тохиолдоход бүгд л дуудлагаар тал тал тийш тарж ажиллаж байгаа. Гэтэл зарим айл хашааныхаа нэг талаар суваг татаад усаа урсгачих юман дээр заавал онцгойгийнхныг дуудаж байна. Тэр болгон дээр онцгой байдлын аврагчид очиж ажилладаг ч шаардлагагүй тохиолдолд дуудахгүй л байх хэрэгтэй. Шалихгүй зүйлд дуудсаны хойгуур өөр аюултай байдалд орсон хүмүүс аврал эрээд хүлээж байгаа шүү дээ.
-Үерийн далан дээр буусан айлуудыг нүүлгэж байна уу?
-Улсын онцгой комиссын албан даалгаврын дагуу нийслэлийн хэмжээнд байгаа үерийн аманд буусан айл, өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байгаа. Нүүлгэн шилжүүлэх ажил маш хүндрэлтэй байна. -Зарим айл “Манайх энд олон жил болж байна. Үерт өртөж байгаагүй. Өртсөн ч гомдолгүй” гэсэн -өргөдлөө бариад дүүргийн газрын алба, онцгой байдлын хүмүүстэй хэрүүл маргаан хийж байна. Зарим нь ч өөрсдийн амь нас, эрсдэлээ бодоод нүүгээд явчихаж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гамшгийн үед хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх нөөц газар байдаг. Айлуудыг тэнд буухыг шаардаж байгаа. Гэвч ухамсраараа нүүгээд явсан айлын буурин дээр дахиад орон нутгаас хүмүүс ирж зөвшөөрөлгүй буугаад байна. Хүмүүс “Хажуу айл нүүчихлээ. Энд газар байгаа. Үер бууна гэж худлаа сүржигнээд байна лээ. Яах ч үгүй” гээд нэгнээ уруу татаж үерийн аман дээр айл буулгаад байгаа юм. Тийм биш ээ, гал түймэр, үер хоёр хормын төдийд аюул авчирдаг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
-Голуудын усны төвшин нэлээд нэмэгджээ. Иймд иргэдэд хандан ямар сэрэмжлүүлэг өгөх вэ?
-Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар Завьт эргүүлийн бүлэг Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинат хүртэлх замд ажиллаж байгаа. Завьт этгүүлтэй хамт нийслэлийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Энэ сарын 17-19-ний өдрийн хооронд бид үерт боогдсон, усанд хашигдсан 32 иргэний амийг аварлаа. Галт түймрийн улмаас амь насаа алдах байсан 52 иргэнийг аварлаа. Өөрөөр хэлбэл, онцгой байдлын албаныхан маань өргөсөн тангартаа үнэнчээр ажиллаж байна. Хамгийн гол нь иргэд бидний ажлыг ойлгож, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байх. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх. Дээрээс нь гарамгүй, гарцгүй газар автомашинаараа гол гатлах гэж оролдохгүй байх хэрэгтэй. Сэлэнгэ , Туул, Хараа, Ерөө голын усны төвшин жил жилийн дунджаас 50 си-ээр нэмэгдсэн байгаа. Илүү яаж нэмэгдэхийн мэдэхгүй.