Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Сурвалжлага: ​Налайхын “нинжа”-гийн яриа

Сурвалжлага: ​Налайхын “нинжа”-гийн яриа
Нийтэлсэн 2015 оны 9 сарын 18
Түүх сөхье. Налайхын уурхайг 1922 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс Ардын засгийн газрын мэдэлд авснаар Монгол Улсын анхны аж үйлдвэр боссон түүхтэй. Улмаар 1934 онд Улаанбаатар хотод байгуулагдсан анхны төв цахилгаан станц Налайхын чулуун нүүрсээр ажиллаж эхэлснээс хойш тус уурхай дангаараа тасралтгүй 70 жилийн турш нийслэлийг илч гэрлээр хангаж ирсэн байдаг. 1936 онд уурхайг дагалдуулж бага сургууль, клуб, эмнэлэг, цэцэрлэг, ажилчдын орон сууц барьснаар Налайх хотхонд амьдрал буцалж, хүмүүс суурьших болсон. Үүний дараа жил Улаанбаатар-Налайхын хооронд 42 км нарийн төмөр зам тавьснаар илчит тэргээр Налайхын нүүрсийг тээвэрлэх болсон. 1955-1958 онд Налайхын их уурхайг, Налайхын шилний үйлдвэрийг ашиглалтад хүлээн авсан. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1955 оны тогтоолоор Налайхыг Улаанбаатар хотын долдугаар хороо буюу Уурхайчдын хороо болгосон. Дараа нь 1962 онд Уурхайчдын хороог татан буулгаж Налайх хот, үүнээс гурван жилийн дараа Налайх раойн гэх болсон. Шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталсны дараа нийслэлийн Налайх дүүрэг болгосон. Гэвч их уурхайг дагасан дүүргийн амьжиргааны гол судсыг 1992 онд тасдасан. Төр эдийн засаг хүндрэлтэй байна хэмээн Налайхын уурхайд татаас өгөхөө больж үйлдвэрийг хаасан юм.
Бид Налайхын Их уурхайд өчигдөр очиж сурвалжлага бэлтгэлээ. Үйлдвэр тоногдож, барилга байгууламж нь балгас болсон дүр зураг харагдана. Уурхайн нүүрсийг 1992 оны байдлаар нэг тонныг нь 135 төгрөгөөр худалддаг байжээ. Ингэхдээ тонн тутамд улсаас 30 төгрөгийг татаас хуваалилдаг байж. Тухайн үед Налайхаас жилд 600-800 тонн чулуун нүүрс гаргаж худалддаг байсан үе. Улс мөнгөгүй, шилжилт хийж эхэлсэн тэр үед уурхайн 1500 ажилчин нэг л өдөр ажилгүй болцгоожээ. Хэзээ нэгэн цагт уурхайг хаахад эдийн засгийн өөр хөшүүргээр Налайх дүүрэг цаашид яаж биеэ дааж хөгжих, иргэд юу хийж амьдрах талаар улсаас гаргасан бодлого байгаагүй. “Эдийн засгийн үр ашигтай уурхайн хаалт”-ын тухай ойлголт тэр үед байсан эсэхийг мэдэхгүй. Ямартай ч өнөөдөр Налайхын их уурхай хөсөр хаягдаж, бичил уурхай эрхлэгчдийн амин зуулга болсоор явна.
Тус уурхайн ерөнхий геологичоор 1988-1992 онд ажиллаж байсан Т.Лхагвасүрэнтэй бид уулзлаа. Тэрээр, “Налайхын их уурхай тэр үед 10 гаруй хэлтэстэй байсан. Эдгээр хэлтсийг таван хүн ерөнхийлөн хариуцдаг байсны нэг нь би. Налайхчууд бид энэ улсыг зах зээлийн нийгэмд шилжихэд золиос болж хохирсон хүмүүс. Энэ үйлдвэрээс хөдөлмөрийн баатар ес, арав гаруй гавьяат уурхайчин төрсөн. Монголын ууган хөдөлмөрийн баатар Даваажав гэдэг хүн энэ уурхайгаас төрсөн байдаг. Улаанбаатарыг илч гэрлээр хангаж байсан үйлдвэр, ордыг хаасанд бид харамсаад бардаггүй. Энд ирэхэд нүдний нулимс гардаг. Та бод доо, энд дахиад 58 сая тонн нүүрс газрын гүнд нөөцлөгдөж байгаа. Хөрөнгө оруулбал, үйлдвэрийг сэргээвэл Налайхын ард түмэн баярлана. 70 жилийн хугацаанд ердөө тал хувийг нь л олборлосон байдаг юм. Тодруулаад хэлбэл төв хэсгийнх нь нүүрсийг олборлоод баруун, зүүн жигүүрийн нүүрсийг хөндөөгүй байгаа. Улс зах зээлд шилжихдээ уурхайг уурхайчдад нь хувьчлахын оронд “Эх тэнгис интернэшнл” компанид өгсөн. Тэд уурхайчдын ажилчдын хөөж явуулсан. Уг нь Налайхад дэд бүтэц сайн хөгжсөн. Гэтэл Налайхын их уурхай, шилний үйлдвэрийг хаасны дараа энд үйлдвэрлэл хөгжсөнгүй. Иргэд нь эндэхийн нүүрсийг ухаж, бараа материал зарж, гахай тэжээж, гуанз ажиллуулж, дугуй засч л амьдарч байна. Үлдэж байгаа нөөцийг үр ашигтай олборлох чиглэлд төрөөс анхаарах шаардлагатай байна” гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн