Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өчигдөр “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэнг нээлтээ хийлээ. Засгийн газраас гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээний үнийг тэглэсэн. Нүүрс түлэхгүйгээр орон гэртээ дулаахан, тухтай амьдаръя гэвэл цахилгаан халаагуурын төрөл бүрийн шийдлийг үзэсгэлэнгээс үзэх боломжтой. Үзэсгэлэн өнөөдөр ч үргэлжилнэ. Яг манайхны бүтээлээс нэрлэвэл өндөр даралтаар үртэс шахаж хэвлэсэн шахмал түлш, гараар гагнасан “утаагүй зуух”, гэрийн дулаалга гурав л байна. Технологийн үзэсгэлэн шүү дээ. ШУТИС-ийн оюутны бүтээсэн усан халаагуур, “Цахилгаан тээврийн” Жаргалсайханы “Монбус” компанид угсарсан автобусны тухай мэдээллийг иргэд сонирхсонгүй.
Харин танхимын заалнаас хананы, шалны, зөөврийн халаагуурыг нэжгээд харж болохоор байлаа. Америк, Япон, Герман, Солонгосын халаагуурыг эндээс судалж сонирхоод, монгол гэр, хувийн болон нийтийн орон сууцанд тавих боломж дүүрэн байна. Тенн залгавал эрчим хүчний хэрэглээний төлбөрөө төлж дийлэхгүй гэдэг айл олон. Ялангуяа утааны гол эх үүсвэр болох гэр хороололд хоногийн хоолоо арайхийн аргалж байгаа айл өчнөөн бий. Зарим хүн “За даа, энийг тавьснаас нүүрсээ түлсэн нь дээр юм байна” гээд буцаж л байна лээ. Харин нөгөө хэсэг нь, “Засгийн газраас оройн 21.00 цагаас үүрийн 06.00 цаг хүртэлх цахилгааны үнийг гэр хороололд тэглэсэн шүү дээ. Огт нүүрс түлэхгүй гэж тооцоод цахилгаан халаагуур авч болмоор юм байна. Хоёр портер нүүрсний үнээр нэг халаагуур аваад тавьчихвал нэг ч гэсэн яндангаас хар утаа гарахгүй нь” гэсээр сонирхож байна. Цахилгаан халаагуур, яндангийн шүүр, шатахуун, түлшний октан нэмэгч, шахмал түлшний мэдээллийг Худалдааны аж үйлдвэрийн танхимын заалнаас багцаар нь авч болох нь ээ. Үзэсгэлэнгээс сонирхсон зарим бүтээгдэхүүнийг танилцуулъя.
Монгол гэрийн цахилгаан халаагуур
“Цэнгэлийн зүг” компани монгол гэрийн цахилгаан халаагуур бүтээжээ. Болхидуу хийцтэй харагдах боловч үнэ хямдын дээр, өндөр градус хүрч халдаг , дулаанаа өөрөө тохируулдаг, амрах горимтой халаагуур байна. Компанийн ажилтны 98100048дугаараар холбогдож асуухад, “Энэ халаагуур 600 мянган төгрөгийн үнэтэй. НӨАТ ороогүй үнэ ийм. Бид халаагуураа олон айлд тавьж туршсан. Гэрийн зуух улайстлаа халж байж гэрийг халаадаг. Тэгэхээр ийм хэмжээний дулаан гаргадаг халаагуур гэрт хэрэгтэй болохоос орон сууцны сэрүүн арилгадаг халуун сэнс хэрэггүй гэж үзээд халаагуураа бүтээсэн. 80-100 градус халаах горимд нь тавихад нэг сарын цахилгаан зарцуулалт дунджаар 57 мянган төгрөг болж байна. Нэг өдөрт 1900 төгрөгийг дулаан амьдрахдаа зарцуулна гэсэн үг. Таван ханатай гэрийн дулаалганы зузаан, үүдэндээ пинтэй эсэхээс шалтгаалаад токны мөнгө 57 мянгаас 60 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм. 10, 11 дүгээр сард хийсэн хэмжилт ийм байна. Тэгэхээр 3-5 дугаар сард хэмжилт хийхэд үүнээс бага мөнгө гарах боломжтой. Бид өөрсдөө холбоод, суурилуулаад өгнө” гэлээ.
Ханандаа өлгөсөн жаазаараа орон гэрээ дулаан байлгах шийдлийг “Дэлгэр Онон партнерс” компани танилцуулж байна. Бидний мэдэх цахилгаан тенн паарууд орчин үед халдаг зураг, халдаг плита, халдаг ширээ хэлбэрт шилжиж, цахилгаан гүйдэл дамжуулдаг үндсэн түүхий эд нь өөрчлөгджээ. Гараа жаазтай зурганд ээн зогсох хүмүүс тус компанийн ажилтнуудын танилцуулгыг сонсч байв. Эко зурган халаагуур нь гадаргуу дээрээ 100 градус хүртэл халж, орчноо 35 градус болтоол халаадаг. Тохилог орон сууц, ресторан үйлчилгээний газарт эдний зурган халаагуурыг өлгөж, дулаан орчин бүрдүүлж болох ажээ. Зурган халаагуур хэмжээнээсээ хамаарч 250 мянган төгрөгөөс 870 мянган төгрөг. Энгийн цахилгаан халаагчтай харьцуулбал цахилгааны зардал 40-80 хувийг хэмнэн гэж тэд хэллээ. Тэдэнтэй 99020933, 88117765 дугаараар холбогдох боломжтой.
Инфра улаан туяаны халаагуур
Өрөөг биш хүний биеийг эхэлж дулаацуулдаг инфра туяаны халаагуурыг “Антверпен” компани оруулж ирдэг юм байна. Халаагуурт хувцастайгаа дөхөхөд нүүр, гарыг халуун төөнөх аж. Харин хувцас халсангүй, халаагуурын гадаргуу ч хүйтэн байлаа. Инфра халаагууруудыг тааз, хананд байрлуулах бөгөөд эдгээр нь нарны туяаны адилаар ялгарч буй дулаан нь замд байгаа эд зүйлийг эхлээд халааж, халсан эд зүйлсээс конфекцийн замаар агаарт дулаан дамжуулж халааж байдгаараа бусад төрлийн халаагуураадаас ялгаатай ажээ. Арванхоёрдугаар сарын сүүлээр Баллу брендийн нэг ширхэг 1.5 кВт хүчин чадалтай халаагуурыг таван ханатай гэрт тавьж туршихад өдрийн ес, шөнийн зургаа цагт нийтдээ сард 30 мянган төгрөгийн зардлаар халаалтаа шийдэхээр байжээ. Нэг айл сард 30 уут буюу 105 мянган төгрөгийн нүүрс хэрэглэдэг байхад энэ бол бага тоо. Нэг гэрт нэг ширхэг инфра улаан туяаны халаагуур хангалттай юм байна. Баллу брэндийн халаагуурын талаар 99007167, 99089950 дугаараас лавлах боломжтой.
“Тот ком сервис” компани нь БНСУ-ын“DaewooEnertic” компанийн шалны гуурсан халаалт оруулж ирдэг. Тусгай шингэнтэй гуурсан халаалт нь ууршихгүй, хөлдөхгүй бөгөөд нам даралтын зуух бойлорын өрөө ашиглахгүй. Нэг халаасан байхад халуунаа 3-4 цаг барих учир цахилгаан эрчим хүчинд хэмнэлттэйгээр онцлог. Шалны гуурсан халаалтыг амины орон сууцны 120 ам метр талбайд тавихад нэг сард цахилгааны төлбөрт 150 мянган төгрөг төлнө. Гэхдээ анх тавихдаа жаахан зардалтай. Гуурсан халаалтыг нэг ам метрт тавих зардал 65 мянган төгрөг. Дээр нь нэмж 15 ам метр тутамд нэг термостат тавиулах бөгөөд нэг бүрийн үнэ 110 мянган төгрөг. “Тот ком сервис” компани гуурсан халаалтнаас гадна хэт улаан туяаны хальсан халаалт, чийгтэй нөхцөлд зориулсан халаалт, явган замын цас хайлуулах халаалт болон цахилгаан халаагуур оруулж ирдэг. Одоогоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас гадна 480 айлд халаагуураа нэвтрүүлсэн тус компанитай 88111848, 89111889 дугаараар холбогдож мэдээлэл авангаа байрныхаа дулаан алдалтыг хэмжүүлээд аваарай.
Гурвалсан нанотехнологитой F2-21 төсөл
“Жим вейл Монголия интернэйшнел” компанийг “Nano92” “Nano95” шатахуунаар монголчууд мэднэ. АНУ-ын H2OIL корпорацийн F2-21 төслийн хүрээнд eeFuel шингэн нанотехнологиор баяжуулж дээрх шатахууныг гаргаж авдаг. Нано шатахууныг хэрэглэснээр шатахуун зарцуулалт 10 хувиар хэмнэгддэг бөгөөд автомашины утаан дахь агаар бохирдуулагч хорт хольц 98 хувь буурч, хөдөлгүүрийн чадал 20 хувиар өсдөг. Тус компани моторын тос хэмнэгч, утаа бууруулагч eeLube нанотехнологийг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. 2 мл eeLube шингэнийг 1 л моторын тосонд хольж автомашиндаа хийхэд моторын тосыг хэрэглэх хугацаа боон хөдөлгүүрийн нас хоёр дахин уртасдаг. Бүх машин дээрх хоёр бүтээгдэхүүнийг хэрэглэхэд тээврийн хэрэгслийн яндангаас ялгарах хорт бодис 98 хувиар буурах тооцооллыг хийжээ. Компанийн захирал Б.Барысбекийн танилцуулснаар eeCoal нанотехнологиор бүх төрлийн нүүрсийг баяжуулахаар ажиллаж байна. Дулааны цахилгаан станцууд, дэд станцууд eeCoal шингэнээр нүүрс баяжуулахад дутуу шаталтыг 10-30 хувь бууруулна. Нүүрсний үнс, хог хаягдлыг 50 хувь багасгаж, хүхрийн хэмжээг нэг дахин бууруулах ажээ. Нэг мл eeCoal шингэнээр 10 тонн нүүрс баяжуулах юм. Гурвалсан нанотехнологи бүхий F2-21 төслийн талаар 99913777 дугаараас лавлах боломжтой.