Open iToim app
Хүний эрх | 6 мин уншина

Сурвалжлага: Бид тайван унтаж, тэд амар тайвныг тогтоодог

Сурвалжлага: Бид тайван унтаж, тэд амар тайвныг тогтоодог
Нийтэлсэн 2015 оны 12 сарын 21
Хуучин оны амжилт бүтээлийг дүгнэж, ирэх оны зорилтыг дэвшүүлдэг шинэ жилийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Арванхоёрдугаар сар гарав уу, үгүй юу цэцэрлэг, сургуулиас авахуулаад албан байгууллагууд шинэ жилээ хийцгээж эхэлсэн. Бид өнгөрсөн баасан гаригт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн даргаас Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст очиж, алаг машинаар шөнийн эргүүлд хамт гарах зөвшөөрөл авсан. Оройн 20.00 цагт очиж сурвалжлагаа эхлүүллээ.

Баянзүрх дүүрэг 110 мянган хүн амтай. Хүн амын тоо ихээс гадна гэр хорооллын айл өрх дүүргийн нутаг дэвсгэрт их учраас гэрэлтүүлэггүй гудамж талбайд гэмт хэрэг гарах тохиолдол их. Бидний очсон Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэс нь 2015 онд нийслэлийн хэмжээнд хамгийн олон дуудлага, мэдээлэл авсан хэлтэс. Өөрөөр хэлбэл, оны эхний 11 сарын байдлаар 32312 гомдол, мэдээлэл хүлээн авсан, нэлээд ачаалалтай ажилладаг. Тэд дүүргийнхээ I-V, VII, XV, XVIII, XXI, XVII гэсэн 11 хорооны нутаг дэвсгэрийн хариуцан ажилладаг. Хоногтоо зургаан автомашинт эргүүл 24 цагаар ажиллаж, алба хаагчид хоёр хоёроороо явган эргүүлд гардаг ажээ. Шинэ жилийн баяр болж буйтай холбоотойгоор согтуугийн болон гэмт хэргийн дуудлага өсч, ердийн үед өдөрт дунджаар 120-130 дуудлага ирдэг байсан бол одоо 150-170 болж нэмэгдээд байгаа юм байна.

Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах ахлах байцаагч Г.Чинбат, “Дүүргийн хүн ам их. Дээр нь II, XXI, XVII, V хороо гэр хорооллуудтай. Хоёрт XIII хороолол, Баянцээл орчимд хүний урсгал хөдөлгөөн ихтэй. Баар ресторан маш их. Баянцээл дагуу архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 30 цэг бий. Сансарын туннел орчимд гэхэд 10 гаруй цэг байгаа. Иргэдийн дунд судалгаа явуулахад, “Баянцээл орчмын иргэд амар тайван амьдрахад хэцүү байна. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэг хэт их төвлөрсөн байна” гэсэн. Иймээс цэгийн тоог цөөлөх, стандартчилах саналыг хот, дүүргийн захиргаанд хүргүүлсэн. Хуучин 24 цаг хүртэл бааруудыг ажилуулаад хаалгасан байхад хөдөлгөөн харьцангуй бага, гэмт хэргийн гаралт гайгүй байсан. Одоо 04.00 цаг хүртэл ажиллаж байгаа болохоор 05.00 цаг хүртэл хөдөлгөөн саарахгүй. Архи согтууруулах ундаа хэтрүүлсэн хүмүүс гэмт хэргийн золиос болох, дээрэмдүүлэх, зодуулах, зарим нэг хөөрсөн дарвисан залуучууд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах, хулгайлах тохиолдол гарч байгаа. Гэр хороололд өдрийн цагаар, байшин хороололд шөнийн цагаар орон байрны хулгай гарах нь их байна. Мөн машины цонх хагалж дотроос нь эд зүйл хулгайлах, бүтээлэг хулгайлах гэмт хэрэг ид өсөх хандлагатай байна” гэлээ.

21.00 цаг. Хэв журмын ахлах байцаагч, ахлах дэслэгч С.Амгаланбаатар, явган эргүүлд гарах алба хаагчдыг цуглуулж чиглэл өглөө. Ингэхдээ, “Алба хаагчид өөрсдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаарай. Гадуур согтуу, хөлчүү хүмүүс их байгаа. Булан тохой бүрийг сайн шалгаж, осгох, дээрэмдүүлэх эрсдэлтэй хүмүүсийг анхаараарай” гэв. Явган эргүүл гарсны хойно биднийг цагдаагийн 116 чиглэлийн алаг машинд хүргэж өглөө. Цаг 22.00 болж байв. Дөнгөж суугаад танилцаж амжаагүй байтал “116 байна уу. Жуковын талбайн хөшөөний урд согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирлээ. Очоорой” гэв. 

Биднийг Монел орчмоос давхиж очоод хөшөө орчмоор нэгжтэл хүн байсангүй. Гадуу -20 хэмийн хүйтэн. Ийм хүйтэнд гадаа гудамжинд унасан, хэвтсэн хүн байвал хүмүүс 103, 102 руу залгаж дуудлага өгч байх хэрэгтэй. Хэдхэн минутын өмнө яваад очиход тухайн хүний эрүүл мэнд, амь насыг аварч болдог гэж хамт яваа хоёр цагдаа хэллээ. Бидний дараагийн дуудлага БЗД-ийн V хорооны орон сууцны жижүүрийн гэр болов. Нөхөр нь согтуу ирээд хоёр хүү, эхнэртээ агсам тавьж байгаа гэнэ ээ. Дуудлага аваад удаагүй таван минутын дараа хүрч очив. Гэрийн эзэн цагдаад дуудлага өгснийг мэдээд гэрээсээ гарч зугтжээ. Эхнэрт нь “Дахиж агсам тавибал энэ утас руу дуудлага өгөөрэй” гээд буцлаа.

Эндээс гараад ойролцоох байрны дөрвөн давхарын айлын хаалгыг тогшлоо. Ой гаруй настай хүүхэд дэвэрсэн залуу эмэгтэй хаалга тайлж байна. “Аан түрүүн дуудлага өгсөн юм аа. Доод талын айлын нөхөр эхнэр, хүүхдээ зодоод байх шиг байхаар нь цагдаа дуудсан юм. Та нарыг ирэхээс таван минутын өмнө чимээгүй болчихлоо” гэв. Цагдаа, “Сая шатаар өгсөхдөө танай доод болон дээд, хажуу талын айлуудын чинь хаалгыг чагналаа. Чимээгүй байна. Харин та хаалгаа тайлахдаа дурангаараа харсангүй. Хэн бэ гэсэнгүй шууд л тайлчихлаа. Хүн ирвэл дурангаараа харж, нэрийг нь асууж байгаарай” гэлээ.

Бид алаг машиндаа суун дараагийн дуудлага ирэхийг хүлээв. Удсангүй “Хорооны,,, гудамжны ... тоотын үүдэнд хүмүүс зодолдож байна гэсэн дуудлага ирлээ. Утас....” гэв. Биднийг очиход хоёр гэр бүл бололтой 25-35 насны хэдэн залуу гудамжинд маргалдсан зогсч байлаа. Нүүр, хүзүүгээ самардуулсан залуу, “Манай дүү Баянхонгор яваад чимээгүй болчихсон. Холбоогүй байгаа. Гэтэл энэ залуучууд ирээд миний дүүг нөүтбүүкийг нь аваад алга болчихлоо гээд зодсон” гэв. Нөгөө хэсэг нь, “Энэ залуугаас нөүтбүүкээ нэхтэл газраас юм шүүрээд дайрсан” гэцгээв. Тэднийг машинд суулгаад Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст хүргэлээ. Цаг шөнийн 23 цаг хэдийнэ өнгөрчээ. Цагдаагийн хэлтэс дээр машины бүтээлэг хулгайлсан залуу, нөхрөө хутгалж хөнөөсөн эмэгтэй, гудамжинд хүн зодсон гурван залуу байцаалт өгөөд сууж байв. 

Тэнд байх үед анх очсон орцны жижүүр эмэгтэй залгалаа. Шууд л машиндаа суугаад хүрч очив. Гэрийн эзэн 60 орчим настай хөгшин байна. 30 жил ханилсан эхнэрийнхээ толгойг цохиод хагалчихсан. Хоёр хүүгээ уйлуулчихсан сууж байна. Нөхрийг нь машиндаа суулгаад авч явлаа. Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст байх эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөв. 
Тэндээс “Амазон” бааранд хүмүүс зодолдож байна гэсэн дуудлагын дагуу явлаа. Үүрэг гүйцэтгэж буй хоёр цагдаатай замдаа хэдэн зүг солилоо. Жолоо барьж буй ахлах ахлагч “Бидний алба нэг иймэрхүү. Төрийн сүлдэндээ залбирч, амар амгалан байгаасай л гэж хүсэх юм. Би 16 жил цагдаад алба хашиж байна. Шинэ жилээр гэрийнхэнтэйгээ он гаргаж үзсэнгүй. Наадмаар стадионы хамгаалалтад, цагаан сараар гудамжны эргүүлд гарна. Ер нь бол баяраар гэртээ бараг л байхгүй. Эцэг эхийн хуралд сууна гэж бүр худлаа. Ийм учраас ар гэрийн амьдралыг сайн хань л авч явдаг даа. Яах вэ, эмч, багш нартай харьцуулахад цагдаагийн алба хаагчийн цалин боломжийн. Бага залуугаасаа алба хаагаад явсан болохоор хэдий шантрах үе байвч цагаан мөртэй албаараа бахархаж өөрийгөө зоригжуулдаг. Гэртээ агсам согтуу тавьсан хүмүүсийг эрүүлжүүлэхэд хонуулахад үлдэж байгаа ар гэр нь тайван амгалан амарч байгаа гэж бодно. Гудамжинд согтуу хэвтэж байгаа иргэнийг гэрт нь хүргэж өгөөд маргааш нь эрүүл саруул харахад сайхан байдаг. Энэ л хамгийн сайхан шүү дээ” гэв.

“Амазон” бааранд биднийг ороход хамгаалагч залуу “Дотор маргалдсан хүмүүс гараад явчихсан” гэв. Эргүүлийн офицер, “Худал дуудлага өгөх нь тохиолдол ер нь гарна. Гэхдээ бид заавал шалгах үүрэгтэй. Иргэнийг цагдаад дуудлага өгч байхад нь гэмт этгээд утсыг нь булаах, эвдлэх тохиолдол бий. Ийм учраас хаяг, гар утасны дугаар тодорхой бол заавал шалгах ёстой байдаг. Нөгөө талаар хүнтэй маргалдахаараа “Би чамайг цагдаагаар бариулна” гэж сүрдүүлээд дэргэд нь дуудлага өгчихөөд эргээд ярихаар “Би дуудлага өгөөгүй” гэж мэлздэг хүмүүс ч байна” гэлээ. Бид ийн нааш цааш явсаар Монел гэх газар руу явахаар боллоо. Машинт эргүүлийнхэнтэй уулзалдахын өмнө хоёр цагдаа маань нэг эрийг гудамжинд чээж нүцгэн согтуу явж байхад нь гэрт нь хүргэж өгсөн юм байна. Тэр залууд санаа зовж байгаа бололтой. Цаг 18-наас 19-нд аль хэдийнэ шилжчихсэн. Эндээс бид сурвалжлагаа зогсоох шаардлагатай болсон юм.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн