Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

​Судалгаа: Арван хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байгааг тогтоожээ

​Судалгаа: Арван хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байгааг тогтоожээ
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 15
Хүний эрхийн үндэсний комисс  “Good Neighbors” олон улсын байгууллагатай хамтран  “Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааг үндэсний хэмжээнд явуулж дууссан байна. Өнөөдөр судалгааны урьдчилсан үр дүнг олон нийтэд танилцууллаа. Судалгаа Улаанбаатар хотын 7 дүүрэг, найман аймгийг хамарсан бөгөөд судалгаанд 12-18 насны 4264 хүүхэд, 2773 эцэг эх, 152 хамтарсан гишүүнийг хамаржээ. Судалгааны үр дүнгээс анхаарал татсан 5 асуудлыг хүргэе.
Та хүүхдийн эрхийн талаар ойлголттой юу?
Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 84, эцэг, эхийн 91 хувь нь хүүхдийн эрхийн талаар ойлголттой гэж хариулсан байна. Үүнээс харахад нийгэмд хүүхдийн эрхийн тухай ойлголт боломжийн хэмжээнд байна гэж дүгнэжээ. Гэхдээ тухайн асуудал нь хүүхдийн эрхийн зөрчил мөн үү гэдгийг ялгаж чаддаг мэдлэгийн төвшин эцэг эх, хүүхдэд аль алинд сул байсан байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрхийн талаарх ойлголт байдаг ч ямар тохиодолд хүүхдийн эрх зөрчигдөж байна  вэ гэдгийг ялгах мэдлэг байхгүй байсан байна. Ерөнхий байдлаар ойлголттой  байгаа ч цаашид мэдлэг олгох хэмжээний сургалт, зөвлөгөө мэдээллийг тогтвортой өгөх нь чухал байна гэж дүгнэжээ.
Хүүхэд эрхээ эдлэхэд хэн чухал үүрэгтэй вэ?
Дээрх асуултад судалгаанд оролцогчдын 71.4 хувь эцэг эх л чухал үүрэгтэй гэж хариулсан байна. Харин төрийн албан хаагчид чухал үүрэгтэй гэж ердөө 10.5 хувь ньхариулсан байна. Үүнээс дүгнэхэд, хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн байгууллага, албан хаагчдын үүрэг байхгүй, төрийн аппарад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд ажиллахгүй  байна гэж дүгнэжээ.
Та хүүхдийн хүмүүжлийн эерэг аргыг дэмждэг үү?
Хүүхдийн 68.4 хувь, эцэг эхийн 61.8 хувь хүүхдийн хүмүүжлийн эерэг аргыг дэмжих нь зүйтэй гэж хариулсан. Харин хүүхдүүдийн 32 хувь нь зодох, загнах нь байх л ёстой хүмүүжлийн арга гэж хүлээн зөвшөөрөх хандлагтай байжээ. Энэ нь хүүхдийн хүмүүжлийн эерэг аргыг дэлгэрүүлэх, ойлгуулах мэдээлэл сул байгаатай холбоотой гэж үзсэн байна.
Та хүчирхийлэлд өртдөг үү?
Дээрх асуултад судалгаанд оролцсон 10 хүүхэд тутмын найм нь ТИЙМ гэж хариулжээ. 2014 оны судалгаагаар гурван хүүхдийн нэг нь тийм гэж хариулж байсан аж. Гэтэл 2016 онд хүүхдүүдийн 80 хувь нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байна гэж дүгнэжээ. Хүчирхийлэлд өртөн хүүхдүүдийн байдлыг задалбал, 2 хүүхэд тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд, 3 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэлд, 4 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, халдлага, сэрдэлтэд өртсөн байна. Нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 0.2 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байжээ. Судалгааны баг хүүхдийн эсрэг хүчирхийлэл аюултай нөхцөлд хүрсэн байна гэж дүгнэжээ.
Та хэнээс их айдаг вэ?
Хоёр хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн байдлаар айдастай, сэтгэл түгшсэн байдалтай амьдарч байна гэжээ. Сургуулийн орчинд дарамт, шахалтаас айдаг гэж нийт хүүхдүүдийн 38 хувийг эзэлсэн байна. Харин 45.4 хувь нь гэр бүлийн орчноос гэж хариулжээ. 2014 оны судалгаагаар ураг төрлийн хүүхдийн хүчирхийлэл ихсэж байгаа судалгаа гарсан. Үүний дам нөлөө гэр бүлийн орчин гэдэгт явж байгаа.
Түүнчлэн судалгаанд оролцсон хоёр хүн тутмын нэг нь хүүхдийн эрх зөрчигдөж байгааг хаана хэнд хандаж хэлэхээ мэддэггүй гэжээ. Энэ байдал нь хүүхдийн эрх зөрчигдөж байгааг нуун далдлах, үл хайхрах байдал үүсгэж магадгүй гэж судалгааны багийнхан үзсэн бөгөөд Монгол Улсад хүүхдийн эрхийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үзжээ. Тиймээс нэн тэрүүнд хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүүхдийн эрхийн тухай, хүүхдийн хамгааллын тухай хуулийг даруй мөрдөх зөвлөмжийг төрийн захиргааны байгууллагуудад өгчээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн