МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч доктор Д.Сувдаатай татварын орчны талаар ярилцлаа. Тэрээр татварын орчин тэр дундаа Хувь хүний орлогын албан татварын талаар дагнан судалгаа хийсэн байна.
-2018 оны нэг сарын 1-нээс Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болж байгаа. Үүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ. Ер нь ирэх оноос нэмэгдэх татварууд дээр мэргэжлийн хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-ХХОАТ-ын тухайд татварын бодлого, концепцийн хувьд дэмжиж байна. Өөрөөр хэлбэл хувь хүний татвар төлөх чадвар, орлогын ялгаатай байдлаас хамааруулан шатлалаар, ялгаатай хувь хэмжээгээр татвар ногдуулах нь орлого хуваарилалтыг зохицуулах талаасаа бодлогын хувьд зөв.
Гэхдээ хамгийн гол асуудал нь татварын хувь хэмжээ, орлогын интервал, шатлалыг манайхан үндэслэл тооцоолол муутай, буруу тогтоосон байна. Учир нь, татварын хувь хэмжээг тогтооход маш олон хүчин зүйлийг харгалзах ёстой. Шатлалын тоо, орлогын дээд доод хязгаар, хөнгөлөлт чөлөөлөлтийн хүрээ, бүх төрлийн орлогын эх үүсвэрийг татварын суурьд хамруулж чадсан эсэх зэргээр тооцдог. ХХОАТ-ын өөрчлөлтөд эдгээр хүчин зүйлийг харгалзаж, үндэслэлийг нь сайн гаргаагүй, хийсвэрээр хандсан зүйлүүд байна
Хуулиар сарын татвар ногдуулах орлогын хэмжээг 1.5 сая, 2.5 сая, 3.5 сая буюу түүнээс дээш гэж заасан ч энэ босгуудыг буюу орлогын гаргахдаа оновчтой сайн судалгаанд суурилж, Монгол улсын нийт хүн амын хэдэн хувь нь доод шатлалаар төлж, хэдэн хувь нь дээд шатлалаар төлөх вэ гэх зэрэг тооцооллыг үндэслэлтэйгээр гаргах байсан. Тэгэхгүйгээр сарын цалин түүнтэй адилтгах орлогыг 1.5 сая, 2.5 сая, 3.5 сая гэж тооцсон нь бодит амьдралаас хальсан, хийсвэр тоо. Мөн сард татвараас хөнгөлөгдөх суурь орлого одоо 70.0 мянган төгрөг буюу жилийн 84.0 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт байгааг 2021 он хүртэл үе шаттайгаар жилийн 120.0- 240.0 мянган төгрөг болгон өөрчилсөн нь яг бодит байдалтайгаа нийцсэн үү гэдгийг бодолцох л хэрэгтэй .
-Та 2013 онд энэ татвартай холбоотой томоохон судалгааны ажил хийж байсан. Тэгэхэд ямар судалгаа хийж, ямар санал дэвшүүлж байсан бэ?
-Манай улс 2007.01.01-ээс хойш ХХОАТ-ыг шатлалгүй нэгдсэн нэг хувь хэмжээгээр татвар ногдуулахаар хуульчлаад өнөөдрийг явж байна. Тухайн үед ялангуяа ХХОАТ-ын тухайд шатлалгүй, нэгдсэн нэг хувь хэмжээгээр татвар ногдуулах нь эдийн засагт, татвар төлөгчдөд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг талаас судалгаа хийсэн.
ХХОАТ нь орлого хуваарилалтын бодлогыг хэрэгжүүлэх, орлогын эрс ялгаатай байдлыг зөөлрүүлэх нэг гол зохицуулалтын хэрэгсэл байх ёстой гэдэг үүднээс судалгаа хийж, саналаа дэвшүүлж байсан. Энэ судалгааны үр дүнд татвар төлөгч хувь хүний сарын цалин түүнтэй адилтгах орлого нь 300 мянган төгрөгөөс доош байвал татвараас чөлөөлж, 300-800 мянга бол 7 хувь, 800 мянгаас хоёр сая хүртэл байвал 11 хувь, хоёр сая төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар татвар ногдуулъя гэсэн гурван шатлалтай хувь хэмжээг санал болгож байсан юм.
-Энэхүү гурван шатлалтай хэмжээгээ юун дээр үндэслэж гаргасан бэ?
-Өнөөдөр иргэдийн бодит орлогыг тооцоолоход хүндрэлтэй байгаа. Статистикийн газраас өрхийн нийгэм эдийн засгийн судалгааг тодорхой хугацаагаар, тогтмол хийдэг болсон. Тийм учраас өрхийн хэрэглээн дээр, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч/ даатгуулагчийн төлж буй цалингийн орлого зэрэг тоон мэдээллүүдэд үндэслээд Монголын нийт хүн амын сарын орлого ямар байна вэ, нэг татвар төлөгч иргэнд хэдэн тэжээлгэгч ногдож байна гэх зэргээр, татвар төлөх чадварыг бодитойгоор тодорхойлоход нөлөөлж болох олон хүчин зүйлийг харгалзаж, хамгийн боломжит хувилбарыг тооцоолсон. Өөрөөр хэлбэл, тухайн үед манай улсын нийгмийн даатгал төлөгч/ даатгуулагчдын 47.4 хувь нь сарын 300 мянгаас доош цалинтай, 43.9 хувь нь 300.0-800.0 мянган төгрөгийн цалингийн интервалд хамрагдаж байсан бөгөөд нийт хүн амын 90 гаруй хувь нь 800 мянган төгрөгөөс доош цалинтай байна гэдэг үүднээс ХХОАТ-ын хэмжээ, орлогын интервалыг тоооцож гаргасан. Хоёрт, бусад олон хүчин зүйлийг харгалзан үзсэн. Тухайлбал, нэг татвар төлөгчид ногдож байгаа тэжээлгэгчийн тоо, өрхийн хадгаламж хуримтлалын хэмжээ, бусад орлогын эх үүсвэрүүд зэргээр тооцдог.
Мэдээж татварын хувь хэмжээг өсгөх нь богино хугацаанд төсвийн орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж магадгүй / Сангийн яамны тооцоолсноор ХХОАТ-ын өөрчлөлтөөр 100 гаруй тэрбум төгрөг нэмж орох тооцоолол хийсэн байсан байх/ гэхдээ татвар төлөгчийн орлогыг л бодитоор үндэслэх нь зүйтэй.
-Тэгвэл таны бодлоор татварын хувь хэмжээг өсгөхгүйгээр төсвөө бүрдүүлэх өөр ямар арга бий гэж харж байна вэ?
-Татварын суурийг өсгөх боломжтой. Татварын суурийг өсгөнө гэдэг нь татвар ногдуулах орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, татвар төлөгчдийнхөө тоог өсгөх, албан бус/ далд эдийн засгийг ил болгох гэх мэт олон асуудлыг хамарна. Татварын хувь хэмжээг шууд өсгөх нь татварыг орлогыг нэмэгдүүлэх хамгийн эцсийн арга шүү дээ. Харин түүний оронд татвар ногдуулж чадахгүй байгаа орлогын эх үүсвэрүүдийг хэрхэн олж илрүүлэх, яаж татварт хамруулах, төр яаж татвар төлөгчдийн ашиг орлого, өмч хөрөнгийн хөдөлгөөн, мөнгөн урсгалыг хянах вэ гэдэгтээ л илүү анхаарах хэрэгтэй байх. Жишээ нь, өнөөдөр түрээсийн орлогод нэг ч татвар ногдуулж чадахгүй байна.
-Хувь хүний орлогоын албан татварыг огцом нэмэгдүүлсний сөрөг үр дагавар нь юу байна вэ. Дундаж давхаргад хэр нөлөөлөх бол?
-Өнөөдөр нийт хүн амын дийлэнх нь ядуу, орлого багатай байгаа. Ийм тохиолдолд татвар нэмбэл буцаад нийгмийн хамгааллын зардлуудаа өсгөхөд хүргэнэ. Тухайлбал, тэтгэврийн доод хэмжээг нэмэх, төрийн албан хаагч, төсвийн байгууллагын ажиллагсдын цалинг нэмэх хэрэгтэй гээд татварын орлогын өсөлтөөс, зарлагын өсөлт нь давж байгаа учир татварыг нэмэх нь өөрөө ач холбогдолгүй л болчихоод байна. 2018 оны төсөвт эдгээр татварыг нэмснээр 700 гаруй тэрбум төгрөг орж ирнэ гэж төлөвлөсөн. Гэтэл 2-3 саяас дээш цалинтай хүмүүсийн татварыг нэмээд ийм хэмжээний орлого төсөвт төвлөрнө гэж бодохгүй байна. Дийлэнх иргэдийн орлого хамгийн доод шатлалд хамрагдаж байгаа учраас тэр юм. Мэдээж дундаж давхрагад шилжиж, орлого нь бага зэрэг өссөн иргэдэд татвар нэмэгдэх нь дарамт болно.
Нэмж хэлэхэд сая бол ХХОАТ-ын тухай хуульд л өөрчлөлт оруулсан. Гэтэл өмнө нь 2016 оноос өмнө байсан “ОРЛОГЫГ НЬ ТУХАЙ БҮР ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖГҮЙ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУВИАРАА ЭРХЛЭГЧ ИРГЭНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ” хуулийг хүчингүй болгож, зөвхөн ХХОАТ-ын тухай хуулиар хувиараа бизнес эрхэлж байгаа иргэд татвар төлдөг болж байгаа нь учир дутагдалтай. Өмнөх энэ хууль хэдийгээр төсөвт бага хэмжээгээр нөлөөлж байсан ч илүү сайжруулаад, хэрэгжүүлээд явсан бол илүү оновчтой байх байсан.
-Манай улсад хоёр сая төгрөгөөс дээш цалин авдаг салбар бол уул уурхай, барилга. Энэ салбарынханд татварын гол ачаалал ирэх юм биш үү?
-Уул уурхайн салбарын ажилчдын дундаж цалин бусад салбарын ажилчдынхаас хоёр дахин өндөр байгаа. Үндсэндээ дээд хэмжээгээр НДШ-ийг төлөхөөр бараг шатлалын доод хувь хэмжээгээр төлөх болж байгаа юм. Тэгэхээр ХХОАТ-ын хувь хэмжээг нэмэгдүүлснээр тэдэнд очих татварын ачаалал үүсэхгүй гэж харж байна.
-НДШ-ийн тухайд хувь хүн, ажил олгогчоос авдаг шимтгэлийг нэг нэг нэгжээр нэмээд 11 хувь болгож байгаа. Энэ нь хэр оновчтой гэж харж байна вэ?
-НДШ-ийн хувьд ХХОАТ-тай харьцуулахад буцаагаад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хэмжээгээр өгөөж хүртдэг гэдэг үүднээс хувь хэмжээг бага хэмжээгээр өсгөхөд буруудахгүй гэж үзэж байна. Тэтгэврийн даатгалд хувь хүн 7 хувиар шимтгэл төлж байсан бол 8 хувиар төлдөг боллоо гэхэд дараа нь тэтгэврийн даатгалын нэрийн дансанд төвлөрүүлсэн хөрөнгөө өөртөө л зарцуулах тул хувь хүнд татварын ачаалал үүсэхгүй.
-Өөр нэг татвар бол Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах болсон. Манай улсын хүн амын олонхи нь хуримтлалгүй гэдэг. Энэ татварын эерэг болон сөрөг тал нь юу вэ?
-Манай улс үндсэндээ дотоод хуримтлал байхгүй гэж хэлж болно. Яагаад гэхээр хүн амын цөөхөн хэсэг нь хадгаламжтай. Хадгаламжийг би хувьдаа дор хаяж 20, 30 саяын хадгаламж гэж бодоод байна. Хэн хэдэн саяын хадгаламж эзэмшиж байна гэдэг судалгааг нарийвчилж гаргах боломжгүй, тооцоо судалгаа хийх ч бодит мэдээлэл байхгүй учраас төсөв бүрдэхэд ингэж нөлөөлнө гэж хэлж чадахгүй. Яахав бусад оронд хадгаламжаас нь татвар авдаг жишээ олон бий. Сөрөг, эерэг талтай учраас аль алийг нь бодож үзэх л асуудал байх.