“Мод бол байр сууц, хоол хүнс, дулаан, хамгаалалт гээд хүний амьдралд зайлшгүй шаардлагатай бүхий л зүйлийг өгч чаддаг гайхалтай амьд организм юм. Мод өөрийг нь тайрсан хүмүүсийг ч сүүдэрлэж өгдөг нинжин сэтгэлтэн”
Мод нь хүнтэй харьцуулах юм бол насаар хамгийн өндөр, тэгээд хил хязгаар гэж үгүй дэлхий дээрх хамгийн удаан амьдарч байгаа амьд организм бөгөөд дэлхийн хамгийн үнэ цэнтэй байгалийн нөөцийн нэг. Мод бидний амьсгалах агаарыг цэвэршүүлэх, уух усны чанарыг сайжруулах, хөрсний элэгдлээс сэргийлэхээс гадна хоол хүнс ч болж, сүүдрэвч, оромж, дуу чимээ тусгаарлагч, агаарын бохирдлыг бууруулагч гээд бидний өдөр тутмын амьдралыг улам сайхан болоход тусалдаг. Дэлхий дээр 200 мянга гаруй төрлийн мод байдаг нь дэлхийн ургамлын төрлийн 25 хувийг эзэлдэг. Бусад ургамалтай харьцуулахад олон жилийн настай бөгөөд зарим нь хэдэн мянган жил насалж, 115 метр хүртэлх өндөр ургасан нь ч бий.
Мод олон зүйлээрээ хүнтэй ижил гэж болно. Гэвч ямар ч мод хөгширснөөсөө болж эсвэл олон жил амьдарснаасаа болж үхдэггүй. Мод үхэх үндэс нь шавьж, өвчин эсвэл хүний буруутай үйл ажиллагаа байдаг. Тэд хоол тэжээлийнхээ 90 хувийг агаар мандлаас, 10 хувийг хөрснөөс авдаг бөгөөд 70 настай мод үхлээ гэж бодоход гурван тонн гаруй нүүрстөрөгчийг агаар мандлаас буцаан авч байдаг гэсэн үг. Тиймээс модыг арчилж, ургуулах нь маш чухал ач холбогдолтой. Энгийн модны амьдралын орчил ч хүмүүн биднийхээс хэд дахин урт байдаг. Чинар мод 500 жил насалдаг бол туулайн бөөр мод 1000 жил насалдаг. Энэ нь хүний амьдралын 20-40 үетэй тэнцүү гэсэн үг. Ойтой харьцуулах юм бол бүр ч урт хугацаа гарна. Дэлхийн ойг нэг амьд организм гэж авч үзвэл хүний эх дэлхийд ирээд буцах нь шавж хорхойн амьдрах хугацаатай адил аж. Тиймээс нэг мод тарина гэдэг өөрийн хойч үедээ, үр удамдаа хэмжээлшгүй их буян хийж байна гэсэн үг. Бидний өвөг дээдсийн тарьсан үр л одоо бидний амьсгалах цэвэр агаарыг бэлэглэж байгаа шүү дээ.
Мод гэдэг нарийн тооцоолохын аргагүй элбэг ургадаг учир ганц мод алдартай болох нь ховор. Олны танил моддын олонхи нь түүхэн үйл явдлын гэрч байдаг. Тухайлбал, Будда Шагжмууний гэгээрлийг олсон гэх Энэтхэгийн Бодь мод, Их Британийн клончлолыг эсэргүүцсэн XVIII зууны америкуудын чуулдаг байсан Бостон дахь Эрх чөлөөний мод гэх мэт. Харин зарим мод байгалийн унаган төрх, онцгой шинжээрээ түүхэнд үлдсэн байдаг. АНУ-ын Калифорни мужийн газар нутагт дэлхийн дээд амжилтыг эзэн болсон мод бий. Тус мужид Хиперон хэмээх 155.5 метр өндөр дэлхийн хамгийн өндөр мод, генерал Шерман хэмээх 1486 куб метр талбайг эзлэх хамгийн том мод, мөн Метусела хэмээх 4800 жилийн настай хамгийн эртний нарс мод бий. Түүхийн гэрч болсон ч юм уу, гадаад төрхөөрөө, хүнд ашигтайгаараа ч юм уу аль элдэв сонин мод байхыг хэлж барах вэ. Ийм байх тусмаа олны анхаарлыг илүүтэй татаж, жуулчид тийшээ цувсаар байдаг биз. Хамгийн өндрөөс эхлүүлээд хамгийн хөгшин, дархан цаазат гээд хамгийн хамгийн 13 модыг танилцуулъя.
Доод хонгилоор нь машин гарч болдог энэ мод АНУ-ын Калифорни мужийн Леггетт хотод бий. Хонгил нь 206 см өндөр, 183 см өргөн. 60 жилийн өмнө доогуур нь хонгил ухаж гаргасан ч мод ургасаар одоо хамгийн үзүүштэй зүйлийн нэг болсон. Гурван доллар төлөөд машинтайгаа хонгилоор нь гарч болно.
“Sequoia” Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Калифони-АНУ
Эзлэх талбайн хэмжээгээр дэлхийн хамгийн томд орох мод нь генерал Шерман хэмээх энэхүү мод юм. Энэ мод зөвхөн Калифорни мужийн Невадад л ургадаг ховор төрлийн мод. Генерал Шерман нь 83.8 метр өндөр, 1486 метр куб талбайг эзэлдэг бөгөөд 6000 тоннын жинтэй аж. Энэхүү асар том модыг эрдэмтэд 2200 жилийн настай хэмээн үздэг бөгөөд одоог хүртэл жил бүр улам томорч, ургасаар байгаа юм.
Энэ бол Францын Сена Приморская мужийн Алувиль-Бельфос тосгонд байдаг 800-1200 жилийн настай мод.15 метр өндөр энэ мод эргэн тойрон 16 метр. Энэ нь энгийн нэгэн мод гэхээсээ илүү барилга болон шашны дурсгалын газар гэж хэлж болно. 1969 онд нэгэн эр хоёр царс модны доторхи хөндий хоосон биеийг ашиглан байр сууц хийх санааг анх олжээ. Ингээд одыг тойруулан шат босгож, яг л орон сууц мэт сайхан тохижуулсан байна. Энэ хүн нь тус тосгоны харуул байсан учир модыг тосгоныг хамгаалагч хэмээн тахин шүтэх болж, харуул царс хэмээн нэрлэжээ. Харамсалтай нь, байр хэлбэрээр ашиглагдаж байгаа модны хэсэг үхжиж эхлээд байгаа гэнэ.
Baobab мод буюу “лонхон мод” нь Африк болон Австралид ургадаг. Модны өндөр нь 5-30 метр, их биеийн диаметр нь 7-11 метр байдаг байна. Мадагаскараас гаралтай “Adansonia” хэмээх ургамлын зүйл нь найман төрлийн модноос бүрдэх бөгөөд тэдний нийтлэг нэр нь баобаб юм. Лонхон мод гэж нэрлэсний учир нь ганц хэлбэрээр нь бус харин 300 литр хүртэл усыг өөртөө агуулдаг учир ийнхүү нэрлэдэг байна. Уг мод нь 500 жил хүртэл насалдаг. Мадагаскарын Морондавагийн ойролцоо энэхүү модны томоохон төгөл байдаг аж.
5.Сахиусан тэнгэрийн царс
Жон арал, Өмнөд Каролин, АНУ
Өмнөд Каролины энэ царс Жон арал дээр Чарльстон хотоос холгүй бий. 500 жилийн настай энэхүү мод нь хамгийн эртний амьд организмуудын нэг юм. Эртний домог, аман ярианд энэхүү модыг тойрон сахиусан тэнгэрүүд хамгаалж байдаг гэх яриа байдаг аж. Эргэн тойрон 8.5 метр, 20 метр өндөр. 1989 онд болсон Хьюга хар салхийг хүртэл давж гарч чадсан аж. Одоо тус арлын иргэд энэхүү модыг “сүнслэг”мод хэмээн залбирч, шүтдэг байна.
АНУ-ын Калифорни мужийн замд ганцаархнаа байдаг энэ мод бол Пеббл-Бичийн бэлгэ тэмдэг. Үүнийг бүр телевизийн нэвтрүүлгийн албан ёсны фон хүртэл болгосон байдаг. Пеббл-Бичийн өмгөөлөгч Керри Смит бүр “Энэ модыг бид патенталж авсан” гэж албан ёсоор мэдэгдсэн удаатай.
Энэ бол Сьерра-Леоны нийслэл Фритауны түүхэн бэлгэ тэмдэг. Домгоор бол 1792 онд африк-америкийн хэсэг боол эрх чөлөөтэй болоод далайн эргээс энэ модыг авчирч суулган тойрон баясч эрх чөлөөгөө тэмдэглэсэн гэнэ. Өнөөдөр энэ аварга мод нийслэлийн хуучин дүүргийн дөрвөн замын уулзвар дагуу бий.
“Cinnabari Dracaena” буюу луугийн мод нь Сокотра арлаас гаралтай өвөрмөц мод юм. Модны хэлбэр нь яг шүхэр шиг. Хэрэв та анхааралтай ажиглавал, “Windows Network”-ийн icon буюу тэмдгийг уг модыг дүрслэн хийжээ.Өндрөөрөө 22 метр, 10 метрийн диаметртэй, нийтдээ 70 тонн жин дарах энэ мод бараг мянган жилийн настай гэдэг. 2002 онд ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэхээр санал гаргасан ч бүтээгүй, 2011 онд дахин санал тавьсан.
9. Хамгийн хөгшин мод-Хөгшин Тжикко
Хөгшин Тжикко нь дэлхийн хамгийн хөгшин мод юм. Энэхүү модыг 9550 жилийн түүхтэй хэмээн үздэг. Дэлхийн хамгийн хөгшин мод нь Шведийн Даларна мужийн Фулуфяаллет ууланд бий. Уг модыг профессор Лейф Куллман анх олж нээсэн бөгөөд нохойныхоо нэрээр Хөгшин Тжикко гэж нэрлэжээ.
10.Дэлхийн хамгийн өндөр бас том мод- Метуселах
Тжикко нь өөрийгөө клонлох (хувилах) аргаар олон мянган жилийг тэсч гарсан бол Метуселах нь ингэлгүйгээр 4000 гаруй жилийг туулж ирсэн мод. Энэ модны цагаригийг судалж үзэхэд 2012 оны байдлаар 4845 настай болох нь тогтоогдсон юм. АНУ-ын өмнөд Калифорни дахь Инёо мужийн Уайт ууланд ургадаг метуселах нь нэгэн төрлийн нарс юм. Дэлхийн хамгийн урт насалсан, хөгшин модыг олж тогтоох нь нэлээд маргаантай асуудал юм. Энэхүү модыг Библид гардаг хамгийн өндөр настай хүний нэрээр нэрлэжээ.
АНУ-ын Юта муж дахь Пандо нэртэй 42 га талбайг эзэлсэн 45 мянган орчим модтой улиангар бүхий талбайг 80 мянган жилээс илүү насалсан гэж үздэг. Энэ маш өндөр настай төдийгүй хамгийн хүнд амьд организмд тооцогддог. Энэ нь 6000 тонн буюу Эйфелийн цамхагтай адил жинтэй аж.
Мексикийн Оахака мужид Оахака хотоос зүүн зүгт 9 км зайд, Митл хот орох замд энэ мод бий.2001 онд ЮНЕСКО-гийн бүх дэлхийн өвд бүртгэж байсанэнэ модыг дэлхийн хамгийн өргөн мод хэмээн нэрлэдэг. Энэ модны эргэн тойрон нь 36.2 метр, диаметр нь 11.62 метр. Заримдаа түүнийг амьдралын мод гэдэг. 2000-3000 жилийн настай хэмээн үздэг ч 1400 жилийн өмнө шуургын бурхан Азтекийн тахилгад зориулан энэ модыг өөр газар хөрслүүлэн суулгасан гэдэг.
Швед гаралтай, америкийн фермер Аксель Эрландсоны /1884-1964 / бүтээл. Тэрээр угаасаа л мод ургамлын хэв загвар өөрчлөх сонирхолтой нэгэн байсан аж. 1947 онд хамгийн сонин мод ургуулах арга нээж үүнийгээ модны цирк гэж нэрлэсэн. Түүний бүтээл сонин сонин мод Америкийн олон хотод бий.