Open iToim app
Анализ | 4 мин уншина

Сонгуулийн уриа биш, гуриа үгс

Сонгуулийн уриа биш, гуриа үгс
Нийтэлсэн 2016 оны 6 сарын 16
2016 оны УИХ-ын сонгуульд хэвлэлээр хийх сурталчилгаа хязгаарлагдмал энэ үед сонгогчдод хүргэх мессеж хамгийн чухал. Нэр дэвшигчдийн уриа үг бол ялалтын эхлэл. Англи хэлний Оксфордын толь бичигт уриа гэдэг үгийг "сурталчилгаанд ашигласан богино, мартагдашгүй, гайхалтай зохицол бүхий үг хэллэг, өгүүлбэр" хэмээн тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид өөрийн давуу талыг товчоор ойлгуулах, олонд эергээр танигдахын тулд уриа үгийг ашигладаг.
Гэтэл энэ удаагийн сонгуульд уриа биш, гуриа үгс олон байх.  
АН: “Ахиулан хийх ажил их” уриатай.

Ахин зээл, бонд авах, ахиулан өр тавих юм байна гэж мушгиж болохоор. Тэгж хошигноод эхэлжээ. Эдийн засаг хүндэрсэн, улс ч, иргэд ч өрөндөө баригдсан нь илт үнэн байхад “ажил” гэж чухам юуг тодотгож байгаа нь тодорхойгүй. Эдийг засгаа унагаснаа ажил гээд байгаа ч юмшиг. Хамгийн гол нь талхаа таллаж, тосоо граммалж авч байгаа, бас ажилгүй иргэдэд бол “Ахиулан хийх ажил их” гэдэг бол их л доромж сонсогдоно доо.
МАН: “Бид зүтгэнэ хамтдаа хөгжинө” гэжээ.

2012 оны сонгуулийн “Бид хамтдаа” гэдэг уриатай нь агуулга, утга адилхан. Өөрөөр хэлбэл, МАН өмнө нь ялагдсан сонгуулийнхаа “хуучин дээл”-тэй шинэ сонгуульд орж байна. Зарим хүн өнгөрсөн жил өмссөн дээлээ улсын наадмаар эргэж өмсдөггүй л юм.
УИХ-ын 50 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Болор: “Бодит өөрчлдөлтийг эрүүл эдийн засгаас...” гэжээ.

Өнөөдрийн Сангийн сайд хүн шүү дээ. Батлуулсан улсын төсөв нь 860 тэрбум төгрөгийн алдагдалтай, улсаараа бондын өртэй, ахмадууд тэтгэврийн зээлтэй, залуус нь цалингийн зээлтэй байгааг бодит эрүүл эдийн засаг гэх үү. Хамгийн гол нь ийм уриа дэвшүүлсэн эрхэм сайд өнөөдөр АН-д санал цуглуулахын тулд иргэдэд тараах 300 мянган төгрөгийн эх үүсвэрийг хайж сууна. Мөнгө тараах нь эрүүл эдийн засгийн эхлэл мөн үү. Үг, үйлдлийн зөрүү гэж энэ дээ. Өрийг өрөөр дарах, бэлэн мөнгө тараахаа эрүүл эдийн засаг гэж үздэг Сангийн сайдтай байхад бодит өөрчлөлт гарах уу, мэдэхгүй.
УИХ-ын 52 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг “Өрх бүрт хүндэтгэл үзүүлж хөшөө босгоно, Өөдрөг амьдралын төлөө би зүтгэе” гэжээ.

Түүнийг хэдэн тэрбумаар нохойны хөшөө босгосон гэж шүүмжилдэг, үүнээс гадна эвтэй дөрвөн амьтны хөшөө босогосон гээд энэ чиглэлдээ туршлагатай хүн гэдэгтэй маргашгүй. Гэхдээ “Өрх бүрт хөшөө босгоно” гэдэг нь үнэхээр илүүдчихэж. Эс бөгөөс уриа үгийн гол агуулгыг Б.Батзориг нэр дэвшигч маш сайн ойлгож, үнэнээ л бичсэнээрээ өнөөдөр буруудаж байна. Учир нь уриа үг бол өөрийнхөө хамгийн сайн чаддагийг богино үгээр илэрхийлэх шүү дээ. Дашрамд дурдахад, дэлхийн II дайны үед Зөвлөлтийн дотоод явдлын газраас Смоленскийн Катынь тосгонд байсан 22 мянган польш хүнийг буудан устгаж, шатаасан байдаг. Үүний дараа тэдний дурсгалд зориулж хөшөө босгосон бөгөөд амиа алдагсдын ар гэр, өрх бүрт энэ дурсгалын хөшөөг тараасан байдаг. Хамгийн олон өрхөд хөшөө босгосон дэлхийн түүх, тохиолдол ердөө энэ. Гэхдээ нэр дэвшигч Б.Батзоригийн энэ уриа нь эсрэг намаас явуулж байгаа сөрөг PR байх магадлалтай.
УИХ-ын 72 дугаар тойрогт нэр дэвшигч З.Баянсэлэнгэ “Би таны гэр бүлийн гишүүн” гэх уриа сонгожээ.

Өөрийнхөөөрөө байж, хэлье гэснээ хэлчихдэг энэ бүсгүй үнэн хэрэгтээ өнгөрсөн дөрвөн жилийн турш Н.Энхбаярын л гэр бүлийн гишүүн мэт байсан даа.
УИХ-ын 61 дүгээр тойрогт нэр дэвшигч М.Батчимэг “Зөв бүхний талд, зүдэрсэн олныхоо талд зүтгэх болно” гэжээ.

Агуулгагүй, хэтэрхий жижиг бөгөөд энгийн, улстөрийн алдаатай уриа сонгожээ. Парламентын сонгуульд үзэж байгаа хүмүүс бүгд л зөв бүхний талд байж, олныхоо төлөө л зүтгэх учиртай. Ийм энгийн логик нь түүнийг бусад нэр дэвшигчээс ялгаруулахгүй байна. Зүдэрсэн олныхоо талд гэдэг тодотгол бол улс төрийн алдаатай. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд засагласан намын гишүүн. Хэрвээ олон түмэн зүдэрсэн гэдгийг засаг барьсан намынхан хүлээн зөвшөөрч байгаа бол гоё ярьж ахин сонгуульдах хэрэггүй. Ард олныг хэн зүдрүүлсэн бэ. Дасгаж байгаад нэг тонгорно, өлсгөж байгаад ходоодоор нь гэдэг шиг зүдэргэж байгаад дахин сонгуульддаг арга бол коммунист намд л байх.
УИХ-ын А.Сүхбат “Монголчууд үнэн байхад дуртай” хэмээжээ.

Хүнд үнэн байх ёстой үнэн юмсын хамгийн гол зүйлсийн нэг нь үзэл бодол, итгэл үнэмшил, үл урвах тууштай чанар. Гэтэл ард түмний хайртай аварга маань хэдэн ч нам сольчихов доо. Хамгийн сүүлд л гэхэд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-д элсч байсан нь үнэн билээ.
Ардчилсан намаас Дундговь аймагт нэр дэвшигчид бөөнөөрөө “машины эд анги” болсон байна лээ.
Хөгжлийн машин гэх атлаа тэр нь жолоочгүй. Жолоочгүй машин хаашаа явах ч билээ. Ер нь бол хоёрын хоёр тольтой байхаар ганц жолоочтой байсан нь дээр л дээ.
Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа Өөлдийн Мөнхбат сошиал ертөнцөөр сурталчилгаа хийн “оранж давалгаа”-г үүсгээд байгаа.

Гэвч “оранж давалгаа”-г шууд утгаар нь “orange revolution” буюу Украины “улбар шар хувьсгал”-тай дүйцүүлж ойлгож болохоор байгаа юм. Хаана ч улбар шар өнгө хувьсгал, зөрчил тэмцлийн бэлгэдэл байдаг. Замын хөдөлгөөнд хүртэл анивчсан шар гэрэл нь амгалан байдал, аюул хоёрын дундуур анхааруулдаг байх аа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн