Open iToim app
Эрүүл монгол | 5 мин уншина

Г.Солонго: Нүүрнийхээ булчинг зөв ажиллуулж чадвал үрчлээ үүсэхээс айх хэрэггүй

Г.Солонго: Нүүрнийхээ булчинг зөв ажиллуулж чадвал үрчлээ үүсэхээс айх хэрэггүй
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 27
Хүн инээхэд нүдний доогуур үрчлээс үүсэх нь байдаг. Энэ нь нүүрнийхээ буруу булчинг ашигласнаас үүсдэг гэнэ.  Энэ тухай болон нүүрний иогийн талаар Олон улсын нүүрний иогийн холбооны Монгол дахь төлөөлөгч, багш Г.Солонготой ярилцлаа.
-Та яагаад нүүрний иогийг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Манай ээж залуудаа ахыг маань төрүүлчихээд бүх биеэрээ түлэгдэж, арьсаа хуулуулж байсан. Тэгээд арьс нь төлжсөн ч  үеийнхнээсээ хөгшин, сул унжсан арьстай харагддаг байсан. Иймээс би тухайн үед нүүрний иогийн зарыг хараад ээж шигээ хүмүүст тусалж, нүүрээ арчлан залуу харагдах боломж олгоё хэмээн бодож, анх иог хийх эрх авч байсан.
-Нүүрний иог бусад иогоос юугаараа илүү онцлог юм бэ?
-Нүүрний иог гэхээр зөвхөн нүүрнийхээ булчинг ашиглана гэсэн үг. Хүний нүүрэнд 60 орчим  булчин байдаг. Эдгээр булчинг хэсэгчлэн хөдөлгөөнд оруулж, эрчимжүүлснээр арьс унжих, хамрын хажуугийн зураас, тодрох зэрэг нүүрэнд гардаг асуудалд санаа зовох шаардлагагүй болж эрүүл, залуу төрхтэй байх боломжтой. Мөн Мэдрэлийн булчин нүүрэнд цугласан байдаг учраас тухайн булчинг эрчимжүүлэхэд зөнөх хөгшрөх зэрэг нас ахихаар үүсдэг асуудлаас сэргийлдэг юм. Иймд нүүрний иог эрүүл мэндийн талаасаа үр дүнтэй.

-Нүүрний иог хийх нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Япон хүмүүс хэлнийхээ онцлогоос хамаарч нүүр нь сул байдаг. Харин манай монголчуудын хувьд нийгмийнхээ амьдралаас шалтгаалан ярвайж, хөмсгөө зангиддаг. Мөн стресс, бухимдалтай байдгаас гадна буруу хооллолт амьдралын буруу зуршлаас хамааран овортой харагддаг. Орой унтаж, орой сэрдэг. Тиймээс нүүрний иог хийж эхлэхдээ буруу зуршлаасаа салах аргын талаар суралцдаг. Тухайлбал хөмсгөө яаж зангидахгүй байх вэ, хэрхэн үрчийхгүй байх вэ зэрэгт суралцана. Нүүрний иогоор хичээллээд хүмүүс эерэг болж ирдэг. Эхэндээ ийм тийм асуудалтай, сөрөг зүйл их хэлж ирдэг. Харин иогоор хичээллээд хэсэг хугацаа өнгөрөхөд нүүрэн дэх асуудал нь өөрчлөгдөөд ирэхээр өөртөө итгэлтэй болж өөдрөг болдог.
-Нүүрний иогийн дасгал хийснээр хүний нүүрэнд мэдэгдэхүйц ямар өөрчлөлт гардаг вэ?
-Дасгалаа тогтмол хийснээр л үр дүн гардаг. Тухайлбал, нүүрний булчин дасгалаар чангарч, цусны эргэлт нь сайжирна. Ингэснээр нүүрний тунгалгийн судсаар арьснаас илүүдэл бохир гадагшилдаг. Тунгалгийн судас ажиллаад ирэхээр нүүр толигор болж, арьс чангаран үрчлээс арилна. Хүний наснаас болон хэр хугацаанд хичээллэж байгаагаас хамааран гарах үр дүн өөр өөр байдаг.

-Тухайлбал 30 дээш насныхан дасгал хийвэл хэр үр дүн гарах вэ?
-Ер нь ямар ч насныхан нүүрний иогийн дасгалыг хийхэд үр дүн гарна. Нүүрсний иогийг хийж эхэлбэл тэр хэрээр олон асуудлаас сэргийлж чадна.  Хамгийн гол нь нүүрний булчингаа зөв хуваарилаж ажлуулах вэ гэдэг техникээ сайн зөв заалгах хэрэгтэй. Сүүлийн үед монголд youtube-ээр дасгал сураад хийх нь зарим тохиолдолд асуудал гараад байгаа. Ийм учраас дасгал хийх техникээ зөв заалгаж, булчингаа зөв хөдөлгөж сурах юм бол наснаас үл хамааран үр дүн гарна.
-Нүүрний иогийн дасгал V line хэлбэртэй болоход нөлөөлөх үү?
-Мэдээж нөлөөлнө. Давхар эрүүг арилгаж өгнө. Нүүрийг илүү жижигрүүлж өгдөг. Би өөрөө нүүрний иог хийхээс өмнө том нүүртэй байсан.
-Инээхээс үүдэн нүдний доод хэсэгт үрчлээс суусан тохиолдолд уг үрчлээс арилах уу?
-Инээж байгаа үед нүдний доод зовхи үрчлээтдэг бол буруу булчингаа ашиглан инээж байна гэсэн үг. Нүүрний иогийн дасгалаар ямар булчингаа яаж ажлуулбал зөв инээдэг болох аргыг сурдаг. Инээхээрээ нүдээ онийлгон, шанаагаа маш их ашиглах нь байдаг. Гэхдээ зөв инээхэд өөр булчин ажилдаг. Инээхэд ашиглагддаг булчингаа  чийрэгжүүлэн дасгалаа тогтмол хийвэл зөв инээдэг болно. Ингээд зөв инээхээр нүдний доод талын үрчлээс арилах хүнийх нь арилна. Нас ахисан хүний үрчлээс бүдгэрнэ.

-Нүүрний иогийн дасгал хэр хугацаанд үр дүндгээ өгдөг вэ?
-Ер нь хүн хүнээсээ шалтгаална. Гэхдээ хоёр долоо хоног өдөрт 2-3 миунт хийхэд үр дүн гарна гэж хэлж болно. Мөн хэр давтамжтай хийж байгаагаас шалтгаалдаг. Хоол хүнсэндээ болон хооллох зуршилдаа сайн анхаарвал илүү үр дүнд хүрнэ. Тухайлбал зөв цагаар хооллох ч гэдэг юм уу, өглөө, өдрийн хоолоо тогмол идэж, орой хөнгөн хоол хооллох хэрэгтэй. Хэрэгтэй эрдэс бодисоо авч чадахгүй бол хүний нүүр залуу гэрэлтсэн харагдаж чадахгүй. Тийм учраас гэнэт хоолоо хасах ч юм уу, буруу хоолны дэглэм барьж болохгүй.
-Мөн ярихдаа болон инээхдээ ам нь далийж ярьдаг хүн нүүрний иогоор засагдах уу?
-Энэ бол хүний буруу зуршил гэж болно. Нүүрний булчингаа буруу ашигласан буруу дадал юм. Тэгээд дасгалаа хийгээд ирэхээр нүүр тэнцвэрждэг. Миний хичээлд суудаг хүмүүсээс хэд хэдэн хүн ам нь далийж ярьдаг байсан. Тэгээд буруу зуршлаа засаж зөв булчингаа ашиглаж сурснаар энэ байдал нь засагдсан.
-Тэгвэл гурвалсан мэдрэлийн ядаргаанаас үүдэлтэй нүүрний сулралыг засах боломжтой юу?
-Нүүрний иог уламжлалт эмчилгээний нэг аргад ордог. Дасгал хийснээр гурвалсан мэдрэлийг сэдрээж, нүүрний далийг засах, одоо байгаагаасаа илүү муудахгүй байх боломжтой. Харин гурвалсан мэдрэлийн ядаргаанд орсон хүний нүүрэнд үр дүн гарахад багаггүй хугацаа шаарддаг. Хамгийн гол дасгалаа тогтмол хийх хэрэгтэй байдаг.
-Стресстэж, бухимдах нь хүний нүүрний арьсанд хэрхэн нөлөөлдөг юм бэ?
-Хүний нүүр нь тухайн хүний бие болоод сэтгэл санааг нь илэрхийлж байдаг толь. Гунигтай, сэтгэл нь тайван биш байгаа хүний нүүр толигор, гэрэлтсэн байдаггүй. Харин эсрэгээрээ сайхан зүйл тохиолдсон хүний нүүр гэрэлтэж байдаг. Иймээс стресстэх, бухимдах болгон нь нүүрэн дээр илэрч, тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тэр болгонд бухимдалгүй аливаад хандах хандлагаа өөрчлөн хүлээцтэй байвал бие эрүүл байна. Ингэснээр нүүр гэрэлтэнэ шүү дээ.
-Нүүрний иогоор хичээллэхдээ юуг анхаарах вэ?
-Хэт халуун, нүүрээ наранд шарсан үед нүүрний иогийн дасгалыг хийж болохгүй. Учир нь арьс түлэгдсэн байх учраас хоёр гурав хоног хүлээгээд арьс гуужиж, дахин төлжихөөр нь дасгал хийх хэрэгтэй байдаг. Мөн өвлийн улиралд хэт даарсан үед гаднаас орж ирээд нүүрний булчин мэдээгүй болсон үед нүрний иог битгий хийгээрэй гэж сануулъя. Нүүрний арьс эмзэг булчинтай байдаг учраас эдгээр үеүдэд анхаарах хэрэгтэй.
-Хүүхэд нүүрний иогоор хичээллэхэд ямар үр дүн гарах вэ?
-Орчин үед хүүхдүүддээ нүүрний иог сургах нь маш үр дүнтэй. Учир нь, сүүлийн үед хотжилт маш их явагдаж байгаатай холбогдуулан хүүхдийн эцэг эх завгүй байдаг. Иймээс хүүхдүүд зурагт үзэх, олон цагаар гар утсаар тоглох явдал нэмэгдэж байна. Ингэхлээр хүүхэд нүүрний булчингаа мэдэрч, ашигладаггүй. Үүнээс болж хүүхдийн нүүрний булчин суларч, нүүр нь хувирч чаддаггүй болдог. Харин хүүхэд том хүнтэй нүүр нүүрээ харж ярих, амьд харилцаанаас нүүрний хувирлыг олж, сурч мэдэж байдаг. Нүүр нь хувиралттай байснаар чангарч, чийрэгждэг.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн