Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Киноны тухай хуулийг төслөө бэлэн болгожээ. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулах юм байна. Засгаар ч ороогүй төслийн мэдээллийг нийтэд зарлах нь янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарч, хууль батлагдахгүй байх эрсдлийг бий болгоно гэж өөрсдөө нэлээд сэрэмжилж байна. Учир нь, 2001 онд Соёлын яам гэж байхаас санаачилсан Киноны тухай хуулийн төсөл, төсөл дээр ажиллах ажлын хэсэг задарч, бутарсаар өнөөдрийн 2015 онтой золгоод буй гэнэ. Төр засаг өнгөрсөн 20 жилийн хугацаанд кино бүтээлд төдийлөн ач холбогдол өгдөггүй, уран бүтээлчдийн хэл ам, хэрүүл шуугианы уршгаар хуулиа баталж чадалгүй явсаар өдийг хүрсэн гэх юм билээ. Ямар ч байсан кино урлагаа өөд татах, бүтээлчдийг дэмжих, дэлгэцийн уран бүтээлээр дамжуулж түүх соёл, ёс уламжлалаа дотоод, гадаадад сурталчлах боломжийг олгох хууль бэлэн болжээ.
Монгол, гадаад кино нэвтрүүлэх хувь 50:50
Азийн улсуудаас Өмнөд Солонгосын кино хөгжил алтан үедээ явж байгаа талаар судлаачид хэлдэг. Тус улс Францын Киноны тухай хуулийг бараг л хуулбарлаж өөрийн болгосон төдийгүй кино салбартаа төрөөс нь хөрөнгө гаргаж, солонгос соёлыг түгээн дэлгэрүүлж байна. Соёлын энэ довтолгоонд манай Монгол Улс автсан гэхэд хилсдэхгүй. Арилжааны бараг ихэнх телевиз Солонгосын олон ангит киног доод тал нь 60 сая төгрөгөөр худалдан авч эфирийн цагаа өгөх юм билээ. Кинон дундуур сурталчилгаа цацуулах хүсэлтэй компаниуд их байдаг учраас зарлагаа нөхөөд авчихдаг л байх. Гэхдээ энэ бол үндэсний кино хөгжих, өөрийн түүх соёл, ёс уламжлал, монгол ахуйгаа иргэддээ таниулахад хамгийн их саад болж байгаа зүйл. Дээрээс нь солонгос ахуйг хэт шүтсэн, авгай нөхрийн хэрүүлээс муу зүйл сурсан хүмүүс олширч буй нь нууц биш. Олон ч айл солонгос сериалаас хэрүүл, хардалт, нэгнээ чадах гэсэн башир аргыг сурч, амьдрал харьцаанд нь ан цав сууж байгаа гэхэд эргэлзэхгүй байна. Учир нь, кино бол маш богино хугацаанд их мэдээлэл өгдөг, үзэл суртал шингээвэл маш хүчтэй нөлөөлдөг урлагийн бүтээл. Ийм учраас Киноны тухай хуулийн төслийг боловсруулахдаа телевизийн эфирээр цацах гадаад, монгол киноны харьцааг ядаж 50:50 болгох шаардлагатай байгаа. Мэдээж иргэндээ зориулаад үзүүлчихээр, хүүхдүүд зөв юм сурчихаар, түүх соёлоо сэргээж мэдчихээр кино манайд хуруу дарам цөөн л дөө. Энэ тохиолдолд 50 байтугай 20 хувь ч хүрэхгүй. Хэдэн бүтэлгүй нөхрийн алиатаж марзганал, Монголд огт байхгүй зүйлийг гадаадаас зохиолоор зодож хийсэн хуулбарыг яаж үзүүлэх билээ. Үүний тулд юуг кинонд тооцох вэ, эсвэл иргэндээ үзүүлэх киногоо бэлтгэхэд нь төр яаж анхаарах вэ гэдгийг хуулийн төсөлд хамгийн сайн оруулж өгөх хэрэгтэй байна.
Татварын хөнгөлөлт, төрийн дэмжлэг
Манайд сайн сайн жүжигчид өчнөөн бий. Алтан, дунд үеийнхэн, сүүлд гадаадын кинонд тоглоод залуучуудын дунд нэрд гарч яваа хэдийг дурдаж болно. Тэд яаж ч жүжиглээд, дүрээ амьдруулаад кино техникийн хөгжлийг дагаж бүтдэг эд. Ийм учраас киночдын будаг шунхнаас авахуулаад бүхий л техник хэрэгслийг гаалийн болон НӨАТ-ын татвараас хөнгөлж, чөлөөлөх хэрэгтэй байна. Энэ бол тэдэнд үзүүлж буй хамгийн том дэмжлэг. Сураг сонсвол, түүх, соёлоо сурталчилсан сайн киноны төсөлд салбарын яам нь жилд 100 сая төгрөг олгодог гэх юм. Алсын удирдлага, Үхэж үл болно Чингис зэрэг кино ийм замналаар төрсөн. А зэрэглэлийн гэгддэг Бусаны кино наадам зэргээс нэр хүндтэй шагнал ч авсан. Яах вэ, мөнгө зарж, олон хүн хөдөлмөрлөж, удаан хугацаанд сэтгэл гаргаж ирсэн кино зардлаа нөхөхгүй байж болно. Угаасаа ч үзэгчээсээ гадна үзвэрийн газар буюу зах зээл Монголд өчүүхэн. Гадаадад гаргаж үзүүлье гэхэд төрөөс ч, хувь компаниудаас ч дэмжлэг бараг л байхгүй. Кино урлаг ойлгодоггүй гэж урлагийнхэн тэднийг шүүмжилдэг. Хамгийн гол нь, нэг сайн киногоор нийт массын буруу сэтгэхүйг өөрчилж, зөв чиг рүү уриалж, үүх түүхийг нь ойлгуулж, мартсаныг нь сануулж болох билээ дээ. “Тусгай салаа” киног үзээд цэрэгт явах залуучууд олширсон шиг үр дүнг хүлээгээд байгаа юм. Энэ бол хөрөнгө мөнгөнөөс илүү чухал.
Кино үйлдвэрийн технологийн парк
Аж үйлдвэрийн цогцолбор, хөдөө аж ахуйн бүс нутаг, газар тариалангийн бүс гэдэг шиг Кино үйлдвэрийн дэд бүтэцтэй болох нь Киноны тухай хуулийн амин чухал зорилтын нэг. Хотоос 50 юм уу, 70 км-ын зайд яагаад Кино үйлдвэрлэлийн бүстэй байж болохгүй гэж. Маш том павилионууд байгуулж тэндээ техник хэрэгсэл, тайзаа засч, зураг авалтаа хийж, 1921, 1206, 1945, 1990 оны амьдралыг, дэд бүтцийг бий болгож болно. Тийм талбай, орон зай, нөхцөл боломжийг нь бүрдүүлээд өгвөл манайхан байшингийн өрөөн дотор амьдрал өрнөдөг кино хийж залхаахаа болино. Тэндээ машинаа онхолдуулж, бөмбөг тэсэлж, байшин нурааж, мод огтолж болно. Ийм дэд бүтэц, үйлдвэр технологийн парк бол киночдын хүсэн хүлээсэн зүйлсийн л нэг болов уу. Кино парк, үйлдвэртэй болчихвол оюутнуудаа тэндээ дадлага, сургалт хийлгэж болно. Кино жүжигчдээ тольтой яриулж бэлддэг хуучин арга барилаасаа салмаар байна. Техник, компьютер график хийдэг залуучуудыг Франц, АНУ, Герман, Хятад явуулж бэлдэх хэрэгтэй. Гэртээ, жижигхэн студидээ суугаад, хажуугаар нь клип, хонхны баяр, хуримын бичлэг монтажлаад тэд юм сурахгүй.
Кино урлагийг дэмжих зөвлөл байгуулна
Юуны өмнө “Кино урлагийг дэмжих зөвлөл” гэдэг институц байгуулахаар хуульчилж өгөх юм байна. Даргаас гадна орон тооны бус зургаан гишүүнтэй бүтэц. Доороо бас ажлын албатай байна. Дарга нь урлаг, соёл, боловсролын чиглэлээр хамгийн багадаа таван жил ажилласан нөхөр байх болов уу. Кино урлагийг дэмжих зөвлөл нь киног ангилах, кино театрыг ангилж, зэрэглэл тогтоох, кино салбарын үндэсний шагнал олгож шалгаруулалт явуулах, кино үзвэрийн газарт үзүүлэх үндэсний киноны эзлэх хувийг тодорхойлох, киноны төсөл шалгаруулах, олон улсын кино наадамд үндэсний кино оролцуулахад дэмжлэг үзүүлэх, дотоодын кино наадам зохион байгуулах зэрэг эрх эдлэх нь ээ.
Хэдэн залуучууд нийлж кинонцор хийж, рекламаар бөмбөгдөж хүмүүсийг хуурч, сүртэй нээлт хийдэг. Тэр кинондоо олны танил ганц хоёр хүнээр туслах дүр бүтээлгэчихдэг. Нөгөөхийг нь үзсэн хүмүүс хайран цаг, сэтгэл санаа, мөнгөөрөө хохироод үлддэг байдал бас бий. Кино гэж юуг хэлэх, ямар стандарт мөрдөх ёстойг Кино урлагийг дэмжих зөвлөл эсвэл өөр газар тогтоох болов уу. Хамгийн гол нь, Монголын уран бүтээлчдээ дэмжиж, бүтээлийг нь болон өөрсдийг нь гадаадад холбож өгдөг гүүр нь байгаасай гэж хүснэ. Ийм дэмжлэг, ийм бололцоо үзүүлэх чадамжийг хуулиар энэ байгууллагад олгох ёстой. Кино нэгэнт улсын эдийн засгийг солонгоруулах хүчин зүйл мөн 80 жилийн түүхтэй Монголын кино урлагийг дэмжих цаг болжээ.
Киног дэлгэцээр гаргахын өмнө КУДЗ-ийнхөн үзээд ангилж, тэмдэглэгээ хийх юм байна. Ингэхдээ, гэр бүлийн буюу бүх насны үзэгчдэд зориулсан кинонд ногоон тэмдэглэгээ хийнэ. 13 хүртэлх насны үзэгчдэд зориулсан хүүхдийн хүмүүжил, сэтгэхүйн онцлогто нийцсэн кино улбар шар тэмдэглэгээтэй. 15 хүртэлх насны үзэгчдэд зориулсан кино шар, 18 хүртэлх насныханд зориулсан бол цэнхэр өнгийн дугуй дүрстэй байх ажээ. Харин 18 ба түүнээс дээш насны үзэгчдэд зориулсан кинонд улаан өнгийн дугуй дүрсээр тэмдэглэгээ хийнэ. Хориотой кино буюу телевиз, кино театраар гаргахыг хориглосон кинонд хар тэмдэглэгээ хийнэ. Садар самуун сурталчилж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг бусниулах, нийгмийн хэв журмыг гажуудуулахад чиглэж, Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн киног бүтээх, түгээхийг хориглох юм байна. Хуулийн төслийн талаар сонсч байхад, 18-аас дээш насныханд зориулсан улаан тэмдэглэгээтэй киног 22.00 цагаас хойш нэвтрүүлнэ. Хар тэмдэглэгээтэй хориотой киног зөвхөн тусгай кинотеатрт гаргана. Ингэхдээ улаан болон хар тэмдэглэгээтэй киног 18 нас хүрээгүй этгээдийг кинотеатр, үзвэрийн танхимд оруулахыг хориглоно. Олон нийтэд цацагддаг телевизийн сувгаар дээрх хориотой киног цацахгүй. Кинотеатраар дээрх киног цацахдаа Кино урлагийг дэмжих зөвлөлийн шалгуураар орж тусгай зөвшөөрөл авах ажээ.