БНХАУ-ын анхны автономит эрхтэй бүс нутаг болох ӨМӨЗО үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр Хөх хотноо болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Хятадын хэвлэлүүд ӨМӨЗО-ы хөгжлийн түүхийг нийтэлж, 2012 онд болсон Хятадын Коммунист намын Төв хорооны 18-дугаар үндэсний хуралдаанаар тус бүс нутгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг гаргасан нь өнөөдөр амжилттай хэрэгжиж буйг онцолжээ.
БНХАУ-ын хойд хэсэгт орших Орос, Монголын хилийн бүс нутагтай найман муж, 18 боомтоор холбогддог ӨМӨЗО нь тус улсын хувьд стратегийн чухал байр суурь эзэлдэг тухай төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Өвөр Монгол нь Хятадын хойд хэсэг дэх экологийн аюулгүй байдал, хойд хилийн аюулгүй байдал, тогтвортой байдлын бамбай байх ёстойг БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны нэгдүгээр сард тус бүс нутагт айлчлах үеэрээ онцлон тэмдэглэж байсныг мэдээнд дурджээ. Тэрээр Өвөр Монгол бол Орос, Монгол хоёр бүс нутагтай холбогдох авто замын гол холбоос гэдгийг тэмдэглээд, Хятад улс Европтой тус бүс нутгаар дайран өнгөрдөг галт тэргээр холбогдож буйг онцолж байсан юм. Тухайн үед БНХАУ-ын дарга Си Зиньпин ӨМӨЗО-ы Монгол, Оростой хил залгаа орших газар зүйн давуу талыг харгалзан тус улсын хөгжил, шинэчлэлд онцгой анхаарал хандуулах ёстойг тэмдэглэж байжээ. Тэрээр Өвөр Монголд шинэчлэл, хөгжлийг хурдасгах ёстой гээд тус бие даасан бүс нутаг нь боомт эдийн засгийг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулахад анхаарал хандуулах ёстойг мэдэгдээд, Монгол, Оростой хамтран ажиллах механизмыг боловсронгуй болгох БНХАУ-ын чухал төв болохыг онцолсон юм. Сүүлийн 70 жилд, эдийн засаг
Сүүлийн 70 жилийн хугацаанд Өвөр Монголын эдийн засаг 537 сая юаниас (78 сая ам.доллар) 1.86 их наяд юань буюу 270 тэрбум ам.доллар болж өссөн нь Хятадын нийт таван өөртөө засах орноос тэргүүлэх үзүүлэлт аж. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд гадаад худалдааны хэмжээ нь 11 сая ам.доллараас 11.7 тэрбум ам.доллар болж, 1000 дахин нэмэгджээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны нэгдүгээр сард Өвөр Монголд айлчлахдаа "Амьдралын үндсэн асуудлууд нь шийдэгдээгүй нэг гэр бүл эсвэл нэг хүн үлдэх юм бол бидний хэн нь ч амрах ёсгүй" гээд цахилгаан, тээврийн хүндрэлийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулахыг орон нутгийн засаг захиргаанд даалгаж байжээ. Түүний заавраар орон нутгийн засаг захиргаа ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, тэтгэвэр тэтгэмж, эмнэлгийн үйлчилгээ зэрэг чиглэлээр ажиллаж байгаа тухай “Синьхуа” агентлаг бичжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд ӨМӨЗО-ы орон нутгийн засаг захиргаа 1.78 сая хүнийг ядуурлаас гаргаж, дундаж орлого жилд 15 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн жил Өвөр Монголын ДНБ-ий хэмжээ 1.86 их наяд юаньд (275 тэрбум ам.доллар) хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.2 хувиар өссөн бол нэг хүнд ногдох ДНБ 74 мянган юаньд хүрч, 6.9 хувиар өссөн байна.
БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд тус бүс нутагт айлчлах үеэрээ аж үйлдвэрлэлийг бий болгож, инновацид тулгуурласан хөгжилд илүү төвлөрч, улмаар тус бүс нутгийн эдийн засгийн бүтцийг өөрчлөх саналыг дэвшүүлж байжээ. Энэ нь бүс нутгийн хэмжээнд хэрэгжиж эхлээд байгаа аж. ӨМӨЗО-ы нийт аж үйлдвэрийн эдийн засаг дахь нүүрсний аж үйлдвэрийн эзлэх хувь таван жил байсан нь өнгөрсөн оны байдлаар 22 хувь болтлоо буурчээ. Өнгөрсөн жил бүс нутгийн хэмжээнд 3.3 сая тонн нүүрс, 2.91 тонн ган олборлосон тухай “CCTV” мэдээлжээ.
ӨМӨЗО-д байрладаг Баотоу нь Хятад дахь ховор элементийн 80 гаруй хувийг эзэлдэг. 2015 онд ховор түүхий эдийг бага үнээр борлуулахын оронд Шинжлэх Ухааны Академитай хамтран ховор элементийн ашиглалтыг судлах судалгааны төв байгуулахаар ажиллаж байгаа аж.
Нүүрсний нөөц ихтэй, газрын ховор элемент арвин тус автономит бүс нь өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд байгалийн нөөц баялгийг хэт ихээр ашигласнаас үүдэлтэй экологийн доройтол, цөлжилттэй нүүр тулаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор, БНХАУ-ын дарга Си Зиньпин байгаль орчныг хамгаалах журам боловсруулахыг даалгаж, орон нутгийн засаг захиргаанаас байгаль орчныг сайжруулахад чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Тухайлбал, 2015 онд Шилийн гол аймгийн лицензийн талбайн 75 хувийг хязгаарлагдмал нөөцтэй гэж тогтоосон бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд байгаль орчинд аюул учруулж болзошгүй 24 төслийг зогсоогоод байгаа аж.
Түүнчлэн орон нутгийн засаг захиргааны зүгээс бүс нутгийн бэлчээр, ой, нуур, ус намгархаг газрыг хамгаалахын тулд экологийн соёл иргэншлийг бий болгох 37 дүрэм журмыг бий болгожээ. Энэ хүрээнд байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй 84 төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэсэн байна.
Бүс нутгийн гадаад худалдаа энэ оны эхний хагаст 49.55 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 44.1 хувиар өссөн үзүүлэлт аж. 12-дугаар таван жилийн төлөвлөгөөний (2011-15) хугацаанд Өвөр Монголын гадаадын хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ 19.78 тэрбум долларт хүрч, 11-р таван жилийн төлөвлөгөөнөөс (2006-10) 53.3 хувиар өссөн байна.
ӨМӨЗО-ы жижиг, дунд үйлдвэрүүдийн 90 орчим хувь нь өнгөрсөн жилийн байдлаар шинэ ажлын байр бий болгожээ.
Дашрамд дурдахад, 1947 оны тавдугаар сарын 1-ний өдөр Өвөр Монголыг БНХАУ-ын засаг захиргааны нэгж болсон тухай албан ёсоор зарласнаар тус улсын хамгийн анхны автономит бие даасан бүс нутаг болсон юм. Өдгөө тус бүс нутагт 55 үндэстний 25 сая 110 мянга гаруй хүн амьдарч байгаагаас дөрвөн сая 620 мянга нь Монгол үндэстэн юм.
Хятадын Ардын чөлөөлөх арми 90 жилийн ойн баярыг тохиолдуулан БНХАУ байгуулагдсанаас хойш анхны цэргийн парадыг зохион байгуулж, зэвсэг техникээ үзүүлсэн нь Азидаа хамгийн томд тооцогдох Өвөр Монголын Шилийн гол аймгийн Зүрх цэргийн сургуулилтын талбайд болсон билээ.