Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Си Зиньпиний “Үнэгний ав” ажиллагаа: Жоу Юнканы эхнэрт 9, хүүд нь 18 жилийн ял оноолоо

Си Зиньпиний “Үнэгний ав” ажиллагаа: Жоу Юнканы эхнэрт 9, хүүд нь 18 жилийн ял оноолоо
Нийтэлсэн 2016 оны 6 сарын 16
БНХАУ-ын дарга Си Зиньпиний авлигатай хийх тэмцэл, “Үнэгний ав” ажиллагаа улам эрчимжиж байна. Энэ хүрээнд авлига авсан хэргээр бүх насаараа хоригдох ял сонсоод байгаа БНХАУ-ын Коммунист намын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн асан Жоу Юнканы эхнэр, хүүхдэд ял оноосон тухай албаны эх сурвалж мэдээлжээ. Жоу Юнкан бол Ерөнхийлөгч Си Зиньпиний эхлүүлсэн авлигын эсрэг аяны хүрээнд хэрэгт татагдсан хамгийн том "тул", хамгийн өндөр албан тушаалтан юм.
Тэднийг Жоу Юнканы адил авлигын хэргээр баривчилж, хүү Жоу Бинд 18 жил хорих ял, эхнэр Жиа Сиаоюд есөн жил хорих ял оноожээ. Ичан хотын шүүхээс Жоу Юнканы хүү Жоу Бинийг хээл хахууль болон хязгаарлагдмал түүхий эдийн хууль бус бизнес арилжаа эрхэлж хууль бусаар 222 сая юань буюу 34 сая ам.долларын ашиг олсон хэмээн буруутгажээ. Шүүхээс түүний хууль бусаар эзэмшсэн хөрөнгүүдийг хурааж, 350 сая юаниар торгох шийдвэр гаргасныг "CCTV" мэдээлсэн байна. Түүнчлэн Жоу Юнканы эхнэр Жиа Сиаоюг хээл хахууль авсан хэргээр баривчилж, нэг сая ам.доллараар торгох шийдвэр гаргаад байгаа аж.
2013 оны эхээр Жоу Бинийг баривчлах шийдвэр гарах үед тэрээр АНУ руу зугтсан бөгөөд Бээжин, Вашингтоны хэлэлцээрийн дагуу түүнийг эх оронд нь буцааж ирүүлсэн тухай "Ройтерс" мэдээлжээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн оны есдүгээр сард Вашингтонд айлчлах үеэрээ АНУ руу оргон зугтаж, орогнож байгаа Хятадын эдийн засгийн оргодол, авлигачдыг буцаан авчрах талаар Вашингтоноос туслалцаа хүссэн юм. Ингэхдээ БНХАУ эдийн засгийн гэмт хэрэгтэн гэх эрэн сурвалжлагдаж байгаа 100 хүний нэр бүхий жагсаалтыг АНУ-ын талд хүргүүлж, тэднийг эх оронд нь буцаах тохиролцоог хийсэн юм.
Жоу Бин эцгийнхээ нэр нөлөөг ашиглан бусадтай хамтран хууль бус бизнес ашигладаг байсныг "Синьхуа" мэдээлжээ. Авлига авсан, эцгийнхээ эрх мэдлийг урвуулан ашигласан болон бусад гэмт хэрэг үйлдсэн хэргээр түүнд ял оноохоор төлөвлөөд байгаа аж. Шүүхээс Жоу болон түүний гэр бүл 130 сая юань буюу 21 орчим сая долларын авлига авснаар БНХАУ болон ард иргэдэд их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзсэн юм.
Одоогоор БНХАУ-ын Засгийн газар Жоу Юнканы үүсгэсэн авлигын сүлжээг илрүүлж, олонхийг нь баривчилж, зарим нь цаазаар авахуулаад байгаа билээ. Жоу Юнканыг БНХАУ-ын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хяналтдаа авсан Улс төрийн төв хорооны гишүүн асан Бо Силай, Лин Жихуа зэрэг хүмүүстэй авлигын сүлжээ бий болгосон хэмээн үздэг бөгөөд авлигын хэргээр саяхан цаазаар авахуулсан БНХАУ-ын тэрбумтан Лю Ханьтай ч холбоотой хэмээн үздэг байна. Тэрээр Жоу Юнканы үүсгэсэн авлигын бүлгэмд харьяалагддаж байжээ. Одоогоор Жоу Юнкан, Бо Силайн хамсаатнуудын олонхи нь баригдаж, зохих ялаа үүрч байгаа юм.

Өнгөрсөн сард гэхэд Хятадын газрын тосны хамгийн том компанийн экс удирдлага болох Жян Жеминьд 16 жилийн хорих ял сонсгожээ. Тэрээр Хятадын үндэсний газрын тосны корпораци /CNPC/-ийн салбар компани “Петро Чайна”-г 2008 он хүртэл удирдаж байв. Түүний авлигаар цуглуулсан хөрөнгийн хэмжээ 2.3 сая доллартай тэнцэх бөгөөд нэг сая юанийн хөрөнгийг хураан авсан байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн