Open iToim app
Дэлхий | 4 мин уншина

​Си Зиньпиний “үнэгний ав” ажиллагаа: БНХАУ-ын хууль тогтоогчдын нэг асан цаазаар авах ял сонслоо

​Си Зиньпиний “үнэгний ав” ажиллагаа: БНХАУ-ын хууль тогтоогчдын нэг асан цаазаар авах ял сонслоо
Нийтэлсэн 2016 оны 10 сарын 13
БНХАУ-ын дарга Си Зиньпиний авлигатай хийх тэмцэл, “Үнэгний ав” ажиллагаа улам эрчимжиж байна. БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачлан эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажил эхэлснээс хойш дөрвөн жил өнгөрч байгаа бөгөөд үүнийг 1976 оноос хойшхи хамгийн том, үр дүнтэй ажил болж байна хэмээн дэлхийн хэвлэлүүд онцолж байна.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт Хэнань мужийн ардын шүүхээс БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн их хурлын хууль тогтоогчдын нэг асан Бай Энпейд авлигын хэргээр цаазаар авах ял оноожээ. Тэрээр Үндэсний Ардын төлөөлөгчдийн их хурлын Байгаль орчин, нөөц хамгаалах хорооны дэд даргаар ажиллаж байсан бөгөөд Цинхай болон Юньнань мужийн БНХАУ-ын Коммунист намын хорооны даргаар тус тус ажиллаж байжээ. Түүний ялын тогтоолыг хоёр жилийн дараа гүйцэтгэхээр шүүхээс шийдвэрлэсэн байна. Мөн Бай Энпейн улс төрийн эрхийг хязгаарлаж, түүний бүх хувийн эд хөрөнгийг хураан авсан байна. Тэрээр 2000-2013 оны хооронд үл хөдлөх хөрөнгө, уул уурхай зэрэг салбарт өөрийн албан тушаал, эрх мэдлийн давуу талыг ашиглан өөрийн биеэр болон эхнэрээрээ дамжуулж 250 сая ам.долларын хээл хахууль авсан байна. Мөн түүний амьдарч байсан орон сууц нь түүний хууль ёсны орлогоос давсан өндөр үнэлгээтэй байсан байна. БНХАУ-д төрийн албаныхан гадаадын үнэтэй машин, цаг, өндөр зэрэглэлийн орон сууцанд амьдрахыг хориглосон билээ.

Түүнчлэн өнөөдөр Хятадын Хайнань мужийн дэд захирагчаар ажиллаж байсан Тан Лиг авлигын хэрэгт холбогдуулан бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ. Тус улсын Гуанжоу хотын шүүхээс өнөөдөр гаргасан тогтоолд дурдсанаар, Тан Лигийн улс төрийн алба хаших эрхийг бүх насаар нь хасч, түүний бүх эд хөрөнгийг хурааж авах аж. Түүний буруу замаар олж авсан эд хөрөнгийг улсын өмч болгохоор болжээ. 2001-2014 онд тэрбээр Сычуань болон Хайнань мужид өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглах замаар аж ахуйн нэгжүүдийг өргөжүүлэх, барилгын төслүүдийг хэрэгжүүлэх болон арбитрын шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд тусалсныхаа хариуд 86.25 сая юань буюу 12.8 сая доллароор хэмжигдэх мөнгө болон бэлэг сэлтийг бусдаас авсныг шүүх тогтоосон байна.
Хятад улс 2012 оны арваннэгдүгээр сард Коммунист намын XVIII их хурлаар авлигатай тэмцэх кампанит ажлыг эхлүүлсэн. Үүнээс хойш энэ оны зургадугаар сарыг хүртэл тус улс 38.7 тэрбум юань буюу 6.2 тэрбум ам.долларын хохирлыг нөхөн барагдуулжээ. Энэ тухай БНХАУ-ын Төв хорооны хянан байцаах яамны сайтад мэдээлжээ. "2012 оны арваннэгдүгээр сараас энэ оны зургаан сар хүртэл Хятадын сахилга бат шалгах байгууллагууд 38 тэрбум 700 сая юанийн эдийн засгийн хохирлыг барагдуулж авилгын мөнгө болон эд барааг хуулийн байгууллагад шилжүүллээ. Энэ тоо цаашид тасралтгүй нэмэгдэж байна" гэжээ. Үүнээс 20.1 тэрбум юань нь авлигын мөнгө байсан бөгөөд энэхүү хохирлыг нөхөн барагдуулж улсын санд тушаасан байна.
БНХАУ-ын дарга Си Зиньпин төрийн эрхийг гартаа авсны дараа бүхий л шатны авлигатай хатуу тэмцэхээ сануулсан. Тэрээр эхний ээлжинд төрийн өндөр албан тушаалтнуудыг шалган ажлаа эхэлсэн билээ. Авлигын кампанит ажлын хүрээнд шийтгэгдсэн хамгийн өндөр албан тушаалтан нь Хятадын хамгийн нөлөөтэй улстөрчдийн нэг, Чунцин хотын коммунист намын хорооны дарга асан Бо Силай байсан юм. Түүнийг авлига авч, эрх мэдлээ урвуулан ашигласанд буруутгасан юм. Шүүх түүнийг бусдаас их хэмжээний хахууль авсан хэмээн дүгнэж, насаар нь хорих ял оноосон билээ. Түүнчлэн Хятад улс томоохон албан тушаалтнуудаа зардлаа багасгаж, тансаг хэрэглээгээ хязгаарлах, цөөхөн ном хэвлэх, гадаадад айлчлахдаа цөөн хүн дагуулж явах, машины зардлаа танах гэх мэт шаардлагууд тавьж байгаа юм. 
Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн оны есдүгээр сард Вашингтонд айлчлах үеэрээ АНУ руу оргон зугтаж, орогнож байгаа Хятадын эдийн засгийн оргодол, авлигачдыг буцаан авчрах талаар Вашингтоноос туслалцаа хүссэн юм. Ингэхдээ БНХАУ эдийн засгийн гэмт хэрэгтэн гэх эрэн сурвалжлагдаж байгаа 100 хүний нэр бүхий жагсаалтыг АНУ-ын талд хүргүүлж, тэднийг эх оронд нь буцаах тохиролцоог хийсэн юм.

Одоогоор БНХАУ-ын Засгийн газар Жоу Юнканы үүсгэсэн авлигын сүлжээг илрүүлж, олонхийг нь баривчилж, зарим нь цаазаар авахуулаад байгаа билээ. Жоу Юнканыг БНХАУ-ын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хяналтдаа авсан Улс төрийн төв хорооны гишүүн асан Бо Силай, Лин Жихуа зэрэг хүмүүстэй авлигын сүлжээ бий болгосон хэмээн үздэг бөгөөд авлигын хэргээр саяхан цаазаар авахуулсан БНХАУ-ын тэрбумтан Лю Ханьтай ч холбоотой хэмээн үздэг байна. Тэрээр Жоу Юнканы үүсгэсэн авлигын бүлгэмд харьяалагддаж байжээ. Одоогоор Жоу Юнкан, Бо Силайн хамсаатнуудын олонхи нь баригдаж, зохих ялаа үүрч байгаа юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн