Open iToim app
Чөлөөт цаг | 7 мин уншина

​Син Стефенсон: Жинхэнэ шорон төмөр торонд биш, оюун санаанд байдаг юм

​Син Стефенсон: Жинхэнэ шорон төмөр торонд биш, оюун санаанд байдаг юм
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 26
Син Стефенсон бол эмч, зохиолч, урамшуулагч нэгэн юм. Учир нь тэрээр төрөхдөө удамшлын ясны эмгэг гэж нэрлэгддэг өвчтэй төрсөн бөгөөд тэрээр гурван фит өндөртэй, маш хэврэг ястай, тэргэнцэр хэрэглэдэг нэгэн.
Түүний анх төрөхөд эмч нар амьдрах магадлалгүй хэмээн эцэг эхэд нь хэлж байсан бөгөөд хүрэх төдийд л түүний яс хугарч байв. Гэвч Чикагогийн хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан Син Стефенсон өнөөг хүртэл амьд байгаад зогсохгүй бусдыг урам зоригоор тэтгэгч нэгэн болжээ.
Стефенсон 17 настайгаасаа бусдад урам өгөх ажлаа эхлүүлсэн байна. 1998 онд тэрээр “Make a Wish” сангийн төлөөлөгч Тони Роббинстой танилцжээ. Түүний амьдралыг өөрчилж, эрүүл мэндийг нь дээрдэхэд хүргэсэн хүн бол Тони Роббинс байв. Тэрээр Стефенсоныг урамшуулж, хүчирхэгжүүлдэг нэгэн болсон байна. Тэрээр сургуульд суралцаж эхэлсэн бөгөөд “DePaul” Их сургуульд суралцаж байхдаа Ерөнхийлөгч Билл Клинтон болон Конгрессийн гишүүн Билл Липински нарын дор дагалдангаар ажиллаж байв. 2001 онд улс төрийн шинжлэх ухаанаар баклаврын зэрэг хамгаалсны дараа тэрээр өөрийн анхны ном болох “Залуу хүн хэрхэн амжилтад хүрэх вэ” номоо хэвлүүлж бусдад урам зориг өгөх илтгэлүүдээ тавьж эхэлсэн байдаг.
Түүний илтгэлийн дараа хүмүүс хувийн асуудлаар түүнээс зөвлөгөө авахыг хүсдэг байлаа. Тэрээр хүмүүст зөвлөгөө өгөхдөө тааруу гэдгээ ойлгож, эмчийн мэргэжлээр дахин суралцахаар шийдсэн байна. Ингээд тэрээр Америкийн Нэгдсэн Улсын Номхон Далайн Их Сургууль болон Стеллар Их Сургуульд мэдрэл-хэл шинжлэл болон ховсоор эмчлэх мэргэжлээр сурч төгсөөд 2004 онд Номхон Далайн Их Сургуульд ховсоор эмчлэх эмчилгээний докторын зэрэг хамгаалсан. Тэрээр Иллинойс мужийн Оакбрүүкээс ажлаа эхэлсэн бөгөөд түүнчлэн бусдыг урамшуулах илтгэлээ үргэлжлүүлсээр байгаа юм. 2009 онд мөн хоёр дахь номоо тэрээр хэвлүүлсэн байдаг. Хувийн амьдралын тухайд Стефенсон 2012 онд өөрийн эхнэр Минди Книсстэй хуримаа хийж, гэр бүл болсон бөгөөд тэд одоо Аризонад амьдарч байна.
Гайхамшигт амьдралын түүхтэй, мятрашгүй урам зоригоороо дэлхий дахинд гайхагддаг Син Стефенсоны “Ted Talk” үеэр тавьсан илтгэлийг хүргэж байна.
ОЮУН САНААНЫ ШОРОН
Өнөө орой блогтоо юу оруулдаг юм билээ гэж бодлоо л доо. Энэ үнэхээр итгэмээргүй сонсогдож магадгүй. Тэгээд нэгэнт л шоронд очсон юм чинь хэдэн хоригдлуудыг тэврээд, DJ-г ямар нэгэн ая явуулж байх хооронд Ричард Брэнсон надад үнэгүй хар тамхи татах газар зааж өгсөн гэвэл хүмүүс үнэмших байх.
Намайг төрсний дараа эмч нар эцэг эхэд минь таны хүү 24 цаг ч тэсэхгүй гэж хэлж байсан гэдэг. Харин 35 жилийн дараа тэдгээр эмч нар бүгд насан өөд болсон ч өнөөдөр би харин эмч болчихсон эсэн мэнд хэвээр байна.
Чамайг хүчирхэгжүүлэхгүй таамагт хэзээ ч битгий итгэ. Амьдралынхаа туршид та нар хэчнээн их таамаг, өөрсдийнхөө талаар зөгнөл сонсож байсан бол? Хэрэв өөрийг чинь хүчирхэгжүүлэхгүй таамагт итгэх юм бол та үхсэнээс өөрцгүй. Бие эсвэл сэтгэл зүйн хувьд үхэж, зүгээр л голын урсгал дагаад хөвж явдаг цогцос болох болно. Амьдралын чинь турш та нарт тоймгүй олон нэр, хоч өгч, тоо томшгүй олон төрлийн зөвлөгөөг сонсох болно. Харин тэр бүгдээс зөвхөн өөрийг чинь хүчирхэг болгохыг нь шилж өөртөө үлдээ. Надад нэг тодорхой үзэл байдаг. Тэр бол хүн бүр намайг дэмжиж, миний ард зогсдог гэдэг бодол. Намайг танихгүй хүмүүс ч ялгаагүй.
Би энд амьдралынхаа зовлон бэрхшээлийг тоочиж, та нараар өрөвдүүлж, хүндлэл хүлээх гэж ирээгүй. Та нар ямар амьдрал дундуур явж байгааг би огт мэдэхгүй. Би та надтай цуг өсч ториноогүй, би та нарын эцэг эхийг мэдэхгүй, та нарын өнцгөөс юмс яаж харагддагийг мэдэхгүй. Та нарын амьдралд тохиолдсон зүйлс надад тохиолдоогүй. Харин би ганцхан зүйл дээр л зоригтой хариулж чадна. Энэ бол яаж өөрийнхөөрөө байх вэ гэдэг юм. Энэ бол миний хамгийн сайн чаддаг зүйл.
Гэхдээ энэ хандлага минь надад амархан ирээгүй. Та нарын заримынх нь төсөөлж ч чадахааргүй, амьдралдаа хэзээ ч хүсэхээргүй тийм зүйлийг би туулсан. Миний ясны чөмөгнөөс төмөр саваа сугалж, эрүү минь халдвар авснаас болж бараг бүх шүдээ авахуулж, хоолоо ч идэж чадахгүй болж байлаа. Өглөө бүр босоод хэн нэгний тусламжгүйгээр усанд орж, хооллож чаддаггүй байсан. Аз болж миний дэргэд үзэсгэлэнтэй эхнэр минь бий.
Намайг хаана ч явсан хүмүүс цоо ширтэж, миний талаар юу ч мэдэхгүй, надтай хором ч уулзаж ярилцаж үзээгүй, огт таньж мэдэхгүй хэрнээ тэд ингэж боддог. “Энэ залуугийн амьдрал үнэхээр там шиг хэцүү байх даа” гэж...
Гэхдээ намайг өрөвдсөн хүн цагаа дэмий үрж байна. Учир нь би амьдралдаа өөдрөг, зоригтой байхыг сонгосон.Та нарыг ч гэсэн ингэж амьдрахад туслахыг хүсч байна. Гэхдээ эхлээд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Би нар саяхан хар тамхины талаар ярилцсан. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аюултай хар тамхи юу гэдгийг мэдэх үү? Тэр бол “өрөвдөл”. Өөрийгөө өрөвдөж эхлэх мөчөөс чи үгүй болно. Чи тэр чигээрээ урагшлахаа больж, яг байгаа газраа гацаж орхино. Мэдээж би энэ ярианыхаа дараа гэртээ харьж хүссэн зүйлээ хийх эрх чөлөөтэй. Гэхдээ эрх чөлөө гэдэг яг үнэндээ юуг хэлэх юм бэ гэдгийг би тодорхойлмоор байна.
Өмнө хэлсэнчлэн, чамайг хүчирхэгжүүлэхгүй таамаглалд огтхон ч бүү итгэ.
Та ямар нөхцөл байдалд байгаа нь чухал биш. Би хөгжлийн бэрхшээлтэй нэгэн биш. Магадгүй машинаа зогсоолд үнэгүй тавьж болох л юм (инээв). Гэхдээ энэ бүхэн намайг хэн гэдгийг минь тодорхойлж чадахгүй. Надтай уулзсан, тааралдсан хүн болгон намайг хөөрхийлж, надтай сул дорой мэт харьцсаар ирсэн. Харин би тэдгээр хүмүүст би бол хөгжлийн бэрхшээлтэй нэгэн биш юм, харин жинхэнэ хөгжлийн бэрхшээл гэж юу болохыг харуулахыг хичээдэг юм. Ямар ч нөхцөл байдалд байсан чи дасан зохицох ёстой. Шоронд ч байсан ялгаагүй. Ингэж чадсан бол баярлан хөөрөхөд буруудахгүй. Амьдралдаа үүнийг хэрэгжүүлсэн хүмүүс үргэлж жаргалтай байдаг. Хүмүүс тэдэн рүү татагдаж, тэднээс суралцахыг хүсч, тэдэнтэй хамтран бизнес эрхэлж, хамтарч ажиллахыг хүсдэг. Та нар эндээс гарахдаа эсвэл энэ газар сууж байхдаа ч гэсэн хоригдол, гэмт хэрэгтэн шиг харагдахыг хүсэхгүй байгаа бол нэг зүйлийг маш сайн ойлгохыг хүсч байна. Одоо ямар нөхцөл байдал байгаа чинь чухал биш, харин өөрийгөө бусдад хэрэгтэй, хүмүүст үнэ цэнэтэй гэдэгтээ итгэж сурах хэрэгтэй. Хэрвээ би өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж бодох юм бол би бусдаас нуугдаж, ганцаардаж, айж ичин, бусдын тусламж хэрэгтэй мэт харагдана. Хүмүүс ч бас ийм л байх ёстой мэт хандана.
Гэхдээ миний сонгосон зам өөр. Би хүчирхэг, манлайлагч, сая сая хүнд үгээ хүргэх хүчтэй нэгэн байхыг сонгосон. Би яах гэж төрснөө та нарт хэлж чадна. Та бүхнийг ч бас яах гэж төрснөө олж мэдээсэй гэж хүсч байна. Би энэ дэлхийн хүмүүсийг өөртөө итгэлгүй байдлаас салгах гэж төрсөн юм. Учир нь хүмүүс өөртөө итгэлгүй үедээ утгагүй тэнэг зүйлс хийдэг юм. Сул дорой, юунд ч хангалтгүй юм шиг санагдсан үедээ бид ямар нэг харь холын, хөндлөнгийн зүйлсээс баталгаа, эр зориг олж авахыг хичээдэг. Чамд хангалттай хүч, боломж бий. Чи бүх зүйлд хангалттай. Би хэнийг ч, юу ч хийсэн байсан ялгаагүй хайрлаж, эмчлэх эмчийн тангараг өргөсөн. Учир нь хүн бүр сэтгэлийнхээ гүнд зөвхөн хайрлагдахыг л хүсдэг гэдгийг би ойлгосон юм. Тэднийг гаднаас нь харахад догшин ширүүн, хатуу чанга, зэрлэг бүдүүлэг харагдаж байлаа ч зөв цагт, зөв газраа сэтгэлийнх нь утсыг хөндөж чадах юм бол тэд бүгд үнэнээ хэлдэг. Зүгээр л хайрлагдахыг хүсдэг. Хэнээр хайрлагдахыг хүсдэг гээч. Аав, ээж, шоронгийн харгалзагчийн хэн нь ч биш. Харин тэд өөрсдийгөө толинд хараад өөртөө хайрлагдахыг хүсдэг. Та ч бас үүнийг ойлгох юм бол хаа ч явсан амьдрал чинь илүү хялбар байх болно.
Гэхдээ өөрийгөө хэзээ ч өрөвдөж болохгүй. Өөрийгөө өрөвдсөн тэр мөчдөө л чи дуусна. Харин өөрийгөө өрөвдөж суухын оронд өөрийгөө хайрла.
Миний та нартай хуваалцах хамгийн сүүлийн хичээл бол жинхэнэ шорон юу вэ гэдгийг тодорхойлох.
Жинхэнэ шорон хашаа, цамхаг, цахилгаанжуулсан төмөр тороор хүрээлэгдсэн байдаггүй юм. Тэнд харгалзагч ч гэж байхгүй. Жинхэнэ шорон оюун санаанд байдаг юм. Хүн бүрт байдаг. Хүн бүрийн толгойд хүссэн хүсээгүй сонсогддог сөрөг дуу хоолойнууд байдаг. Та нарын аврал энэ хананы цаана байхгүй. Би нэр хүндтэй, алдартай, баян чинээлэг, амжилттай яваа хэдий ч шоронд байдаг олон хүмүүстэй уулзаж байсан. Тэд бүгд оюун санааныхаа хоригдлууд болсон байдаг. Өөрсдийгөө өрөвддөг хүмүүс. Жинхэнэ эрх чөлөөг чи тэр шоронгоос суллагдаж байж л олж авна. Цээжинд чинь цохилох зүрх чинь зөвхөн биеэр чинь цус тараах үүрэгтэй биш юм. Асар олон сонголт, сэтгэл хөдлөлийг бидний зан чанар, амьрал руу цутгаж байдаг юм.
Чи шоронгийн давчуу өрөө эсвэл олон давхар хувийн байшинд амьдардаг байх нь хамаагүй, ходоод чинь хоолтой цатгалан эсвэл дахиж хэзээ хоол идэхээ мэдэхгүй нөхцөлд байсан ч өөрийгөө хайрлаж, сэтгэл хөдлөлөө хянаж , чиглүүлж сурсны дараа л чи жинхэнэ ёсоор эрх чөлөөтэй болох болно.
Би хүн бүрийг эрх чөлөөтэй болоосой гэж хүсч байна. Та бүхнийг бурхан ивээг. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн