Сюрреализмын мастер, Мексикийн зураач Фрида Калогийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 47 насныхаа ойг тэмдэглэснээс долоо хоногийн дараа буюу 1954 оны долдугаар сарын 13-нд уушгины өвчлөлөөр хорвоог орхиж байсан юм.
Нийлж ургасан өтгөн хөмсөг, үл ялиг сахал, тогтуун төрхтэй уран бүтээлч бол Мексикийн зураач Фрида Кало. Тэрээр хорвоогийн мөнх бусыг үзүүлээд өдгөө 60 жил болж байгаа ч олон өнгийг хослуулсан даашинз, хүзүүний алчуур, толгойны цэцгэн чимэглэл, улаан уруулын будаг зэрэг Фридагийн өвөрмөц хэв маяг одоо ч мексик гоо үзэсгэлэнгийн нүүр царай болсон хэвээр. Фрида бол өөрийн төрхөндөө сэтгэл хангалуун байхыг охид, бүсгүйчүүдэд үлгэрлэсэн нэгэн юм. Урлагийн түүхч Хелга Пригниз Пода “Фрида Калогийн зургийн үзэсгэлэнг нээх бүрт түүнтэй ижил хэв маягтай бүсгүйчүүдийг олж хардаг. Фрида өөрийн юу мэдэрч байгаагаа, дотоод амьдралаа бодит байдалд илэрхийлсэн цөөхөн уран бүтээлчдийн нэг. Түүний зургууд одоо ч хүмүүсийн анхаарлыг татдаг. Учир нь, хүн бүрийн дотоод мөн чанарт байдаг ганцаардал, уй гашууг Фрида уран бүтээлдээ тусгасан байдаг” гэжээ.
Фридагийн зовлон түүнийг бага байхад нь л эхэлж байжээ. Тэрээр зургаан настайдаа саа өвчин тусч баруун хөл нь хөгжилгүй болж, зүүнээсээ богино, нарийн болж хатингаршжээ. Кало насан туршдаа урт банзал өмсч хөлөө нуудаг байсан гэдэг. Анагаах ухааныг судлахаар сэтгэл шулуудаж, оюутнуудын лидер нь болж байсан Фридазураач болно гэж хэзээ ч төлөвлөж байгаагүй аж. Тэрээр 18 настайдаа авто осолд орсон нь түүний амьдралын эргэлт байв. Түүний сууж явсан машин трамвайтай мөргөлдөж, трамвайны цахилгаан шугаманд холбогддог төхөөрөмж салахдаа Фридагийн гэдсийг цоолж, сүүжний ясыг нь үүрүүлжээ. Ослын дараа түүнийг эмнэлэгт аваачихад нурууны яс нь гурван газраа, дунд чөмөг, баруун хөл гээд 11 газар хугарсан байжээ. Эмч нарын буянаар Фрида амьд үлдсэн ч тэр цагаас хойш хөдөлгөөнгүй хэвтэх урт удаан зовлонг эдэлсэн юм. Тэрээр хэвтэж байхдаа зурж болох хэрэгсэл, бийр будаг гуйхад аав нь гайхшран юу зурахыг нь асуухад “өөрийгөө” гэсэн гэдэг. Ингээд түүний хэвтдэг оронд төмөр бэхлэн зургийн хэрэгслийг тавьж, Фридагийн өөдөөс харуулан толь хадаж өгчээ. Ингэж Фрида өөрийгөө зурж эхэлжээ. Түүнд асар олон тооны өөрийн хөрөг зураг байдаг ч нэг ч зурган дээр Фридагийн инээмсэглэсэн дүр байдаггүй. Хэвтэрт байсан он жилүүддээ Фрида уран зурагт бүрмөсөн татагдан оржээ.
Фрида Калог нэг үгээр селфиний хатан хаан гэж нэрлэж болох юм. Түүний хөрөг зургуудад Фридагийн уй гашуу, зовлон шаналал, уур уцаар бүгд багтсан байдаг. Хэрэв Фридаг өвчин, шаналлаа гадагш нь гаргадаггүй байсан бол 47 хүртлээ амьдарч чадахгүй байх байсан гэдэг. Монголоор өөрийн хөрөг буюу “өөрөг” хэмээн томъёологдоод байгаа селфиний эрин үед Фридагийн нөлөө ч бий гэж болно. Өөрөөр хэлбэл, өөрийн хөргийг бусадтай хуваалцах нь ямар шаардлагатайг анх илэрхийлсэн хүн бол Фрида юм. Тэрээр өөрийн найзуудад хөрөг зургаа бэлэглэхдээ “Миний бэлэглэж байгаа энэ хөргийг ханандаа өлгөөрэй. Тэгвэл би хэзээ ч ганцаардахгүй” гэж байжээ. Түүний хөрөг зургууд бол Фридагийн амьдралын түүх байсан юм. Тэрээр толинд бууж буй өөрийн төрхийг, түүний зовлонг хуваалцаж буй бүсгүйтэй хамт дүрсэлсэн байдаг. Тэр нь бас л өөрөө. Зургандаа ихэвчлэн өөрийгөө дүрсэлсэн байдаг нь түүний уран бүтээлийн гол онцлог. Урлаг судлаачид зураач бүсгүйн бүтээлүүд индиан омгийн түүх домогтой нягт холбоотой гэж үздэг.
Фрида үе үе нурууны гэмтлээсээ болж эмнэлэгт хэвтэн, нийт 35 удаа мэс засалд орсон байдаг. Энэ бүх зовлон, шаналалаа мартахын тулд тэрээр архи ихээр уух болжээ. Нэгэн удаа тэрээр “Уй гунигаа живүүлэх гэж би уудаг болсон. Гэвч нөгөөх чинь сэлээд сурчихлаа” хэмээн хэлсэн байдаг. Фрида хамгийн сүүлд мэс засалд орж хэвтэрт орсныхоо дараа тэмдэглэл хөтлөх болжээ. Энэхүү тэмдэглэлдээ тэрээр “Би амьдралдаа хоёр том осолд орсны нэг нь автобусны осол. Нөгөө нь Диего” гэсэн байдаг. Мексикийн залуу зураач Диего Ривера түүний өөрийгөө зурсан бүтээлийг хараад ихээхэн үнэлжээ. Тэрээр зургаас гадна залуу зураач бүсгүйн гоо үзэсгэлэнг биширчээ. Ингээд тэд Фридаг 22 настай байхад гэр бүл болсон байдаг. Хорин насны зөрүүтэй тэднийг урлагаас гадна коммунист үзэл санаа нь нэгтгэж байсан юм. Гэрлэснэээсээ нэг жилийн дараа залуу хос АНУ-д түр хугацаанд аж төрөх болов. Энэ үе Фридад үндэсний ялгааг улам эмзгээр мэдрэх мэдрэмж төрүүлжээ. Ингээд тэр цагаас Фрида үндэсний гар урлалын бүтээл цуглуулж, мексик хувцсаар гоёх болсон байна.
Тэрээр 1938 онд Нью-Йорк хотод анхны соло үзэсгэлэнгээ гаргасан байдаг. Үүнээс жилийн дараа “Хүрээ” гэх түүний хөрөг зургийг Луврын музей худалдан авчээ. Энэ нь тус галлерей ХХ зуунд Мексикийн уран бүтээлчийн зургийг худалдан авсан анхны тохиолдол болж байжээ. Урлагийн шинжээчид “Диегогоос ярилцлага авахаар ирсэн хүмүүс Фридагийн зургийг ихэд сонирхдог байсан. Нэг үгээр тэдэнд Фрида цоо шинэ санагдаж, түүнийг сонирхох болсон байдаг. Эхэн үедээ Фрида үнэхээр нөхрийнхөө сүүдэр дор нуугдаж байсан бол сүүлд мэргэжлийн зураач гэдгээр тусдаа үнэлэгдэх болсон юм” хэмээн ярьдаг.
1940 оны үед түүний бүтээл хэд хэдэн томоохон үзэсгэлэнд тавигдсан байлаа. Оросын хувьсгалч Лев Троцкийг Мексикт амьдарч байхад Кало түүнтэй романтик харьцаатай байсан тухай яриа байдаг. Түүний нөхөр Диего Ривера түүнийг зовоож, хуурч байсан ч тэрээр хайрынхаа төлөө энэ бүгдийг уучилж өнгөрүүлжээ. Тэрээр хүүхэдтэй болохыг хүсдэг байсан ч энэ нь мөрөөдөл хэвээрээ үлдсэн байдаг. Фрида гурван удаа жирэмсэлсэн ч нурууны гэмтлээсээ болж хүүхдээ авахуулахаас өөр аргагүйд хүрсэн гэдэг. Үе үе эмнэлэгт хэвтэн, тусгай корсет зүүн босч явдаг байсан Фрида 1950 онд томоохон хагалгаанд орсныхоо дараагаас бүрмөсөн хэвтрийн байдалд орсон юм. 1952 онд баруун хөлөө өвдгөөр нь тайруулсан ч үүний дараагийн жил тэрээр үзэсгэлэнгээ гаргасан байдаг. Энэ нь түүний хамгийн сүүлийн соло үзэсгэлэн байсан гэдэг.
Фрида Кало бол өдгөө дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийн бэлгэ тэмдэг болсон зураач. Өнөөдөр түүний зурагнуудыг дэлхийн шилдэг музейнуудад л харж болох бөгөөд түүний бүтээл хамгийн ихдээ 5.6 сая ам.доллараар зарагдсан байдаг. Түүний амьдралын тухай өгүүлсэн, Холливудын жүжигчин Салма Хайекийн тоглосон 2002 оны бүтээл "Фрида" Оскарт нэр дэвшиж байсан билээ.