Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг "Монцамэ" мэдээллийн агентлагийн даргаар ажиллахаар болжээ. Монголын сэтгүүл зүйд 20 гаруй жил зүтгэж, ярилцлагын төрөлд өөрийн гэсэн байр сууриа тогтоосон тэрээр долоо хоног тутмын "Open door" сонинг үүсгэн байгуулж, ерөнхий эрхлэгчээр нь ажиллаж байна. Өнгөрсөн баасан гаригт "Монцамэ" агентлагийн захиралд нэр дэвшүүлсэн Б.Ганчимэгийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ-аас хянан үзэж, дээрх албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргажээ.
Мөн АТГ-аас “Монголросцветмет” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Мөнхбат, Замын цагдаагийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Даваазул, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нарын зэрэг 245 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн байна.
Өнгөрсөн хугацаанд нийтдээ 584 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан бөгөөд аравдугаар сарын 3-7-нд хүлээн авсан 279 мэдүүлгийн 245 нь зөрчилгүй байсан бол 10-ыг нь буцааж, 24-ийг нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 305 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байгаа гэдгийг АТГ-аас мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төрийн банк, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.