Open iToim app
Засгийн газар | 3 мин уншина

“Саусгоби сэндс” Тавантолгойд олборлолт явуулж, Монгол Улсын өрийг дарна

“Саусгоби сэндс” Тавантолгойд олборлолт явуулж, Монгол Улсын өрийг дарна
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 17
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийг үндэслэн “Саусгоби сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах Сангийн яамны саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Шүүхээс улсын төсөвт 35.3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “Саусгоби сэндс” компани ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7.5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20.3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан барагдуулах санал тавьсныг хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар шийдвэрлэлээ. “Саусгоби сэндс” ХХК нь Таван толгойн уурхайд ажиллахад холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байрлах байр, хоол хүнс, цахилгаан, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон бусад зардлыг бие даан хариуцах бөгөөд “Эрдэнэс Таван толгой” ХК-аас ямар нэгэн нэмэлт зардал гаргуулахгүй байхаар тохиролцсон байна.
НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд улирал тутам олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын 2015 оны 108 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар НӨАТ-ын буцаан олголтоо иргэд улирал тутам буцаан авах боломж бүрдэх аж. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу НӨАТ-ын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард олгохоор зохицуулсныг Засгийн газар төсвийн боломжтой уялдуулан улирал тутам олгуулах эрх зүйн нөхцөл бүрдүүлэхээр ийнхүү холбогдох төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар Татварын албаны цахим төлбөрийн системд 31758 аж ахуйн нэгж, иргэн бүртгүүлсэн, үйлчилгээний газруудад 38 сая 310 мянга гаруй баримт хэвлэгдсэн, 15 сая 771 мянга гаруй баримт баталгаажсан үзүүлэлттэй байна. Нийт 5216 албан татвар төлөгч иргэн, НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжээс 385 тэрбум төгрөгийн худалдан авалт хийснээс НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтоор 5.8 тэрбум төгрөг авах тооцоотой байна.
Энэтхэгээс авах зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сарын 16-17-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх болон тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхэд зориулан нэг тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн. Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын Экспорт-Импорт банкнаас олгох зээлийн хэлэлцээрийг Энэтхэгийн талтай зөвшилцөөд ерөнхий нөхцөлийг 20 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөхөөр тохиролцсон байна. Мөн нэмэлт нөхцөл буюу дэд бүтцийн 200 сая ам.доллараас дээш, стратегийн ач холбогдол бүхий 100 сая ам.доллараас дээш өртөгтэй төслийн нөхцөлийг 25 жилийн хугацаатай, 1.75 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс долоон жил чөлөөлөгдөхөөр тохиролцжээ. БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсонтой холбогдуулан уг эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон санал боловсруулах ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа аж.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн