Open iToim app
Улс төр | 4 мин уншина

Сарын 4.5, жилийн 54 сая төгрөгийн урамшуулалтай хотын түшээд

Сарын 4.5, жилийн 54 сая төгрөгийн урамшуулалтай хотын түшээд
Нийтэлсэн 2015 оны 9 сарын 27
Улсын төсөв 900 орчим тэрбум төгрөгөөр тасарсан бол нийслэлийнх 80 гаруй тэрбум төгрөгөөр тасраад байгаа талаар албаныхан мэдээлсэн. Эдийн засаг хүндэрч, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар хасах талаар Засгийн газар ярьж байхад, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид сард 4.5 сая, улиралд 13.5, хоёр улирал тутамд 27 сая төгрөгийн урамшуулал авдаг байна. Түүгээр ч барахгүй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн утасны төлбөрт долоон сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж, “Гудамж” төслийн долоон хүн 90 сая төгрөгөөр гадаадад аялсан шилэн баримт дэлгэгдээд буй. Нийслэлийн төсвийн зарцуулалтад Нийслэлийн төрийн сангаас хяналт тавьдаг. Энэ талаар Нийслэлийн төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүүгээс тодруулав. Тэрээр, Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн бүх аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг шилэн дансанд нэгтгэн оруулсан. Төсвийн байгууллагууд НИТХ-ын баталсан төсвийн дагуу сар, улирлаар зарцуулаад явж байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед Сангийн сайдын гаргасан шийдвэрийн дагуу урсгал зардлаас бусад нэмэлт зардал гаргахыг хязгаарласан. Утасны төлбөр, шатахууны мөнгө бол бүгдээрээ Засгийн газрын баталсан нормын дагуухь санхүүжилт. Төсөв хэтрүүлсэн зарцуулалт байхгүй гэсэн юм.
Энэ талаар НИТХ-ын зарим төлөөлөгчөөс тодрууллаа.
ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан: Бид цалин авдаггүй, урамшуулал л авдаг

Нийслэлийн болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид улирал бүр урамшуулал авна гэж хуульд заасан байдаг. Энэ урамшууллыг бид тойргийнхоо иргэдийг сургах, мэдээлэлжүүлэх ажилд зарцуулдаг. Бөөнөөр нь авч байгаа учраас их сонсогдож байгаа байх. Төлөөлөгчид тойрог дээрээ очиж ажиллах, уулзалт, сургалт зохион байгуулахад мөнгө хэрэгтэй. Учир нь НИТХ-ын төлөөлөгч бол орон тооны бус ажил. Тиймээс бидэнд тогтмол авдаг цалин байдаггүй. Улс төрийн ашиг сонирхлоор хурлын төлөөлөгч болох нэг өөр, нийслэл хотын сайн сайхны төлөө, ажил үйлчилгээ явуулахад санхүүгийн хэрэгцээ шаардлага заавал гардаг. Ялангуяа сургалт, семинар, мэдээлэл түгээхэд энэ урамшууллыг зарцуулаад явж байгаа. Энэ мөнгөнөөс татгалзах эсэхийг хурлын төлөөлөгчид өөрсдөө хэлэлцэн шийднэ. Татгалзахад болохгүй зүйл байхгүй. Гэхдээ заавал 27 сая биш ч, бага хэмжээний төсөв байх хэрэгтэй. Хуульд л урамшуулал гэсэн нэртэй боловч НИТХ-ын төлөөлөгчдийн үйл ажиллагааны зардал юм. Хэрвээ энэ мөнгө байхгүй бол нөгөө авлигын асуудал яригдана. Бид бусдаас хандив, тусламж гуйж ажлаа зохион байгуулах шаардлага гарна. Тиймээс энэ урамшууллыг авах нь буруу гэж шууд хэлж болохгүй л дээ. Харин хувь, хэмжээ, хуулийн нэршлийг зөв болгох ёстой.
НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн С.Амарсайхан: Хяналт тавьдаг ч, эрх баригчид аргалаад өнгөрдөг

Хуульд НИТХ-ын төлөөлөгчид урамшуулал авна гэсэн заалттай. Урамшуулал өгөх, үгүй нь эрх барьж байгаа намын улс төрийн шийдвэр. МАН-ын бүлгийн гишүүд урамшуулал авахгүй гэдгээ илэрхийлсэн. Миний хувьд 27 сая төгрөгийн урамшууллыг авч тойргийн иргэддээ сургалт зохион байгуулах, эрүүл мэндийн чиглэлээр тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Миний сонгогдсон Налайх дүүрэгт төсөв хөрөнгө тавигдаагүй. Эрх мэдэлтэй, төсөв хуваарилж байгаа албан тушаалтнууд нь тойрогтоо хэдэн тэрбумаар тавьчихдаг. Манай нам сөрөг хүчний хувьд төсвийн зарцуулалт дээр хяналт тавьдаг. Гэхдээ эрх баригчид бултуулаад, ямар нэгэн байдлаар аргалаад өнгөрдөг. Асуулт тавихаар хариулдаггүй. Даншиг, ой тэмдэглэхэд өчнөөн саяар нь төсөвлөж байгаа хэрнээ хэрэгцээ шаардлагатай зүйлд төсөв гаргадаггүй асуудал байсаар байна.
НИТХ-ын төлөөлөгч АН-ыг бүлгийн гишүүн Ш.Одгэрэл: 27сая нь хоёр улирлын урамшуулал

НИТХ-ын төлөөлөгчдийн улирал бүр авдаг 13 сая төгрөгийг НИТХ-ын төлөөлөгчид үйл ажиллагааны зардалдаа зарцуулдаг. 27 сая гэж яриад байгаа нь хоёр улирлын урамшуулал юм шүү дээ. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн татварын талаар батлагдсан журмыг тойргийнхоо иргэдэд танилцуулж түгээх ёстой. Энэ бүхэнд зардал гарна шүү дээ. Энэ 27 сая төгрөгийг ч ийм л үйл ажиллагаанд зарцуулсан. НИТХ-ын төлөөлөгчид сар бүр авдаг урамшууллаасаа татгалзахыг хурлын төлөөлөгчдийн олонхиор шийднэ.
НИТХ-ын төлөөлөгчид ийм байр суурьтай байна. НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Б.Отгонбаяраас энэ талаар тодруулах гэсэн боловч яриа өгөхөөс татгалзсан юм.
НИТХ-д эрх барьж байгаа АН-аас гадна МАН, МАХН-ын гишүүд бий. Эрх барьж байгаа нам нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсаар байхад сөрөг хүчин чимээгүй байсаар өдийг хүрэв. Олон нийтэд ил болоод байгаа шилэн дансны баримтан дээр НИТХ-ын төлөөлөгч тус бүр урамшуулал болох 27 сая төгрөгийг авсан байсан юм. Тэд энэ мөнгөө сонгогчидтойгоо уулзах, мэдээлэл түгээхэд голдуу зарцуулдаг гэж “бултууллаа”. Зарим нь 27 сая гэдэг чинь хоёр улирлын мөнгө гэж байхад, зарим нь тойрогтоо ажиллахад бараг хүрдэггүй гэж чамлах янзтай. Бүгдээрээ татгалзахад бэлэн гэх боловч ийм урамшуулал өгч буйн “буруутан” МАН-ынхан нь АН-аа нэрлэсэн бол, АН-ынхан нь хуулийг буруутгав. Тэд тойрогтоо ажилладаг л байх. Гэхдээ энэ мөнгийг бүгдийг тойрогтоо зарцуулдаг эсэх нь эргэлзээтэй.Хамгийн их авлигад өртөдг байгууллага гээд л жагсаадаг даа. Тэрэн шиг хамгийн өндөр цалинтай албан тушаалыг нэрлэбэл нийсэлийн ИТХ-ын төлөөлөгч маргаангүй нэгд жагсах нь тодорхой байна. Жилд 54 сая, сарын 4.5 сая төгрөгийн урамшуулал гэдэг бол улсын Ерөнхийлөгч, их мөнгө авлаа гэж адлуулаад байгаа шүүхийнхнээс ч өндөр цалин юм. Хэрвээ энэ мөнгийг тойрогтоо зарцуулдаггүй бол шүү дээ.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн