Open iToim app
Эрүүл монгол | 7 мин уншина

Сармис судас хатуурахаас сэргийлнэ, элэг, зүрхэнд сайн нөлөөтэй

Сармис судас хатуурахаас сэргийлнэ, элэг, зүрхэнд сайн нөлөөтэй
Нийтэлсэн 2016 оны 3 сарын 18
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна.
-Дөчин нэгэн яргуйг цэвэр архинд 21 хоног дараад уухад зүрхний өвчинд тустай гэх юм. Бас ууланд ургасан яргуйг долоон ширхгийг байгальд байгаагаар нь идэхэд сайн гэдэг. Энэ үнэн үү?
-Яргуйг Европын ч бай, дорнын уламжлалт анагаах ухаанаар ч бай, хамгийн их судалсан ургамлын нэг. Монгол анагаах ухаанаар бол яргуй нь халуун чанартай, цус бага зэрэг шингэлдэг гэдэг батлагдсан. Тэгэхээр цусаа шингэлэх гэж байгаа бол заавал яргуй идэж ходоод гэдсээ шархлуулж байснаас аспирин уучихаж болно гэж хэлмээр байна. Яргуй их халуун чанартай ургамал. Тэгэхээр хордож харшил авч болно.
-Хатиг гарахаар цусаа солиулбал сайн гэж үнэн үү. Ер нь цус солиулах юунд сайн байдаг вэ?
-Хатиг гарахаар ялангуяа дахин, дахин гараад байхаар гарынх нь цуснаас тав, арван грамм аваад, пенициллинтэй хольж бөгс руу нь тарьдаг. Үүнийг цус солиулах гэж манайхан өөрсдөө ч хийдэг, хувийн жижиг эмнэлгүүдээр ч хийдэг юм билээ. Үүнийг би багаар бодоход мөнгөний гарз гэж боддог. Ер нь бол бөгсний булчиндаа бэрсүү үүсгэхээс өөр ямар ч утга байхгүй, хатигийг эмчлэх хамгийн тархлаа сайтай эмчилгээ биш гэж хэлмээр байна. Яагаад гэвэл хүний цус тэртэй, тэргүй гараас аваад бөгс рүү нь хийсэн, хийгээгүй бүх биеэр бүрэн эргэлдэж байдаг. Минут хорин секундийн хугацаанд хүний гарт байгаа цус бөгсөөр дамжаад зүрхэнд очоод, гарт ирсэн байдаг. Тэгэхээр дээр хэлсэн шиг цус солино гэдэг нь утгагүй. 1920, 1930-аад оны үед ингэж аргацаадаг байсан юм шиг байгаа юм. Үүнийг эмчилгээ гэхээс илүү орчин үеийн бөөгийн ёслол модерн хар дом маягийн юм болов уу. Хамт хийж байгаа пенициллин нь антибиотик болохоор нөлөөлөх байх. Гэхдээ пенициллинийг уусгадаг уусмалаар уусгадаг болохоос цусаар шингэлэх ямар ч шаардлага байхгүй. Хоёрдугаарт, хатиг гарч байгаа үед пенициллин тун бага нөлөөтэй. Бараг үйлчилгээ байхгүй. Тэрний оронд левомицетин, ципринол, бас өөр эм ч ууж болно. Хатигийг үүсгэдэг стациллококк нянд сонгомол үйлчилгээтэй эмүүдийг хэрэглэж болно. Хатиг их гараад байгаа нь дархлаа муудаж байна гэсэн үг. Тэгэхээр дархлаагаа сайжруулахад анхаарах хэрэгтэй.
-Хүмүүс амьд ус гээд өөрийнхөө юм уу, ээжийнхээ усыг уудаг. Юу нь сайн юм бол?
-Шээс бол хүний ялгадас. Нус, цэр, баас зэрэг нь хүний биед хэрэггүй болсон, бодисын солилцооны үлдэгдэл зэрэг хортой бодисуудыг ялгаруулж байгаа. Хүнийг машин гэж зүйрлэвэл эдгээрийг утаа нь гэж зүйрлэж болно. Гэхдээ унд байхгүй үед шээсийг хэрэглэдэг байсан. Жишээлбэл, дээр үед бадарчид зүүн гарын говийг туулаад уух юмгүй болчихсон үедээ уудаг байсан байх. Тэрнээс биш хажууд Хатан туулын ус, крантаа онгойлгоход ариутгасан ус байхад ялгадсаа уух нь тохиромжгүй байх гэж бодож байна. Зарим хүн биеэн дээр гарсан ургацаган дээр баас түрхдэг гэл үү. Энэ бол дэмий. Баас бол хүний хэрэггүй болсон үлдэгдэл. Ингэж түрхсэн хүн сепсист ороод үхэж ч магад. Шээсийг шинжлээд хэрэгтэй бодис нэг ч байхгүй нь тогтоогдсон. Гэхдээ энэ нь хүний ид шидэнд итгэдэг, сүсэг бишрэлтэй холбоотой байж болох юм. Хятадууд “Монгол орны чонын мах биед сайн гэсэн” гээд, бид ч гэсэн байхгүй зүйлээ мөрөөддөгтэй адил юм л даа. Аль болохгүй боль гэснийг туршиж байдаг хүний зан биз. Гэхдээ гуйхад шээс мэт ялгадсаа хэрэглэхээ больсон нь дээр, биеэ арчаад, бүх шээсээ хурааж байдаг хүмүүс ч бий гэдэг. Ядаж л өөрөө болоод гэр орон чинь нийтийн жорлон шиг үнэртэж байх болно. Шинжлэх ухаан эмнэлэг хөгжөөд шээснээс хамаагүй найдвартай, баталгаатай эмчилгээ, урьдчилаан сэргийлэх арга бий болсон шүү дээ. Би хар домын судраас сонирхоод үзэж байхад бөөрөнд хамгийн ашигтай эмчилгээ гэвэл “нисч байгаа өлөн бүргэдийн шээсийг халуунаар нь уух” гэж байна лээ. Тэгэхээр бодвол сөнөөгч онгоцоор өглөө үүрнээсээ нисч яваа бүргэдийг дагаад шээнгүүт нь онгоцны цонхоор шээсийг нь аваад халуунаар нь уух ёстой байх л даа. Тэр үед энэ домын судрыг зохиож байсан хүн магадгүй өлөн шээс ямар ч ашиггүй учраас хэрэггүй юмыг ойлгуулах гэж ийм бүтэхгүй санааг хэлж байсан байх гэж бодож байна.
-Архийг өдөрт тогтмол 50 грамм, мөн аспирин С-г тогтмол уувал зүрх, даралтад сайн гэж үнэн үү?
-Сайн чанарын архийг өдөр бүр оройн хоолны дараа 37 граммыг уух сайн. Элэг, зүрх, хоол боловсруулах эрхтэн, тархи гээд бүх эрхтэнд сайн. Харин 37 граммаас хэтрүүлбэл муу. 37 грамм гэдэг нь жижиг хундагаар нэг гэсэн үг байх нь. Яагаад заавал 37 грамм гэж асууж магад. Үүнийг би санаасаа зохиосон юм биш. Америкт 400 мянган хүнд хийсэн асар том судалгааны үр дүнд гаргасан дүгнэлт.
Аспирин С-гийн тухайд тогтмол өдөр бүр уувал сайн. Гэхдээ мөн л баг тунгаар, 80-125 мгр-аар орой бүр ууж, ходоод, бүдүүн гэдэсний хавдар тусах магадлал бага. Түүнчлэн зүрхний шигдээс болох магадлал 10-20 хувь, тархинд цус харвах магадлал 20-30 хувь, эрт хөгшрөх, судас бөглөрөх магадлал мөн 20-40 хувиар багасна. Барууны орнуудад 50-иас дээш насны хүмүүс өдөр тутам аспирин С-г тогтмол ууж хэвшсэн байдаг. Тийм хүмүүст зориулж тусгай зориулалтын 500-100 ширхгийн савлагаатайг худалддаг. Яг аспирин С гэж асуусан нь зөв. Дан аспирин бол ходоодонд нөлөөлөх талтай. Америкт ходоод хамгаалах эмтэйгээ хамт байдаг.
-Хавдрыг анагаахад сармис сайн гэж үнэн үү. Бас судас хатуурахаас сэргийлдэг гэх юм?
-Бүх зүйлд сайнаар нөлөөлдөг аспирин, архи, хүн орхоодой зэрэг цөөхөн эмт бодисын нэг нь сармис мөн. Үнэхээр биологийн идэвхтэй бодис ихтэй, маш хүчтэй антиоксидант. Исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй. Тийм учраас урт удаан хугацаанд залуу байлгах, судас хатуурахаас сэргийлэх, зүрхийг сайн ажиллуулах, хоол сайн боловсруулах, элгэнд сайн гэх мэт бүх зүйлд жигд сайн. Хавдрыг анагаахад сайн гэдгийг мэдэхгүй. Сармис зүрхэнд сайн нь судалгаагаар тогтоогдсон. Тэгэхээр аль болох сармис ихтэй хоол идэж байх нь зөв байх.
-Хэл бол дотор эрхтний толь гэдэг байх аа. Хэлний өнгөр бэржийх нь юутай холбоотой юм бол оо. Минийх үе үе бэржийгээд байх юм?
-Хэл бол ходоод гэдэсний замын өвчлөлийг таних оношилгооны хэрэгсэл гэж анагаах ухаанд үздэг. Гэхдээ аль хэсэг гэдгээс их шалтгаална. Жишээ нь, хэл хоёр хажуугаас нь бэржийгээд шүдний ор гараад пэмбийгээд байвал бөөр муу , хэлний үзүүр хэсгүүдээр жижигхэн тод бор хар туяатай цэгүүд гарвал зүрх муугийн шинж. Харин хэл гол хэсгээрээ, ялангуяа уг руугаа том том бэржгэртэй өнгөртэй байвал бүдүүн гэдэсний үрэвсэлтэй шинж. Үндсэн их биеийн хэсэг нь хуулсан юм шиг өнгөргүй болоод, улаан, ягаан болоод байвал ходоод муу байна гэдэг. Хэрвээ энэ хүнийх шиг бэржийгээд байвал магадгүй нарийн гэдэс муугийн шинж байж болно. Гэхдээ энэ бол өнгөцхөн, үзлэгийн үеийн онош гэдгийг санаарай. Үүнээс цааш шинжилгээ хийлгэж, эмчид үзүүлж оношоо тодотгох ёстой. Хоолоо зөв тохируулж бага болгох хэрэгтэй. Хоол ихэдсэн үед хэл өнгөртөх нь их.
Гэхдээ хөргөгчиндөө орой нь хийгээд өглөө нь дахин маш сайн буцалгавал яав л гэж, гайгүй биз. Дэлхий даяар л хоолоо хөргөгчиндөө хэд хонуулаад тасалж идээд л байна.
-Үзэмний шүүс зүрхэнд сайн уу?
-Үзэмд кали харьцангуй их агуулагддаг. Зүрхний өвчтэй хүн хаван хөөх эмийг удаан хугацаанд уусан тохиолдолд үзэмний шүүс ууснаар калийг нөхөж өгдөг. Хаван хөөх эм их уухад биед буй калигаа алдан, үүний улмаас бие сульдан, шөрмөс татаж ядраад байдаг. Ийм үед үзэмний шүүс ууж болно. Үзэмд калигаас гадна өөр витамин тэжээлэг бодис ихтэй. Тиймээс усаа эхлээд буцалгасны дараа үзмээ хийж, дарж хандалж байгаад уувал сайн. Гэхдээ үргэлж үзэмний шүүс ууж бас болохгүй. Тэр тусмаа хаван хөөх эм уугаагүй тохиолдолд үргэлж уувал кали ихдээд эсрэгээр биед таагүй нөлөө үзүүлж болно.
-Хавантай үед ингэний хоормог ууж болох уу?
-Ингэний хоормогт муу юм байхгүй. Хаванг бага зэрэг хөөдөг. Гэхдээ эмийн хэмжээнд хөөнө гэж байхгүй. Ингэний хоормог маш өндөр уураг агуулсан хамгийн сайн тэжээлийн нэг. Хоолоо идэж байгаад ууна гэвэл өдөрт нэг, хоёр аягыг ууж болно. Ходоодны хүчил ихтэй хүмүүс цээж хорсох гээд хэцүү байж магадгүй. Хөлийн хаван болгоныг зүрхний хаван гэж ойлгож болохгүй. Дэлхий дээр гурван эмэгтэй хүн болгоны нэгийн нь шилбэнд оройдоо хаван үүсч, дарахаар хонхойдог. Өглөө босохоор зүгээр болсон байдаг. Дэлхий дээр гурван хүний нэг нь нуруу ямар нэг хэмжээгээр өвддөг. Энэ бүхэн хүн хоёр хөлтэй болсны төлбөр. Энэ бол өвчин биш. Үүнийг зүгээр болгохын тулд хүн хөдөлж, зөв амарч байхад л болно. Мөн жингээ барьж, ус давсаа тааруулж байх ёстой.
-Кофе уухад зүрх савладаг нь ямар учиртай юм бэ?
-Кофед кофеин гэдэг бодис бий. Кофеин нь хүний уртавтар тархинд байгаа зүрх судасны доод төвүүдийг цочроож сэргээж өгдөг. Мөн шууд тархины бор давхаргад сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр яг л эмтэй адилхан. Тунг нь тааруулахгүй, ихээр уувал зүрх савлана. Ер нь кофе Турк, Арабаас гаралтай. Өглөө, өдөр нь жижиг аягаар 50 грамм орчим л уудаг. Араас нь ус уусна. Европт тархсан хэлбэр нь ч тийм. Харин манайхан муу чанартай кофе том аягаар уувал уртавтар тархинд байгаа зүрхний төвүүдийг цочроогоод түргэн агшаана, хэтэрхий мэдрэмтгий болгоно.
Уншигч та бүхэн Б.Болдсайхан эмчээс асуух сонирхсон асуултаа itoimagency@gmail.com хаяг руу ирүүлнэ үү. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн