Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нийслэлийн МАН-ын хорооны дарга Цэндсүрэнгийн САНДУЙ-тай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дүүргийн ИТХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшигчид зургаан дүүрэгт ялсан мэдээтэй. Нийслэлийн иргэд МАН-ыг амласнаа биелүүлэх гартай, хөлтэй болголоо. Та нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд сонгуулийн үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?
-2016 оны УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд нийслэлчүүд МАН-д итгэл үзүүлсэн.Тус сонгуулиас хойш аль хэдийн гурван сарын хугацаа өнгөрсөн байна. Мөн сум, дүүргийн сонгууль ч сая боллоо. Гурван шатны энэ сонгууль нь нийслэлчүүдийн хувьд хариуцлагын сонголт байсан гэж би боддог. Иргэд маань нийслэлийн ирэх дөрвөн жилийн бодлого, төлөвлөлт, засаглалын хариуцлагыг нэг улстөрийн хүчинд бүрэн үүрүүлье гэсэн шийдвэрийг сонголтоороо хийчихсэн. Хэдийгээр МАН гурван дүүрэг дээр олонхи болж чадаагүй ч, 2-3 суудлын буюу ойролцоо зөрүүтэй байна. Дүүргийн иргэдийн хурлын 295 мандатыг 195 нь МАН-аас нэр дэвшигчдийг иргэд сонголоо. АН-аас нэр дэвшигчид 98 мандатыг авсан. Нийслэлчүүд маань тогтвортой хөгжил , тогтвортой засаглалыг хүсч байна гэсэн дүгнэлтийг иргэдийн сонголтоос харж болно. Өнгөрсөн дөрвөн жил АН доторх фракциудын талцлын улмаас төрийн бодлого бүх шатандаа цалгардаж, эдийн засгийн хямрал нүүрлэж, иргэдийн амьдрал доройтлоо. Дараалан болсон гурван сонгуулиар иргэд нийслэлчүүд үүнийг л ярьж байна. МАН-д сонгуулийн ялалтыг дагаад маш том хариуцлага ирснийг бид шат шатандаа гүнээ ухамсарлаж байна.
-Та МАН-ыг олон шатны сонгуульд ялагдсан байх үед нийслэлийн МАН-ын хорооны даргын албыг хүлээж авсан. Сая бол багаа удирдаж НИТХ, Дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцлоо. Ялалтын үндэс юу байсан гэж бодож байна?
-Ялалтын үндэс намын гишүүдийн итгэл зүтгэл, эв нэгдэл, хамтын хүч, ойлголцол байсан. Та бас хэллээ, яг дөрвөн жилийн өмнө би шат шатны сонгуульд ялагдсан хотын намын даргаар сонгогдож байсан юм. 2012 оны зургадугаар сард болсон НИТХ-ын сонгуульд нийслэлийн МАН ялагдаж, УИХ-д нийслэлээс 16 мандатаас нэг ч УИХ-ын гишүүн сонгогдож чадаагүй байсан үе. НИТХ-д 45 суудлаас 14-хөн суудалтай сөрөг хүчин байлаа. Ийм цаг үе буюу 2012 оны наймдугаар сард нийслэлийн МАН-ын хорооны хурлаар миний бие Нийслэлийн МАН ын хорооны даргаар сонгогдсон. Даргын ажлаа аваад аравдугаар сард болох дүүргийн ИТХ-ын сонгуульд бэлдэж орсон. МАН цөөнх болсон, УИХ-даа ч бүлэггүй улс төрийн хүнд амаргүй нөхцөл байдал угтсан.Яг үнэнийг хэлэхэд, энэ ачааг үүрээд явах бэрхшээл их байсан шүү. Намын байр маань хоосон, гишүүдийн итгэл буурсан, намын удирдлага намын жирийн гишүүдийн хоорондох зай их болсон, гишүүд нь хуралдаа ирдэггүй. Нийслэлийн МАН ын даргын ажлаа аваад удаагүй байхад улс төржсөн шийдвэрээр намын байраа хураалгаж таарсан. Нийслэлийн МАН хуучнаар Залуучуудын соёлын төвд байр түрээсэлдэг байсан чинь хотын шинэ удирдлагууд биднийг хөөгөөд л гудамжинд гаргасан. Та бүхэн санаж байгаа бол, бид гудамжинд хэвлэлийн бага хурал хийгээд л ширээ сандлаа зөөгөөд, тамгаа тэврээд, унах унаа ч үгүй гудамжинд гарч байсан шүү дээ. Хөөгдөж гараад Чандмань төвийн байрыг түрээсэлж орсон. Удалгүй тэр байрыг бас булаагаад л авчихсан. Ингээд Тусгаар тогтнолын ордонд байрлахаар болсон. Энэ үед хүмүүс нэгэндээ итгэхээ больсон байсан. Намын удирдлагууд ч, намын гишүүд ч тэр. Итгэл алдарсан үе гэж хэлвэл илүү оновчтой байх аа.
Өөрөөр хэлбэл манай нам задралын үе рүүгээ орчихсон байсан. Ардчилсан намд тохиолдсон процесс манай намд тохиолдсон гэсэн үг. Намын гишүүд эв нэгдэлгүй байснаас МАН, МАХН гэж салсан шүү дээ. 2012 оны сонгуульд ялагдсаны дараа буруутныг дотроосоо хайж улам хүчгүйдүүлсэн. Ийм үед намын шинэчлэлийг хийх ёстой юм байна гэдэг бодол төрсөн. Шинэчлэл хийхийн тулд намынхаа үзэл баримтлалыг тодорхой болгох, гишүүдийнхээ итгэлийг сэргээх, залуу боловсон хүчнийг оруулж ирэх ёстой юм байна гэдэг бодолтой ажлаа эхэлсэн. Тэгээд дүүргийн сонгуульд багаа авч ороод хүч тэнцвэргүй сонгуульд өрсөлдөж ,дөрвөн дүүрэгт ялж, дөрөвт нь ялагдаж, Налайх дүүрэгт ойролцоо санал авахад эрх баригч нам хүч түрэн эрх мэдлийг авсан. Ялсан дөрвөн дүүргээс Сонгинохайрхан дүүрэг, Багануур дүүрэгт эрх баригч АН-ынхан Засаг даргыг нь эрх мэдлээр далайлган хүчээр томилж байсныг нийслэлчүүд мэднэ.. Чингэлтэй, Багахангай дүүрэгт л манай нам Засаг даргаа томилсон. Дүүргийн сонгуулийн дараа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт дахин санал хураалт болж Д.Сумъяабазар дарга УИХ-ын гишүүнээр сонгогдож дараалсан олон ялагдлыг зогсоосон. Үндсэндээ бид чинь 2009 оноос хойш таван сонгууль дараалж ялагдаад байлаа шүү дээ. Түүнээс хойш хэд хэдэн удаагийн нөхөн сонгууль, Багануур дүүргийн хотын захирагчийн сонгуульд манайх ялалт байгуулсан. Ерөнхийдөө 2013 оны дунд үеэс эхлээд шат шатны сонгуульд бага багаар ялж, манай намын нэр хүнд өсч байсан юм. Бэрхшээлийг давж, бид, манай баг, МАН ынхан зүтгэсний үр дүнд 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Одоо дүгнэхэд, намын гишүүд эв нэгдэлтэй, ойлголцож чадвал сонгуульд ялж болдог юм байна. Үзэл бодлын зөрүү байлгүй л яах вэ, гэхдээ олонхи нь цөөнхөө сонсч, цөөнх нь олонхийн шийдвэрээ хүндэлдэг бол болдог л юм байна. Намын дарга гэдэг хариуцлагатай энэ албан тушаалын гол зангилаа нь хүнтэй ажиллах, тэднийхээ үзэл бодлыг сонсч, хэрэгжүүлдэг ажил юм уу гэж би боддог. Тийм учраас ялалтын гол үндэс эв нэгдэл байсан гэж хэлнэ.
-УИХ, НИТХ-ын сонгуулийн дараа МАН-ын дарга М.Энхболд, “Нийслэлийн МАН-ын хороо боловсон хүчний шинэчлэлийг өмнө байгаагүйгээр хийж чадсан байна. Салбар бүртээ танигдсан, шилдэг залуучуудыг нэр дэвшүүлсэн нь нийслэлд МАН ялахад гол нөлөө үзүүлсэн” гэж дүгнэсэн байна лээ.
-Нэр дэвшүүлэхдээ Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид, манай намын удирдах зөвлөл хэд хэдэн удаа хуралдаж, мөн намын даргын хувьд ч би их бодсон зүйл бий. Нэр дэвшигчдийг дандаа шинэ хүмүүсээр бүрдүүлж болохгүй гэсэн шийдэл бол хүрсэн . Учир нь манай нам ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээгээ хадгалж явдаг. Мөн хүйсийн харьцаагаа намын дүрмээрээ тодорхой заагаад өгсөн байдаг. Нэгдүгээрт, энэ бүхнийг тодорхой тооцоолсон. Хоёрдугаарт, салбар салбартаа амжилт гаргаж байгаа 70-80 оны залуучуудыг түлхүү дэмжсэн. Сая НИТХ-д нэр дэвшүүлсэн 45 хүний маань бараг 80 хувь нь 40-өөс доош насныхан байсан. Тухайн үед намын удирдлагууд шинэ үеийг хүлээн зөвшөөрч байсан ч шүүмжилсэн хүн байлгүй яах вэ. Огт амьдрал мэдэхгүй, хүнтэй ажиллаж мэдэхгүй хүмүүсийг гаргалаа гээд. Гэхдээ намын даргын хувьд шинэ үеийг, салбар бүрийн төлөөлөл мундаг залуучуудаа дэмжих ёстой гэсэн бодлого барьсан. Үүнийг нийслэлчүүд маань ойлгож дэмжсэн. Нүүдэлчин монголчууд маань байнга шинийг эрдэг, шинийг хүлээдэг, хуучнаас уйддаг. Энэ ч нөлөөлсөн. Харин одоо НИТХ-ын төлөөлөгч болгосон нийслэлчүүдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулж, ярьсан хэлснээ биелүүлж, “Би хэн бэ” гэдгээ таниулах ёстой.
-Сая дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд намын гишүүдээ нэр дэвшүүлэхдээ юун дээр анхаарсан бэ?
-Нийслэлийн намын байгууллага дүүргийн намын байгууллагын бүх ажил руу хутгалдаж ороогүй. Зарчмын хэдэн чиглэл өгсөн. Дүүргийн сонгууль бол өмнөх хоёр сонгуулиас онцлогтой. Ийм учраас иргэдтэй ойр ажиллаж, иргэдийн санаа бодлыг нийслэл, УИХ-д хүргэж ажиллах, төрийн бодлогыг анхан шатанд цалгардуулалгүй хүргэж чадах хүмүүсийг дүүрэгт нэр дэвшүүл гэсэн чиглэл өгсөн. Дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ 70 хувийг анх удаа нэр дэвшиж байгаа хүмүүсээр бүрдүүлсэн.
-Залуу хүмүүс улс төрийн албан тушаал хашихын давуу талыг та юу гэж хардаг вэ?
-Хоёр талтай. Залуучууд бол эрсдлээс айхгүйгээр зоригтой алхмууд хийж чаддаг. Би энэ талыг их бодсон. Хуучин шигээ дөлгөөхнөөр, урсгалаа дагаад яваад байж болно л доо. Гэхдээ усны урсгал зарим хэсэгтээ ширүүн, бас дөлгөөхөн байх ёстой. Хэдийгээр нас 46 хүрсэн ч би өөрийгөө залуу хүн гэж боддог. Монголын залуучууд маш их мэдээлэлтэй, боловсролтой болсон. Ийм учраас дэлхийгээс хоцрохгүйн тулд тэдэндээ итгэж, ажил даалгаж, анхан шатнаас нь бэлдэх ёстой гэж боддог.
-МАН шат шатны сонгуульд ялж олонхи боллоо. Нэг талаар аливаа ажлыг хийхдээ саад тээггүй хийх боловч “хяналтгүй болчихлоо” гэсэн зовнил иргэдэд байгаа. Хэтэрхий хүч түрээд, бярдаад явчихна гэдэг ч юм уу. Энэ талаар юу хэлэх вэ?
-МАН улс төрийн сонгуульд ялсан гол шалтгааны нэг мөрийн хөтөлбөр байсан. Мөрийн хөтөлбөрийг бид ард түмнээрээ хэлэлцүүлж баталсан. “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг иргэд дэмжсэн учраас өнөөдөр бид энд байна. Улс төрийн баримт бичиг өнөөдөр Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх төрийн бодлогын баримт бичиг болон хэлбэржээд явж байна. Хяналтгүй гэж та хэллээ. Парламентад АН есөн гишүүнтэй цөөнхийн бүлэгтэй, нийслэлд ч АН 11 хүнтэй том бүлэгтэй. Хоёрдугаарт төрийг хянах эрх иргэдэд байдаг. Өнөөдөр бид юуг ч юунаас ч нууж чаддаггүй хуультай, засаглалтай улсад амьдарч байгаа. НИТХ иргэний танхимаараа асуудлыг хэлэлцүүлдэг, санал шүүмж авдаг. Хяналт гэдэг бол хариуцлагын систем. Бид хариуцлагын тогтолцоог хүчтэй болгоно. Би төрийн албанд олон жил ажилласан. Бидний засаглаж байсан хотод хэрэгжиж байсан төрийн албаны хариуцлага, хяналт, гүйцэтгэл өнгөрсөн жилүүдэд унасан байна. Эзэнгүйдсэн, төрийн ажилд хайхрамжгүй ханддаг, сэтгэлгүй ханддаг болсон байна. Бидний үед нийслэлийн төр, захиргааны байгууллагын утасны дэвтэр одоогийн утасны дэвтрээс 3 дахин нимгэн байсан. Одоо хар л даа, ийм зузаан байна. Төрийн бүтэц ингэж данхайсан мөртлөө үйлчилгээ нь сайжирсан байна уу гэхээр үгүй. Энэ бол 2012 онд төрийн албаны мэргэшсэн албан хаагчдыг олноор нь халснаас болсон. Нураасан ажлыг босгоно гэдэг нурааснаасаа хоёр дахин их хугацаа авдаг. Гэхдээ бид АН халсан юм чинь бид хална гэдэг сэтгэлгээгээр явахгүй. Төрийн залгамж чанарыг тээж яваа туршлагатай, мэргэшсэн боловсон хүчнээ хадгалж үлдэнэ. Хариуцлагыг нэгт эрэмбэлж, хяналтыг хэрэгжүүлнэ.
-Төрийн албаны тухай нэгэнт ярьсан учраас нэг зүйлийг асууя. Сонгуулийн өмнө “60 тэрбумын бичлэг” гэдэг зүйлийг МАХН-аас дэлгэсэн. Цагдаа, прокуророос шалгаад эвлүүлэг байсныг нь тогтоосноо мэдээлсэн. Ер нь бол томилгоо, халаа сэлгээ хийх байх. Энэ процесст та ямар шаардлага тавих вэ?
-Өөр сэдвийн олон бичлэгийг эвлүүлж, Монгол Улсын төрийн албыг бүхэлд нь шийдэж байгаа юм шиг болгож гүтгэсэн тэр бичлэгийн учир ямар ч байсан тайлагдлаа. Бид ч, иргэд ч сонгуулийн үеэр тэр эвлүүлэгт ач холбогдол өгөөгүй. Эвлүүлэг хийсэн хүмүүс нь тодорхой болсон учраас нэр төрөө сэргээлгэх асуудлаар холбогдох байгууллагад хандана. Бид төрийн албыг цомхон, тогтвортой, мэргэшсэн, чадварлаг байлгана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ шалгуураа төрийн албанд тавина. Хуулийн хүрээнд, ажлын байрны шалгуурыг хангасан, мэргэжлийн хүмүүс төрийн албанд ажиллах ёстой.
-Хоёулаа, улс төрийн сэдвээ орхиод НИТХ-ын ажил руу чиглэж ярилцая. Хотын даргын ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр батлагдсан. МАН-ын сонгуулийн амлалт 100 хувь Засаг даргын мөрийн хөтөлбөрт суусан гэсэн. Ажлаа хаанаас эхлээд явж байгаа вэ?
-Бид маш богино хугацаанд хотын удирдлагын бүтцээ бүрдүүлж, хотын даргынхаа мөрийн хөтөлбөрийг баталсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөө үйл ажиллагаанаас хэмнэсэн зардлаар 2500 иргэнийг “урамшуулалт эргүүл”-ээр ажиллуулж, ажлын байраар хангасан. Цэцэрлэг, сургуулийн асуудал шийдэх, зам харгуйн төсвийг шийдэх, иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсох, дахин төлөвлөлтийн буруугаас орон гэргүй болсон иргэдийг өвлөөс өмнө хонох байртай болголоо. Бид сонгуулийн мөрийн хөтөлбөрийн заалт бүрээ 100 хувь биелүүлнэ. Хүн хэлсэн амандаа хүрч байх ёстой. МАН ийм зарчим баримтална. Амласнаа биелүүлэхгүй, иргэдээ хуурвал юу болдгийг Ардчилсан намд мэдрүүллээ шүү дээ. Өнгөрсөн хугацаанд хэдийгээр хотын төвөөр нүдэнд харагдах ажил хийсэн ч захын хорооллын иргэний амьдрал дээшилсэнгүй. Хүн бүрийн амьдралд хүрч ажиллаж чадаагүй нь АН-ын алдаа. Эрх баригчид вакумд хэтэрхий орсноос болж алдаа дутагдлыг гаргасан байх гэж бодож байна. Тийм учраас би бүх хүмүүст нээлттэй ажиллая гэж бодож байна. Иргэдээ сонсдог, мэдээллийг олон талаас авдаг зохион байгуулалтын зөв хэлбэр рүү НИТХ-ыг оруулъя гэж бодож байна. Бас дүүрэг бүрийг цэцэрлэгт хүрээлэнтэй болгоё гэж бодож байгаа. Нийслэлчүүд байгальтайгаа ойрхон, агаарт тайван алхах ёстой. Өнөөдөр их хотын стресс их байна. Хүн өөрөө сэтгэлийн амьтан учраас сэтгэлээ тайвшруулах, тайтгаруулах газар маш хэрэгтэй. Хот байгуулалт талаасаа хоёр төвшний уулзваруудыг Баруун, Зүүн дөрвөн замд бий болгох ажлыг эхлүүлнэ. Мөн гуравдугаар тойргийн асуудлыг гүйцээж хийх ёстой. Их тойруу, Бага тойруугийн хажуугаар гуравдугаар тойрог хэрэгтэй. Нэмж газар доогуур, дээгүүр явган хүний болон автомашины гүүрэн гарцуудыг хийх ёстой. Бидний зорьж байгаа энэ ажлууд төсөв хөрөнгөөс болоод удааширч магадгүй. Гэхдээ ажил хийе гэсэн хүнд арга нь олддог учраас төр, хувийн хэвшлийн түншлэл, олон улсын байгууллагын тусламж дэмжлэгээр хийж болно.
-УИХ 2017 оны төсвөө ид хэлэлцэж байна. Нийслэлд 2016 оны төсөв тодотгох, 2017 оны төсөв батлах ажил бий. Хөрөнгө оруулалтыг аль тийш түлхүү явуулах вэ?
-Судлаад үзэхээр 2016 оны төсөв улстөржсөн төсөв байж. Сонгуулийн жил болоод ч тэр үү, орлого талдаа бүтэхээргүй тоо, зарлага талдаа үр ашиггүй зардал тавьсан байна лээ. 2016 оны төсвийн тодотгол дээр огт хийх боломжгүй 25-26 ажлыг хасна. Заримыг нь ирэх онууд руу хойшлуулах бодолтой байна. 2017 төсвийн асуудлыг арванхоёрдугаар сарын 5-наас өмнө хэлэлцэх ёстой. Бид ажлын хэсэг гаргаж, хийх ажлаа эрэмбэлж байна. Тэгэхгүй, хэн нэгний шахалтаар ажлаа төлөвлөчихөөр зайлшгүй хийх ёстой ажлууд санхүүжилтгүй үлддэг гэмтэй. Эдийн засаг хүнд байгаа энэ үед хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээд, зайлшгүй асуудлаа шийдээд явъя гэж төлөвлөж байгаа. Улаанбаатарт ажлын байр, орлого, сургууль цэцэрлэг, эмнэлгийн асуудал хамгийн их тулгамддаг. Дээр нь утаа, агаарын бохирдлыг бууруулах ажил. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэж, Туул голоо аврах ажлыг энэ дөрвөн жилдээ хийхгүй бол Улаанбаатарчууд уух усгүй болж, бохир нь халихыг үгүйсгэхгүй. Үнэхээр аваарын байдалтай байгаа учраас өмнөх ч тэр, үе үеийн хотын удирдлагууд маань анхаарч ирсэн. Дөрвөн жилээр хэмжигдэхгүй, эхлүүлээд явах ёстой асуудлууд байна.
-Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүн парламентад байгаа. Тэгэхээр хотын ажлыг УИХ дээр дэмжээд явах боломж их. Энэ давуу талыг яаж ажил болгох боломжтой гэж хардаг вэ?
-Эрх зүйн асуудлууд нийслэлд маш хүнд байгаа. Бие даан хөгжих боломж хэцүү. Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг УИХ дээр байгуулагдаж байгаа сураг байсан. Монгол Улсын хувьд тулгамдаж байгаа олон асуудал Үндсэн хууль дээр ирээд гацаж байгааг өнгөрсөн парламентуудад ярьж л байсан. МАН олонхи байгаа учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэж үздэг. Өнөөдөр хот өөрөө бонд гаргаад төсөл хөтөлбөрүүдийг, өөрийгөө санхүүжүүлдэг эрх зүйн орчин байхгүй. Зөвхөн дээд төсөв яаж хуваарилагдах нь вэ гэдгийг л хараад сууж байна шүү дээ. Гэтэл өнөөдөр Монгол Улсын хүн амын 50 хувь нь Улаанбаатарт амьдарч байдаг. Тийм учраас Засгийн газар, парламентын гишүүдтэйгээ Засаг дарга С.Батболд бид хоёр яриад л байгаа. “Төсөл хөтөлбөрүүдийнхээ төсвийг хот дээр тавиач ээ. Тэгэхгүй бол хотын асуудал үнэхээр хүнд байгаа” гэж. Бид сая Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан байгаа. Ганц энэ хуулийг баталснаар бүх асуудал шийдэгдэхгүй л дээ. Үндсэн хуульд цаг хугацааны хувьд өөрчлөлт оруулж чадахгүй бол бусад хуулийг батлаад өгөөч гэж байгаа юм. Эхлээд эрх зүйн орчноо бүрдүүлж байж шинэчлэл, хот байгуулалтын асуудлаа цогцоор нь авч үзнэ. Миний ганц найдаж байгаа зүйл гэвэл, Монголын парламентад анх удаа нийслэлээс 28 гишүүн сонгогдоод суугаа нь. УИХ-ын гишүүний гуравны нэгээс их нь нийслэлээс сонгогдсон учраас хотын асуудал УИХ дээр дэмжигдэх магадлал өндөр байгаа. Ийм учраас хууль тогтоогчид хоттой холбоотой асуудлыг дэмждэг, бүр тусад нь хэлэлцдэг баймаар байгаа юм. Бид саяхан УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзаж асуудлаа тавьсан. Одоо ажил болгох алхмууд маань хаа хаанаасаа л шалтгаална.
-Нийслэлийн 377 жилийн ойн тохиож байна. Баярын мэнд хүргэе. Оройтсон ч гэсэн баярын мэнд хүргэе гэдэг шиг, хамгийн сүүлд асууж байна. Энэ баярыг та хэрхэн хүлээж авдаг вэ?
-Баярлалаа. Нийслэлийн ойн өдрийг бид нийслэлчүүдийнхээ баярын өдөр гэж ойлгодог. НИТХ, Тамгын газар хамтраад олон ажил явуулаад хэвшчихсэн. Нийслэлийн 377 жилийн ойн хурлаа зохион байгуулж, нийслэлийн шилдгүүдээ тодруулж, оны ажлаа дүгнэнэ. Нийслэлчүүддээ хандсан олон ажлыг зохион байгуулахаар байгаа.Сая гэхэд бид, нийслэлийнхээ анхны шавыг тавьсан Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээ цагаан нууранд очоод ирлээ. Нийслэл маань нийтдээ 28 удаа нүүж, таван удаа нэрээ солиод өнөөдрийн Алтан тэвшийн хөндий буюу дөрвөн хайрханы дунд 1778 онд суурьшсан байдаг юм. Нэг түүх ярья. Занабазар гуайн таван насны даахийг үргээгээд шашны ширээнд суулгахад Ширээ цагаан нуурын тэнд нийслэлийг байгуулж байсан юм билээ. Нийслэлийг нүүж суусан бүхий л газарт гэрэлт хөшөө босгосон байдаг. Миний хувьд гэрэлт хөшөө босгоогүй үлдсэн хоёр газарт босгочих юмсан гэдэг бодолтой явдаг юм. Ялангуяа Сарьдгийн хийд орчимд нийслэлчүүдийнхээ явган аялах чиглэл гаргаад тохижуулчихвал аялал жуулчлалийн салбарт хэрэгтэй байгаа юм. Нийслэлчүүддээ төрөлх хотынхоо түүхт 377 жилийн ойн баярын мэнд хүргэе.