300 гаруй жилийн түүхтэй оросын тэнгисийн явган цэргүүд(морская пехота) бол тусгай бэлтгэлтэй, хамгийн сүүлийн үеийн зэвсэгээр хангагдаж, дайны үед хамгийн хүнд даалгавар биелүүлдэг. Гол нь тэд тулалдах болгондоо ялалт байгуулдаг, шилмэл цэргүүд билээ. Эдгээр эрс “Бид хаана очино, тэнд ялалт биднийх,” гэсэн уриатай. Тэдний байгуулсан гавьяа гэвэл олон байх нь тодорхой. Тухайлбал Дэлхийн II дайныг дурьдаж болно. Энэ дайнд тэнгисийн явган цэргийн 5 бригад, 2 батальон гвардын цол, 122 явган цэрэг ЗХУ-ын Баатар цол хүртжээ. Энэ удаа Аугаа Эх орны дайнд явган цэргийн түүхэнд салаа командлан фашист германчуудтай тулалдаж явсан салааны захирагч Евдокия Николаевна Завалий гэдэг эмэгтэйн тухай бичлээ. Гвардын хурандаа Е.Н.Завалий нь хуучны ЗХУ, одоогийн ОХУ-д их нэр хүндтэй, олон ч одон, медаль хүртсэн хүн байлаа.
Завалий нь 1924 оны 5 дугаар сарын 28-нд Украйн дахь Новый Буг гэдэг тосгонд мэндэлжээ. Дөнгөж 17-хон настай Завалий охин дайнтай нүүр учирсан түүх нь сонин. 1941 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ногооны талбайдаа ажиллаж байтал тэнгэрт битүү дүнгэнсэн дуутай ялаа шиг өчүүхэн хар цэгүүд гарч ирсэн нь германы бөмбөгдөгч онгоцнууд байжээ. Онгоцнууд тосгоны ойролцоо байрлаж байсан зөвлөлтийн морин цэргийн хорооны байрлалыг бөмбөгдөж, удалгүй шүхэрчид нь тэнгэрээс бууж ирсэнээр ширүүн тулалдаан эхлэжээ. Зөвлөлтийн дайчид германчуудын эсрэг шургуу тулалдсан хэдий ч давуу хүчинд дийлдэн нутгийн гүн руу ухрахаас өөр аргагүй байдал оров. Шархтсан цэрэг, дайчдад сайн дураар эмнэлгийн тусламж үзүүлж явсан Завалий охин хорооны захирагчаас авч явахыг гуйн, арайхийж зөвшөөрүүлэхдээ, насаа өсгөж 18 настай гэж хэлсэн байдаг. Ингээд шархтай цэргүүдийг ачсан хамгийн сүүлчийн тэргэнд үсрэн гарч сууснаар цэрэг, армитай амьдрал нь холбогдох нь тэр. Хорооны эмнэлэгт сувилагчаар ажиллаж байхдаа шархтсан цэргүүдээр буутай харьцах, яаж буудахыг заалгаж, сайн ч сурчээ. Сувилагч Завалий Днепр мөрнийг гатлаж явах үед анх удаа гэдсэндээ шархдлаа. Ингээд эмнэлэгт хэвтээд 7 хоногийн дараа хороондоо эргэн иржээ. Мөн тулалдааны үед нэг офицерын хажууд бөмбөг унаж, дэлбэрэхэд нь самбаачлан биеэрээ халхалсан боловч хоёулаа шархдсан байна. Энэ бол түүний авсан хоёр дахь шарх байсан юм. Эмнэлэгт хэвтээд хэд хонож байтал тэнгисийн явган цэргийн отрядын захирагч ирж, шархтсан офицертой уулзав. Тэд хоорондоо юун тухай ярилцаж байгаа юм бол гэж сонирхон чих тавибал “Евдокия Завалий намайг биеэрээ халхалсан”, гэж нөгөө офицер ярьж байх юм гэнэ. Үүнийг сонссон Завалий “би буруу юм хийчихсэн юм болов уу” гэж ухаан алдатлаа айсан байдаг. Харин удалгүй ингэж айх зүйлгүй болоогүй гэдгийг сонсож, харин ч “Улаан тугийн одон”-оор шагнажээ. Завалийг эмнэлгээс гарангуут нөөц хороо руу илгээлээ. Тэр фронтод тулалдахыг хүсэж удаа дараа өргөдөл гаргасан хэдий ч зөвшөөрсөнгүй. Нөөц хорооноос зөвхөн эрэгтэй цэргүүдийг фронт руу илгээж байжээ. Гэхдээ түүнийг фронт руу явуулах болсон нэг үйл явдал санамсаргүй болжээ. Нэг өдөр тус хороонд тэнгисийн явган цэргийн хэдэн офицерууд шинэ цэргүүд элсүүлж авах зорилгоор хороон дээо ирэв. Хашир туршлагатай офицерын нүдэнд цэрэг цамцан(гимнастёрка) дээрээ “одон” гялалзуулж, галифтэй өмд өмссөн, бараг халзан толгойтой Завалий өртсөн байна. (Тэр үед зарим эмэгтэйчүүд үсээ бөөстөхөөс хамгаалж зөвхөн 3 мм үлдээгээд бусдыг нь хусуулдаг байв. Р.Э.) Офицер түүнд хандан: - “Гвардын ахлах түрүүчээ, бичиг баримтаа үзүүлдээ”, гэхэд нь эмнэлэгт байхад нь нэрийг нь товчлоод “Завалий Евдок,” гэж бичсэн бичиг баримтаа өгөв. - Офицер бичиг баримтыг нь үзээд “Завалий Евдок, юм биз дээ”, гэхэд нь - “Яг тийм нөхөр даргаа, Завалий Евдоким Николаевич!” гэж өөрийнхөө нэрийг бага зэрэг эрэгтэй нэр болгон өөрчлөн хариулав. - “Таньд хувийн юмаа цуглуулахад 15 минутын хугацаа өгье. Тэгээд над дээр очиж илтгээрэй,” гэж хэлээд яваад өгчээ. Ингээд санаандгүй сууж байгаад фронт руу явах хаалга өмнө нь нээгдэх нь тэр. Ингээд фронтод очиж тэнгисийн десантын 6 дугаар бригадад хуваарлагдав. Хэрвээ эмэгтэй гэдэг нь мэдэгдвэл, дарга нар түүнийг үг дуугүй ар тал руу буцаах байсан тул энэ байдлаа ихэд нууцлаж байлаа. Гэхдээ Завалий, эрэгтэй явган цэргүүдээс огт дутахгүй сайн байлдаж чадаж байв. 1942 оны намар болсон нэгэн тулалдаанд германы офицер олзолсон учир тушаал дэвшин тасгийн дарга болжээ. Өдөр хоног өнгөрсөөр 1943 оны хавартай золгов. Кубан муж дахь Крымск станцын дэргэд болсон тулалдаанд түүний ротод дайралтад орох боллоо. Ротын захирагч босож, “Дайраад,” гэж хашгирах агшинтай зэрэгцэн түүний нүүрийг сум оножээ. Даргаа алагдахыг харсан Завалий ямар ч эргэлзэх зүйлгүй окопноосоо бүх биеэрээ өндийж, удирдлагыг гартаа авч "Рот давшилтад, урагшаа" хэмээн уриалан удирдан давшилтад орж, улмаар ялалт байгууллаа. Харамсалтай нь энэ тулалдаанд Завалий хүнд шарх авч эмнэлэгт хүргэгдэн, яаралтай хагалгаанд орох ёстой болжээ. Харин хагалгааны үед нэгэн хачирхалтай асуудал гарсан нь нөгөө десантчидтай хамт 8 сар мөр зэрэгцэн тулалдаж явсан Завалий нь эмэгтэй хүн болж таарчээ. Үүнийг сонссон дарга нар болоод дайчин нөхөд нь “мэл” гайхсан гэдэг. Энэ тухай мэдээ хээрийн сонинд гарсан тул арми даяар түүний тухай мэддэг болжээ. Баатарлаг гавьяа байгуулж, шархтсан түүнийг удирдлагын зүгээс буруушаасангүй. Харин ч эмнэлгээс гаргангуут нь 6 сарын хугацаатай тэнгисийн явган цэргийн офицер бэлтгэх түргэвчилсэн курст явуулжээ. Түүнийг курсээ төгсөнгүүт нь бага дэслэгч цол олгож, 83 дугаар бригадад салааны захирагчаар томиллоо. Энэ явдал тэнгисийн явган цэргийн түүхэнд ховор бөгөөд зөвхөн дайны үед тохиолдож болох цорын ганц тохиолдол болсон байх.
Эмэгтэй салааны захирагч анх удаа өөрийнхөө салаагаа хүлээн авахад нөгөө цэргүүд нь огт тоодоггүй ээ. Тэдний хувьд эмэгтэй хүнээр удирдуулна гэхээр сэтгэлд нь нэг л бууж өгөхгүй байлаа. Энэ тухай Завалий хожим нь ингэж дурсаж байжээ. “Анх салааны цэргүүдтэй танилцахад тэдний дунд Ваня Посевных гэдэг цэрэг байжээ. Тэр түүнд хандаж “Бид шаргал үстээр удирдуулах болоогүй,” гэж зэвүүцэн хэлж байжээ. Гэхдээ удалгүй салаан захирагчийн цэргүүдээ зохион байгуулах жинхэнэ авьяас билэг тодорч эхлэхэд цэргүүдийн түүнд хандах хандлага нь өөрчлөгдөв. Би салааны захирагчийн хувьд өөрийн цэргүүдийг босгож, дайралтад оруулахын тулд юу хийх ёстойгоо сайн ойлгож байсан. Би окопноос өндийж босоод “Эх орныхоо төлөө, Сталины төлөө, Дайралтад, Урагшаа,” гэж хашгиран гүйдэг байлаа,” хэмээн дурсчээ. Удалгүй Завилий цэргүүдийнхээ хайр хүндэтгэлийг бүрэн хүлээж чадсан учир цэргүүд нь даргаа дайсны сумнаас хамгаалахын тулд бүхнийг хийдэг болжээ. Нөгөө анх уулзахад муухай ааш гаргаж байсан Ваня Посевных гэдэг цэрэг Будапешт болсон тулалдааны үеэр дайсны мэргэн буудагчийн сумнаас салаан захирагчаа халхалж, өөрөө өмнүүр нь орж оногдоод амь үрэгдсэн байдаг. Түүний салаагаа удирдан тулалдаж явсан газар, байгуулсан гавьяаг жагсаавал урт юм болох байх. Гэхдээ Завалий болон түүний салааны цэргүүд Севастополь, Балаклав, Сахарная Головка, Керчийн дэргэд болсон тулалдаан, Бассараб, Тамани, Туапсе, Новороссийскийг чөлөөлөх, Румын улсын Констанц хот, Болгарын Варну, Бургас хотууд, Югослав руу хийсэн дайралтад оролцон, баатарлаг тулалдаж явжээ. Бүр нэг удаа түүний удирдсан салаа нь гол зам дээр Германы танкийн цувааг нэвтүүлэхгүй барих тушаал аваад дайсны 7 танкийг устган өгсөн үүргийг биелүүлж байсан байх юм. Дайны төгсгөл ойртон чөлөөлөх дайн ид явагдаж байсан 1945 оны хавар, Завалийн салаа Унгарын нийслэл Будапешт хотод хориглосон германчуудыг устгах ажилагаанд оролцов. Тэдэнд удаан цагийн галын бункер, их буу, танк бүхий германы байрлалыг эзлэж авах даалгавар өгчээ. Дайсны байрлалыг халз дайрч эзлэх ямар ч боломжгүй нь тодорхой харагдана. Бүгдийнх нь толгой ажиллаж эхлэв. Цэргүүд дайсны байрлалын ойролцоо гол руу цутгадаг бохир усны суваг болон түүнийг дагасан траншейг анзаарч харчээ. Өөрийн талд буй бохирын траншейгаар газар доогуур орж, сувгаар дамжиж явсаар дайсны ард талд гарах боломжтой юм шиг харагдана. Ямар ч гэсэн үзээд алдах хэрэгтэй. Гэвч бэрхшээл тулгарлаа. Нөгөө дүүрэн өтгөн, шингэн дүүрсэн амьсгалах агааргүй нарийхан турбагаар мөлхөнө гэдэг ч тийм сайхан санаа биш байв. Гэвч өөр хувилбар, бас цаг байсангүй. Ингээд өмнө нь нэгэн эмнэлгээс олзолсон 15 ширхэг хүчилтөрөгчийн жижиг баллон бүхий 30 цэрэг суваг руу орж мөлхсөөр дайсны ард мэдэгдэлгүй гарч чаджээ. Явган цэргүүд дайсныг бараг эсэргүүцэлгүй устгаад, удирдаж байсан генералыг нь амьдаар нь олзлож авсан юм. Удалгүй дайн дууслаа. Тэр 1947 онд бэлтгэлээр флотоос халагдаж, Украйндаа буцаж очсон байна. Энгийн амьдралд шилжиж, нөхөрт гарч хоёр хүүхдийн эх болжээ. Тэнгисийн явган цэргийн цорын ганц эмэгтэй салааны захирагч Завалий, 2010 онд Киев хотод насан эцэслэжээ. Олон жилийн дараа нэгэн сурвалжлагч түүнтэй ярилцлага хийж байхдаа ингэж асуужээ. - Евдокия Николаевна, та шилмэл эрчүүдээс бүрдсэн десантын салааг удирдаж байхдаа ямар шидэт үг хэрэглэж байсан тухай нууцаасаа хуваалцаач, гэхэд нь - Би цэргүүддээ “Салаа, миний тушаалыг сонс", гэсэн хамгийн энгийн үг хэлдэг байсан юм, гэжээ.