"ЭКСПЕРТ" буландаа УЕПГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, Хууль цаазын итгэмжит зөвлөх Е.Сагсайг урьж ярилцлаа.
-Хүмүүс таныг “Сагсай прокурор” гэдгээр чинь мэднэ. Өнөөдөр хуульчдын дундаас үгээ нээлттэй, жинтэй хэлдэг хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хүний нэг нь та. Тэгвэл хуульч биш жирийн Сагсай гэж чухам хэн бэ. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Би хэн байхавдээ. Монгол Улсын жирийн нэг иргэн, дөрвөн хүүхдийн эцэг, айл өрхийн тэргүүн, Урианхайн эрхэт овгийн ард Ерөөлтийн өргөмөл ганц хүү, төрийн албан хаагч, төрд түүний дотор Прокурорын байгууллагад 33 жил ажиллаж байгаа төрийн хар хүн гэх үү дээ.
-Төрсөн газар нутаг хаана билээ. Бага насаа, залуу насныхаа гэгээн сайхан, бусдад сургамж болгомоор дурсамжаас хуваалцахгүй юу?
-Эх орны алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрж өссөн. Манайсум бол Алтай нурууны өндөр уулсын бүсэд мөнх цаст уул, тунгалаг устай гол нууруудтай байгалын үзэсгэлэн бүрдсэн нутагдаа. Баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг Баян-Өлгийн аймгийн баруун урд талын хилийн сум. Бага нас маань хөдөөний хүүхдийн нэгэн адил малын бууцан дээр өнгөрсөн. Хөдөө ясли, цэцэрлэг гэж ямар байх биш, нийтийн түгээмэл хэллэгээр бол эцэг эхийн гар дээр өсч өндийсөн. Багын дурсамж гэж бусдаас ялгарах юу ч байхав дээ, манайх сумын төвөөс найман км зайтай өвөлждөг. Сургуульд ороод л хичээлдээ мориор явдаг, манай өвөлжөөний хавийн хүүхдүүд бүгд л хичээлдээ мориор явцгаана, цөм нийлж аваад уралдаж гарна даа. Би хоёр морь ээлжилж унана. “Мончар” нэртэй хонины номхон хар морьтой байлаа. Тэр морь хашин гэж жигтэйхэн, унасан өдрөө би дандаа хоцорно. Харин нэг алаг морь байсан, ойрын замд хурдан давхидаг. Хааяа нэг хадуураад давхичихгүй бол би алаг морио унасан өдөр ихэнхдээ түрүүлнэ дээ.
Би айлын ганц хүүхэд учир жаахан эрх талдаа. Хичээлдээ унах морийг орой нь аав маань аргамжиж өгнө, өглөө ээж эрт босч морь авчирч эмээллэж өгнө. Тэр байтугай өвөл болж голын мөс хөлдсөн үед бараг 300 метр орчим газарт шороо асгаж “харуу” гаргаж өгнө. Харуу гэдэг нь голын мөсөн дээр шороо, өтөг бууц асгаж морь, мал гаргах гарц гарам гаргахыг манай нутагт тэгж нэрлэдэг юм. Ийм маягаар VIII ангиа төгстлөө хичээлдээ мориор явдаг байлаа. Энэ бол хүүхэд насны маш сайхан дурсамж үлдээсэн, одоо бодоход хамгийн дурсгалтай сайхан үе байж дээ. За тэгээд, оюутан цагийн, хугацаат цэргийн алба хаасан хугацааны зэрэг олон сайхан дурсамжууд бий. Би чинь гурван жил цэргийн алба хаасан, бас танкчин байсан хүн шүү дээ.
-Ямар жим таныг прокурорын амьдралд хөтөлсөн бэ. Анхнаасаа прокурор болъё гэж бодсон уу. Хаана ямар сургууль төгсч байв?
-Би дунд сургуульд байхдаа нийгмийн ухааны хичээлүүдэд илүү сонирхолтой байлаа. Ялангуяа газар зүй, түүх, философи, монгол хэл, уран зохиол гэх мэт. Тэр үед зурагт гэж ямар байх биш, бид чинь уран зохиолын л ном уншина. Уран зохиолын номыг гар дамжуулан уншдаг байлаа. Манай гэрт Д.Нацагдоржийн зохиолын түүвэр зузаан ногоон хавтастай ном байж. Аав, ээж хоёр маань оройжингоо надаар уншуулсаар байгаад номыг цээжилчихсэн байсан.Ээж, аав хоёр маань бичиг, үсэг мэдэхгүйг ч гэсэн түүх, уран зохиолд их дуртай хүмүүс байж билээ.Нийгмийн ухааны хичээлд сайн байсан болохоор X ангиа төгсөөд Монгол Улсын их сургуулийн философийн ангид орно гэж бодож, философийн багш болно гэж мөрөөддөг байлаа. X ангиа төгсөхжил манай хүргэн ахын дүү Өнөр гэж хуулийн дунд төгссөн нөхөр цэргээс ирээд намайг ятгаж эхлэв. Хуульч мэргэжил сайхан, хуульч болох хэрэгтэй, би хуулийн дээдийн эчнээ ангид орох гэж байгаа, чи хуулийн ангид ор, хоёулаа хичээлээ хамт бэлдэж байгаад конкурс өгье гэсээр байгаад намайг хуулийн сургуульд шалгалт өгүүлэх болсон юм. Ингэж л МУИС-ийн хуулийн ангид элсэн орж суралцах гараа маань эхэлж, сургуулиа төгсөөд шалгалт өглөө. Хуулийн өдрийн ангийн нэг хуваарь ирсэн байна, 13 хүүхэд шалгалтанд орсон, тэгээд уг хуваарь надад оногдлоо. МУИС-ийн хуулийн анги төгсөөд Улсын ерөнхий прокурорын газарт хуваарилагдлаа. УЕПГ-ын боловсон хүчний хэлтсийн дарга Л.Ядмаа гэж хүн уулзаад, “Чамайг нутагт чинь мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил эрхэлсэн туслах прокуророор томиллоо. Сайн ажиллаарай” гэж хэлээд томилолт өгөөд гаргасан юм. Ингэж л прокурорын амьдралын гараа маань эхэлсэн юм даа. Их сургууль төгссөн ямарч ажил мэдэхгүй, улаан нялзрай амьтан прокурорын хамгийн гол хяналт болсон Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил эрхэлсэн аймгийн прокурорын туслахаар томилогдсон нь надад ихээхэн итгэл найдвар хүлээлгэсэн ажил байсан төдийгүй надад ахадсан ажил байлаа. Ийм учраас, ажилд сурч дадлагажихын тулд өдөр, шөнөгүй л суудаг байлаа. Ингэж л прокурорын хяналтын ажлын дөртэй болсон доо.
-Анхны юм бүр сэтгэлээс гардаггүй, дурсамжид тод үлддэг. Анхны ажил, анхны шүүх хурлынхаа талаар дурсана уу. Тэр үеийн прокурорын гүйцэтгэх үүрэг, ажлын арга барил одоогийнхтой харьцуулахад хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Яах аргагүй, ярилцлага хийж байгаа хүнээсээ асууж баймаар асуулт байна. Үнэхээр төрд ажиллаад ажлын гараагаа эхэлж байсан ажил үнэхээр сэтгэлээс гардаггүй, хэзээ ч мартагдаггүй юм. Намайг ажилд авсны маргааш нь эрүүгийн шүүх хуралдаанд яллагчаар оролцох үүрэг Аймгийн прокурор өглөө. Хэрэг нь 13 настай охиныг хүчиндсэн 61 настай өвгөний хэрэг байлаа. Би хэрэгт нь хяналт тавиагүй, огт мэдэхгүй, нөгөө талаар хэрэг яллаж үзээгүй, юугаа ч мэдэхгүй амьтан хэргээ аваад л уншиж гарлаа. Хуулиа харлаа, оюутан байхдаа үйлдвэрлэлийн дадлагаар шүүх хуралд сууж хэрэг яаж хэлэлцдэгийг харж байсан маань л хэрэг боллоо. Би шинээр очсон болохоор хамт ажилладаг хүмүүсээ ч танихгүй, тэгээд ч их сургуулийг онц дүнтэй төгсч улаан диплом өвөртөлж очсон болохоор нэрэлхээд ч юмуу, хүнээс юм ч асуулгүй шууд л шүүх хурал дээр явж очоод яллаад л тавьчихлаа. Шүүх хуралдааныг шүүхэд олон жил шүүгч хийсэн бололтой нас тогтсон эмэгтэй даргалж байсан. Дараа нь сонсоход хурал даргалсан шүүгч хурлаас гарсны дараа шүүгч, прокуроруудад “Танайд шинээр томилогдож ирсэн бор банди чинь анх удаа хэрэг яллаж байгаа гэхэд хэнээс ч дутахгүй, харин ч та нараас дээр яллаж байна шүү” гэж хэлсэн нь надад сонсогдлоо. Энэ нь их урам өглөө, хэнээс ч дутахгүй ажиллана шүү гэсэн бодол, итгэл төрүүллээ. Ингэж л ажлын гараагаа эхэлж байлаа.
Тухайн үед бүхэл бүтэн аймгийн хэмжээнд мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьдаг ганцхан прокурор ажилладаг, аймагт гарсан бүх хэргийг би ганцаараа хянаж, ганцаараа шийдвэрлэдэг байсан. Тэр ч байтугай ялын төлөвлөгөө баталсан прокурор гэдэг нэрээр эрүүгийн шүүх хуралд бараг ганцаараа шахуу яллагчаар ордог байлаа.Энэ бүхэн намайг ажилд сургасан, дадлагжуулсан, үнэхээр анхан шатанд ажиллаж байж энэ их хариуцлагатай, ачаалалтай ажилд ганцаараа нухлагдаж байж ажлын дөртэй болсон юм.Намайг прокуророор томилогдож байх үед прокурорын хяналт чинь арай өргөн хүрээтэй хуулийн биелэлтэнд тавих дээд хяналт гэдэг нэртэй байлаа шүүдээ. Ялангуяа прокурорын ерөнхий хяналт гэж байлаа.
Прокурорын хяналтын ажлын ихэнхийг ерөнхий хяналт эзэлдэг. Ерөнхий хяналтын оролцдоггүй, хянадаггүй юм гэж байхгүй. Социалист өмч, хөдөлмөрийн сахилга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гээд л явж өгнө шүү дээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэснээс прокурорын байгууллага гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд гардан хариуцаж хийж хэрэгжүүлдэг байлаа. Улсын Ерөнхий прокурор гэхэд л улсын хэмжээний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга нь байдаг байлаа. Прокурор бүх байгууллагын дарга нарын гаргасан тушаалыг толгой дараалан хяндаг, хууль зөрчсөн тушаал байвал эсэргүүцэл бичиж хүчингүй болгуулдаг, аж ахуйн нэгж, албан байгууллагын ажлын цагийг бүртгэдэг, социалист өмчийн бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалт зарцуулалтанд хяналт тавьдаг зэргээр ажилладаг чиг үүрэгтэй байсан. Прокурорын тусгай хяналт гэж байсан засан хүмүүжүүлэх газар, урьдчилан цагдан хорих байрны үйл ажиллагаанд хяналт тавьдаг байсан.
Шүүхийн хяналт гэж бие даасан хяналт байлаа. Прокурор нь шүүхийн хүлээн авсан өргөдөл, гомдлыг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар шүүхийн даргад мэдэгдэл өгдөг байлаа. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа шүүхийн тогтоол гүйцэтгэх ажиллагаа нэртэй шүүхийн мэдэлд байсан. Уг тогтоол гүйцэтгэлийн үйл ажиллагаанд прокурор хяналт тавьдаг байсан зэргээр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж нэг бүрийн хэрэгжилтийг хангуулахад хяналт тавьдаг, асар өргөн хүрээтэй хяналтын тогтсон системтэй байсан юм.
Прокурор хуулийн биелэлтэнд дээд хяналт тавьдагийн хувьд шүүхийн үйл ажиллагаанд хүртэл хяналт тавьдаг байсан гээд л боддоо.Харин одоо бол прокурорын хяналт дэлхий дахинд, өөрөөр хэлбэл бусад улсуудын прокурорын байгууллагын нийтлэг чиг хандлагад хяналтын чиг үүргээ нийцүүлэх чиг хандлагатай болж өөрчлөгдсөн гэж хэлж болно.
-Тухайн үед прокурорын байгууллагад хэн гэдэг алдар цуутнууд ажиллаж байв. Тэд танд юу гэж сургаж, юу захидаг байсан бэ?
-Манай прокурорын байгууллага бол үе үеийн алдар цуутай хүмүүс олноор ажиллаж байсан, олон алдартан гавъяатан төрсөн түүхтэй байгууллага юмаа.Миний бие Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан, доктор, профессор Ж.Авхиа, эрдэмтэн доктор Г.Совд, Улсын Ерөнхий прокурор С.Будрагчаа, Балжинням, Г.Бахдал, Н.Ганбаяр, М.Алтанхуяг нарын ерөнхий прокуроруудын удирдлаганд ажиллаж байлаа. Наймайг прокурорт томилогдоход А.Ядмаа, Ц.Жалцав, Л.Ядмаа, Янжмаа, Шийрэвдорж, Ринчиндорж, Цэвэгсүрэн нарын зэрэг лут лут хүмүүс ерөнхий прокурорын газарт ажилладаг байлаа. Ахмад хүмүүс бидэнд ажлаа сайн хий, шударга ажил,прокурорын хяналтын ажилд хурдан дадлагжих хэргэтэй гэж захиж сургадаг байлаа.
-Эргээд харахад та 30-аад жил энэ мэргэжлээрээ ажилласан байна. Хүнд хэцүү олон л зүйл тохиолдсон болов уу. Прокурорын ажлын сайн, муу нь юундаа байна гэж дүгнэдэг вэ?
-Хуульч мэргэжилээр түүний дотор прокурорын байгууллагад мэргэжлээрээ 30 гаруй жил ажиллалаа. Ялангуяа прокурорын үндсэн гол хяналтын нэг болсон Мөрдөн байцаах ажилд хяналт тавих ажлаар ажлынхаа гарааг эхэлж байсан бол өнөөдөр энэ ажлаа хийж байна. Би прокрорын ерөнхий хяналтын ажилд оролцож байсан болохоос гардан хийж байгаагүй юм байна. Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажил болон ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажилд энэ хугацаанд тус бүрд нь хоёр, хоёр сар л ажилласан байдаг юм. Би хэдийгээр олон жил прокурор хийж байгаа боловч бүх зүйлийг хийж чадна гэж хэлж чадахгүй, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хий гэвэл би анхнаас нь суралцана шүүдээ. Прокурорын хяналт бүр нарийн онцлогтой, түүнийг сурсан, дадлагажсан хүн л хийж чадна, тийм ч амар ажил биш шүү дээ. Ялангуяа мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт бол амаргүй, хүндрэл бэрхшээл ихтэй, ачаалалтай, нөгөө талаар гомдол, санал, зарга заалхай тасардаггүй хүндхэн л ажил юм шүү дээ.
Энэ ажлыг хийж явахад тохиолдсон хүндрэл бэрхшээлийг тоолоод барахгүй, гэхдээ эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа дуртай, хүссэн ч эс хүссэн ч хийхээс өөр арга байхгүй. Хоёрхон л жишээ ярьяа. Наймайг орон нутагт ажиллаж байхад Ховд аймгийн Манхан сумын 3 цэнхэрийн ууланд мал хариулж явсан малчин уулнаас унаж осолдсон байсан. Бид 3000 м өндөр асга хадтай ууланд өвөл авирч гараад уг малчины цогцосыг мөрөн дээрээ дамжлан өргөж өдөржин явж уулын бэлд арай гэж бууж байлаа. Нэг удаа Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд зун нас барсан хүний цогцсыг өвөл нь экскумаци хийж сумын эмнэлэгт авчирч гэсгээж байгаад задлан шинжилгээ хийхэд оролцож өдөржингөө болсон, үүний улмаас уг цогцосны муудсан үнэр бие болон хувцсанд шингэж арилахгүй 3-4 өдөр байнга үнэртэж байсан гээд ажлын онцогтой холбоотой хүндрэл бэрхшээл олонтоо тохиолдоно шүү дээ.
Хүн хийж байгаа ажлаа хүнд, бэрхшээлтэй байна, сайн муу гэдэг ч юмуу голж шилж болохгүй шүүдээ. Нэгэнт хариуцсан ажлыг хүнд ч байсан хөнгөн ч байсан, сайн ч байсан, муу ч байсан хийх л ёстой. Ажил хүнийг голно гэхээс биш, хүн ажлыг голж шилж болохгүй.
-Энэ хүсээд байх мэргэжил мөн үү. Эзэмшсэн хүндээ сэтгэл ханамж, хүндлэл, аз жаргал, сайхан амьдралыг түгээдэг мэргэжил мөн үү?
-Эрх зүйч гэдэг нь одоо цагт бол хүн болгонд бараг хүсээд байх мэргэжил болсон юм биш үү. Хэчнээн хуулийн их дээд сургууль байна, хичнээн хүн төгсөж байна, төгссөн хүнээс хичнээн нь ажилтай болж байна, хичнээн нь ажил эрж буй ажилгүйчүүдийн эгнээнд байна гээ л бодохоор хүн болгоны хүсээд байх мэргэжил биш юм шиг. Миний сурч байх үед зөвхөн Монгол улсын их сургуульд л эрх зүйч мэргэжил эзэмшүүлдэг, цөөн хүн элсүүлдэг, төгсөөд ажлын байр нь бэлэн байдаг байлаа. Би бол хүсээд элсээгүй, хүний ятгалгаар энэ мэргэжлийг эзэмшсэн гэдгээ дээр ярьсан шүүдээ. Гэхдээ энэ мэргэжлийг эзэмшсэндээ сэтгэл ханамжтай байдаг. Хуульч мэргэжил чинь нийгмийн мэс засалч гэдэг мэргэжил байдаг бол тийм мэргэжил гэж хэлж болно.
Нийгмийн хамгийн болохгүй зүйлийг эмчилдэг, эдгэрүүлдэг, ингэснээрээ нийтийн зөрчигдсөн эрхийг сэргээдэг, нийгэмд шударга ёс тогтооход үйлчилдэг. Би хуульч болсоноороо л хүн болгоны хүндлэл хүлээгээд, аз жаргалтай, сайн сайхан амьдараад л байна гэж бодохгүй байна. Намайг хүндэлдэг, хайралдаг, өрөвддөг нэг нь байхад бас зандаг, зүхдэг, хараадаг нэг нь байж л байгаа шүү дээ. Би төрийн жирийн нэг албан хаагч, төсвийн цалингаар цалинжигч, бусад хүмүүсийн л нэг адил төсвийн ажилтан ямар амьдралтай байдаг билээ тэр жишгээр л амьдарч байна. Гэр бүлийн хүн маань насаараа худалдааны байгууллагад ажилласан, худалдаа хувьчлагдсанаас хойш зах зээлийн зарчимаар наймаа, арилжаа хийж эхэлсэн, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр маань овоож оцойтол ажиллаагүй ч гэсэн амьдралаа аваад л явж байна, болж л байна.
Тэгэхлээр хуульч мэргэжил гэдэг бол хүнд хүндлэл, аз жаргал, сайн сайханыг зүгээр түгээж байдаг мэргэжил бишээ. Хүндлэл, аз жаргал, сайн сайханыг хүн тэмцэж байж, хөдөлмөрлөж байж, шударга ажиллаж байж олж авах ёстой гэдгийг ямар ч хүн санаж яваасай гэж боддог.
-Бичиг цаастай зууралддаг, хүний амь, амьдралтай холбогдсон стресс ихтэй, хариуцлагатай ажил гэдгийг нь хүн бүр мэднэ. Энэ хэрээр прокурор хүнийг нийгэм хүндэлдэг. Таны хувьд энэ их ажлын хажуугаар зав гарвал юу хийх дуртай вэ. Гэр бүл, үр ачдаа зав гаргаж чаддаг уу?
-Прокурорын ажил хүнд, ачаалал ихтэй амар хялбар биш ажил гэдгийг прокурор хийж үзсэн хүн л мэдэрнэ. Ажил их, ачаалалтай тусмаа зав зай гаргах нь хомс болно. Би өөртөө зав зай гаргах, алжаал ядаргаагаа тайлах талдаа арчаа муутай хүн дээ. Хөдөө төрж өссөн болоод ч тэр үү, зав зай гарвал хөдөө гадаа, нар салхинд явах дуртай. Би чинь 4 хүүхдийн эцэг, 1 ач, 2 зээтэй айлын өвөө учраас гэр бүл, үр хүүхдүүдээ цаг зав гаргахыг бодолгүй яахав. Амралтаараа бол тэднийг авч хөдөө гадаа явна, баяр ёслолоор бүгдээрээ уулзаж, баяр ёслолоо тэмдэглэнэ гэх мэтээр л өнгөрөөнө дөө.
-Та ямар авьяастай, ямар “хобби”-той вэ. Дуртай зүйлдээ зав гаргаж чаддаг уу?
-Надад авъяас гээд байх зүйл юу байхав дээ урлаг, спортын талдаа авъяас муутай хүн, Би хүүхэд байхдаа сур харвадаг, тэшүүрээр гулгадаг гэх мэтээр бас зарим спортоор оролддог байлаа. Би чинь Урианхай хүн шүү дээ. Манай урианхайчуудын бүстэй /эрэгтэй/ хүүхэд болгон нум сум харвана, бургас модоор Хавчаахай нэртэй нум хийж аваад л хөвөнтэй бээлийгээ бөөрөнхийлж тавиад л хичээл тарж ирээд өдөржин сур харвана шүү дээ. Залуудаа би чинь Урианхай сурын болон Үндэсний /халх/ сурын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож сум тавьж явсан хүн одоо ажил, төрлийн хувьд зав зай гарахгүй байна, нас ч ахиж сур харвахаа болиод байна.
Харин хааяа нэг биллиард тоглоноо. Биллиардыг бол гайгүй сонирхоод байгаа, яагаад гэвэл над шиг бичиг цаастай зууралдаж өдөржин суудаг, тэгээд ч жин нэмэгдэж байгаа хүнд биллиардны ширээ тойроод алхаж байх нь эрүүл мэндэд хэрэгтэй байх гэж үзэж байгаа юм.
-Прокурор, шүүгч, цагдаа нар хувийн үзэл бодлоо, шийдвэрлэсэн хэргийнхээ талаар тэр бүр дэлгээд байх боломжгүй байдаг. Нийгэмд буруу ойлголт төрсөн байх зарим үед прокуроруудаа өмөөрөөд гүйх, өмнүүр нь орж хамгаалах сэтгэл төрнө биз дээ. Ямар үед ийм сэтгэл хөдлөл хамгийн их төрдөг вэ?
-Чи ямар утгаар ийм асуулт асууж байгаа юм бол доо. Аливаа эрүүгийн хэрэг шийдвэрлэж байгаа бол хувийн байр суурь, үзэл бодол гэж байж болохгүй, гагцхүү хэргийн нотлох баримтанд үндэслэн өөрийн дотоод итгэл үнэмшилээр хандах ёстой. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч хэн боловч өөрийн дотоод итгэл үнэмшлээр эрүүгийн хэргийг шийдвэрлэж байх хуультай.
Эрүүгийн хэргийн шийдвэр яаж гарах нь хэргийн нотолгооны мөн чанар, нотлогдсон байдлаас шалтгаална. Дээрх хүмүүсийн үзэл бодол таалагдсан ч байж болно, таалагдаагүйч байж болно. Гэхдээ эрх бүхий этгээдийн хуулийн хүрээнд гаргасан шийдвэрийг хүндэтгэх, сайхан биелүүлэх ёстой, хэрвээ эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих журам нь бас хуульд бий. Ийм маягаар л явна. Түүнээс биш бүх прокуроруудын өмнөөс дуугараад, өмнүүр нь орж гүйгээд, прокуроруудын өмгөөлөгч маягаар ажиллаад байж болохгүй, харин прокурорын гаргасан тодорхой шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг тайлбарлах, нийтэд мэдээлэх, байр сууриа илэрхийлэх шаардлагатай болсон үед, шаардлагатай цагт нийтэд зөв мэдээлэл хүргэх ажил байж болно. Түүнээс биш сэтгэл хөдлөлөөрөө сэлэм эргүүлээд давхиад байх нь прокурор хүний зан араншин биш.
-Таныг О.Мөнхбаатар прокурорыг шүүх хуралд нь оролцуулалгүй саатуулсан, биед нь халдсан асуудлаар мэдээлэл хийж байсныг санаж байна. Ингэж өмөөрсөн удаа цөөн биз?
-Аа дээрх асуултын чинь учиг одоо л гарч ирж байгаа юм байна. Прокурор төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг субъектын хувьд түүний хараат бус байдлыг хангах, тэдний амь нас, эрүүл мэндэд асуудал тохиолдсон үед аюулгүй байдлыг хангах, прокурорыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангах талаар Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хууль болон бусад хуулиудаар тодорхой хамгаалалт, зохицуулалт хийж өгсөн байдаг.
Тэр үед миний бие нийслэлийн хэмжээний мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажил эрхэлж байсны хувьд прокурорын байгууллагын үйл ажиллагааны эсрэг чигэлсэн үйл ажиллагаа явагдаж, зарим прокурорын биед халдах, үйл ажиллагааг саатуулах, байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учир мэдээлэл хийж төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллага, ажилтны үйл ажиллагаанд ийм хүндрэл учруулж болохгүй гэдгийг мэдээлсэн юм. Ийм тохиолдол цөөнгүй удаа гарч байсан, одоо ч гэсэн прокурорын хараат бус байдлыг хангах, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нь халдсан тохиолдолд хамгаалах хамгаалалт хангалтгүй байгаа гэж хэлж болно.
Саяхан батлагдсан Тахарын албаны тухай хуульд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангана гэж заасан байна лээ, Гэгтэл шүүн таслах ажиллагааны нэг гол субъект төрийг төлөөлөн яллах ажиллагаа явуулдаг прокурорын аюулгүй байдлыг хангах асуудлыг орхигдуулсан байх жишээтэй.
-Прокурор хүнд байх ёстой ёс зүйн баримжаа, зан суртахуун ямар байх ёстой вэ.Прокурорын барих ёстой алтан зарчимыг та өөртөө бий болгож чадсан уу?
-Манайд ёс зүйн хэм хэмжээний дүрэм мөрдөгддөг. Монгол улсын Ерөнхийлөгч баталсан энэхүү дүрэмийг прокурор бүр чанд баримтлан ажиллах ёстой.Түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан сахилга, хариуцлагатай холбоотой ёс зүй, зан суртахуунтай холбоотой заавар, журмууд ч бий.Прокурор хүнд ажил үүргийн онцлогтой нь холбоотой ёс зүйн болон зан суртахууны шаардлага тавигддаг. Прокурор хүн Эрүүгийн байцаан шийдэх ажиллагааны бүхий л үе шатанд оролцдог цорын ганц субъектын хувьд ёс зүйн хэм хэмжээг сайтар сахиж үлгэр дуурайлалтай ажиллах ёстой. Хүнтэй харилцах наад захын харилцааны соёл эзэмшсэн байх, хэргийн оролцогчтой тэгш харилцах, бусдад асуудлыг зөв ойлгуулах, асуудалд мэдлэгтэй хандах, эрхэлсэн ажилдаа эзэн байх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, албандаа хүндэтгэлтэй хандах гэх зэрэг олон асуудлаар ёс зүйтэй байх шаардлага тавигддаг.
Ер нь ямарч хүний хувьд баримталдаг, түүний дотор прокурор хүнд бүүрч хамааралтай таны асууснаар алтан зарчим гэж байх ёстой. Энэ нь хүн бүхнийг мэдэх, бүхнийг чадах албагүй, гагцхүү эрхэлсэн ажилдаа эзэн байх ёстой гэдэг зарчим, энэ бол миний баримталдаг нэгдэх алтан зарчим. Нөгөө нь хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан мөн гэдэг зарчим. Ийм учраас мэдэхийн төлөө, чадахын төлөө үргэлж тэмүүлэлтэй байх ёстой. Хариуцсан ажилаа мэддэг байж, үр бүтээлтэй сайн ажиллана, үр дүн амжилт гаргана. Хариуцсан ажилаа мэдэхгүй бол ямарч амжилт гаргахгүй, харин ч дордуулж муутгана. Иймд асуудалд дайсан биш байхын тулд мэддэг, чаддаг ажлаа хийх, хэрвээ мэдэхгүй байвал мэддэг болох, чадахын төлөө чармайх ёстой. Ийм л зарчмаар ажиллаасай гэж хүсэх байна.
-Та ихэвчлэн нийгмийн анхаарлын төвд байсан, дуулиант гэж сэтгүүлч бидний нэрлэдэг хэрэг дээр ажилласан. Энэ мэдээж танд итгэл үзүүлснийх, мөн албан тушаалын дагуу ирдэг үүрэг биз. Зарим хэрэг дээр ажиллахдаа “За даа, би ч арай энэ хэрэг дээр ажиллаж чадахгүй юм байна” гэж буцаасан тохиолдол байдаг уу. Жишээ нь?
-Ер нь эрүүгийн хэрэг болгон адилхан шүү дээ. Яахав зарим нэг хөнгөн хялбар хэрэг, хүнд, онц хүнд ээдрээ төвөгтэй хэрэг гэх мэт байж болох юм. Хуульчдад бол ямар ч дуулиантай хэрэг гэж байхгүй. Энэ бол сэтгүүлчдийн уран сайханы халил, зарим нэг хэрэгт хүч оруулахын тулд сэтгүүлч та бүхнээс өгөөд байгаа зохиомол нэр томъёо шүү дээ. Би олон жил ажиллахдаа амар хялбар, төвөгтэй бэрхшээлтэй зөндөө л хэрэг дээр ажиллалаа. Би төрд тангараг өргөсөн төрийн албан хаагч, ажил үүргийн дагуу хувиарлагдсан ямарч хэргийг хянаж шийдэнэ биздээ. Магадгүй зарим тохиолдолд миний олон жил ажилласан дадлага туршлагыг харгалзан зарим нэг хэргийг удирдлагаас надад өгч хяналт тавиулж байсан байж болно оо. Аль нь ч байсан шийдвэрлэхийн төлөө л ажиллаж байсан, түүнээс биш бэрхшээж, зүрхшээж авахгүй, чадахгүй гэж цаараглаж байсан удаа бараг байхгүй л байхдаа. Би хэрэг хянах гэж, би хэрэг яллах гэж прокурорын ажил, албан тушаалд ажиллаж байгаа л бол оногдсон ажлаа хийх л ёстой.
-Мэдлэг, мэргэшилдээ сэтгэл ханана гэж байдаг. Тийм сэтгэл ханамжийг ямар үед авч байсан бэ. Та төрийн прокурор болж чадсан уу?
-Ямарч хуульч хүн мэдлэг, мэргэжилдээ сэтгэл ханана гэж байдаггүй, насаараа ажилласан шүүгч, прокурор хэн ч гэсэн шүүх хуралдаанд п орохдоо, хэрэг маргаан шийдвэрлэсэн, шийдвэр гаргахдаа хуулийн зүйл заалтыг уншихгүйгээр, хуулиа харахгүйгээр шийдвэр гаргаж байсан ямарч тохиолдол байхгүй. Нөгөө талаар нийгмийн үзэгдэл өргөн, шинэ асуудал, шинэ харилцаа, үйл явц ямараарч илэрч болзошгүй тул тэдгээрийг танин мэдэх, шинжлэн судлах, практикт хэрэглэх гэх мэтээр өдөр тутам шинэ зүйлтэй тулгарч байдаг. Энэ ч утгаараа мэдлэг, мэргэжилдээ ханана гэж байж болохгүй, ийм учраас цаг ямагт суралцаж, мэдэхийн төлөө чармайж байх ёстой.
Прокурорыг дотор нь төрийн прокурор, ердийн прокурор, шинэ, хуучин прокурор гэдэг ялгамж байж болохгүй. Төрд ажиллахаар прокурорын албан тушаалд томилогдож тангараг өргөсөн үеэс л прокурор төрийн прокурор болно. Шинэ, хуучин, хөгшин, залуу ялгаагүй бид бүгдээрээ л төрийн прокурорууд шүү дээ.
-Дуулиант гэх хэрэгт хяналт тавьж ажиллаж байхад олон нийтийн санаа бодол яллах талын байр суурь дээр төвлөрдөг. Утсаар заналхийлэхээс авахуулаад янз бзрийн хавчлага, дарамт, шахалт ирж байсан уу. Энэ нь мэдээж сэтгэл зүйн хувьд хэцүү байдаг байх. Энэ үед та яаж сэтгэл зүйгээ бэлдэж, биеэ авч явдаг вэ?
-Эрүүгийн хэрэгт улсын яллагчаар ажиллана гэдэг өөрөө амар хялбар ажил биш, прокурор юу хэлж, яаж яллав гэдгээс хамаарч хэргийн хувь заяа шийдвэрт ихээхэн нөлөөлнө. Тийм ч учраас сүүлийн үед улсын яллагчийн мэтгэлцэх ур чадварын тухай ихээхэн ярих болжээ. Ер нь прокурорын түүний дотор улсын яллагчийн эсрэг янз бүрийн заналхийлэл, доромжлол, дарамт ирэх явдал түгээмэл бий. Тэр ч байтугай ном уншуулах, элс шороо цацуулах, тэрч байтугай хараал хийлгэнээ гэх явдалч тохиолдож л байдаг. Энэ бүхэн нь мэдээж ямар таатай байхав дээ. Прокурорууд гэхээр л ямар мод, чулуу биш биздээ, бид чинь бие махбодитой, сэтгэхүйтэй, баярлах, гомдох, зовох шаналах сэтгэлтэй хүмүүс. Мэдээж сэтгэл санаа, ажил амьдралд ямар нэг хэмжээгээр нөлөөлж л байгаа. Тэглээ гээд гомдол гаргаад гоншигноод яваад байх зав зай бидэнд алга байна шүү дээ.
-Прокурорын ерөнхий хяналт гэж дээр үед байсан. Энэ эрхийг багасгасан ч байцаан шийтгэх, шүүн таслах ажиллагаанд прокурорын эрх мэдэл их байна гэж үздэг хүмүүс бас бий. Таны хувьд үүнийг хэрхэн үзэж байна вэ?
-Прокурорын ерөнхий хяналтын талаар дээр цухас ярьсан. 1992 оны Үндсэн хууль батлагдснаар прокурорын ерөнхий хяналтын чиг үүргийн үйлчлэлийг зогсоосон. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед прокурор процессын удирдагч байдаг, мөрдөн байцаалтын ажиллагааг өдөр тутум удирдан чиглүүлдэг, мөрдөн байцаалтын шатанд гаргах шийдвэрүүдийг прокурор гаргадаг нийтлэг жишиг дэлхийн ихэнх улсад үйлчилдэг. Энэ жишигт нийцсэн тогтолцоо 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон байгаа. Энэ бол прокурорын чиг үүрэг, бүрэн эрхтэй холбоотой, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хүрээнд эдлэх бүрэн эрх юм. Үүнийг прокурор эрх мэдэл ихтэй болчихлоо гэж байгаа бол эндүү ташаа ойлгож байна гэж хэлэх байна. Харин шүүх хуралдаанд прокурор улсын яллагчаар оролцдог, прокурорт ямарч илүү эрх мэдэл байхгүй, шүүхийн мэтгэлцээний нэг тал нь улсын яллагч байдаг. Мэтгэлцэх зарчмын нэг гол онцлог нь шүүх хуралдаанд оролцогчид эрх тэгш байх явдал юм. Өөрөөр хэлбэл улсын яллагч, өмгөөлөгч, хохирогч, шүүгдэгчид бүгд шүүх хуралдаан дээр адил тэнцүү эрхтэй байна гэсэн үг. Аль нэг нь илүү эрх мэдэл эдэлж болохгүй, тэгвэл мэтгэлцээний мөн чанар алдагдана. Харин шүүх эрх мэдлийн шинэтгэл явагдаж байгаа өнөө үед Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг шүүх дээр төвлөрүүлэн явуулдаг болох эрх зүйн орчинг бүрдүүлэхээр хуулийн төсөл боловсруулагдаад явж байна лээ.
-Шүүх тогтолцооны шинэтгэл гээд явж байна. Шүүх, шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хууль журмаар хангачихлаа. Прокурор руу дайрдаг, тэднийг харааж зүхдэг, биед нь халддаг тохиолдол бий. УЕПГ-ын өмнө нь прокурорт хараал жатга хийсэн эд мөрийн баримт олдож л байсан. Одоо прокурорыг хамгаалах цаг болсон юм биш үү. Чухам яаж, юунаас эхэлж хамгаалах ёстой вэ?
-Шүүх эрх мэдлийн шинэтгэл ид явагдаж байна. Шүүхийн багц хуулиуд үндсэндээ батлагдсан байгаа. Тахарын алба байгууллагдлаа. Шүүх, шүүгчийн хараат бус байдал аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдлээ. Прокурорыг хамгаалах эрх зүйн орчин дутагдалтай байгаа тухай дээр цухас ярьсан. Гэхдээ бас нааштай хандлага гарна байх гэж үзэж байна. Тахарын алба нь шүүх шүүгчийн аюулгүй байдлыг шүүн таслах ажиллагааны явцад хангах хүрээнд шүүх хуралдаанд оролцож байгаа улсын яллагчийн аюулгүй байдалд анхаарал хандуулах нь зайлшгүй. Прокурорын аюулгүй байдлыг хангах асуудалд цаашид эрх зүйн орчинг бүрдүүлэх, Нийгэм, эдийн засгийн баталгааг хангах талаар төр, засгаас анхаарах цаг болсон гэдгийг хэлмээр байна.
-Монголын прокурорын байгууллагад эрх зүйн болоод тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй юу. Гадаад улсад нэвтэрсэн зөв зүйлээс алийг нэвтрүүлбэл хэрэгтэй гэж боддог вэ?
-Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд прокурорын байгууллагад эрх зүйн болон бусад шинэчлэл хийх шаардлага зайлшгүй бий болсон. Энэ нь юуны урьд шүүхийн болон хууль сахиулах бусад байгууллагуудын хуулиуд бүгд шинэчлэн батлагдсантай, нөгөө талаар Бидний үйл ажиллагааны үндэс суурь болсон хуулиуд шинэчлэн боловсруулагдаж байгаатай шууд холбогдоно. Түүнчлэн прокурорын байгууллагын тухай хууль 2002 онд батлагдан мөрдөгдсөнөөс хойш олон жил болжээ. Энэ хугацаанд эрх зүйн болон нийгмийн бусад орчинд нилээд өөрчлөлт гарлаа. Ийм учраас Прокурорын байгууллагын тухай хуулийг шинээр боловсруулах шаардлага гарч байна. Прокурорын байгууллагын тухай хуулийг нэгдүгээрт: шинэ эрх зүйн орчин болсон шүүх эрх мэдлийн шинэтгэлтэй нийцүүлэх. Хоёрдугаарт, дэлхий нийтийн чиг хандлага, нийтлэг жишигт аль болох ойртуулах, гуравдугаарт, прокурорын аюулгүй байдлыг хангах, ажиллах эрх зүйн болон нийгэм, эдийн засгийн баталгааг түлхүү хангахад чиглэгдсэн хууль батлаасай гэж бодож байна.