Улсын нэгдүгээр төв эмнэлгийн харшлын эмч, клиникийн профессор Т.Рэгзэдмаатай ярилцлаа.
-Харшил хүний ямар эрхтэнг гэмтээдэг вэ?
-Харшил бол хүний дархлааны системийн гажуудлаар үүсдэг өвчин. Харшил дотроо амьсгалын замын, эмийн, хоол хүнсний, арьсны гээд олон янз байдаг. Манайд элбэг тохиолддог нь ургамлын тоос, тоосжилтын харшил. Хавар болохоор хүмүүс харшлын талаар ярьж эхэлдэг. Ургамлын тоосны харшил ерөнхийдөө дөрөвдүгээр сараас есдүгээр сарын 20 хүртэл үргэлжилдэг. Ургамлын тоосны харшилтай хүмүүс манайд олон байдаг учраас олон нийтийн дунд хавар л харшил эхэлдэг гэж ойлгодог. Гэвч жилийн дөрвөн улиралд л харшлын өвчин байж л байдаг. Манайхан харшлын анхны шинж тэмдэг илрэхэд хамар хоолойн өвчин, ханиадтай андуурч буруу эмчилгээ хийдэг. Харшлын өвчний анхны шинж тэмдэг нь нүд загтнах, хамар битүүрэх, нүднээс нулимс гарах, нүд улайх, хамраас нус гоожих зэргээр илэрдэг. Тиймээс хүмүүс дур мэдэн эм уух биш яг юунаас харшлаад байна вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Цусны ерөнхий шинжилгээ өгвөл цусан дахь үрэвсэл, харшил нь ялгараад гараад ирдэг. Цусны ерөнхий шинжилгээгээр харшил өндөр гарвал харшлын эмчид хандана. Үүний дараа харшлын сорил тавиулна. Улсын эмнэлэгт ч тэр хувийн эмнэлэгт тэр ялгаагүй харшлын сорилыг төлбөртэй авдаг. Хамгийн гол нь харшлын сорилыг тавиулахдаа харшлын эсрэг эм, тариа, гормон эмчилгээ хийгээгүй байх үедээ тавиулах ёстой. Хүмүүс дур мэдээд хүчтэй гормон тариад, харшлын эм уучихаад харшлын сорил тавиулна гээд ирдэг. Эм уугаад харшил нь дарагдчихаар сорилоор юу ч гарахгүй. Хамгийн түрүүнд юунаас харшаад байгаагаа мэдчихвэл ядаж л харшаад байгаа зүйлээсээ хол байна. Дур мэдэж л эмчилгээ хийж болохгүй. Манайхан эмчид үзүүлэхээр ирэхдээ дур мэдээд гормон тарьчихаад ирдэг. Гормоны сөрөг нөлөө маш их. Цусны даралт ихэсгэнэ, цусан дахь сахарын хэмжээг ихэсгэнэ, кальци багасгадаг. Тиймээс дур мэдэн гормон эмчилгээ хийж болохгүй. -Хамгийн элбэг тохиолддог тоосны харшил дөрөвдүгээр сараас есдүгээр сард сэдэрдэг гэж байна. Тэгэхээр ургамлын тоосны харшилтайгаа мэддэг хүмүүс харшлаа сэдэрхээс өмнө эмчилгээ хийлгэвэл өвчин нь сэдрэхгүй байх боломж бий юү?
-Гаднын улсуудад харшлын вакцин гэж бий. Гэхдээ хамгийн гол нь юуны харшилтай вэ гэдгээ тодорхойлож харшилын вакцинийг хийлгэх хэрэгтэй. Харшлын өвчин бүхэнд хийдэг нэгдсэн вакцин гэж байхгүй. Гаднын орнуудад улиралд нэг, сард нэг хийдэг вакцин байдаг. Тэрийг нь Монгол руу оруулж ирэх гэхээр өртөг өндөртэй. Тиймээс улсын эмнэлэг ийм вакцин оруулж ирэх боломжгүй.
-Харшлын тариа хийж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа шүү дээ?
-Бид ямар ч харшлын тариа хийгээгүй. Хүмүүс л “харшлын вакцин хийж байна уу” гэж асууж ирээд байх юм. Тийм вакцин, тариа ерөөсөө байхгүй. Фэйсбүүкт харшлын тариа гээд нэг юм биччихсэн юм шиг байна. Тэр нь Арьсны өвчин судлалын төвөөс шарилжны эсрэг вакцин гэж гаргасан байдаг, тэр юм шиг байгаа юм. Шарилжийг нь гаднаас оруулж ирээд түүгээр нь вакцин бэлддэг. Энэ вакциныг ганцхан шарилжны харшилтай хүнд л хийнэ. Түүнээс биш бүх харшилд үйлчлэхгүй. Шарилжны харшилтай хүмүүст шарилжаар бэлдсэн хамрын цацлага хийгээд дөрөвдүгээр сарын 5-наас долдугаар сарын 5-н хүртэл хэрэглэхийг зөвлөдөг. Гэтэл тэр нь дэлхийн эмчилгээний стандартаас хасагдчихсан. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээр үүнийг хэрэглэхээ больчихсон гэсэн үг. Манайх шиг 40 гаруй хоног өдөр бүр вакцин хийдэг улс гэж дэлхийн хаана ч байхгүй. Энэ вакциныг 1960-аад оноос хойш 40, 50 жил манайд хийж байгаа юм. Харин дэлхийн эмчилгээний жагсаалтаас гарчихсан учраас бид өвчтөнүүддээ энэ вакциныг зөвлөхгүй байгаа.
-Ихэнх харшлын эмч энэ вакциныг хийгээд хэрэггүй гэж зөвлөдөг. Яагаад гэвэл өтгөн тунгаасаа шингэн тун руу найруулчихсан вакцин учраас шингэн тун дээрээ гайгүй, өтгөн тун руугаа ороод ирэхээр өвчтөндөө урвал өгч эхэлдэг.
-Сүүлийн үед харшилгүй хүн гэж бараг байхгүй болчихлоо. Тэгэхээр энэ өвчин олдмол байдаг юм уу, удамшдаг юм уу?
-Харшил халддаггүй, удамшдаг . Гэхдээ ургамлын харшилтай эхээс заавал ургамлын харшилтай хүүхэд төрөхгүй. Эцэг, эхийнхээ аливаа нэг зүйлд харшилдаг мэдрэмтгий шинж чанар, генийг өвлөж төрдөг . Эцэг, эх хоёр хоёулаа харшилтай байвал хүүхэд нь харшлын өвчтэй төрөх магадлал 70-80 хувь. Харин ээж, аав хоёрынх нь аль нэг нь харшилтай бол хүүхэд нь харшлын мэдрэмтгий шинж чанарыг нь авч төрөх магадлал 50 хувь. Харшил хүндрээд ирэхээр гуурсан хоолойн багтраа буюу астма болдог учраас хүндрээгүй үед нь үзүүлээд, сэргийлээд, эмчилгээ хийлгээд явах хэрэгтэй. Гуурсан хоолойн дутагдалтай болчихвол амьсгалын дутагдалтай, хөдөлмөрийн чадваргүй, сурах чадваргүй болно. Тиймээс хүндрүүлэхгүйн тулд эрт үзүүлж, оношлуулж, эмчлүүлэх хэрэгтэй. -Зарим хүн гэнэт л харшилтай болчихлоо гэдэг. Тэгэхээр олдмол харшлын тохиолдлууд бас байдаг уу?
-Сүүлийн үед хоол хүнсний харшил нэмэгдсэн. Мөн эмийн буруу хэрэглээ асар их байгаа учраас эмийн харшлууд ч ихэсч байна. Ургамлын харшил тухайн жилийнхээ зуншлагатай холбоотой. Бороо хуртай зуншлага сайтай жил ургамлын харшлын өвчлөл нэмэгддэг. Урагмлын харшлаар бага насны хүүхдүүд их өвдөж байна. Нярай хүүхдүүд хүртэл харшлаар өвдөж байна шүү дээ. Мөн ургамал тоосоо гөвөх үеэр хүмүүс хашааныхаа зэрлэгийг бээлий, амны хаалт, нүдний шилгүй ямар ч хамгаалалтгүйгээр түүдэг. Хөдөө гадаа өвс ногоон дотор унтаж байна. Ийм үед харшилтай болох хамгийн амархан. Зун цэцэг түүгээд үнэртэж болохгүй. Сүүлийн үед айлууд гэрийн тэжээмэл амьтан их тэжээх болсон. Гэтэл тухайн айлд харшилтай хүн байгаа л бол тэр айл тэжээмэл амьтантай байх ёсгүй.
-Харшлын өвчин эдгэдэг үү?
-Одоогоор харшлын өвчнийг бүрмөсөн эдгээсэн эмчилгээ дэлхийн хаана ч гараагүй байна. Гэхдээ харшлыг түр дарж, тэр хугацааг нь удаан хадгалж болдог. Түүнээс харшилтай хүнийг ямар ч харшилгүй болгох эмчилгээ, эм, вакцин аль ч улс оронд байхгүй. Манайхан дам сургаар тэр эмч харшлыг нам дарж байна гэж ярьдаг. Тэр нь яадаг вэ гэхээр нөгөө хориглоод байгаа гормон эмчилгээг өндөр тунгаар тарьчихдаг. Тэр нь үсрээд л нэг, хоёр сар харшил хөдлөх хугацааг хойшлуулдаг. Тарианы үйлчилгээ гарангуут буцаад л өвчин нь сэдэрнэ. Харин түрүүнд хэлсэнчлэн гормон эмчилгээнээс үлдэх сөрөг нөлөө их. Цусны даралт ихэсгэнэ, цусан дахь сахарын хэмжээг ихэсгэнэ, кальци багасгадаг. Тиймээс дур мэдэн гормон эмчилгээ хийж болохгүй. Ялангуяа бага насны хүүхдүүд, залуучууд энэ эмчилгээг огт хийлгэж болохгүй. Мөн харшил бүрэн эдгээж байна гэсэн ярианд хууртаж болохгүй . Бид ч бас ирж байгаа өвчтөнүүддээ гормоныг өндөр тунгаар тарьчихвал тэр хүн нэг хэсэгтээ л надад үзүүлэхгүй, энэ их мундаг эмч байна гэж л бодно шүү дээ. Гэвч бид өвчтөнийхөө цаад хүндрэлийг нь мэддэг учраас гормон эмчилгээ бичдэггүй, хийдэггүй. -Харшлаас урьдчилан сэргийлэх боломж бий юү?
-Сорил тавиулаад харшаад байгаа зүйлээ мэдээд авах хэрэгтэй. Тухайлбал амьтны үс ноосноос харшилтай бол амьтан тэжээхгүй, цэцэг ногооноос харшилтай бол ойр орчиндоо ургамал байлгаад хэрэггүй. Мөн харшлын эсрэг эмийн эмчилгээ бий. Ургамлын тоосны харшлын улирал эхлэхээс өмнө эмчилгээгээ хийлгэчихвэл харшил хөдөлсөн ч хөнгөн хөдөлдөг. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сараас өмнө хийлгэх хэрэгтэй. Дөрөвдүгээр сарын 4-нд Дэлхийн харшлын долоо хоног эхэлдэг. Дэлхийн харшлын долоо хоногт зориулан Харшил судлалын нийгэмлэгээс олон нийтэд харшлын талаар мэдээлэл өгнө.