НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тав дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэн БНАСАУ-д эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авахаар өнгөрсөн арваннэгдүгээр сард тохирч, тогтоол гаргасан юм. Эдийн засгийн шинэ хориг арга хэмжээнд Хойд Солонгосыг гарах гарцгүй болгох нэгэн заалт байсан нь тус улсын экспортын орлогыг 62 хувь буюу 800 сая ам.доллараар бууруулах тухай юм. Өөрөөр хэлбэл, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол орлого болдог экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдрийн экспортод хориг тавихаар болсон билээ. НҮБ-аас гаргасан тогтоолд зааснаар БНАСАУ-ын нүүрсний орлогыг 62 хувь бууруулж, жилд 7.5 сая тонн, 400 сая ам.доллараас давсан хэмжээний нүүрс экспортлохыг хориглосон юм. Мөн зэс, никель, мөнгө, цайр экспортлохыг хоригложээ. Ингэснээр Хойд Солонгосоос нүүрс худалдан авдаг улс орнууд импортын хэмжээгээ бууруулж, тус улсын экспортын гол орлогод дарамт үзүүлж эхэлсэн билээ. Хятад улс бол Хойд Солонгосын нүүрсийг худалдан авдаг гол улс. 2016 оны эхний арван сарын байдлаар Хойд Солонгосоос 18.6 сая тонн нүүрс импортолж, тус улсад нийт нэг тэрбум ам.долларын орлого оруулсан байгаа юм. Харин НҮБ-ын шинэ тогтоолын дагуу БНХАУ тус улсаас импортолдог 18.6 сая тонн нүүрсний хэмжээгээ хязгаарлахаар болсон. Өөрөөр хэлбэл, БНХАУ Пхеньянаас авах импортоо бүрэн зогсоосноор Хятад улсад наанадаж 18 сая тонн нүүрсний импорт эзгүйрч үлдсэн юм. Тэгвэл энэ хоосон үлдсэн орон зайг нөхөх боломж Монгол Улсад бий болоод байгаа юм. Гэхдээ БНХАУ-д экспортлох нүүрсний орлогыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтэц шаардлагатай болох нь мэдээж. “Ройтерс” агентлаг 2017 оны эхний таван сарын байдлаар Монголын нүүрсний экспортын орлого өссөнийг Хойд Солонгост тавьсан хоригтой холбоотойгоор ийнхүү тайлбарлажээ.