Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

​Л.Раднаасүрэн: Тавантолгойгоос 25 жил ашиглах хийн нөөц илэрсэн

​Л.Раднаасүрэн: Тавантолгойгоос 25 жил ашиглах хийн нөөц илэрсэн
Нийтэлсэн 2015 оны 6 сарын 24
Уул уурхайн яамны Түлшний бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэнгээс Тавантолгойгоос их хэмжээний байгалийн хийн нөөц илэрсэн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
- Тавантолгойн ордоос 1700 жил ашиглах хэмжээний метан хийн нөөц илрүүлсэн талаар “AsiaRussia” сайтад мэдээлсэн байна. Тавантолгойн ордод метан хий ирлүүлэх хайгуулын ажил хийж байгаа юм уу. Энэ талаар танай яаманд ямар нэгэн мэдээлэл байна уу?
-Тавантолгойн нүүрсний орд дээр гурван жилийн өмнөөс Эрдэнэс-Тавантолгой компани Солонгосын "Ко-Газ"  компанитай хамтран нүүрсний давхрагын метан хийн судалгааны ажлыг хийж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд тодорхой таамаг нөөцийг тогтоосон байгаа. Урьдчилсан таамаг нөөц нь 51 тэрбум шоо метр гэж гарсан байна. Оросын сайт дээр гарсан 1700 жил ашиглах байгалийн хийн нөөц гэдэг нь батлагдаагүй мэдээлэл. Өнгөрсөн хугацаанд Солонгос Улсын төрийн өмчит “Ко-Газ” компанитай туршилт судалгааны ажлыг хийсэн. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн туршилтын үйлдвэрүүдийг оруулж ирсэн. Туршилтийн үйлдвэрлэлийг нэвтрүүлснээр тухайн орд газраас өдөрт, жилд ямар чанартай хэчнээн хэмжээний байгалийн хий гарах вэ гэдгийг тооцно. Үүнийг тооцсоны үндсэн дээр баталгаат нөөц, эдийн засгийн үр ашигтай ашиглаж болох нөөцийн тайланг боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулна.
-УИХ дээр Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай тогтоолын төслийг хэлэлцэх гэж байгаа. Хэрвээ метан хийн нөөц бүрэн тогтоож ашиглахаар болбол Тавантолгойн байгалийн хийг ашиглана гэж ярих уу. Ер нь одоо яригдаж байгаа Тавантолгойн төслийн өгөөжид ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү?
-Одоо эрэл судалгааны ажил хийгдэж байгаа учраас Тавантолгой ордоос байгалийн хийг ашиглана гэж хэлэхэд эрт байгаа. Ер нь Тавантолгой дээр хоёр өөр төрлийн ашигт малтмал, ялгаатай техник технологийн хүрээнд ашиглагдах учраас тус тусдаа мэргэжлийн компаниуд ашиглаад явах болов уу.
-Дэлхийн улс орнуудад илэрдэг байгалийн хийн нөөцтэй харьцуулахад ямар төвшинд хүрэх бол?
-Дэлхийн төвшинд бол 51 тэрбум шоо метр гэдэг бага хэмжээ. Энэ нь ойролцоогоор 25 орчим жил ашиглах байгалийн хийн нөөц. Манай улсын одоогийн болон ирээдүйн 10-20 жилийн хийн түлшний хэрэглээг тооцож гаргасан байдаг. Энэ хэрэглээний нөөц нь 2.2 тэрбум шоо метр гэж гарсан.
-Солонгосын Ко-Газ компани өөрийн хөрөнгөөрөө хайгуул хийж байгаа юу?
-Ко-Газ компани өөрийн хөрөнгөөр хайгуул хийж байгаа. Одоогийн байдлаар хайгуулын ажлын эхний шатандаа явж байгаа. Тэгэхээр цаашид 51 тэрбум шоо метр байгалийн хийн нөөц нэмэгдэж эсвэл буурч ч болно гэсэн үг.
-Урьчилсан таамаг нөөц нэмэгдвэл манай улс байгалийн хий экспортлогч орон болох боломжтой юу?
-Хийн олборлолтын хэмжээ манай хэрэглээнээс давсан нөхцөлд манай улс БНХАУ-д экспортлох бүрэн боломжтой. Хийн хоолой тавиад л экспортолно. Тухайлбал, ОХУ-аас Европ, Хятад Солонгос, Япон зэрэг Азийн улсууд байгалийн хий худалдан авах сонирхолтой байдаг. Тэгэхээр манайх байгалийн хийг ашиглаж эхэлбэл, эдгээр улсуудад экспортлох боломжтой бий. Гэхдээ одоогоор эрэл хайгуулын ажил дөнгөж эхэлж байна. Цаашид хайгуулын ажлыг илүү эрчимжүүлэхийн тулд өрөмдлөгийн хайгуул хийх шаардлагатай байгаа. Гэхдээ Газрын тосны тухай хууульд занарын эрэл хайгуулын үед өрөм тавьж болно гэсэн заалт орсон. Гэтэл байгалийн хийн эрэл хайгуул хийхэд өрөм тавих эсэх талаар заалт ороогүй. Бодит байдал дээр байгалийн хийн хайгууын үед өрөмдлөгө тавих зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймээс Газрын тосны  хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар энэ ажил илүү эрчимжих, нөөц нь зөв тогтоогдох боломжтой.  Үүний дараа эдийн засгийн үр ашигтай ашиглаж болох байгалийн хийн нөөцөө тогтоох шаардлагатай.
Ер нь байгалий хий бол байгал орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр. Манай улс агаар бохирдлоос салахад чухал нөлөө үзүүлнэ. Бусад түлшний бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнийн хувьд бага байдгаараа онцлог байдаг. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн