Open iToim app
Чөлөөт цаг | 18 мин уншина

​С.Пүрэв: Хүний сэтгэлд сайхан гэгээ тусгах нь амьд яваагийн хэрэг

​С.Пүрэв: Хүний сэтгэлд сайхан гэгээ тусгах нь амьд яваагийн хэрэг
Нийтэлсэн 2017 оны 7 сарын 19
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч С.Пүрэвийг “Хоймор”-тоо урьж ярилцлаа. Уянга, ухаарлын тууж, өгүүллэгээрээ Монголын утга зохиолд өөрийн мөрөө тод үлдээж яваа энэ эрхэм арав гаруй роман, 80 гаруй тууж, хагас мянга хүрэх өгүүллэг туурвижээ. Зуу зуугаар тоологдох түүний зохиол бүтээлүүд орос, хятад, англи, франц, испани, вьетнам, япон зэрэг хэлнээ орчуулагдахаас гадна Монголын уран зохиолын дээжис 108 ботийн 77 дахь цуврал зөвхөн түүний бүтээлээр бүтсэн юм. Хэдхэн сарын өмнө түүнийг хүнд өвчний улмаас өвдөж шаналж сууна гэж байсан бол өдгөө тэрбээр гэгээн тунгалаг уншигчдынхаа дэмээр эрүүл энх болж, зохиол бүтээлээ туурвин, илүү ихийг бүтээх хүслээр жигүүрлэн Гачуурт дахь буйдхан гэртээ зохиолоо бичиж сууна.
-Та зохиол бүтээлүүдээрээ олон хүнийг утга зохиолд уруу татсан. Харин таныг утга зохиол руу юу урвуулсан юм бэ?
-Би Говь-Алтай аймгийн Дарви сумын бага сургуульд 1948 онд орсон юм. Дайны дараах сонин үе байсан л даа. Үзэж, унших ном олддоггүй. Тэр үед гоё зурагтай байсан болохоор нь “Алмасан хууртай хүүхэн” гэж номыг анх шохоорхож уншиж байсан. Манай ангийн Нямхүүгийн аав Рагчаа ах хаанаас олж ирсэн юм бүү мэд. Би тэрийг нь гуйж авчихаад Нямхүүд өгөхгүй гэж авдартаа хийгээд цоожилчихсон. Тэгж л номын амтанд орсон санагддаг.
Манай суманд бага сургууль л байсан болохоор дөрөвдүгээр ангиа төгсөөд хажуугий Тонхил сум руу дунд сургуульд явсан. Тэнд нэгдүгээр ангиасаа эхэлж сурсан С.Лочин бид хоёр дахиад хамт сурсан юм. С.Лочин маань ном их уншдаг байсан болохоор би дагаж уншина. Тухайн үеийн дотуур байр гэр байлаа. Гэрийнхээ хөшигний ард хананы нүхэнд номоо хавчуулчихна. Дотуур байрны хүүхдүүдэд шагай тоглох, ном уншихаас өөр хийх юм байхгүй. Гэхдээ ном ховор байж. Шинэ ном тэнд очно гэдэг том үзэгдэл байлаа.
Харин Тонхилын сургууль багш сайтай байсан юм. Багш нарын нөлөө гэдэг мундаг л даа. Адаглаад консерви идэж сурах, мөн тэшүүр, цанаар гулгах, хөлбөмбөг тоглоод сурчихаж байгаа юм. Хятадын далд хошуутай үзэг ирнэ. Багш нар гурав, дөрвөөр нь энгэртээ зүүчихээд явж байхад их гоё харагдана. Орос хэлний багшаар хэл шинжлэлийн ухааны доктор С.Галсан, газар зүйн багш Гэндэнсүрэн, монгол хэлний багшаар Б.Чүлтэм гээд тэр зах хязгаарын сургуульд нөлөө бүхий хүмүүс хичээл заадаг байж билээ. За тэгээд долдугаар анги төгсөөд аймгийн сургууль руу явлаа. Тэр үед л С.Лочин бид хоёр аймгийн номын санг ухсан даа. Номынх нь фондод орж байгаад уншдаг байлаа. Миний уншиж базаасан ч гэж юу байх вэ. Харин С.Лочин бол маш их уншсан.
-Дайн дөнгөж дууссаны дараахан сургуульд орж байсан гэлээ. Тэр үеийн сурагчдын өмсөж зүүдэг, эдэлж хэрэглэж байсан зүйл нь ямар байсан бол?
-Бага ангид балын харандаагаар бичдэг байсан санагдаж байна. Дунд сургуульд орсон хойноо үзэг хэрэглэдэг болсон. Бэхээ хийх сав олдохгүй, сумны хонгионд чернилээ хийгээд, гартаа атгаад хичээлээ хийдэг. Зарим харамч хүүхэд чернильдээ дүрүүлэхгүй гээд буруу хараад нөгөөхөө атгаад суучихдаг. Хавчиг хомбон гэж үзгийг их сайн санадаг юм. Ган сайтай үзэг байсан. Цаасан дээр хяхраад л гүйгээд байна.
1948 онд биднийг нэгдүгээр ангид ордог жил их л том хувьсгал болж байсан шиг байгаа юм. “Эх орон 52” гээд хүлээн авагч хөдөө очиж байсан. Зурагт үзэж байгаа юм шиг бүгд бөөгнөрч суугаад чагнадаг. Бас тэр үед морин өртөө халагдаж, шуудан явдаг болсон. Шуудангийн тэрэг сумын тээр тэнд урд хошууны тэндээс дуу нь дуулддаг. Тэрийг үзэх гээд гараад гүйлдэнэ. Тийм л сонин үе байлаа шүү дээ.
-Та нарын үед ном ховор ч унших хүсэл нь хэд дахин их байж. Гэтэл унших ном нь ийм дэлбэг байхад ном унших хүн улам цөөрсөөр л байна?
-Интернетээр ном унших гэдгийг би ойлгодоггүй. Номыг гараараа барьж, нүдээрээ харж, хуудсыг нь имэрч унших ёстой. Ном уншдаг хүн цөөрлөө гэдэг. Гэхдээ энэ давалгаа нэг их удахгүй байх гэж мөрөөддөг л юм. Хойч үеийнхнийг л сайхан болгох хэрэгтэй юм. Гэвч манай сургалтын систем дээр засаг төр их анхаарах хэрэгтэй. Монгол хэлний хичээлийн цагийг нь цөөлөөд л байх юм. Тэгж байж монгол хүн сэхэхгүй. Бидний үед үг хөгжлийн, цээж бичгийн хичээл гэж байсан. Одоо тийм зүйл байхгүй. Энүүгээр яах юм гэж хэлэх гээд байдаг болчихож. Хамгийн хэрэгтэй юм чинь тэр.
-Таныг дунд сургуулийн сурагч байхад Л.Түдэв гуай хичээл зааж байсан гэдэг.
-Л.Түдэв багш аймгийн арван жилд бидэнд орос хэл зааж байсан. Бидэнд нөмөр нөөлөг, зөв нөлөө үзүүлсэн гэж боддог. Л.Түдэв багш олон шавьтай. Гэхдээ цөөн хэдэн шавьдаа амин хайртай. Тэр шавь нарт нь Юмсүрэн, би, С.Лочин, Гал, Цахилгаан, Дорж талийгаач Шажинбат багтана.
-Та анхны романаа хэдэн онд бичиж байсан бэ?
-Миний анхны роман “Эх газрын чулуу” гээд Шарын голын уурхайг байгуулсан тухай байдаг. 1972 онд хэвлэгдсэн даруйдаа нэлээн яригдаж, хүмүүс их уншсан. Түүнээс хойш дахиж хэвлүүлээгүй. Гадна дотно хэвлэгдэж, яригдсан юмнууд ч бий.
-Зохиол бүтээлтэй тань холбоотой захидал хэр ирдэг байв?
-Захидал их ирнэ. Гэхдээ ажил хэрэгч захидал биш. Би сонинд ажиллаж байсан учраас “Үүнийг нэг хэвлүүлж өгч үзээрэй” гэсэн хэдэн захидал л ирнэ. Сайхан уран бүтээлийн санаа бодлоо солилцсон юм тун ховор. Захидлыг хамгийн ажил хэрэгчээр бичдэг хүн Б.Бааст гуай шүү дээ. Одоо ч хэвээрээ бичиж байгаа байх. Гэхдээ Л.Түдэв багшийн сайхан, сайхан захидлууд бас байдаг юм.
-Та нутгаасаа гарахдаа өөртөө ямар нэгэн зүйл амлаж байв уу?
-Ерөөсөө ямар ч юм бодоогүй. Худалдааны техникум төгссөнийхөө дараа хотод хуваарилагдсан. Тэгэхэд нутаг минь нэг ч их санагдахгүй байсан шүү. Нас өтөлсөн хойно харин тэнд тийм тарваганы дош бий гэдэг нь хүртэл санаанд орно. Хэдэн жилийн өмнө нутаг руугаа очоод хонь хариулж явсан газар дээрээ очлоо. Багын явдлууд санаанд их бий ч зарим нь мартагдсан байна.
-Б.Лхагвасүрэн гуай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо төрж өссөн сум нь эзгүйрч байгааг хараад халагласан байдаг. Та ч гэсэн үүнд эмзэглэдэг л байх?
-Өндөр цалинтай, орон байр, сургууль цэцэрлэг нь байвал хэн ч л малынхаа хажууд байна шүү дээ. Хоёр жилийн өмнө Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байх үед нутагтаа очлоо. Хүйсийн говьд айлд хонотол саальчин хүүхнүүд “Одоо тэр хоёр тоглоно” гээд бушуухан хэдэн үхрийнхээ дэлэнг шувтраад гэртээ гүйж ирээд зурагтаа үзэж байна. Ингэтлээ хөгжсөн байхад хөдөө хүн амьдарна л даа.
-А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурах болсон тухайгаа хуваалцахгүй юу. Энэ сургуульд суралцах боломж хэрхэн олдож байсан бэ?
-Тэр их сонин. Тухайн үед би радиод ажиллаж байлаа. 1975 оны наймдугаар сард намайг Зохиолчдын хороон дээр дуудаад “М.Горькийн сургуульд явах уу” гэж байна. Тэр үед Л.Түдэв багш Зохиолчдын хорооны орлогч дарга, Л.Чойжилсүрэн гуай үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгч байсан юм. Эхнэр бид хоёр олон хүүхэдтэй байсан болохоор эргэлзээд хариу хэлж чадсангүй. Гэртээ ирээд хадам ээж, эхнэртэйгээ ярилцтал хадам ээж “Яваад ир, би энд байж л байна. Хүн гуйгаад олддоггүй сургуульд яваад, сураад ирэлгүй яадаг юм” гэхээр нь шалгалт өгөөд явж байсан. Намайг явдаг тэр жил А.М.Горькийн утга зохиолын дээд сургуульд Монголын утга зохиолыг орос хэл рүү орчуулах анги нээгдэж байсан. 23 дугаар сургуулийг төгссөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, орчуулагч Х.Мэргэн, Б.Нарантуяа, Л.Нарангэрэл дээр хүүхдийн зохиолч Д.Давааням бид хоёр нэмэгдээд зургуулаа явж байсан.
-А.М.Горькийн нэрэмжит сургуульд сурч байсан энэ үеийнхнийг утга зохиолын хүрээнийхэн их ярьдаг юм билээ?
-Тэр хэд чинь Оросуудаас илүү, гайхалтай бичнэ. Үнэхээр ч сайн хүүхдүүд байсан. Ямар ч сэдвээр ярина, мэтгэлцэнэ. Шашин, шинжлэх ухаан, одон орон, утга зохиол ч ярина. Монголын уран зохиолыг монгол хүн орчуулна гэдэг маш давуу талтай. Үүнийг би нэгхэн жишээгээр тайлбарлая. “Иностранные литература” гээд Оросын гадаад уран зохиолын том сэтгүүл байдаг юм. Тэр сэтгүүлд зохиол бүтээлээ гаргасан гадна, дотнын хэн ч бай зохиолч гэж үнэлэгддэг. Тэгэхэд миний “Азын цэнхэр уул”, “Мартагдсан хавар цаг” хоёр өгүүллэгийг Х.Мэргэн орчуулаад тэр сэтгүүлд хэвлүүлж байсан юм. Өөр хүн бол тэр нүүдэл, суудлыг орчуулж мэдэхгүй шүү дээ. Тэгэхэд тэр сэтгүүл дээр Монгол хүний зохиолыг Монгол хүн орчуулаад гаргасан анхны тохиолдол болсон. Өөр ер нь юм байдаггүй байх.
А.М.Горькийн сургуульд “Хэдэн архи уудаг нөхдүүд явсан” гэж хүмүүс боддог байхад тэр дунд Ерөнхийлөгч болох алт байж л байсан байна шүү дээ. Н.Энхбаярыг “Идсэн, уусан” гэж их ярьдаг. Гэхдээ таван жил нэг тогооноос хоол идсэн хүний хувьд Н.Энхбаяр ямар байх нь хамаагүй. Ямар хүүхэд, яаж явж байсан нь надад үлдэнэ биз дээ. Хүн юу гэж хэлэх нь хамаагүй. Гэхдээ хамаатуулан ойлгох сонирхолтой хүмүүс байдаг шиг байгаа юм.
-Энэ сургуулиас олж авсан хамгийн чухал зүйлээ нэрлээч гэвэл та юуг нэрлэх вэ?
-Угаасаа суурь дэвсгэр муутай очно гэдэг их хэцүү. Би сураад сүрхий базаасан ч юм байгаагүй. Харин зохиол бүтээлээ их бичсэн. А.М.Горькийн сургууль төгссөн үү гэвэл төгссөн. Юм хийсэн үү хийсэн. Нэг их сүйд болдоггүй юм гэхэд хүний өмнө нүүр улайхгүй явж байна. Би чинь одоо 76-тай хүн шүү дээ. Бидний цаг үе ч болчихож.
-Хойно байхдаа ямар бүтээлүүдээ өлгийдөн авч байв?
-“Говийн гурван зэрэглээ”, “Мартагдсан хавар цаг”, “Суварган цэнхэр уулс”-ыг тэнд бичсэн юм. Бичиж байсан эх нь одоо ч надад байдаг. Мөн нэлээн хэдэн туужаа бичсэн дээ. Дипломын ажил хамгаалахад их сонин. Би юмнуудаа шилчихнэ. Тэгээд миний гологдсон юмыг манай бага ястан ангийнхан авч дипломоо хамгаалж байсан хөгжилтэй юм их бий.
-“Азын цэнхэр уул” тань нэг хэсэг таны овог болж явсан тухай сонсож байлаа.
-Би “Азын цэнхэр уул”-аа 1978 онд бичсэн. Хаваржаанаасаа зусландаа гарч байгаа нэг монгол айлын нүүдэл шүү дээ. Энэ зохиол нэлээд газар авсан. Хэдэн ч удаа хэвлэгдсэн юм бүү мэд. Өвөр Монголд Аюурзана гэдэг хүн радио сонсож байгаад “Азын цэнхэр уул”-ын талыг нь сонсчихоод заавал үүнийг олж хэвлүүлнэ гэж байгаад олж хэвлүүлж байснаа надад хэлж байсан. Өвөр Монголд миний дөрвөн роман, мөн зарим тууж хэвлэгдсэн. Тийм болохоор тэд намайг мэддэг учраас хүнд үе тохиоход тэгж тусалсан хэрэг.
-Таныг “Эмэгтэйлэг зохиолч” гэж диплом дээр чинь тодорхойлсон байдаг гэсэн. Тэр үнэн үү?
-Тэр чинь аргагүй юм. Би аавгүй өссөн. Хүн болоод ухаан суухад ээж, эгч хоёр маань байсан. Тэр хоёрынхоо гар дээр өссөн. Тэгэхээр надад хамгийн ойр дотно, сайн, сайхан хүн эмэгтэй хүн л байж таарна шүү дээ. Аавтай байсан бол аав намайг морин дээр суулган айл хэсч, хүнтэй танилцуулна гэхсэн. Гэтэл би тийм биш. Хэдэн үхэр, тугал, ээж, эгчтэйгээ нэг жалганд өссөн хүн чинь эмэгтэй хүнийг элдвээр хэлж болдоггүй л юм даа. Би тэгж бичиж чадах ч үгүй, бичих ч үгүй.
-Та айлын өргөмөл хүү гэсэн. Төрүүлсэн аав, ээжтэйгээ хэзээ уулзаж байсан бэ?
-Тийм. Би өргөгдөж байсан. Төрсөн аав маань 1960-аад онд, ээж минь 1970-аад онд нас барсан юм. Миний ах дүүс одоо байна л даа. Аавыгаа өнгөрөхөд би толгойг нь түшиж байсан. Бид бүгдээрээ хотод ирцгээчихсэн ээлжээр очиж эмнэлэгт харж байсан юм. Эхнэр бид хоёр нялх хүүхэдтэй, Налайхаас ирж сахидаг байсан. Тэгээд миний ээлж дээр аав маань үүрээр нас барсан. Юм гэдэг учиртай, их сонин л юм байна лээ. Тийм л тавилантай байсан юм байлгүй. Манай эхнэр хадам аавынхаа барааг нэг л удаа харсан хүн.
-Ардын уран зохиолч П.Бадарч гуайн ээжийгээ дурсаад уйлж байгаа бичлэгийг үзсэн. Та ер нь ээжийгээ ямар үед хамгийн их санадаг вэ?
-Өргөж авсан ээжийгээ 1960 онд, өөрийн ээжийг 1979 онд алдсан. Одоо ч олон жил өнгөрөөд мартагдаж дээ. Нэг үе их бодогддог л байсан. Би ч сонин бодолтой л хүн. Ээжийн ачийг хариулна гэдэг ердөө хүн шиг л явах юм гэж боддог. Түүнээс биш шүүдрийн дуслаар цай чанаж өгөх бол биш юм. Санааг нь зовоохгүй явбал л болох нь тэр. Сайхан хүү нь л байя. Би өөрийгөө яг нарийндаа ээжийнхээ ачийг хариулж байгаа л гэж боддог. Ном судар бичээд тавьчихлаа. Би буцахад миний ном судар, үр хүүхэд минь үлдэнэ. Хэрвээ ээж минь амьд сэрүүн байсан бол “Миний хүү сайхан амьдарч байна” л гэж хэлнэ. “Яана даа энэ цусыг ...” гэж яасан ч хэлэхгүй байх гэж боддог.
-Та ханьтайгаа хэзээ танилцсан бэ?
-1966 онд бид танилцаж байсан юм. Одоо 51 жил ханилж байна. Энэ нөхөр л намайг өдий дайны авч яваа юм шүү дээ. Миний хань Багшийн дээд сургуульд хожуу сурсан. Томыгоо төрүүлээд, дараагийнхыг нь гэдсэнд байхад орж байсан. Жил дараалан хүүхдээ төрүүлээд дөрвөн хүүхэдтэй сургуулиа төгсөж байлаа шүү дээ.
-Таны хүүхдүүдээс номын мөр хөөж, зохиолч болсон хүн бий бил үү?
-Би зургаан хүүхэдтэй. Хамгийн томыгоо алдсан. Хамгийн бага маань Ирландад байна. Нэг номын эх бэлтгэдэг охин бий. Түүнээс бусад нь бүгд оёдолчин. Хоол идэхгүй, хувцас өмсөхгүй хүн гэж байхгүй гээд бүгдийг нь оёдолчин болгосон. Ирландад байгаа охин бол оёж шидэх ч үгүй эрхэлж л чаддаг нэг хүүхэн бий. “Дөрвөн хөлтэй ч байсан хамаагүй Монгол хүнтэй суугаарай” гэж захидаг байсан юм. Монгол хүнтэй суусан гэсэн. Удахгүй хоёр дахь хүүхэд нь гарна.

-Ач зээгийн тоо хэд хүрээд байна. Тоолж үзэв үү?
-Нэг их тоолдоггүй юм. Багцаалдаад л байж байдаг. Зээнцэр гэдэг ямар гайхамшигтай юм. Зээнцрээ төрөхөд бөөн юм болж байгаа юм. “Яаж байна, ийж байна” гээд хөгшин бид хоёр асуухаар “Өвөө, эмээ, аав, ээж, нөхөр нь байна. Та нар юунд санаагаа зовоодогюм” гэнэ. Зээнцэр шиг хүлээдэг хүсдэг юм гэж алга. Гайхамшиг гэж тэрийг л хэлэх байх. Маргааш нэг зээнцэр ирнэ. Дөнгөж тогтож сууж байгаа. Гэхдээ томоотой гэж жигтэйхэн. Урьд шөнө нэг нь ирж буулгаж, овоолж хаячихаад яваад өгсөн. Зээнцэрийнхээ эцэг, эхийг нь харахаар нялх нь л харагдаад байдаг юм.
-Удахгүй өлгийдөх гэж буй зохиол бүтээлүүдийнхээ тухай хуваалцахгүй юү?
-Зургаан туужийн түүвэр хэвлэлд шилжүүлэх гэж байна. Бүгд шинэ туужууд. Би ер нь хуучин юмаа нэг их хэвлүүлдэггүй юм. Юм хийж болж л байгаа цагт шинэ л юм хэвлүүлнэ гэж санадаг юм.
-“Нэг их сайхан хөх бууц үнэртэж, адуу тургилан, нүүдэл дагасан нохой бут шиншлээд гүйж яваа Монгол кино хийх юмсан. Ямар ч зодоон нүдээн, цус нөж, орон шоронгүй хайр гэрэлтсэн монгол кино...” гэж цахим хуудастаа та бичсэн байсан.
-Сайхан монгол кино хийж байж, Монголыг аварна шүү. Залуучуудыг өлгөж аваад юм хийгээсэй гэж, санаа дэвшүүлсэн юм. Гэтэл “Та өөрөө хий” л гэж байна. Би хамаагүй биччихнэ. Гэхдээ би залуучуудтай хамт дэлгэцийн бүтээл хийж үзсэн. Б.Цогтбаярын “Луйвар” гээд кино. “Миний нэрийг битгий тавиарай” гэсэн тавьчихсан л байна лээ. Одооны найруулагчдын хийж байгаа, миний бодож байгаа хоёрын хооронд асар их ялгаа байна. Үүний дараа би хамтарч юм хийхэд их хэцүү юм байна даа гэж бодсон. Хуучны цагт киног ч жинхэнэ хийдэг л байж дээ гэж бодож сууна.
-Таны зохиолыг нь бичсэн “Суварган цэнхэр уулс”, “Загийн алим”, “Мартагдсан дууль” гээд олон сайхан кино бий. Энэ дундаас “Санги ахаа, миний зурсан зургийг бүгдийг нь аваарай” гэх Жаргалмаа охины дүр үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн байдаг. Энэ мэт олон сайхан сэтгэлд хоногшсон дүрийг үзэгчид үгүйлж байна.
-Их хөөрхөн охин. Кинонд тоглохдоо таван ой хагастай байл уу даа. Тэр их амьтан чинь өөрөө кинондоо дуугаа оруулсан. Хамтран тоглож байгаа хүмүүсийнхээ үгийг хүртэл сануулна. Ёстой хөөрхөн хүүхэд байсан юм. Найруулагч нь Ж.Сэлэнгэсүрэн байсан. Би Ж.Сэлэнгэсүрэнд “Яагаад энэ зохиолыг “Мартагдсан дууль” гэж нэрлэснийг мэд” гээд “Энэ бол нийгэмдээ мартагдсан гэр бүл, нөхөртөө мартагдсан эхнэр, аавдаа мартагдсан хүүхэд юм шүү” гэсэн. Тэгтэл “Би чадна” л гэж байна. “Чи энэ хүүхдийг олж чадахгүй” гэхэд Кино үйлдвэрийн дэргэдэх цэцэрлэгээс олоод ирсэн хүн дээ.
-“Усны гудамж” романаар тань кино хийх тухай яригдаж байсан.
-“Усны гудамж” романыг нэлээн ярьдаг. 1990 онд талбай дээр залуучууд өлсгөлөн хийж байхад би амралтад суучихсан романаа бичиж байлаа. Олон хүн кино хийнэ гэж ярьж байсан. Гавьяат жүжигчин Б.Цэрэнпагма “Би “Усны гудамж”-аар кино хийчихээд үхмээр байна” гэж хэвлэлд ярилцлага өгч байсан. Одоо ч кино хийнэ гэсэн хүмүүс байдаг. Эхлээд сонин байсан ч одоо үүнийг сонирхохоо болсон.
-Та фэйсбүүкээ өөрөө хөтөлдөг үү. Идэвхтэй хэрэглэгчийн тоонд багтдаг?
-Энийг (фэйсбүүк) анх хөтөлж мэдэхгүй, тоодог ч үгүй байсан юм. Тэгсэн манай зээ зааж өгөөд орж эхэллээ. Анзаараад байх нь ээ энд улаан хэрүүл, хараал явдаг. Тэгэхээр нь би “Тэгвэл би энэний эсрэг хүнд гэгээтэй юм өгч байя” гээд цацаж эхэлсэн. Гэхдээ энэд чинь удаан байгаад байхаар энэ нэг төр засгийн ичмээр юмнууд нь харагдаад байх юм. Хааяа ганц нэг үг шидчихээд сууж байна.
-Сөрөг хар мэдээллүүдээс залхсан хүмүүс таны гэгээлэг сайхан үгсээр өглөөг эхлүүлэх гэж зорьж уншдаг болсон байна?
-Бие биендээ тэгж л гэгээ өгч байх ёстой юм. Манай монголчууд чинь их сайхан ард түмэн. Бүр ёстой гайхалтай ард түмэн байгаа юм. Монголчууд шиг уужуу, тайван, чөлөөтэй сэтгэдэг ард түмэн хаана байна. Байхгүй шүү дээ.
-Өглөөд та хэд гээд босож байна?
-Ажилд яарахгүй хүн чинь хамаа байхгүй. Шөнө сэрвэлзээд байх юм бол дөрөв, тав гэж босоод юмаа бичнэ.
-Таны бичлэгийн онцлог ер нь юу вэ?
-Залуу байхад эхнэртээ загнуулаад л архи уугаад явдаг. Тэгэхдээ толгой бол байнга ажиллана. Нэг суугаад авах юм бол харин өдөр шөнөгүй сууна. Долоо хоногт нэг роман бичиж байсан ч тохиолдол бий. Зохиолууд заавал зөрчилтэй байх ёстой гэдэг. Би тэгж тачигнасан зөрчилтэй юм бичиж чаддаггүй. Хүний зөрчил гэдэг өөрт нь, хүн дотор нь байдаг. Хүн өөрөө дотроо зөрчилдөж явдаг амьтан. Түүнээс тэнд очиж нэг нөхрийг цохиж унагаад, энд ирж сэлэм барьж байлдаад, нэг бол нэгдлийн даргийг алгадаж шоронд сууж байдаг зохиолыг хоцрогдсон зохиол гэж боддог. Тэр бол хялбарчилсан арга. Хүний ертөнц рүү өнгийж чадаагүй болохоор тэгдэг болов уу гэж би өөрийгөө цагаатгана шүү дээ. Тэр улсууд тэрийгээ бичнэ биз. Би бол хүнд аль болох эерэг, зөөлөн нэг аятайхан юм л өгчихмөөр санагддаг. Тэгвэл л миний бичих зорилго биеллээ гэж үздэг.
Хойно очихдоо Владимир Лидин гэж 80 настай хүний гар дээр очиж байсан. Орос, зөвлөлтийн өгүүллэгийн мастер гэж явдаг. 1915 онд анхных нь ном хэвлэгдэж байсан. Октябрын хувьсгалд оролцож, Германтай дайтаж явсан мундаг өвгөн. Тэгээд Оросын хуучин ном цуглуулдаг. Түүгээрээ ч Орост алдартай. Үргэлж гадна, дотнын улсуудтай явж наймаа хийж, ном солилцдог тийм хүн байлаа.
Орост нөлөөтэй учраас ямар нэгэн номын сан юм уу музей руу явуулаад “Би шавь нараа явууллаа, хүлээж аваарай” гэхэд цаадуул нь хүлээж авч байдаг тийм байсан юм. Тэр хүний өгүүллэг бичих арга надад их хэрэг болсон гэж боддог.
Орос, Зөвлөлтийн нөлөө бүхий бүх зохиолчийг танина. Аргагүй л дээ, хамт ажиллаж, амьдарч байсан юм чинь. Тэр хүн надад юу гэж хэлсэн гэхээр “Чи монгол хүн учраас монгол хүнийхээ аж амьдрал, зан заншлыг л бич. Тэгж байж л чи ялгарна. Ард түмэн чинь 100 мянга эсвэл нэг сая хүнтэй байсан ч хамаагүй. Заавал тэнд нь хэв шинж байгаа. Түүнийг л бичээрэй” гэж захисан. Тэр үг одоо хүртэл миний толгойд байдаг. Тийм учраас би "Монголын" юм бичих их сонирхолтой.
-Их олон жилийн өмнөөс ярьж байсан яруу найргийн номоо хэзээ хэвлүүлэх гэж байна вэ?
-Энэ компьютер дотор л хэвтэж байна. Хэвлэлт нь 400-500 мянган төгрөг дотор багтаад гарчих болов уу гэж бодож байна. Шүлгийн ном маань гарвал хүн унших, монгол шүлэг л гарна. Одооны шүлгийг ухаан гүйцэж уншихгүй юм. Д.Урианхайн шүлгийг хоёр гурав уншиж ойлгоно. Гүн ухаанаар зодоод хийсэн зүйл чинь хэцүү шүү дээ. Уг нь шүлгийг нэг уншаад л ойлгох хэрэгтэй гэж бодох юм.
-Хүмүүс аав, ээжийгээ бурхнаас харамлан суухдаа хийж өгч чадаагүй зүйлээ хамгийн их боддог гэсэн. Эрлэгийн элч тулаад ирэхийн цагт үүнийг л дутуу хийлээ гэж та юуны тухай хамгийн их бодож байсан бэ?
-Маш их байсан. Би уг нь зүгээр суудаггүй л хүн. Бие муудах тусам “Ийм л юм хийх юмсан” гэж бодогддог юм билээ. Хугацаа бага үлдсэнийг мэдрэх тутам цаг хугацаанд илүү их харам ханддаг юм байна. 50 хүрээгүй байхдаа 50 гараад бурхны орон руу явахад ер нь болно доо гэж боддог байсан. Гэтэл 50 хүрсэн арай л биш байсан. 60 хүрэхэд ахиад хэдэн жил амьдрах ёстой гэж бодогдсон. 70 хүрлээ. Одоо би юмаа хийж л байна. Тэгэхэд цаана нь өчнөөн хийх юм байна. Тийм болохоор үхэн үхтэлээ энэ хар хайрцгийг (компьютерийг) самардаж байгаад л үхнэ гэж боддог юм. Залуу цагийн цэцэн цэлмэг ухаан бүдгэрч, хийсэн юмаа заавал эргэж харах шаардлага гарч байна. Би хөгшин, настай хүн гээд муу юм хийж болохгүй. Гайгүй л юм хийж үлдээх ёстой. Номын эх бэлтгэдэг охинд миний бүтээлүүд бий. Цаашдаа энэ хүн л миний юмыг авч явах юм.
-Хүнд хэцүү үед тань тусалж дэмжсэн хүмүүст та баярлалаа гэдгээ хэлмээр байна гэсэн?
-Гайхамшиг надад тохиосон. Бүх хүнд баярлаж байна. Гар дээрээ таван сая төгрөг ч тавьж үзээгүй байж, намайг гэсэн сайхан сэтгэлт хүмүүсийн ач тусаар 14 хоногт 44 сая төгрөгийн ном зарсан. Тусалж дэмжсэн хүмүүст маш их баярлаж байна. Тэр хэцүү айлын үүднээс миний ард түмэн намайг эргүүлж авчирсан. Ялангуяа гадаадад эх орноосоо хол амьдарч байгаа хүмүүс их тус болсон, сайн сайхныг ерөөсөн. Доржзовдын Энхболд, Өвөр Монголын сайхан санаат хүмүүс гээд тусалж дэмжсэн хүн маш олон. Уулзаж, зүс үзээгүй маш их хүмүүс тусалсан. Сүхбаатар аймгийн Шилийн богд, Говь-Алтайн Тонхил, Баян-Уулаас чиг л ярьж байгаа юм. Өмнөговиос огт танихгүй хүн “Сахарын өвчинд сайн байдаг гэнэ” гээд ингэний хоормог явуулсан. Сая гаруй төгрөгийн ном явуулаад "Зараад зардалдаа хэрэглээрэй" гэх хүн ч байлаа. Бүр таван сав зөгийн бал хүртэл явуулж байгаа юм. Өвчин зовлонтой байхад номоо хэвлүүлэх нь битгий хэл эмчилгээний мөнгөө л аргалж байсан. Гэтэл номыг минь зээлээр хэвлээд өгчихөж байгаа юм. Тийм л сайхан. Би бүгдэд нь баярлаж байна. Энэ хүмүүсийн ачийг би яаж хариулах ёстой юм. Хүн болгонд би баярлалаа гэж хэлж хэрэггүй. Сайн бүтээл хийж, энэ ард түмэндээ хайртай байж л ачийг нь хариулна гэж бодож байна. Нэгэнт хөл дээрээ боссоных хэдэн жил зохиол бүтээлээ хийх юмсан гэж бодож сууна. Сагсагнаад өөрийгөө тоогоод явсан бол хэн надад тоож туслах вэ. Хүнд гэмгүй явахын гавьяа юм л гэж бодлоо. Би ер нь хүнд муу юм хэлж болохгүй л гэж боддог. Ямар ч л байсан хүний сэтгэлд сайхан гэгээ тусгадаг бол амьд яваагийн хэрэг.
-14 хоногийн дотор 44 сая төгрөгийн ном борлуулсан зохиолч Монголд байхгүй байх. Магадгүй та “сайн хүн” байж чадсан учраас монголчууд ингэж элгэмсгээр тусалсан байх. Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Хүнд муу юм санахгүй, аль болох л тус болохыг бодно. Үргэлж сайн сайхныг санаж, өгч байх хэрэгтэй. Тэр бол эрхэм зорилго. Хөдөөний хүүхдүүд чинь ер нь тийм шүү дээ. Хэдэн уул даваад явсан малыг нь дөхүүлээд өгдөг тийм л амьдрал дунд өссөн хүн чинь юу гэж л хар амиа бодоод суух билээ. Би ер нь хүнд үгүй гэж хэлж чаддаггүй юм.
-Сониноор дамжуулж залууст үг дайгаач ээ гэвэл та юу гэж захимаар байна?
-Үнэнийг хэлэхэд цаг хэцүү байна. Идэж уудаг нь идэж уугаад, ард түмэн нь ядарсныг нуугаад яахав, бүгд л хэлж байна. Бид өөрсдөө л энэ үеийг давахгүй бол гаднаас нэг мэргэжилтэн ирээд засч залруулахгүй. Хэн нэгэн Ерөнхий сайд болж ирээд үүнийг давахгүй. Хөдөлдөг гар цөөрөөд, иддэг ам олон болсон энэ үед монголчууд бид бүгд л эх орноо гэсэн чин сэтгэлээр хөдөлмөрлөх ёстой. Энэ л улс орны иргэн учраас бүгдээрээ чин сэтгэлээсээ ёстой нэг хөдөлмөрлөсөн шиг хөдөлмөрлөж байж бид энэ хүнд цагийг давна. Залуучууд л давах ёстой. Үүнийг л захимаар байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн