Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлгийг өчигдөр Гадаад хэргийн яамнаас зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлгийн сэдэв “Үндэстнийг брэндчилэх нь”. Солонгосыг Самсунг, Америкийг Холливуд, Японыг Тоёотагаар төлөөлүүлдэг шиг Монгол Улс ямар брэндээ гаргаж ирэх вэ. Хүмүүс Арабын бензин, Оросын масло авъя гэдэггүй. А95, А92 авна гэж шатахуун түгээх станц дээр зогсдог. Үүн шиг түүхий эдээрээ биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж үндэсний брэндтэй болъё. Хятад, Орос зэрэг хоёр хөрштэйгөө бид улс төр, эдийн засаг, зэр зэвсгээр өрсөлдөөд дийлэхгүй. Ийм учраас дунд нь зөөлөн эзлэх бодлого буюу түүх, кино урлаг, соёлын салбараа хүчирхэгжүүлж, Монгол хэвээрээ үлдэхийн тулд, Монголоо дэлхийд таниулж, тэдний ойлголтыг яаж эвдэх вэ. Өөрсдийгөө нүүдэлчдийн үрс сад гэж ярьдаг монголчууд дэлхийн бусад нүүдэлчдээс орчин үед юугаараа ялгарах вэ. Японуудыг цаг барьдаг, хүнтэй хүндэтгэлтэй харилцдаг гэж ярилцдаг. Тэгвэл монголчуудыг эергээр илэрхийлэх ямар төлөв байж болох вэ. Яг энэ талаар өчигдөр Гадаад хэргийн яам, Санхүү эдийн засгийн дээд сургууль, МҮХАҮТ, Аж үйлдвэрийн яам, БОНХАЖЯ, СУИС, БСШУЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар болон эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс зарим зүйлийг тодруулав.
-Хэлэлцүүлгийн үр дүнгээс салбарын яам юу хүлээж байна вэ?
-Гадаад бодлогын эдийн засгийн болон гадаад сурталчилгааны хөтөлбөрийг манай яам боловсруулж энэ оны сүүлчээр УИХ-д танилцуулсан байгаа. Соёлыг, соёлын өвийг ашиглаад Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлыг яаж хийхийг ярьж байна. Спортоор, олимпийн аваргуудаараа дамжуулж Монголыг яаж сурталчлах вэ. Дээрээс нь эдийн засагжуулахад экспортын бодлого чухал. Экспортлоход Засгийн газар улс төрийн баталгааг нь гаргаж өгөх ёстой. Даатгалын систем, татварын бодлого, хүний нөөцийн бодлогоо илүү анхаарах ёстой. Ийм цогц асуудлыг хамарсан хөтөлбөрийг хийхээр зорьж байна. Өнөөдөр бол гадаад бодлогыг эдийн засагжуулах, гадаад сурталчилгааг явуулах хөтөлбөрөө хэлэлцэж байна. Энэ хоёр нийлээд үндэсний брэнд маягийн зүйлийг бүтээх бодлого болж явах юм. Ийм учраас хий яриа биш шинжлэх ухаан, судалгаанд суурилсан эрдэмтдийнхээ яриаг авъя гээд хэлэлцүүлгээ хийж байгаа юм.
-Төсөөлөл хэр тодорхой болж байна вэ. Таван жилийн дараа, арван жилийн дараа гэхэд ийм үр дүнд хүрнэ гэсэн зорилтууд тавьсан байх?
-Бид гурав хуваасан. Ойрын, дунд болон урт хугацааны зориултуудаа тодорхойлсон. Үндэстний дүр төрхийг дэлхийд таниулахад урт хугацаанд хэвшүүлэх ёстой. Жишээлбэл, гадаад улсын дунд болон их сургуулийн түүхийн сурах бичгүүдэд монголчуудын тухай зөв ойлголтыг оруулах шаардлагатай байна. Ихэнхид нь биднийг барбарууд, зэрлэг балмадууд гээд бичсэн байдаг. Эдгээрийг засуулах ажилд маш их хугацаа зарцуулах юм. Дээрээс нь тухайн орны тухай тогтсон буруу ойлголтууд байна. Жишээ нь, mongolism, mongoloid гээд. Хэдийгээр эрүүл мэндийн ойлголт ч гэсэн нөгөө талаас mongoloid гэхээр л дауны синдромтой л гэж ойлгоод байдаг. Үүнийг саяхан Засгийн газарт асуудал болгож оруулсан байгаа. Ийм зүйлсийг, тогтсон ойлголтыг засуулахад маш олон жилийн хугацаа хэрэгтэй. Дээр нь, дунд хугацаанд хэрэгжүүлэх юмнууд байгаа юм.Бид соёлын сурталчилгаагаа хийе гэвэл аль болох олон үзэсгэлэн зохион байгуулж байх ёстой. Монгол гэдэг бол зөвхөн Чингис хааны үеийн нүүдэлчид биш ээ, орчин үеийн Монгол оо. Хөрөнгө оруулалт шингээчих эдийн засагтай, орчин үеийн урлагтай, олимп, дэлхийн аваргуудтай улс аа гэдгээ үзүүлэх шаардлагатай байна. Ойрын хугацаанд хийх ёстой зүйлс ч байна. Кино наадмуудад оролцохоос эхлээд, үзэсгэлэнгүүдээр дамжуулаад хөлөө олчихсон ноолууран бүтээгдэхүүнүүдээ явуулах гэх мэт. Төр засаг дангаараа бүх зүйлийг хийх боломжгүй. Гол нь хувийн хэвшил, олон нийт, судлаачид, хэвлэл мэдээллийнхнийг хамруулж хамтдаа яаж хөдлөх вэ гэдэг бодлогоо гаргаад хэрэгжүүлэхээр зорьж байгаа.
-Гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч буй сөрөг мэдээллийг яаж зөөллөх вэ. Жишээ нь, жуулчдад ээлгүй 10 улсын нэгд Монголыг багтаасан байх жишээтэй?
-Онол, тактикын л асуудал. Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан гаднын жуулчдыг татах арга хэмжээг зохион байгуулдаг. Зарим нь бүтэлтэй, нөгөө хэсэг нь бүтэлгүй болдог тал бий. Хамгийн гол нь, ирсэн зочинд сайхан сэтгэгдэл төрүүлээд явуулах асуудал хамгийн чухал хөрөнгө оруулалт байдаг. Нэг жуулчин Монголоос буцаад 10 хүнд, “Монголд маш гоё байсан” гэж ярихад араас нь 100, цаашлаад 1000 хүн орж ирдэг. Тийм учраас ирсэн жуулчдад анхаарал тавих асуудал хамгийн чухал байгаа. Дээрээс нь тэднээс орлого олох чухал. Тийм учраас жуулчдыг татах олон арга хэмжээ зохион байгуулах ёстой. Бид Үндэсний баяр наадмаа жилд ганц удаа хийх биш олон удаа хийх хэрэгтэй. Жуулчид долдугаар сард ирээд зочид буудал олдохгүй, асар өндөр буудалд буугаад явж байхын оронд жил тойрон тийм хэмжээний арга хэмжээнүүдийг үзэж сонирхоод явж байх талаас нь. Бүргэдийн баяр, Адуучин тэмцээн, автомашины уралдаан, кино фестивалиуд, наадмууд хэрэгтэй байна. Эд бүгд жуулчдыг татах арга хэмжээнүүд шүү дээ. Сөрөг ойлголтууд дээр Гадаад хэргийн яам ажиллаж л байгаа. Кино бол сурталчилгааны маш том талбар шүү дээ. Ийм учраас манай яам Боловсролын яамтайгаа хамтраад Киноны хууль дээр ажиллаж байна. Киногоороо дамжуулж дэлхий нийтэд бид маш их зүйлийг ойлгуулж, өөрсдийгөө сурталчилж болно. Дээр нь сошиал медиаг ашиглан Монголын талаархи сөрөг мэдээлэл, хандлагуудад хариу өгч, залруулга хийж эхэлсэн. Энэ утгаараа бид гадаад сурталчилгааны албыг яамныхаа бүтцэд байгуулсан.