Хүүхдийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор М.Пүрэвжавтай ярилцлаа.
-Та хамгийн сүүлд хүүхдийн цай хөтөлбөртэй холбоотойгоор ямар ажил хийв. Манай улсын хүүхдэд өгч байгаа үдийн цай хангалттай байна уу?
-Хүүхдийн хоолны чанарыг сайжруулах асуудлаар 2000 оноос ажиллаж байна. Ганцхан сургуулийн орчин биш, цэцэрлэгийн, оюутны хоолны шим тэжээлийг сайжруулах, гэртээ хоолныхоо дэглэмийг өөрчилж, хүний эрүүл мэндийг хамгаалах шим тэжээлтэй хоол идэх хэрэгтэй байгаа юм. Хүний эрүүл мэнд юунаас хамаарч байна вэ гэхээр нэгдүгээрт хоол, хоёрдугаарт идэвхтэй хөдөлгөөн, гуравдугаарт орчин чухал юм. Утаатай, тоос шороотой орчноос хамаарч хүн өвчилж байна. Халдварын бус өвчлөл нь нийт өвчлөлийн ихэнх хувийг эзэлсэн. Үүнийг нэгтгэж үзвэл амьдралын хэвшил нь өвчлөл үүсэхэд нөлөөлж байгаа юм. Иймээс хоол тэжээлийн байдлыг өөрчлөх шаардлагатай. Нийгмийн эрүүл мэндийг хамгаална гэдэг нь өвдөхөөс нь өмнө авах арга хэмжээг хэлнэ . Өвдөхөөс өмнө хүнийг сэргийлэх гол түлхүүр ойлголт нь хоол тэжээлийн байдалтай холбоотой. Тэр дундаа дэлхийн даяаршилт, хотжилттой холбоотойгоор хүний өвчлөл үүсч байгаа учраас өвчлөлөөс сэргийлэхийн тулд хоол тэжээлийн байдалд анхаарах хэрэгтэй. ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмж гэвэл амьдралын эхний 1000 хоногийн тухай асуудал яригдаж байгаа. Үүнд юу багтах вэ гэхээр хүүхэд ураг байхаас анхаарч хангалттай шим тэжээллэг байдлыг авч, хүний өсөлт хөгжилтийг хангах юм. Хоол гэдэгт бүхлээрээ шим тэжээлийн тухай асуудал яригдаж байдаг. Хоолоор дамжуулан авч байгаа шим тэжээлийн бодисын асуудал нэн чухал. Зөвхөн илчлэг, уургийн тухай асуудал биш юм. Хүүхэд бага насандаа шим тэжээлийн дутагдалд өртөж, өвчлөх үед эдгээх, эмчлэх нь эдийн засгийн хувьд дарамттай байдаг. Ийм учраас дэлхийн улс орнууд хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг маш өндөр төвшинд ярьдаг.
-Хүүхдэд үдийн хоол өгдөг загвар төсөл хэрэгжүүлсэн гэсэн. Энэ төслийнхөө талаар?
-Манай сургууль үдийн цайны чанарыг сайжруулах асуудлаар дагнаж ажиллаад 10 гаруй жил боллоо. Ингэхдээ олон асуудлыг дэвшүүлсэн ч амьдрал дээр бүрэн гүйцэд хэрэгжсэнгүй. Хүүхдийн хоолыг тэр тусмаа сургуулийн хүүхдийн хоолыг яаж өгөх, ямар байх нь зөв юм бэ гэдэг дээр загвар төслүүд хийсэн. Үүний гол учир холбогдол нь сургуулийн хүүхдийн цай биш, үдийн хоолны бодит боломж, жишээг харуулах байсан. Тийм учраас Улаанбаатар хотод хүн ихтэй захын дүүрэгт, аймгийн төв, сумын сургуулийн хүүхдийн үдийн хоолны загвар төсөл хийсэн.
-Загвар төслөөр хүүхдүүдийн идэж буй хоол нь шим тэжээлтэй байхад хэрхэн анхаарч байгаа юм бэ?
-Дэлхийн улсуудад үдийн цайны үйлчилгээтэй сургууль гэж байхгүй. Одоогоор 160 орчим орны сургуулиуд хүүхэддээ хоол өгдөг. Үдийн хоол өгдөггүй улс ч байгаа. Жишээлбэл, Австралид сургуулийн хүүхдүүдэд хоол өгдөггүй. Гэхдээ энд ямар хариуцлагын тогтолцоо байгаа вэ гэхээр эцэг эх нь хүүхдүүддээ хоолыг бэлтгэн өгч явуулдаг. Энэ улс хоол тэжээлийн өндөр хөгжилд хүрсэн орон. Харин манай загвар төслөөр сургуулийн хүүхдүүдэд үдийн цай биш, үдийн хоол өгдөг. Ингэхдээ өнөөдрийн зах зээл дээр байгаа 600 төгрөгт багтаан хоол бэлдэж, хүүхдийн хоолыг түрээсийн байгууллага, хувь хүн биш, сургууль өөрөө хариуцдаг. Хамгийн гол нь мэргэжлийн хоол зүйч ажилладаг юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн үдийн хоолыг бэлтгэхэд мэргэжлийн хоол зүйч удирдаж, зохион байгуулж явдаг гэсэн үг.
-Загвар төслөөр хүүхдүүдийн хоолыг 600 төгрөгт багтаан бэлдэж байна гэлээ. Тэгэхээр уг мөнгөөр хүүхдийн авах ёстой шим тэжээлийг хэр хангаж байгаа вэ?
-Загвар сургуулиадад 600 төгрөгт багтсан шим тэжээлтэй үдийн цай биш, үдийн хоол өгч байна. Хүүхэд хоногт авах нийт шим тэжээлтэй бодисын 10-15 хувийг үдийн цайгаар хангах ёстой. Гэхдээ загвар сургуулиудын хоол 15 хувиас ч илүү хувийг хангаж чадаж байгаа. Харин төсөв байхгүй учраас 30-35 хувьд хүрч чадахгүй. Гэхдээ загвар сургуульд 600 төгрөгөөр хүүхдэд хоол өгөхөд 10-15 хувиа хангахаас гадна халуун, чанартай хоол өгч болж байна. Зохистой хооллолтын үндэс гэдэгт таван бүлэг хүнс багтдаг. Мах, сүү, үр тарианы төрөл, хүнсний ногоо жимс жимсгэний төрөл орох ёстой. Иймээс төсөвлөсөн 600 төгрөгтөө тохируулж, таван бүлгийг хамарсан шим тэжээлтэй хоол өгөхийг хичээдэг. Ингэхдээ шим тэжээлийн бодисын тооцоо, хоолны газрын эрүүл ахуй, аюулгүй байдлыг тухайн хоол зүйч хариуцдаг.
-Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд судалгаа хийхэд хүүхдийн авах ёстой илчлэгийг хангасан үдийн цай өгч байгаа сургуулиуд хэр байна вэ?
-Хүүхэд авах ёстой илчлэгийн хэмжээг хангаж чадах бүтээгдэхүүнийг өгч байгаа сургуулиуд байгаа ч эсрэгээрээ өгөхгүй байгаа газрууд ч байна. Гэхдээ зөвхөн илчлэг чухал биш, илчлэгийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн маш их байдаг. Илчлэгийн хэмжээ тохирсон хэмжээнээс ихэсгэх юм бол таргалалт үүснэ. Нийт хүн амын 54.4 хувь нь жингийн илүүдэлтэй буюу нийт хүн амын хоёр хүн тутмын нэг нь таргалалттай байгаа нь илчлэгийн илүүдэлтэй холбоотой. Илчлэгийн хэмжээ чихэр, тос зэрэг олон зүйлээс шалтгаална. Жишээлбэл, хүүхдэд чихэрлэг гурилан боов, чихэртэй ундаа өгчихвөл илчлэг өндөр гарна.
-Сургуулиудад ажиллаж байгаа цайны газрууд үдийн цайг чанартай бэлтгэж байна уу?
-Түрээсэлж ажиллана гэдэг бол ашгийн төлөө байгууллага гэж хэлж болно. Тухайн хүн эхлээд хүүхдийн шим тэжээлийг бодох уу эсвэл түрээсээ төлөөд ашиг гаргаж авах уу гэдэг асуудлыг бодно шүү дээ. Гэтэл төрөөс 600 төгрөг л өгч байгаа. Миний бодлоор хүүхдийн хоолны газрыг нэг нэг жижиг компани, хувь хүнд түрээсэлснээс хүүхдийн эрүүл мэндийг хохироож байгаа гэдэгт анхаарал хандуулахгүй байна гэж харж байгаа.
-Ер нь хүүхдийн үдийн цай бэлтгэдэг газрууд ямар байх ёстой юм бэ?
-Гал тогоо нь хангалттай талбайтай байх, гал тогоонд шаардагдах бүх тоног төхөөрөмжүүд байх ёстой. Үүний ард жижиг туслах хэрэгслүүд байх юм. Чанартай сайн түүхий эдээр хангагдаж, тогооч нь ур чадвар, мэдлэгтэй байна. Мөн хүүхэд идэх шим тэжээлийг тооцож байдаг хоол зүйч байхаас гадна хүүхэд өөрөө хоолны талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.
-Танай сургууль үдийн цайны загвар төсөл хэрэгжүүлж, зарим сургуулийн хүүхдүүд үдийн хоол идэж байгаа ч улсын хэмжээнд үдийн хоол 600 төгрөгт багтааж идэх боломж бололцоо байна уу?
-Боломжгүй ч байсан боломжтой болгох ёстой асуудал. Олон улсын жишиг нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажилладаг. Хүүхдийн эрүүл мэндийн төлөө, шим тэжээллэг хоол өгөхийн төлөө, хүүхдийг аюулгүй байлгахын төлөө улс нь анхаарч ажилладаг. Хүүхдийнхээ эрүүл мэндийг бага наснаас нь эхлээд орхигдуулах юм бол ирээдүйд тухайн улс хүндрэлтэй болно. Тэгэхээр хүүхдийнхээ үдийн хоолыг түрээсийн байгууллагаар хийлгэдэг буруу тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.
-Хүүхдүүд үдийн хоол иддэг болох нэн шаардлага нь юу байна вэ?
-Монгол улсад хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах, сургуулийн хүүхдүүдэд үдийн цай биш, үдийн хоол өгөх шаардлага байна гэдгийг эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс харж болно. Монгол хүүхдүүд A,B,C амин дэмийн дутагдалтай. Наснаасаа намхан, тураалтай гэх мэт асуудлууд тодорхой хэмжээнд буурч байгаа ч олон улсын хэмжээнд хүрч чадахгүй байгаа юм. Үүнтэй зэрэгцээд хүүхдийн таргалалт нэмэгдэж байна. Иймээс манай улсыг ДЭМБ хоол тэжээлийн давхар дарамттай орон гэж тодорхойлсон. Мөн 0-5 хүртэлх насны хүүхэд таргалалттай орноос Ази номхон далайн улсуудаас тэргүүлж байгаа. Хүүхэд таргалах нь суугаа байдлаас хамаарч болох ч гол нь хооллолттой холбоотой байдаг. Ийм учраас зайлшгүй систем бүрдүүлж өөрчлөх хэрэгтэй.
-Системээ өөрчлөхийн тулд юу хийх вэ?
-Төр засаг шийдвэрээ гаргах ёстой. Манайд бүх нөхцөл бололцоо нь байгаа.
-Манай улсын хүүхдүүд үдийн цай биш, хоол иддэг болохын тулд юуг өөрчлөх вэ. Мөнгөний хэмжээг нэмэх үү?
-Мөнгөний асуудал ярихаасаа өмнө системийг бүрдүүлэх ёстой. Хүүхдийг хооллодог системийг мэргэжлийн удирдлагаар бүрдүүлэх юм. Мэргэжлийн удирдлага бүрдээгүй цагт хүүхдийн хоолны мөнгийг нэмээд ч хүүхэд шим тэжээллэг хоол авч чадахгүй.
-Бага ангийн хүүхдүүд л үдийн цайнд хамрагдах юм. Ер нь ахлах дунд ангийн хүүхдүүд үдийн цай идэхгүй байх нь тэдний өсөлт хөгжилтөд ямар нэг нөлөө үзүүлэхгүй юм уу. Олон улсын жишиг ямар байдаг юм бэ?
-Дунд ахлах ангийн хүүхдүүд үдийн хоол идэх 100 хувийн хэрэгцээ байгаа. Бид бүх хүүхдүүдээ сургууль дээр нь хооллох ёстой. Америк, Солонгос, Японд бүх хүүхэд сургууль дээрээ хоол иддэг. Гэхдээ Японд ахлах сургуулийн хүүхэд нь гэрээсээ хоол авч ирээд иддэг.
-Тэгвэл сургууль дээрээ чанартай, зөв хооллож чаддаггүй юм бол гэртээ хэрхэн зөв хооллох вэ?
-Энгийнээр хэлэхэд монголчууд Солонгос киног маш их үзэж байгаа. Солонгос кинон дээр хүмүүс өглөө гарахдаа юу идэж байгааг хараад суралцаж болно. Өглөө хооллох нь тухайн өдрийн гол шим тэжээлээ авч байна гэсэн утгатай. Хүн хамгийн багадаа гурван удаа хооллох хэрэгтэй. Өглөө өдөр орой гэсэн үг. Мөн эцэг эхчүүд хүүхдүүддээ өглөө чанартай цай заавал уулгах хэрэгтэй байна. Хоол муутай хүүхэд дархлаа сул, өвдөмтгий байхаас гадна өвчин нь хүндрэмтгий байдаг.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.