Open iToim app
Хуулийн цаг | 4 мин уншина

​Б.Пүрэвдорж: Шүүхээс хэрэг буцаадаг, шүүгчийн яллах талыг баримталдаг бурангуй тогтолцоог халлаа

​Б.Пүрэвдорж: Шүүхээс хэрэг буцаадаг, шүүгчийн яллах талыг баримталдаг бурангуй тогтолцоог халлаа
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 19
УИХ-ын өчигдрийн чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдлаа. Танай нам зарим заалтыг эсэргүүцэж, тодорхой шаардлагуудыг тавьсан. Хэдийг нь УИХ танай шаардлагад нийцүүлсэн бэ?
Ардчилсан нам Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүний эрхийг зөрчсөн 10 гаруй заалт байгааг хэлж байсан. Үүнээс дөрөв дээр нь гол анхаарлаа хандуулж ажиллая гэж шийдвэрлэсэн. Хууль батлагдахад бидний тавьсан дөрвөн шаардлагын хоёрыг нь хангасан.
-Байцаан шийтгэх хуульд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг зохицуулалт бий. Гэтэл АНУ, Англи, Герман, Япон, Солонгос зэрэг дэлхийн 160 улс хэргийг шүүхэд орж ирснээр нь хэлэлцээд хэрэг нь тогтоогдохгүй бол цагаатгаад, нотлогдвол яллаад явдаг. Өөрөөр хэлбэл, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шүүгч нь прокурорын ажил хийж байцаан шийтгэх ажлыг удирддаггүй юм байна. Сая УИХ хууль батлахдаа хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаггүй байхаар боллоо. Энэ танай тавьсан шаардлага уу?
-Засгийн газраас өргөн барьсан төсөлд энэ зохицуулалтаараа байсан. Өөрөөр хэлбэл, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүй байхаар оруулж ирсэн. Гэтэл ажлын хэсэг хэргийг дөрвөн шалтгаанаар шүүхээс буцаадаг байхаар санал оруулсныг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн. Харин өчигдөр УИХ-ын чуулган дээр Байнгын хорооны хурлын саналыг унагааж буцаахгүй болгож баталлаа. Өөрөөр хэлбэл, хүнийг олон сар жилээр залхаан шалгаж, нотлогдохгүй бол дахиад шалгаж зовоодог тогтолцоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсанаар алга боллоо. Дөрвөн зүйл ангиар шийтгүүлэхээр оруулж ирсэн хэргийн хоёр нь нотлогдвол хоёр зүйл ангиараа ялаа аваад явдаг, үлдсэн хоёр зүйл анги нь нотлогдохгүй бол тэр үйлдлийг нь цагаатгаад явдаг боллоо. “Хүн нь олдвол хэрэг нь олдоно” гэдэг бурангуй тогтолцоо үгүй боллоо . Ардчилсан нам хүний эрх, эрх чөлөөг хангах суурь зарчим дээрээ Засгийн газрын төслийг дэмжиж ажиллалаа.
-Мал хулгайлах хэрэг илрүүлэхийн тулд цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явуулах мөртлөө авлигын хэрэг дээр гүйцэтгэх ажил явуулахыг хориглосон байсан. Энэ чигээрээ батлагдсан уу, авлигын хэргийн илрүүлэлт дээр АТГ-ын саналыг хүлээж авсан уу?
-Авлигын хэргийг нэмж оруулсан. Ингэснээр мал хулгайлах, хулгайлах, хүнийг алах, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, мансууруулах бодистой холбоотой хэргүүд, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, авлигын гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явуулах бусад тохиолдолд хориглохоор болсон.
-Хүнийг гэмт хэрэгт холбогдуулан баривчлах хугацааг 72 цаг байсныг 24 болгоно гэсэн. Энэ хэвээр батлагдав уу, 48 цаг болж батлагдав уу?
-“Хар баасан гариг” гэж яригддаг 72 цагийн баривчилгааны асуудал байсан. Засгийн газраас хүнийг хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр баривчлах хугацааг 24 цагаас хэтрүүлэхгүй гэсэн санал оруулж, төсөлд тусгаад байсан. Үүнд учир бий. Сүүлийн гурван жилийн хугацаанд 5600 хүнийг 72 цаг баривчилсан байдаг . Тэдгээрийн 80 хувийг нь “Уучлаарай та гэмгүй байжээ” гээд суллаад явуулсан байдаг . Өөрөөр хэлбэл, нийт баривчлагдсан иргэдийн дөрөвний гурав нь ямар нэг хэрэгт холбогдолгүй байсан бөгөөд хилсээр 72 цаг баривчилсан гэсэн үг. Та бүхэн мэдэж байгаа, хүнийг баасан гаригт баривчлаад, хагас бүтэн сайнд нь “Энэ нөхөр бол гэмт хэрэг хийсэн” гэж хуулийнхан олон нийтэд мэдэгдэж, зохион байгуулалттайгаар иргэний нэр хүндийг унагаадаг. Ийм учраас 24 болгоё гэснийг ажлын хэсэг нэмж 48 цаг болгосон. УИХ 48 цаг хэвээр нь баталсан.
-Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулна, байгуулахгүй гэж хэд хэд ярилаа. Энэ байгууллагыг байгуулах юм уу?
-Би энэ байгууллагыг байгуулах ёстой гэдэг санал гаргасан. Прокурорын мөрдөнг байгуулж, тусгай субъектийг шалгаж байхгүй бол болохгүй. Яагаад гэвэл, хууль хяналтын байгууллагын нэг дарга нь нэг албан хаагчаараа “Энэ нөхөрт хэрэг олоод шалга” гэдэг. Ингээд шалгагдсан иргэн “Мөрдөн байцаагч намайг гэм буруугүй байхад хууль зөрчиж шалгалаа” гэж гомдол гаргахаар өнөө дарга нь өөр нэг мөрдөн байцаагчаар өөрийн ажилтаа шалгуулдаг. Нэг өрөөнд, нэг газарт ажиллаж байгаа хоёр мөрдөн байцаагч яаж нэг нь нөгөөгөө шалгах билээ. Ийм байдлаар тусгай субъектийн үйлдсэн хэрэг дарагдаад байгаа юм. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба 2004 онд 417 хүнийг шалгаж байсан . Гэтэл тус байгууллага татан буугдсанаас хойш сүүлийн дөрвөн жилд нийтдээ хуулийн байгууллагын 212 албан хаагч шалгагдсан . Үр дүн муу, хүний эрхийн зөрчил их байгаа учраас прокурорын мөрдөнг байгуулах шаардлагатай байсан. Гэхдээ энэ санал унаж байгуулах шаардлагагүй гэж үзсэн.
-Авлигатай тэмцэх газрын харьяалан шалгадаг 10 гэмт хэргийн заримыг, тухайлбал төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэх мэт хэргийг цагдаад шилжүүлэх тухай яриа явсан. Хэргийн харьяалалд нь өөрчлөлт орсон юм уу?
-Тийм зүйл гараагүй. Авлига, албан тушаалын хэргүүдийг АТГ-т нь хэвээр үлдээсэн.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн