Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

​Путин, Трамп нарын үнсэлт хананд "мөнхөрчээ"

​Путин, Трамп нарын үнсэлт хананд "мөнхөрчээ"
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 16
Литва улсын нэгэн рестораны гадаа ханан дээр Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь бараг тодорхой болоод буй Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын үнсэлцэж буй зураг "заларчээ". "Keule Ruke" рестораны эзэн нь АНУ-ын иргэн бөгөөд Дональд Трамп болон Владимир Путиний шүтэн бишрэгч аж. Рестораны эзний үзэж буйгаар тэд хоорондоо маш олон зүйлээр адил төстэй тэд хоёулаа Ерөнхийлөгч байсан цагт сайн сайхан ирнэ хэмээн найдаж буй тухайгаа “AP” агентлагт ярьжээ. Тэдний зургийн дээр “Бүх зүйлийг эргээд гайхалтай болгоцгооё” гэсэн уриа бичжээ. Үүнийг Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын “АНУ-ыг эргээд гайхалтай болгоцгооё” урианаас санаа авчээ. Рестораны эзэн “Шинэ хүйтэн дайны тухай хүн бүр ярьж буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нийцтэй хүн байх нь хамгийн зөв сонголт байх болно” гэжээ. 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нар бие биенээ дэмжиж буйгаа нээлттэй илэрхийлээд байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нэр дэвшигчийн талаар “Бид түүнийг үнэмлэхүй лидер гэдгийг Ерөнхийлөгчийн сунгаанаас харж байна” гэж хэлсэн бол Трамп “Өөрийнхөө улс оронд болон гадаад ертөнцөд өндөр нэр хүндтэй хүнээр магтуулах нь миний хувьд нэр төрийн хэрэг. АНУ, ОХУ терроризмтэй тэмцэх, дэлхийд дэг журам тогтооход хамтрах боломжтой. Хэрэв би Ерөнхийлөгч болбол Владимир Путинтэй хамтран ажиллахдаа таатай байна” гэж хэлж байсан юм.

Тэдний үнсэлцэж буй зураг нь жинхэнэ биш бөгөөд Зөвлөлтийн удирдагч Леонид Брежнев, Ардчилсан Германы удирдагч Эрих Хонеккер нарын үнсэлцэж буй зургаас сэдэвлэсэн зохиомжит зураг юм. Алдарт Берлиний ханан дээр байсан Леонид Брежнев, Эрих Хонеккер нарын үнсэлцэж буй зураг 1990 онд Берлиний ханыг нураахад хамт устсан билээ. Тэд 1979 онд БНАГУ-ын 30 жилийн ойн баяр дээр "социалист ах дүүгийн холбооны үнсэлт" хийж байсан бөгөөд энэхүү зургийг Берлиний ханан дээр "Бурхан минь, Энэ үхлийн хайраас намайг амьд гарахад туслаач" гэсэн гарчигтай графит зургаар зурагдаж байжээ. Ханан дээрх энэ зургийн санаа өдгөө олон сурталчилгаа, элэглэлд ашиглагдах болсон юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн