Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Путиний итгэдэг хамба лам Монголд төгсчээ

Путиний итгэдэг хамба лам Монголд төгсчээ
Нийтэлсэн 2015 оны 9 сарын 1
ОХУ-ын Буддын шашны гэгээнтэн, хамба лам Итгэлтийн сүм буюу Иволгинский дацан руу жил бүр олон мянган сүсэгтэн очиж мөргөл үйлддэг. Тэр байтугай Оросын улс төрийн зүтгэлтнүүд, нэр хүндтэй хүмүүс ч Итгэлт хамбад очиж мөргөдөг гэлцдэг. Тэд Итгэлт хамбад мөргөнгөө Иволгинский дацангийн хамба лам Дамба Аюшеевтай заавал уулздаг гэнэ. 
Дамба Аюшеев нь Путиний итгэлт хүмүүсийн нэг бөгөөд тэднийг ойр харилцаатай болохыг Оросын хэвлэлүүд онцолсон байдаг. Хэдий Үнэн алдартны шашинт ОХУ-ын төрийн тэргүүн ч гэлээ Путинийг Дамба Аюшеевтай уулзаж, зөвлөгөө авдгийг хэд хэдэн хэвлэлд тэмдэглэжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Халимаг улсын Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов гээд томчууд Итгэлт хамбад очиж мөргөл үйлдэхдээ түүнтэй уулзсан байдаг. Украины Ерөнхий сайд Юрий Ехануров Итгэлт хамбад мөргөж, Дамба Аюшееваас адис авсныхаа дараа Ерөнхий сайд болж, ОХУ-ын Дотоод Хэргийн сайд Рашид Нургалиев гэгээнтэн дээр очсоныхоо дараа сайд болсон гэх мэдээлэл ч байдаг. Харин ОХУ-ын Засгийн газрын долоон сайд Итгэлт хамбад мөргөснийхөө дараа сайд болцгоосон гэх домог мэт яриа ч олон. ОХУ-ын Тэргүүн Шадар сайд асан Анатолий Чубайсын машиныг дэлбэлэхэд тэрээр дотор нь сууж байсан ч амьд үлджээ. Халдлагын дараа Чубайс хамгийн түрүүнд Итгэлт хамба миний нүдэнд үзэгдсэн, тэрээр миний амийг аварсан гэж Халимагийн Ерөнхийлөгч асан Илюмжиновт хэлсэн байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч мөн энэ оны зургадугаар сард хамба лам Итгэлтийн сүмд очиж, мөргөл үйлдсэн байгаа юм. Тэрээр энэ үеэрээ Дамбой Аюшеевымтай уулзсан байна. Энэ уулзалтыг "AsiaRussia" сайтад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Итгэлт хамбаас адислал хүртсэнийхээ дараа 2016 оны УИХ-ын сонгуульд намаа бэлдэж эхэллээ хэмээн мэдээлсэн.
Ийнхүү олон зуун домог мэт ярианы сэдэв болсон Иволгинский дацангийн хамба лам Дамба Аюшеев гэж хэн бэ?

ХХIV Бандида Хамба лам Дамба Аюшеев богинохон хугацаанд Буриадад олон дацан, суварга босгож, нэлээд хэдэн ордон сүмийг барьсан нөлөө бүхий нэгэн аж. Ийм хүчтэй буддизмын сэргэн мандалт эдүгээ Монголд ч, Халимагт ч мөн Тувад ч гараагүйг хэвлэлүүдэд онцолсон байдаг.
Дамба Аюшеев нь Чита мужийн Красночикойн аймаг Шаргалжин /Бурсомон/ нутагт 1962 онд мэндэлжээ. Тэрээр Гандантэгченлин хийдийн дэргэдэх Монголын бурхан шашны дээд сургуулийг төгсч, Төвдийн анагаах ухааны талаар мэргэшсэн байдаг. 1989-1991 он хүртэл, Иволгинский дацангийн эмч ламаар ажиллаж байгаад 1991 онд Балдан врайбүн дацангийн ширээтээр сонгогдож, Цогчэн дуганы барилгын ажлыг эхлүүлэн явуулж байжээ. Ингээд 1995 онд бандида хамба ламаар дахин сонгогдон одоог хүртэл ажиллаж байна.
1995 оны дөрөвдүгээр сард тэрээр XXIV хамба ламаар өргөмжлөгдөж ОХУ-ын буддистуудын Оюун санааны төв зөвлөлийн даргаар сонгогджээ. Хожим уг төвийг ОХУ-ын Буддын шашны уламжлалт төв хэмээн нэрийг нь өөрчилсөн байдаг. Мөн тухайн жилээ тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны холбоодын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн болж, 1998 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Оросын шашин хоорондын зөвлөлийн тэргүүлэгчдийн нэг болжээ. 2004 онд тэрээр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын шашинхоорондын зөвлөлийн тэргүүлэгчдийн нэг болсон байна. 2008-2010 онд тэрээр ОХУ-ын олон нийтийн танхимын гишүүнээр ажиллаж байжээ. Ийнхүү тэрээр өдгөө Азийн буддистуудын энх тайваны бага хурлын дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны зөвлөлийн гишүүн, Оросын шашин хоорондын зөвлөлийн гишүүн зэрэг олон сонгуульт ажлыг давхар хашдаг байна.
Орос-Монголын харилцааны бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2011 оны зургадугаар сарын 4-нд "Алтан гадас" одонгоор шагнаж байжээ.
Тэрээр буриад угсаатны нандин шүтээний нэг олон дацан, дугана, суваргуудыг сэргээснээс гадна уламжлалт мал аж ахуйг сэргээхэд маш том хувь нэмэр оруулсан байдаг аж. Хамба лам Дамба Аюшеев буриад хэлийг сэргээх их ажлыг эхлүүлжээ. Мөн тэрээр үндэсний бөхийн барилдаанд онцгой анхаарал хандуулсны хүчинд бөхчүүдийг үндэсний өмсгөлтэй нь барилдуулах томоохон ажлыг хийж байжээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн