Open iToim app
Таны сонорт | 6 мин уншина

​Н.Пунцаг: Нийслэлд автомашины дугаарын шинэ сери тараах боломжгүй

​Н.Пунцаг: Нийслэлд автомашины дугаарын шинэ сери тараах боломжгүй
Нийтэлсэн 2016 оны 3 сарын 9
Автотээврийн үндэсний төвийн захирал Н.Пунцагтай ярилцлаа.
-2015 онд Автотээврийн үндэсний төв ямар ололт, амжилттай ажилласан бэ? 2015 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэвэл?
-Өнгөрсөн онд автотээврийн салбарын улс, хот хоорондын, орон нутгийн тээвэр зохицуулалтын үйл ажиллагаа нэгдсэн нэг зохион байгуулалтад орсноор тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах, үргүй зардлыг багасгах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх нөхцөл боломж бүрдсэн. Манай үндэсний төв ч мөн адил 2015 онд ажил үйлчилгээгээ хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, үргүй зардлыг багасгах, үйлчилгээний доголдлыг арилгах зорилгоор улс, хот хооронд нийтийн тээврээр зорчих тасалбар захиалах цахим системийг нэвтрүүлсэн. Мөн улс, хот хоорондын нийтийн тээвэрт найдвартай, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг хангасан үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслүүдийг байршил тогтоох төхөөрөмжөөр тоноглон хөдөлгөөний хурд, байршил, цагийн хуваарийн мөрдөлтийг байнга хянаж тээвэрлэгч байгууллага, иргэдийг мэдээллээр хангаж эхэлсэн. Техникийн хяналт, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааны ажиллах хугацааг уртасгаж иргэдэд үйлчилгээг ойртуулж, тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах ажлыг тогтмол хийлээ.
-2016 онд төлөвлөсөн хамгийн том ажил юу вэ?
-Бид дотоодын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг бүртгэлжүүлж, эрх зүйн зохицуулалттай болгож, ачаа тээвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулах, техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг ISO стандартын шаардлагын дагуу итгэмжлэлд хамруулах ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ачаа тээврийг зохицуулалтад оруулснаар манай улсад автотээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа ачааны тоо хэмжээ, нэр төрөл бодитой болно. Ингэснээр сөрөг, үр ашиггүй тээвэрлэлт багасах, үргүй зардал буурах нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой. Өсөн нэмэгдэж буй ачаа түүнийг тээвэрлэх тээврийн хэрэгслийн бодитой харьцааг тодорхойлох, автотээврийн талаар баримтлах төрийн бодлого боловсруулахад тээвэрлэж буй ачааны тоо хэмжээ, төрөл чухал. ISO стандартын шаардлагын дагуу техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг итгэмжлэлд хамруулж үйл ажиллагааг нь улам боловсронгуй болгосноор автотээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурах ач холбогдолтой гэж үзэж байгаа.
-Энэ жил улс, хот хоорондын тээвэрт ямар шинэ чиглэл гарах вэ?
-Одоогийн байдлаар улс, хот хооронд 78 чиглэлд нийт 900 гаруй автобус нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа. Улс, хот хооронд тээврийн шинэ чиглэлийн үйлчилгээ нээхийн тулд эрэлт, хэрэгцээг харгалзан үзэхээс гадна тухайн орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, тээвэрлэлтийн аюулгүй байдал хэр хангагдаж байгааг бас анхаарч үзэх ёстой болдог. Тиймээс эрэлт хэрэгцээг харгалзан үзэж шинэ чиглэл нээх, үйлчилгээгээ өргөжүүлэх асуудал одоохондоо судалгааны шатандаа яваа.
-Улсын хэмжээнд хэчнээн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа вэ?
-Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 791 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас орон нутагт 324 мянга, нийслэлд 467 мянга гаруй тээврийн хэрэгсэл буюу 59 хувь нь бүртгэлтэй байна.
-Машины дугаарын нөөц хэр байгаа вэ? Хэрэв тэр нөөц хэтэрвэл цаашид ямар байдлаар шинэ сери олгох зохицуулалт хийх вэ?
-Орон нутгийн хувьд улсын дугаарын нөөц хангалттай байгаа. Харин нийслэлийн хувьд 500 мянган автомашинд дугаар олгох боломжтойгоос одоогийн байдлаар 440 орчим мянган автомашинд дугаар олгоод байна. Улаанбаатар хотод 280 мянга орчим автомашин 2015 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан. Энэ нь бүртгэлтэй байгаа автомашинаас 160 мянгаар бага. Үүнээс 60 орчим мянга нь дугаараа солихгүй орон нутагт ашиглаж байгаа. Мөн 100 мянган автомашины дугаар ашиглагдахгүй, өөрөөр хэлбэл байхгүй хэрнээ бүртгэлтэй байгаа гэсэн үг. Эдгээр автомашиныг бүртгэлээс хасвал 100 мянга гаруй дугаар чөлөөлөгдөнө. Тээврийн хэрэгслийн дугаарын стандартад бага зэрэг өөрчлөлт оруулж, улсын дугаарыг орон нутгийн харьяалалгүй болгосон тохиолдолд бүртгэлийн үйл ажиллагаа чирэгдэлгүй болж, гурван үсэг дөрвөн тооноос бүрдсэн улсын дугаарын нөөц хангалттай болно. Үүнээс гадна тээврийн хэрэгсэлд анх ашиглалтад орох үед олгосон дугаар тухайн тээврийн хэрэгсэл бүртгэлээс хасагдах хүртэл солигдохгүй. Түүнийг дахин ашиглах шаардлагагүй болох боломж бүрдэхээс гадна эдийн засгийн хувьд ч хэмнэлт гарах ач холбогдолтой юм. Улсын дугаарыг солихгүй байснаар автотээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн сан ч бодитой болох юм. Ингэж бүртгэлийн үйл ажиллагааг бага боловч боловсронгуй болгоход ямар нэгэн нэмэгдэл хөрөнгө шаардахгүй. Бас одоо мөрдөж байгаа хуулинд өөрчлөлт оруулахгүй, харин үргүй зардал багасч үйлчилгээ хөнгөн шуурхай болно гэж бодож байна.
-Автомашины дугаар олголтыг автоматжуулсан ч азын дугаарын бизнес сэргэсэн талаар мэр сэр дуулддаг. Ер нь азын дугаар дагасан бизнес зогссон уу?
-Манай улсад тээврийн хэрэгслийн дугаарыг стандартад заасны дагуу орон нутгийн харьяаллаар олгож байгаа. Аймгуудад тээврийн хэрэгслийн тоо цөөн учир олон сери гаргах шаардлагагүй. Харин Улаанбаатар хотын хувьд УБ ,УН серийн дугаар олгож байгаа. Энэ сери аль 2013 онд гарсан. Одоо шинэ сери гаргах боломжгүй тул азын дугаарын асуудал цаашид бараг гарахгүй болов уу.
-Япон, Өмнөд Солонгосоос орж ирж олон жилийн насжилттай хуучин машинууд тэндээ чанарын шаардлага хангахаа больсон гэгддэг. Гэтэл манай улсын шаардлагад нийцээд байдаг хэрэг үү?
-Манай улсад импортлогдож байгаа тээврийн хэрэгслийн ихэнх нь Япон, Солонгосоос орж ирж байна. Тухайн улсуудад ашиглаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоно гэж Автотээврийн тухай хуульд заасан. Манай байгууллага хуульд заасны дагуу тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгож байгаа. 2014 онд манай улсад 61 мянга гаруй тээврийн хэрэгсэл, өнгөрсөн онд 51 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэгдэж улсын дугаар авсан. Өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад бүртгүүлсэн тээврийн хэрэгслийн тоо багассан гэсэн үг. Гаднаас орж ирж байгаа машин болгоныг хог дээрээс авчраагүй. Хятадад гэхэд нийтийн тээврийн насжилт 5-7 жил байдаг. Харин манайх 12 жил. Жижиг тэрэгний тухайд аль ч улсад он оны машин унаж л байгаа. Гол нь техникийн шаардлагуудаа хангасан байх ёстой. Үүнийг хориглох боломжгүй. Нийтийн тээвэр олон хүний амь настай холбоотой учраас насжилтын хэмжээг тогтоож өгсөн. Ер нь хяналт үзлэг хийдэг болсноос хойш харьцангуй өнгө үзэмж, чанар нь дээшилж байна.
-Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавихад техникийн хяналт, оношилгооны төвүүд хэр хүрэлцээтэй байна вэ?
-Улаанбаатар хот болон 21 аймагт техникийн хяналтын үзлэгийг жилийн турш 25 суурин болон 24 зөөврийн тоног төхөөрөмжөөр тоноглосон автомашинаар хийж байна. Техникийн хяналтын үзлэгт тээврийн хэрэгслүүд хойно хойноосоо цувж орохоор тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, технологийн горимыг тогтоосон. Технологийн горимоор суудлын автомашинд 15 минут, ачааны автомашин болон автобусанд 20 минут үзлэг хийдэг. Нэг шугамаар хамгийн багадаа нэг цагт 10-15 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх боломжтой. Түүнчлэн Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн дөрвөн төвийг уртасгасан цагаар ажиллуулж, ажлын өдрүүдэд 08.00-20.00, амралтын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд, жилийн турш буюу 355 хоног ажилуулж байна. Өөрөөр хэлбэл өдөрт дунджаар 11 цаг ажиллаж 1500, жилд 500 мянга гаруй тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай ажиллаж байна. Энэ жил дунджаар 50 орчим мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж, 10 орчим мянган тээврийн хэрэгсэл хасагдаж, шилжиж байгаа тул энэ онд 320 мянга гаруй тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдах тооцоо байгаа. Эдгээр тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн хүчин чадлын 70 хүрэхгүй хувийг ашиглаж байгаа юм. Нэг аймагт хамгийн ихдээ 20 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнд техникийн хяналтын үзлэгийн төвийн хүчин чадал хангалттай хүрэлцдэг. Тиймээс ойрын 4-5 жилийн хугацаанд Улаанбаатар хотод техникийн хяналтын үзлэгийн төвийг шинээр нэмж ажиллуулах шаардлагагүй, хүчин чадал хангалттай байна. Цаашид Сонгинохайрхан дүүрэгт байрлах авто худалдааны цогцолборт хоёр шугам бүхий техникийн хяналтын үзлэгийн төв байгуулахаар төлөвлөж байгаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн