Үнэн юм үнэнээрээ сайхан. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр 14.00 цагт товлогдсон байсан боловч 14.45 цагт эхэлсэн. Хурал хоцорсон шалтгаан нь Байнгын хороонд харьяалагддаг 19 гишүүний 14 нь хуралдаа суугаагүйтэй холбоотой.
Аргаа барахдаа Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийг орлож байгаа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нэлээд хэдэн гишүүн рүү утас цохиж, заримынх нь туслах руу Тамгын газрын ажилтнуудаар яриулж байна лээ. Ингээд Б.Батзориг, О.Батнасан, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан нарын таван гишүүний бүрэлдэхүүнтэй хурлаа эхлүүлсэн. Уг нь 19 гишүүний 10 нь ирвэл хурал эхлэх ёстой. Харин таван гишүүн тус бүр таван хүний ирцийн карт шургуулж, хүний кноп дарах байдлаар хурлаа үргэлжлүүлсэн. Ирцийн самбар дээр 19 гишүүний 10 нь ирсэн, ирцийн хувь 52.6 гэсэн цифр гарч байв. Хуралд хоцорч орж ирээд, ирцээ бүртгүүлэхгүй орж гарсан нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд нар байв.
Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэний эхнийх нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу “эх орноосоо урвах” гэмт хэргийг 2002 оны байдалд нь буцаах тухай байсан. Үүнийг гишүүд дэмжсэн. Хоёр дахь нь, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилохыг дэмжих эсэх талаар байв. Дээд шүүхийнхэн Оюуны өмчийн газрын даргаар олон жил ажилласан, гавьяат хуульч Н.Чинбатыг цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн юм. Хурлын үеэр гишүүд болон ажлын хэсгийн ярьсныг хүргэе.
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, шүүгч М.Батсуурь:
-Үндсэн хуулийн 65.1, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3.1, 3.2, Шүүхийн тухай хуулийн 17.3.7, 25.2.9, 25.3 гэсэн заалтуудад заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр зургадугаар сарын 6-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Р.Гончигдорж, Н.Чинбат, П.Зүмбэрэллхам, Ж.Дашдорж нар өөрсдийн нэрийг Ц.Сарантуяаг шүүгчдийн зөвлөлгөөнд оролцсон зарим шүүгчид нэрийг нь дэвшүүлснээс Д.Зүмбэрэллхам нэрээ татсан. Дээд шүүхийн шүүгчдэд нэр дэвшигч тус бүрийг танилцуулж, нууц санал хураалт явуулахад зөвлөлгөөнд оролцсон шүүгчдийн олонхи буюу 78.2 хувийн саналаар Намжилийн Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж, УИХ-д нэрийг нь оруулах нь зүйтэй гэж үзсэн болно. Н.Чинбат нь 1956 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 60 настай эрэгтэй. Тэрээр 1974 онд Улаанбаатар хотын арван жилийн 24 дүгээр дунд сургуулийг төгссөн. 1979 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн магистр зэрэгтэй. 1979-1990 онд Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн багш, Хууль зүйн тэнхимийн орлогч эрхлэгч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч, дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх, 1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн,1996- 2016 онд Оюуны өмчийн газрын дарга, 2014-2016 онд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, 2016 оноос одоог хүртэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж өгөхийг хүсье.
УИХ-ын гишүүн О.Батнасан:
-Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг дэмжиж байна. Та бол Үндсэн хуулийн манаачаар ажиллахаар саналаа өгөөд хэлэлцүүлэгдэж байна. Та бол оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн хүн. Аливаа улс хөгжихөд оюуны өмчийн асуудал хурцаар тавигддаг. Одоо УИХ Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хэлэлцэж байгаа. Үндсэн хууль дахь оюуны өмчийн заалт хэр хэрэгжиж байгаа вэ. Цаашдаа оюуны өмчийг хамгаалах, улсын хөгжилд хэрэгтэй оюуны өмч, патентын талаар ямархуу санаа бодолтой явдаг хүн бэ?
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Н.Чинбат:
-Үндсэн хуулийн зургадугаар зүйлд, “Оюуны өмч бол зохиогчийн өмч юм” гэдэг концепцийг тодорхойлж ирсэн. Энэ үзэл баримтлалын дагуу Монгол Улсын оюуны өмчийн хууль тогтоомжууд 1993 оноос эхлээд гурван суурь хууль батлагдсан. 1996, 2010 онуудад шинэчлэн найруулсан. Үүнээс гадна Монгол Улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 14 гэрээ хэлэлцээр, Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны өмчийн худалдааны гэрээ хэлэлцээрт нэгдэн орсон. Олон улсын эрх зүйн болон үндэсний хууль тогтоомжийн эрх зүйн зохицуулалтыг боломжийн, өнөөгийн шаардлагыг хангасан гэж Дэлхийн оюуны өмчийн байгууллага дүгнэсэн. Манай улсын хувьд НҮБ-аас баримталж байгаа инновацийг хөгжүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал дээр төрийн бодлогоор түлхүү анхаарах ёстой гэж үзэж байгаа. Монголын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт инноваци, соёлын үйлдвэртэй холбоотой нийт 12 заалт орсон байгаа. Эдгээрийг хэрэгжүүлээд явахад боломжийн хөгжих боломжтой гэж ойлгодог.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Н.Чинбат нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Таниас хоёр асуулт асууя. Бас нэг санал байна. Нэг дэх нь, зарим нэг эдийн засгийн гэмт хэрэг шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болоод байна. Хуульд асуудал байна уу, хөндлөнгийн нөлөөлөл ороод байна уу. Жишээлэхэд, эх үүсвэр нь тодорхой, улсын хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, хууран мэхлэх арга замаар авсан байж мэдэх зүйл байна гээд явуулахад, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хаагдаад байна гэдэг асуудал тавигдаж байна. Энийг хуульч хүний хувьд юу гэж үзэж байна. Хоёр дахь асуудал. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн манаач. Цэцийн дээр хөх тэнгэр л байгаа гэж бид ярьдаг шүү дээ. Тийм учраас сүүлийн үед ард нийтийн дунд Үндсэн хуулийн цэц улстөрчдийн захиалгаар ажилладаг, гар хөл нь боллоо гэдэг шүүмжлэл гарч байна. Цэцийн гишүүнд нэр дэвшиж байгаа хүний хувьд хийсэн судалгаа, үзэл баримтлал байна уу. Гурав дахь саналаа хэлье. Үндсэн хуулийг хамгаалах ажилдаа чин шударгаар итгэл үнэмшилтэй, үүргээ гүйцэтгэж ажиллаарай. Амжилт хүсье.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Н.Чинбат:
-Таны асуусан нэгдүгээр асуултын хувьд би хэвлэл мэдээллээр явж байгаа мэдээллийн төвшинд мэдээлэлтэй байгаа. Хуульч хүний хувьд тодорхой хэмжээнд өөртөө бодол санаатай явдаг. Гэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шат, шүүн таслах ажил бол Үндсэн хуулиар тодорхойлсон шүүх эрх мэдлийн хүрээнд бие даасан шинжтэй явдаг учраас тодорхой хэргийн талаар шийдвэрийн тухайд дүгнэлт хэлэх зохимжгүй. Өнөөдрийн үйлчилж байгаа болон долдугаар сарын 1-нд үйлчлэх эрүүгийн хууль тогтоомжид таны хэлдэг асуудал шийдэгдэх боломжтой гэж харж байна. Цэцийн гишүүнээр сонгогдвол таны хэлсэн зарчмын дагуу ажиллаж чадах байх аа гэж бодож байна, өөртөө. Баярлалаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
-Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанааг 2016 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр УИХ-ын тогтоолоор эгүүлэн татсан. Үүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрч байна. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт, “Цэцийн гишүүнийг нөхөн томилоход урьд санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа 14 хоногийн дотор гаргаж, түүнийг УИХ 30 хоногийн дотор хэлэлцэнэ” гэсэн байдаг. Тэгэхээр жил гаруй хугацаа өнгөрсөн учраас хуулийн дэг заалтууд зөрчигдсөн үү. Энэ талаарх албан ёсны тайлбар дүгнэлтээ өгөх ёстой гэж бодож байна. Тодруулга тайлбарыг сонсоё.
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, шүүгч М.Батсуурь:
-Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татсан талаарх УИХ-ын тогтоолыг Төрийн мэдээлэлд хэвлэгдээд 2016 оны гуравдугаар сарын 7-нд ирсэн. Бид хуулийн дагуу 14 хоногийн дотор шүүгчдийн зөвлөлгөөний хурлыг зарлаад 2016 оны гуравдугаар сарын 18-ны өдөр цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. Тухайн шүүгчдийн зөвлөлгөөн дээр зарим шүүгч “Өмнөх цэцийн гишүүнийг эгүүлэн татсан тогтоолын асуудлаар маргаантай байгаа учраас шийдтэл нь тодорхойгүй хугацаагаар хурлыг хойшлуулъя” гэсэн. Ингээд 2016 оны зургадугаар сарын 3-нд цэцийн магадлал гарч дууссан юм билээ. Үүнээс хойш шүүгчдийн зөвлөлгөөн зарлагдахгүй, хуралдахгүй байж байгаад сая хуралдаж байгаа. Энэ удаагийн хурал бол 2017 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн хурлын үргэлжлэл гэж бид ойлгож байгаа. Тийм учраас хугацаандаа байгаа гэж ойлгож байгаа. Маргаан шийдэгдтэл хүлээсэн гэдэг байр суурьтай байгаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
-Маргаан нь 2016 оны зургадугаар сард шийдэгдчихсэн юм байна. Тэгэхээр хуулийн хугацаа зөрчигдсөн байна. За нэр дэвшигчтэй холбоотой үг хэлэх гишүүн байна уу.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
-Нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Ер нь прокурор, шүүх, цэцийн байгууллага улс төрөөс хараат бус ажиллах ёстой. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд Улсын ерөнхий прокуророор Ардчилсан намын дарга байсан хүн томилогдсон байдаг. Улсын Дээд шүүхийг шахаж байгаад Үндсэн хуулийн цэцэд Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга байсан хүнийг томилох гэж оролдсон байдаг. Бодит байдал ердөө л энэ. Р.Гончигдорж гишүүн цэц рүү орох гээд, үүнийг нь шүүгч нар эсэргүүцээд хуулийн хугацааг бүтэн жил алдсан байх жишээний. Үндсэн хуулийг манаж байгаа цэцийн бүрэлдэхүүнийг дэвшүүлж байгаа хүмүүс сайн бодмоор байгаа юм. Тэгэхгүй бол улс төрийн томилгоо болчих гээд байсан. Би энэ удаа Дээд шүүхийг сайн хүн оруулж ирлээ гэж ойлгож байгаа. Цэцийн орон тооны бус гишүүнээр зургаан жил ажилласан Монголын урдаа барьдаг хуульчийг оруулж ирлээ. Үндсэн хуулийн цэцэд нам, улс төрийн ажил хийж байсан хүнийг оруулахгүй байх хязгаарлалт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд улстөрчид орж суухыг оролддог байдал тасрахгүй.
Ингээд санал хураахад, Н.Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон 10 гишүүний /үнэндээ тав/ 90.9 хувь нь дэмжсэн.