Open iToim app
Анализ | 10 мин уншина

​Протокол: Туул голыг хамгаалах талаар хэн, юу ярив

​Протокол: Туул голыг хамгаалах талаар хэн, юу ярив
Нийтэлсэн 2016 оны 10 сарын 26
iToim агентлаг #Протокол хэмээх шинэ булангаа нээж байна. Энэхүү булан олны анхаарлыг татсан хурал, хэлэлцүүлгийг олон нийтэд хүргэх зорилготой юм.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Туул голын бохирдлын шалтгаан нөхцөлд анхаарч, цэвэрлэх байгууламж, түгээмэл тархацтай ашигт малтмал, арьс шир, өлөн боловсруулах үйлдвэрүүдийн талаар нээлттэй сонсгол хийлээ. Туул голын бохирдол, үйлдвэрүүдээс шалтгаалсан өмхий үнэрийн асуудлаар 5840 гаруй иргэн Өргөдлийн байнгын хороонд хандсан байжээ. Нээлттэй сонсголд өргөдөл гаргасан иргэдийн төлөөлөл, яам, агентлаг, төрийн бус байгууллагын 14 орчим нэгжийн дарга ирж мэдээлэл солилцсон. Гэхдээ төрийн байгууллагуудын тоон мэдээ хоорондоо зөрүүтэй, тушаал журам хууль л ярьж, асуудал шийдэл ярихгүй байсан нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүдийг эгдүүцлийг нэлээд хүргэнэ лээ.

-Ж.Батбаясгалан /Нийслэлийн Засаг даргын орлогч/:
-Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтэй холбоотойгоор 8.1 тэрбум төгрөгийн асуудлыг Засгийн газраас шийдэхээр болсон байдаг. Гүйцэтгэлээр нь олгосон 3.6 тэрбум төгрөг байна. Одоо санхүүжилтийг бол зогсоосон байгаа. Хэрвээ санхүүжилтийг зогсоогоогүй бол 2017 онд урьдчилан цэвэрлэх байгууламжийг нүүлгээд, шинийг хүлээн авсан байх байлаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг гарч асуудлыг шийдүүлэхээр ажиллаж байна.
-Д.Сарангэрэл /Өргөдлийн байнгын хорооны дарга/:
-2012 оны арванхоёрдугаар 28-ны өдөр УИХ-аас 74 дүгээр тогтоол гаргаж нийслэлийн орон сууцны хороолол буюу суурьшлын бүсэд байгаа арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх шийдвэр гаргасан. Сонгууль болохоор түр зуур хаагаад, дараа нь буцаагаад сэргээчихдэг. Арьс ширний үйлдвэрүүд шөнийн цагаар ажиллаж, эхүүн үнэр гаргадаг. Иргэн Хишгээ бичлэг хийснээ авчирч үзүүллээ. Энд ирсэн албан тушаалтнууд, УИХ-ын гишүүдийн амьдарч байгаа орон сууцны орчимд ийм зүйл тохиолдсон бол зүгээр суухгүй байсан шүү. Яагаад 74 дүгээр тогтоол дөрвөн жил болоход хэрэгжсэнгүй вэ.
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар:
-УИХ-аас 74 дүгээр тогтоол гарсны дараа Засгийн газраас 2013 онд 249 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолоор арьс, шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байршуулсугай. Арьс ширний үйлдвэрүүдийн дэд бүтцийг байгуулахад Засгийн газрын үнэт цаасыг арилжаалан бүрдүүлсүгэй гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгасугай гэсэн. Үүнийг 2014 оны арваннэгдүгээр сард 356 дугаар тогтоолоор өөрчилж Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар арьс ширний үйлдвэрүүдийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг Шар Хөтөлийн хоолойд төвлөрүүлэх тухай нийслэлийн удирдлагуудын саналыг дэмжсэн. Арьс ширний үйлдвэрүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын болон хаягдал усыг цэвэршүүлэх, ариутгах, дахин ашиглах орчин үеийн цэвэрлэх байгууламжийг 2014 оны арваннэгдүгээр сараас эхлэн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай хамтран шуурхай зохион байгуулахыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайп Ш.Түвдэндорж, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт үүрэг болгосугай гэсэн. Энэ тогтоолоор 2017 он хүртэл дэд бүтцийг байгуулж, 2017 оноос 28 арьс ширний үйлдвэрийг нүүлгэнэ гэсэн шийдвэртэй байгаа. Газар дээрээ хийсэн зүйл юу ч байхгүй. Дэд бүтэц нь байгуулагдаагүй, технологийн парк нь байгуулагдаагүй байна.
-Хөдөө аж ахуйн яам:
-Засгийн газрын 249 дүгээр тогтоолоор арьс ширний үйлдвэрүүдийг Дархан-Уулд төвлөрүүлэн байгуулна гэсэн. ТЭЗҮ-г боловсруулсан. Тэр үед арьс ширний үйлдвэрүүд Дархан-Уул руу нүүхгүй гэсэн. Нөгөө талаас Дарханы ИТХ газраа чөлөөлж өгөөгүй. Ингээд 2013 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Өөр газар ол” гэсэн. Ингээд судлаад нийслэлийн Багануур дүүргийг судалж, төлөвлөсөн. Тэр үед Х.Баттулга сайд ажлаа өгөөд Ш.Түвдэндорж сайд ирсэн. Ш.Түвдэндорж сайд, энэ асуудлын эсрэгээр Завхан аймгийн Тэлмэн нуурын дэргэд арьс ширний цогцолбор байгуулах тусгай зөвшөөрлийг олгуулсан. Ингээд арьс ширний үйлдвэрийн байршил Улаанбаатар ч биш, Дархан ч биш, Эмээлт ч биш, Багануур ч биш Завхан болж хувирсан. Ингээд 2014 онд 249 дүгээр тогтоолыг өөрчилж 356 дугаар тогтоол гарчихлаа, “Буцаад Эмээлтдээ буу” гэсэн. Үйлдвэрлэгчдийн зүгээс дэд бүтэц бэлэн байвал нүүхэд бэлэн байна гэдэг. Сүүлд шинэ суурьшлын бүсэд арьс ширний үйлдвэрүүдийг үлдээгээд, 2015 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын 459 дүгээр тогтоол гарч БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Харгиа цэвэрлэх байгууламжийн техникийг шинэчилнэ гэсэн. Шинэ Засгийн газрын бүтцийн дагуу Аж үйлдвэрийн яам татан буугдаж, өмнө байсан мэргэжилтнүүд маань буцаад манай яаманд ирсэн байгаа. Гэвч хөрөнгийн асуудлыг тусгая гэхээр хуулиар оноосон чиг үүргээрээ манай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны чиг үүрэгт хамаарахгүй байна. Гэхдээ бид зүгээр суугаагүй, ус бага хэрэглэдэг, хром хэрэглэдэггүй технологийн судалгааг хийж байна.
-А.Сүхбат /УИХ-ын гишүүн/:
-Би Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Лүн, Заамар, Орхонтуул хүртэл яваад ирлээ. Манай Мэргэжлийн хяналтынхан “Алтанбулагаас доошоо Туул гол өөрийгөө цэвэршүүлчихдэг” гэж хэллээ. Хромыг, бусад химийн нэгдлийг яаж цэвэршүүлдэг юм. Тийм юм байхгүй шүү дээ. Төрийн байгууллагууд буруугаа нэг рүүгээ чихэж, хөрөнгө санхүүгүй гэдэг байдлаар хандмааргүй байна. Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Төв цэвэрлэх, Харгиа байгууламжид очиж ажилласан. Би бүх цехүүдээр явж үзсэн. Төв цэвэрлэх байгууламжийн хоёр тунгаагуурыг барина гэсэн ч 2013 оноос хойш ажил нь зогссон байна. Төв цэвэрлэхэд хоногтоо авдаг 170 мянган шоо метр усыг алдах юм бол Улаанбаатар хот бохирт живнэ шүү. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, өргөтгөхгүй бол гэр хорооллын барилгажилт гэдэг зүйл байхгүй шүү. Арьс ширний үйлдвэрүүдэд өөрсдөд нь шүүлтүүр байна уу. Хэрэглээний бохир, арьс ширний үйлдвэрийн бохир хоёр өөр шугамаар ирдэг биз дээ. Нэгтгэж цэвэрлэх гэж дайраад хүчин чадал чинь хүрэхгүй байгаа юм биш үү. Салгаад цэвэрлэвэл илүү ашигтай юм биш үү. Дараагийн цэвэрлэх байгууламжийг барьтал яаж 5-10 жил тэсэх вэ.
-Ц.Төрхүү: /Ус сувгийн удирдах газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч/:
-Төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон байдаг юм. Одоо бол 50 гаруй жил ашиглаж байгаа. Хоногт 160-170 мянган шоо метр бохир усыг цэвэрлэдэг. Өнөөдрийн байдлаар бид 190-210 шоо метр ус цэвэрлэж байна. Лабораторийн шинжилгээгээр одоо бол бохир усыг 78 хувь цэвэрлэж Туул голд усаа нийлүүлж байна. Он оны судалгааг харахад 2005 онд л 85 хувьтай цэвэрлэж байж. Түүнээс хойш багассаар 78 хувьтай цэвэрлэж байгаа. Тийм учраас бидэнд шинэ цэвэрлэх байгууламж хэрэгтэй байна. Ус сувгийн удирдах гарын зүгээс шинэ цэвэрлэх байгууламжийнхаа ТЭЗҮ-г хийлгэсэн байгаа. Цэвэрлэх байгууламжийнхаа хажууд 25 га газар аваад хадгалчихсан байгаа. Хөрөнгө мөнгөнийхөө асуудал дээр л гацаад байна. 360 сая ам.долларын өртөгтэй шинэ цэвэрлэх байгууламж барих ТЭЗҮ хийлгэсэн. Цэвэрлэх байгууламж дээр 8.1 тэрбум төгрөгөөр 26 ажил хийхээс 20-ыг нь хийгээд байна. Зургаан ажил хөрөнгөөс болоод хийгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар арьс ширний үйлдвэрүүд дэргэдээ урьдчилан цэвэрлэх үйлдвэргүй. Хуулиараа арьс ширний үйлдвэрүүд урьдчилан сэргийлэх үйлдвэртэй, шүүлтүүртэй байх ёстой. Гэвч шууд төв цэвэрлэх болон Харгиад бохироо нийлүүлж байгаа. Арьс ширний үйлдвэрүүдээс гадна хүнсний үйлдвэрүүд, ноос ноолуур, олон боловсруулах үйлдвэрүүд, машин угаалгын газрууд, спирт архины үйлдвэрүүд, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд бүгд л урьдчилан цэвэрлэх жижиг үйлдвэрүүд байх ёстой.
-Д.Дамба-Очир /УИХ-ын гишүүн/:
-УИХ-ын байнгын хороон дээр явж байгаа хэлэлцүүлэгт ядаж л яамдын Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар ирэх хэрэгтэй. Төрийн ажил, УИХ-ыг хүндэтгэж төрийн ажлыг хүндэтгэх ёстой юм. Уул уурхайн яам Туул голоос 200 метрээс гадна байгаа гэж хайрга, дайрганы карьеруудыг өмөөрөхөөс илүүтэйгээр үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй. Өмнө нь холоос авч болоод байдаг байсан хайрга, дайргыг одоо яагаад голоос авах ёстой юм. Өөрсдөө өвөр түрийнд нь орж хэвтээд байдгаа болих хэрэгтэй. Би Сонгинын амралт руу явахдаа өмхий, бохирдол ямар байгааг харсан. Цэвэрлэхийнхэн бохирыг 78 хувь цэвэрлэдэг гэж худлаа байхгүй юу. Үнэр танар, бохирдол найгүй шүү, нүд хальтирдаг юм. Байнгын хороо УИХ руу асуудал оруулж, УИХ-аас Засгийн газарт чиглэл өгч карьер, цэвэрлэхийн асуудлыг шийдүүлэх ёстой гэж бодож байна. С.Үнэн гэж ашиг сонирхлын зөрчилтэй нөхөр Ус сувгийн удирдах газрын дарга байхдаа бизнес ярьж хоёр тийш чангаагаад төрийн ажлыг явуулахгүй байсан. Одоо ажлыг шийдэж явуулах цаг болсон.
-Барилга, хот байгуулалтын яам:
-Түрүүчийн Засгийн газрын үед Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г Францийн компани хийсэн. Одоогийн 360 сая ам.долларын байгууламж барих асуудал НЗДТГ дээр явж байгаа. Хотын захиргаа бол “Бидэнд санхүү байхгүй учраас яам татаж авна уу. Бид бүх талаар дэмжиж, хамтарч ажиллая. Шинэ цэвэрлэх байгууламжтай болох маш чухал байна” гэсэн. Яамны зүгээс цэвэрлэхийн асуудлыг татаж авахаар энэ долоо хоногт уулзалт хийхээр товлоод байна. Мөн Дэд бүтэц төслийн хүрээнд Буянт-Ухаа хорооллууд, Нисэхийн орчимд шинэ цэвэрлэх байгууламж баригдаж байгаа. Төслийн ажил 80 хувьтай явж байгаа. Өдөрт 20 мянган шоо метр бохир ус цэвэрлэх багтаамжтай. Ямар ч байсан тэр хавийн айл өрхийг бүрэн хангах чадалтай Туркийн технологи. Ирэх онд дуусч ашиглалтад хүлээн авна. Хөрөнгө оруулалт Хөгжлийн банкинд дээр гацсан байгаад удахгүй шийдэхээр болсон. Түүнээс гадна яам Жайкагийн төслөөр нэлээд хэдэн бага, дунд оврын цэвэрлэх байгууламж байгуулъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам:
Улаанбаатар хот буюу Туул голын сав газрын хэмжээнд 206 тусгай зөвшөөрөлтэй талбай байна. Налайхын Элстэйгээс Төв аймгийн Заамар хүртэлх гэсэн үг. Яг Улаанбаатарын Хан-Уул дүүрэг, Алтанбулаг орчимд 156 орчим лиценз байна гэсэн мэдээлэл Туул голын сав газрын захиргаанаас гардаг. Өнгөрсөн 2012-2016 оны хооронд эдний 88 лицензийг цуцлуулахаар Ашигт малтмалын ерөнхий газар, Уул уурхайн яаманд санал хүргүүлсэн. Тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын ерөнхий газрын Кадастрын хэлтэс олгож, цуцалдаг. Бид бол Урт нэртэй хуулийн хүрээнд хийхээ хийсэн. Төв цэвэрлэх байгууламжийн тухайд Францын компани 6 тэрбум төгрөгөөр ТЭЗҮ-г нь хийж өгсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам саналаа өгөөд явсан. Туул голыг бохирдуулах гол үндэс нь Төв цэвэрлэх байгууламж болсон гэдэг нь үнэн. Эхний найман сарын мэдээгээр бохир цэвэрлэгээ 40-67 хувьтай байна гэж Байгаль орчны төв лаборатори шинжилсэн. Японы Засгийн газраас арьс ширний үйлдвэрүүдэд бага оврын зөөврийн цэвэрлэх байгууламж нийлүүлэх санал гаргаад 2014 онд хэлсэн. Бид ажлын хэсэг гаргаад, яаралтай эхлүүлье гэсэн.
-Н.Цэрэнбат /УИХ-ын гишүүн/
-“Хуулиараа тэгэх ёстой” гэж бүх байгууллага ярих мөртлөө яагаад арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоохгүй байгаа юм бэ. Хуулиараа “ёстой” гэдгээ жинхэнээсээ хийгээч ээ. “Ёстой” байгаа зүйл яагаад “ёсгүй” байгаа юм бэ. “Харгиа”-д бохир нийлүүлдэг арьс ширний үйлдвэрүүд 360 сая ам.доллараа гаргаад цэвэрлэх байгууламж гарга л даа. Нэгийнх нь үйл ажиллагаанаас нөгөө нь хохирч болохгүй шүү дээ. Зөвшөөрөл олгосон төрийн захиргааны байгууллагууд хариуцлагаа хүлээ. Өнөөдөр яагаад арьс ширний үйлдвэрийн эзэд хэлэлцүүлэгт ирж оролцохгүй байгаа юм. Маргаашаас дахиад л Туул голоо ярих юм уу. Эндээс шийдэл гарахгүй юм уу. Албан тушаалтнууд солигдсон ч асуудал нь хэвээр үлдээд байх юм уу. Хүмүүс хохироод байх юм уу. Туулыг бохирдуулж байгаа 156 лиценз эзэмшигч, 29 арьс ширний үйлдвэр хууль зөрчөөд байх уу. Яагаад тэд давуу эрхтэй байгаа юм.
Уул уурхайн яам:
-Голын эрэгт элс, хайрга олборлож байсан аж ахуйн нэгжийг хамгаалалтын 200 метрээс гаргаж цэгцэлснийг түрүүн хэлсэн. Голын эрэг орчимд үйл ажиллагаа явуулж байгаа таван аж ахуй нэгж өнгөрсөн жил байсан. Ер нь бол тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал боломжтой. Гэхдээ цуцалснаар шүүхийн маргаан нэлээд гардаг. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нөхөн олговор төлдөг асуудал байгаа. Одоо шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа.
Нийслэлийн Байгаль орчны газар:
-Нийслэлийн Хан-Уул дүүрэгт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 67 аж ахуйн нэгж байгаа. Үүнээс хуулиар эрх шилжсэнээс хойш нийслэл дөрвийг нь, үлдсэнийг нь агентлагийн төвшинд олгосон. Дөрвөн зөвшөөрөл Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын зурвасын гадна талд байна. 2014 оноос өмнө Ашигт малтмалын газраас 24 карьерийн зөвшөөрөл олгосон нь Туул голын онцгой хамгаалалтын бүсэд орчихсон. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар эдгээрийг шалгаж хаагаад байна. Бусдыг нь Байгаль орчны яамнаас санал хүргүүлж Ашигт малтмалын газар хаах ёстой.
Туул голын хамгаалалтын бүсийн дагуу элс, хайрга олборлогчид ус ашигласны татвар төлдөг. Энэ татвар улсад ордог. Манайхаас өмнөх жилүүдэд хамгаалалтын бүсэд орсон аж ахуйн нэгжүүдээс онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд орсны татвар авах асуудлыг оруулж байсан ч шийдэгдээгүй явж байна.
Б.Энх-Амгалан:
-Уул уурхайн яамны нөхөр үнэн сэтгэлгүй гар юм аа. Ярьж байгаа тоогоо хар л даа. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалбал нөхөн төлбөр өгөх шаардлагатай болдог гэж юу яриад байгаа юм. Эрүүл мэндийнхээ асуудлыг хуулиар хаалгаад сууж байх юм уу. Энд чинь монгол хүний амьдрах баталгааны асуудал яригдаж байна. 29 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалчихаар Монгол Улс барилгын материалгүй, эдийн засаг нь сүйрчих гээд байгаа юм уу. Би наад тойргоос чинь найман жил сонгогдсон учраас нэвт мэднэ. Зэвсгийн агуулахын чинь ард талыг хүртэл ухаад хаячихсан сууж байгаа шүү. Та нар санал оруулж ирээд наад аж ахуйн нэгжээ цуцалж, голоос холдуул. Шаардлагатай бол 200 метрийн зохицуулалтыг чинь Урт нэртэй хуульд 2000 метр болгоод өгье. Хоёрдахь нь, Байгаль орчны яамныхан голын дагуу ажиллаж байгаа амралт зугаалгын 200 компаниа цуцлаад өг. “Одоо болсон найзууд аа, та нарын нүхэн жорлонгийн өтгөн чинь хөрс, голыг бохирдуулаад одоо хүнд нөлөөлөөд байна” гээ. Эсвэл тэнд нь стандарт тогтоочих л доо. Соруулдаг, зөөдөг жорлонтой бол гэж шаардлага тавь л даа. Ингэж шаардлага тавьж ажиллахгүй бол болохгүй байна шүү дээ. Нөгөө талаар Богд уулын дагуу яасан их газар өгдөг юм бэ. Боль л доо. Богд уулаас Хан Хэнтийн нуруу руу нүүдэг зурвас замыг хаагаад газар өгснөөс болоод амьтад нүүдэллэж чадахаа больчихсон байна. Нэг зүйлийг хэлье, Төв цэвэрлэх байгууламжийн асуудал дээр улсын төсөвт оруулаад шийдэж болно. Бид 65-уулаа дэмжинэ.
Д.Сарангэрэл: /Өргөдлийн байнгын хорооны дарга/
-За баярлалаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт ирсэн албаны болон иргэдийн төлөөлөлд талархаж байна. Бүгдээрээ хамтарч байгаад Хатан Туул голоо хамгаална шүү. Өргөдлийн байнгын хороо Туул голыг хамгаалах, төв цэвэрлэх болон арьс ширний үйлдвэрүүд, карьерийн асуудлыг нэг тийш болгох ажлын хэсгийг маргааш томилно. /Ингээд УИХ-ын гишүүн А.Сүхбат ажлын хэсгийг ахлахаар боллоо/

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн