Чехийн Прага хотын амьтны хүрээлэн Прежевальскийн адуу гэгддэг дөрвөн тахийг Монгол Улсад амжилттай шилжүүлэн өгсөн тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Монгол оронд үр удам нь тасраад байсан зэрлэг адуу болох Пржевальскийн дөрвөн адууг Прагын амьтны хүрээлэнгээс тээвэрлэсэн агаарын хөлөг өнгөрсөн ням гаригт Ховд аймгийн Булган сумын нисэх онгоцны буудалд амжилттай газардсан байна. Үүний дараа дөрвөн тахийг Тахийн талд нутагшуулсан байна. Тээвэрлэлт хийх явцад ОХУ-ын Казан, Новосибирскт хоёр удаа зогсчээ.
Тахийн удмыг эх нутагт нь илгээх төсөлд Чехийн хүрээлэн буй орчны болон Батлан хамгаалахын яам хамтран оролцож, онгоцоор хангаж байгаа юм байна. Тахийг тээвэрлэх тээврийн зардал нь 1,2-1,4 сая ам доллар болж байгаа, энэ төсвийг бүрдүүлэхийн тулд уг амьтны хүрээлэнгийнхэн олон нийтийн хандив, амьтны хүрээлэнгийн тасалбарын худалдааны орлого зэргийг ашигладаг байна. Тахийг тээвэрлэхдээ ОХУ-аар дамжин өнгөрдөг байсан бол ирэх жилээс БНХАУ-аар дайран өнгөрөхөөр төлөвлөжээ.
Одоогоос 40 жилийн өмнө тоо толгой нь эрс хорогдож эхэлсэн тахийг ийнхүү эх нутагт нь шилжүүлэх ажлыг Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн зохион байгуулсаар ирсэн юм. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 1900 толгой тахь тоологдсны 300 нь Монголын үндэсний хоёр хүрээлэнд байна. Прагын амьтны хүрээлэнгийн хувьд 1932 оноос Прежевальскийн адууг тэжээж эхэлсэн юм байна.Тахийн удмыг эх нутагт нь илгээх төслийн хүрээнд 19 тахийг Монголд нутагшуулснаас 17 нь амьд байгаа аж.