2016 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс буюу өнгөрсөн баасан гаригаас "Парисын хэлэлцээр" албан ёсоор хүчин төгөлдөр боллоо. Энэ нь "Киотогийн протокол"-ын дараах дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи хууль ёсны хоёр дахь хэлэлцээр болж байгаа юм. Парисын хэлэлцээр нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад хоёр хэмээс хэтрүүлэхгүй байж улмаар 1.5 хэмд хязгаарлах амлалтыг дэвшүүлсэн түүхэн ач холбогдолтой олон улсын хэмжээний баримт бичиг юм.
Ийнхүү шинэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор дэлхийн уур амьсгалыг өөрчлөх үйл ажиллагааны хэрэгжилт шинэ үе шатанд орсныг харуулж байна. Энэ хэлэлцээрийн тэргүүн эгнээнд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бүрэн зогсоох тэргүүтэй асуудлууд багтаж байгаа юм. Үүний тулд улс орнууд дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж буй гол хүчин зүйл болох нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэргийг ялгаруулагч нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээг бууруулахаар тохиролцсон бөгөөд үүнтэй холбоотой тус бүрийн хүчин чармайлтыг хэрэгжүүлж эхлэх юм. Одоогийн байдлаар Хятад, АНУ, Энэтхэг зэрэг орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үндэсний төлөвлөгөөгөө зарлан, хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Түүнчлэн Марокко улсад маргааш уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал эхлэх бөгөөд энэ үеэр дэлхийн олон улс орны төлөөлөгчид хүлэмжийн хийг бууруулах арга замуудыг хэлэлцэнэ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Хятад, Америк уг хэлэлцээрт албан ёсоор нэгдэн орсон нь хүлэмжийн хийн ялгаралтын 39 хувийг эзлэх орнууд энэхүү хэлэлцээрийг баталсантай тэнцэж байна хэмээн онцолж байв. Өнөөдрийн байдлаар, 190 улс орон, түүний дотор Монгол Улс уг хэлэлцээрт нэгдэн ороод байгаа бөгөөд энэ нь хүлэмжийн хийн нийт ялгаралтын 70 хувийг бий болоход нөлөөлдөг улсууд уг хэлэлцээрийг дэмжсэн гэсэн үг юм.
Уг хэлэлцээрийг хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахад чиглэсэн олон улсын хүчин чармайлтын хүрээнд өнгөрсөн онд Францын нийслэл Парис хотноо болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын бага хурлын үеэр 190 гаруй улс болон засаг захиргааны тусгай бүсийн оролцоотойгоор байгуулсан билээ.