Манай iToim агентлаг залуусын мэргэжил сонголт, гадаад, дотоодын тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө ярилцлагыг цувралаар хүргэхээр болсон билээ. Цуврал ярилцлагын зочноор “Fulbright” хөтөлбөрт хамрагдан, “Southern Illinois” их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн магистрын ангид суралцаж буй Б.Оюу уригдлаа.
- АНУ-ын Төрийн департментын боловсролын хөтөлбөрүүдийн хамгийн том хөтөлбөр “Fulbright”-ийн тэтгэлгээр суралцаж байгаа. Энэ боломжийг өөртөө хэрхэн бий болгосон бэ. Мөн сургуулийнхаа талаар танилцуулж болох уу?
-Сайн байна уу. Манай сургууль Carbondale хотод байрладаг. Чикаго хотоос 5 цагийн зайтай байрладаг. Манай сургууль чанартай боловсрол олгохоос гадна олон үндэстний оюутан суралцдаг нь том боломж юм. Тухайн оюутнаар дамжуулан бусад орны соёлыг мэдэх боломжтой. Би хоёр жилийн өмнө “Fulbright” тэтгэлэгт өргөдлөө бүрдүүлж өгч байсан. Мэдээж маш их өрсөлдөөнтэй тэтгэлэг. Сонгон шалгаруулах явц их удаан үргэлжилдэг. Жилийн турш шалгаруулалтад орох учир эртнээс бэлтгэх хэрэгтэй. Сургуулиа төгсөөд гадаадад суралцах бодол их байсан. Тиймээс боломжит бүх тэтгэлэгт материалаа бүрдүүлж өгсөн. Хүн хийгээгүй зүйлдээ их харамсдаг гэдэг шүү дээ. Хийхийг хүссэн бүхнээ хийх хэрэгтэй. Түүнчлэн олон сонголтыг өөртөө бий болгох хэрэгтэй гэж боддог.
Английн болон Австралийн Засгийн газрын тэтгэлэгт тэнцэж чадаагүй. Тэтгэлэгт тэнцэж чадаагүй болохоор их хичээсэн. Материалаа улам чангаруулж, алдаагаа засч байсан нь надад маш их туршлага, давуу тал болсон гэж боддог. Дараа нь “Fulbright”-ийн тэтгэлгийн эхний шалгаруулалтад тийм ч их түүртээгүй. Гэхдээ яг тэтгэлэгт хамрагдсан гэх эцсийн шийдвэр гараагүй байсан. “Fulbright” тэтгэлэг авахад хамрагдах оролцогч, хамрагдах магадлалтай оролцогч гэж ангилагдсан байдаг. Тухайн үед би яг хамрагдана гэсэн шийдвэргүй ч магадлалтай гэсэн оролцогч байсан. Тэгэхдээ л эцсийг нь хүртэл явна даа гэж их хичээсэн.
Хэд хэдэн сургуульд санал явуулахад одоо суралцаж байгаа сургууль маань сургалтын төлбөрийг даана гэсэн нь их сайхан мэдээ байсан. “Fulbright”-т оролцогчидтой зардлын талаар тодорхой ярилцдаг. Ингээд хамгийн эцсийн шийдвэр зургадугаар сард гарч долдугаар сард би энд ирсэн.
-Монголд суралцаж байхдаа тэтгэлэгт хамрагдаж байсан уу?
-Их сургуульд элсч орсон жилээ Америкийн Элчин сайдын бакалаврын оюутнуудад зориулсан солилцооны хөтөлбөрт хамрагдсан. Глобал UGRAD хөтөлбөр нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 курсийн оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их дээд сургуульд зэргийн бус солилцоонд хамрагдах боломжийг олгодог. Хөтөлбөр нь оюутнуудад Америк багш нар, сурагчидтай хамт суралцаж, АНУ-ын их дээд сургууль, сургалтын системтэй танилцах боломжийг олгодог. Солилцоонд хамрагдаад очиход соёлын шоконд орсон. Америк, Монголын нөхцөл байдлыг харьцуулж эхэлсэн. Шууд л англи хэл дээр хичээл үзсэн нь ч их хэцүү санагдаж байлаа. Гэхдээ хүн өөртөө итгэх хэрэгтэй юм байна гэдгийг мэдсэн. Судалгаа болон илтгэл танилцуулахад өөртөө итгэлтэй байх нь чухал. Өөртөө итгэлтэй байхын тулд тухайн зүйлээ маш сайн мэдэж байх хэрэгтэй. Мөн өөрийн хийж буй зүйлд чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Солилцоонд хамрагдаад ирэхэд “лаг” байхын тулд бусдыг дуурайх шаардлагагүй. Өөрийгөө нээх нь чухал гэдгийг ойлгосон. Хүмүүс янз бүр байдаг.
Энэ хөтөлбөрийн талаар нэгдүгээр курст орохдоо мэдэж байсан. Тэгээд зорилгоо болгож, хэлээ сураад, хичээлдээ шамдсан. Ер нь өөрийгөө дайчилсан, урагшлах ёстой гэсэн бодол хаана ч буруудахгүй. Хөтөлбөрт хамрагдаж ирээд Голомт банк, Шунхлай, LG групп, Мицүбиши корпорацийн тэтгэлэгт хамрагдсан. Энэ бүх тэтгэлэгт дөрөвдүгээр курст байхдаа хамрагдсан. Солилцооны хөтөлбөрт хамрагдах надад үнэхээр том туршлага болсон. Ярилцлагад өөрийгөө илэрхийлэх чадвар ч нэмэгдсэн.
Солилцооны хөтөлбөрт хамрагдаж ирээд өөрийн мэдсэн, сурснаа хүүхдүүдтэй хуваалцахыг хүссэн. Намайг төгсөж байхад мэдээ мэдээлэл их бага байсан. Бид бараг юуг ч мэддэггүй байсан. Ялангуяа Улсын сургуулийн сурагчдад мэдээлэл сайн түгээх хэрэгтэй гэж боддог. Ер нь өөрт ямар боломж байгаа гэдгээ мэдэж байж бид түүний төлөө хичээж, өөрийгөө дайчилна шүү дээ.
-Бид боломжийг хангалттай ашиглаж чаддаг гэж боддог уу?
-Хүн хүнээсээ л шалтгаална. Ашиглаж чадаж байгаа хүмүүс бий. Гэхдээ бид боломжийг ашиглаж чадахгүй байна. Юуны өмнө англи хэл сайн сурах хэрэгтэй. Англи хэлний чадвараар улсын сургуулийн сурагч, хувийн сургуулийн сурагчаас муу байгаа ажиглагддаг. Гэхдээ улсын сургууль хэл муу зааж байна гэдэг чи муу байх ёстой гэсэн үг биш. Би сургуулиас англи хэлний суурь мэдлэгээ олж авч чадаагүй ээ. Аав, ээж минь хэл сурахыг их дэмждэг байсан учраас сургалтад их хамрагдсан. Хэл сурахад эцэг эх, багш, тухайн хүүхэд гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Мөн тухайн хүн хүсэл эрмэлзэл дүүрэн байхад саад болох зүйл гэж үгүй. Өнөөдөр интернет бол том боломж. Маш мундаг багш нарын хичээлийг үнэгүй үзэх боломжтой болсон. Интернет ашиглаж хэл сурах боломжтой. Англи хэл дээр хүүхэлдэйн кино үзэж, дараа нь кино үзээд, ном уншиж болно. Алхам, алхмаар суралцах хэрэгтэй.
-Тэтгэлгийн ярилцлагад өөрийгөө хэрхэн илэрхийлэх вэ. Энэ шатанд хэрхэн бэлтгэдэг байсан бэ?
-Ярилцлагын шат бол маш хүнд. Ярилцлагад орж байхдаа хүмүүсийг хэрхэн татах вэ гэдэг их чухал санагддаг. Ярилцлага авч буй хүмүүс өрсөлдөж буй 400, 500 орчим хүнтэй ярилцаад дараа нь чамайг санаж байх тийм онцгой, чухал зүйлийг үлдээх хэрэгтэй. Оюутан байхдаа юу хийж сурсан, ажил дээрээ юу сурсан гээд өөртөө анализ хийх нь их чухал. Зүгээр л өөртөө анализ хий. Хийх зүйлээ ярих чухал ч, хийсэн зүйлээ ярих нь илүү чухал. Ярилцлагад худлаа том зүйл ярих хэрэггүй. Харин жижигхэн ч гэсэн үнэн зүйл ярих нь илүү үр дүнтэй. Хамгийн гол нь үнэн бөгөөд чин сэтгэлээсээ байх ёстой. Хүн үнэн зүйл ярихдаа өөртөө итгэлтэй, энергитэй ярьж чадна. Худлаа ярьж байгаа хүний нүд, гар, биеийн хэл нь бүхнийг хэлээд өгдөг. Ярилцлага авч буй хүн түүнийг шууд л мэднэ. Хүний нүд рүү эгцэлж хараад юу чаддаг вэ, юу чадсан бэ гэдгээ хэлэх хэрэгтэй. Тэтгэлгийн мөнгөө юунд үрэх вэ, англи хэлийг чи яагаад сурах ёстой вэ гэж асуудаг. Англи хэлийг суралцаж дуусахгүй. Дэлхийн иргэн болоход англи хэл чухал. Үүнийг сурах нь зайлшгүй. Ирээдүйд миний зорилго ийм учраас би англи хэл сурах хэрэгтэй гэдгээ илэрхийлэх хэрэгтэй. Хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл, чин сэтгэлийг ярилцлага авч байгаа хүмүүс мэддэг. Мөн ярилцлага авч байгаа хүмүүс бүхнийг асуухгүй, чи өөрийнхөө ярихыг хүссэн зүйлийг ярих хэрэгтэй. Мөн гэнэтийн асуулт асуудаг. Интернетээс гэнэтийн асуултуудыг хайж олоод бэлтгэх нь их чухал. Монголоор бодоод, гадаад руу хөрвүүлэх гэсээр цаг алдана. Тиймээс бэлдчихвэл асуултад хурдтай хариулах боломжтой.
-Танаас ямар гэнэтийн асуулт асуусан бэ?
-“Чи ямар ч зүйлийг хийх ид шидтэй, увдистай бол оо. Нийгмээс юуг өөрчлөх байсан бэ?” гэж асууж байсан. Тэгээд би бодсон. Юуг ч өөрчлөх шаардлагагүй юм. Хорвоо дэлхий дээр сайн, муу хосолж байх ёстой шүү дээ. Муу зүйл ч сайныхаа үндэс болох нь бий. Хэрвээ Монголын нийгэм төгс байсан бол надад зорилго гэж байхгүй байх байсан. Залууст зорилго байхгүй байх байсан. Асуудал гэдэг биднийг урагшаа түлхэж өгдөг зүйл. Асуудал залуу хүнийг дэмжиж өгдөг. Залуучууд л үүнд анхаарлаа хандуулахгүй бол өөр хэн анхаарах вэ? Асуудалгүй бол бид урагшлах байсан гэж үү?
Ярилцлагын үеэр ямар ч асуулт ирсэн олон талаас нь бодоорой гэж хэлмээр байна. “Увдистай бол яах вэ?”Мөн ихэнх хүмүүс тэгж хэлнэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Яагаад чи бусдаас өөр байж болохгүй гэж.
-Өөртөө анализ хийх нь чухал гэсэн. Зарим хүмүүс хийсэн зүйлтэй хэдий ч өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Өөртөө анализ хийх чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?
-Шинэ зүйлийг хийж үзэхэд нээлттэй байгаарай гэж хэлнэ. Шинэ зүйлийг хийж үзэж байж дуртай, дургүй гэдгээ мэднэ. Чаддаг, чаддаггүй гэдгээ мэднэ. Шинэ туршилтуудыг хийж байж л дуртай зүйлээ олно. Дуртай зүйлээ олоод, үүнийг л хийнэ гэсэн хүсэл эрмэлзлээр цааш явах хэрэгтэй.
-CV-гээ бичихэд хэр хугацаа зарцуулж байсан бэ. Анх бичиж байсан CV болон сүүлийн CV-гээ харьцуулбал хэр ялгаа байна вэ?
-CV баяжаад, бөглөх тусам улам чангараад явдаг. Анх google-ээс шууд хайгаад загвар хараад бөглөсөн. Сүүлд мэргэжлийн хүмүүсээс зөвлөмж авсан. 2,3 хуудас CV-г минь нэг хуудас болгочихсон. Ер нь CV урт, сунжруу байх хэрэггүй. Өөрийгөө нөгөө хүний байранд тавиад үзвэл 200 хүний CV унших хэцүү. 2, 3 хуудас хэрэгтэй, хэрэггүй зүйлээ холиод биччихсэн байвал тэр хүн бүтэн унших эсэх нь үнэхээр эргэлзээтэй. Мөн CV-нийхээ алдааг өөрөө олж харна гэвэл худлаа. Бичсэн хойноо мэргэжлийн хүнд үзүүлээд, шалгуулаад шүүмжийг сонсох хэрэгтэй.
-Зарим хүмүүс багын явдал зэргийг хүүрнэж бичих нь бий. Энэ буруу биш ч тодорхой байх хэрэгтэй. Тодорхой бус бол юу хэлэх гээд байгааг ойлгох гэсээр уншиж буй хүн залхана. Хүмүүс эхлэлээсээ сонирхол татах хэрэгтэй гэдэг. Мөн эссэ чиний үзэл бодол байх ёстой. Мөн эссэг уншсан хүн сэтгэлээсээ бичсэн байна уу, хуулбарласан байна уу гэдгийг шууд мэдчихнэ. Нэгдүгээр курстээ анх эссэ бичиж байсан. Тэр эссэг багш уншаад хэнд ч хэрэггүй юм байна гэж хэлж байлаа. Багшийнхаа заавар, зөвлөгөөг аваад дахиад бичихэд илүү дээр болсон. Хүмүүсээр уншуулахад найруулгын болон дүрмийн алдааг хэлж өгдөг. Тогтсон цаг гаргаад суугаад биччихнэ гэж байхгүй байх даа. Эссэ байнга баяжаад, сайжраад явдаг.
-Яг хэлэх дуртай үг гэхээр...(инээв) Ямар ч хэцүү зүйл байсан, түүнийг даваад гарах хүн дотор чинь байгаа гэж боддог. Тиймээс тэр хүнийг идэвхжүүлэх хэрэгтэй байх. “Чадна аа, Чадна шүү дээ” гэж хэлэх дуртай юм байна.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.