2017-2018 оны хичээлийн жилд их дээд сургуулиудын оюутнуудад оюутны цахим төлбөрийн картыг шинээр захиалах, сунгах хүсэлтэй оюутнууд наймдугаар сарын 21-25 хооронд их, дээд сургуулиуддаа карт захиалах мэдүүлгээ бөглөж өгнө.
Шинээр элсэгчдийн хувьд наймдугаар сарын 21-25 хооронд их,дээд сургуулиуддаа карт захиалах мэдүүлгээ бөглөж өгнө. Бүрдүүлсэн хүсэлтийг нь 28-30-ны хооронд Нийслэлийн боловсролын газраас картыг нь идэвхжүүлээд их дээд сургуулиудад буцаан хүргүүлнэ. Харин их дээд сургуулиуд нь есдүгээр сарын 1-5 хооронд оюутнууддаа карт олгох байдлаар зохион байгуулахаар болжээ.
Харин хоёр ба түүнээс дээш курсийн оюутнуудын хувьд оюутны картаа сунгуулах ажил явагдана. Мөн адил 21-25 хооронд их дээд сургуулиуддаа сунгуулах хүсэлтээ өгнө. Олголт нь есдүгээр сарын 1-5-ны хооронд явагдана.
Карт дахин олголтын тухайд өнгөрсөн жилд ашиглаж байсан цахим төлбөрийн картаа хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн оюутнууд дахин захиалах хүсэлтээ есдүгээр сарын 1-8 хооронд их дээд сургуулийнхаа сургалтын алба, оюутны зөвлөлдөө өгнө. Өгсөн хүсэлтийг Нийслэлийн боловсролын газраас есдүгээр сарын 15-21 хооронд шалгаж үзээд шаардлага хангасан тохиолдолд оюутнуудад карт дахин олгох юм байна.
Энэ жил Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас 32 МСҮТ, Коллежийн 13000 гаруй оюутнуудад цахим төлбөрийн карт олгохоор болсон байна. Өнгөрсөн жилийн хувьд 12700 оюутнуудад олгосон. Карт олголтын тухайд их дээд сургуулийнхтай адилхан 3 үе шаттайгаар явагдана. Наймдугаар сарын 21-25 хооронд МСҮТ, Коллеж дээрээ хүсэлтээ өгснийг нь 28-30 хооронд нийслэлийн боовсролын газарт хүргүүлж, есдүгээр сарын 1-5 хооронд оюутнууддаа карт олгох аж.
Энэ жилийн бүртгэд дууссаны дараа цаашдаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Мишээл экспо, Оргил худалдааны төвүүд дээр оюутны карт дахин олгох ажиллагаа явагдана.
Оюутны карт захиалахдаа бүрдүүлэх материал
Шинээр захиалж байгаа тохиолдолд: / I курсийн оюутны хувьд /
Иргэний үнэмлэхний хуулбар
Оршин суугаа газрын тодорхойлолт
Цахим төлбөрийн картны мэдүүлгийн маягтыг сургалтын албанаасаа авч бөглөх
Төлбөр төлсөн баримт /3600 төгрөг тушаана/
Сунгалт хийлгэж байгаа тохиолдолд:
Иргэний үнэмлэхний хуулбар
Тухайн оюутны сунгуулах “төлбөрийн цахим карт ”
Төлбөр төлсөн баримт /1000 төгрөг тушаана/
Дахин захиалж байгаа тохиолдолд: /хаяж гээсэн, гэмтээсэн/
Иргэний үнэмлэхний хуулбар
Сурч байгаа сургуулийн тодорхойлолт
Оршин суугаа газрын тодорхойлолт
Төлбөр төлсөн баримт /3600 төгрөг тушаана/