Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

​Оюутнуудад сургалтын төлбөрийн зээлийг ингэж олгоно

​Оюутнуудад сургалтын төлбөрийн зээлийг ингэж олгоно
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 10
Оюутнуудад өнөөдрөөс сургалтын төлбөрийн зээл олгож эхэллээ. Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрийн баталж, оюутнуудад бага хүүтэй сургалтын төлбөрийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Боловсрол соёл, шинжлэх ухааны яам оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох журмыг эцэслэн баталжээ. Засгийн газар үнэт цаас гаргах замаар оюутны зээлийн санхүүжилтийг шийдвэрлэж зээл олгох арилжааны банкинд мөнгөн хадгаламж эсхүл зээл хэлбэрээр байршуулах юм байна. Өнөөдрөөс магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежийн оюутнуудад гурван арилжааны банкаар дамжуулан зээл олгож эхэллээ.
Журмын хүрээнд оюутны сургалтын төлбөрийн гурван төрлийн зээл олгохоор заажээ.
1. Дахин санхүүжилтийн зээл /нэг жил/
Оюутны сургалтын төлбөр төлөх зориулалтаар банкнаас авсан цалин, тэтгэврийн зээлийн үлдэгдлийг төрөөс ганц удаа санхүүжүүлнэ. Дахин санхүүжилтийн зээлд хамрагдах оюутан зээлдэгчид тавих шалгуурыг хангасан байна. Дахин санхүүжилтэд хамрагдах цалин, тэтгэврийн зээлд дараах шаардлагыг тавина.
-Оюутны сургалтын төлбөрт зориулан авсан зээлийг, олгогдсон хугацаанаас хойш ажлын 10 хоногийн дотор сургуульд нь төлсөн байх;
-Зээлийг 2016 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хооронд банкнаас авсан байх;
Энэхүү журмын 3.4 дэх шаардлагыг хангасан зээлийг үндсэн төлбөрийн үлдэгдэл болон зээлээр төлөгдсөн сургалтын төлбөрийн аль бага дүнгээр нь тооцож дараах нөхцөлтэй зээлд шилжүүлнэ.
-Зээлийн хүү жилийн 5 (тав) хувь байна
-Цалин, тэтгэврийн зээлд тавигдаж байсан бусад нөхцөл хэвээр хадгалагдана.
Бүрдүүлэх бичиг баримт:
-Дахин санхүүжилтийн зээлд хамрагдах хүсэлт;
-Сургалтын төлбөр төлсөн санхүүгийн баримт;
-Ссургалтын төлбөр төлөгдсөнийг нотлох оролцогч сургуулийн тодорхойлолт болон сургуулийн дансны хуулга;
“Гэр бүлийн гишүүн мөн болохыг нотлох баримт эсхүл Улсын бүртгэл, статистикийн газрын лавлагаа;
2. Богино хугацаатай зээл /нэг жил хүртэлх/
Тухайн зээл хүсэгчийн сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон нэг жилийн сургалтын төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй зээлиг жилийн таван хувийн хүүтэй олгоно. Зээлдэгчийн орлогод суурилсан, сар бүр тэнцүү төлбөрийн хуваариар төлөөд явна. Оролцогч банкны дотоод журамд зааснаар энэхүү зээлд хамрагдах оюутан нь дараах шаардлагыг хангасан байна.
-Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
-Оролцогч сургуульд зохих журмын дагуу элссэн эрхийн бичигтэй, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын “Оюутны мэдээллийн сан”-д бүртгэлтэй байх;
-Шинээр элсэгчдийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.5 болон түүнээс дээш байх;
-Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь түүний гэр бүлийн гишүүн байх;
-Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
-Үндсэн болон хамтран зээлдэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
Бүрдүүлэх бичиг баримт:
- Зээл хүсэгч нь иргэний болон оюутны үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/;
-Гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-Гэр бүлийн гишүүний орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримт.
3. Урт хугацаатай зээл /10 жил хүртэлх/
Оролцогч сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон нэг жилийн сургалтын төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй жилийн 5 хувийн хүүтэй сургууль төгссөнөөс хойш 4 жил хүртэлх хугацаанд эргэн төлнө. Оюутны ирээдүйн орлогод суурилсан зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш нэг жилийн дараагаас эхлэн гурван жилийн хугацаанд зээл авсан банкинд төлнө. Зээлд хамрагдах оюутан дараах шаардлагыг хангасан байна. Үүнд
-Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
-Оролцогч сургуульд зохих журмын дагуу элссэн эрхийн бичигтэй, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын “Оюутны мэдээллийн сан”-д бүртгэлтэй байх;
-Шинээр элсэгчдийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.5 болон түүнээс дээш байх;
-Гэр бүлийн гишүүн нь батлан даагч байх;
-Оюутан нь зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу амь насны даатгалд хамрагдсан байх;
-Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
-Үндсэн болон хамтран зээлдэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
-Энэхүү хөтөлбөрийн зээлийг бүрэн төлж дуустал оюутанд энэ журамд зааснаас бусад төрлийн банкны зээлийг олгохгүй байх нөхцөлийг зөвшөөрөх;
Бүрдүүлэх бичиг баримт:
-Зээл хүссэн өргөдөл;
-Иргэний болон оюутны үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/;
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-Оролцогч сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Оролцогч банк нь олгосон зээлийн 98 хувийг оролцогч сургуулийн дансанд, 2 хувийг энэхүү журмын 2.9-д заасан зориулалтаар тухайн банкин дахь оролцогч сургуулийн дансанд шилжүүлж, энэ тухайгаа оролцогч сургууль болон оюутанд мэдэгдэнэ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн