Open iToim app
Соёл, урлаг | 8 мин уншина

​Оюун санааны элитүүд буюу Батаагийн Нямаагийнхан

​Оюун санааны элитүүд буюу Батаагийн Нямаагийнхан
Нийтэлсэн 2017 оны 11 сарын 20
“Үндэсний шуудан” сонин Монгол бахархлын өдрөөр Монголд төдийгүй дэлхийд ховорхон оюунлаг нэгэн гэр бүлийг “Хоймор”-тоо заллаа. Энэ удаагийн “Хоймор”-т заларсан эрхэм нэгэн гэр бүл бол “Арандалынхан”, “Бид гурав”, “Араараа модтой Биндэръяа”, “Санаа заяа хоёр минь” зэрэг романаараа олон түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн нэрт зохиолч Батын Нямаа буюу “Биндэрийн Нямаа”-гийн гэр бүл.
Монгол Улсын шатрын спортод үнэлж баршгүй хувь нэмрээ үлдээсэн энэ гэр бүлээс нэг олон улсын их мастер, хоёр олон улсын мастер, хоёр олон улсын шатрын холбооны мастер, хоёр олон улсын шатрын холбооны дэд мастер, нэг шатрын зүтгэлтэн, хоёр олон улсын шатрын холбооны шүүгч, хоёр спортын мастер, дөрвөн дэд мастер төрөн гарсан түүхтэй. Олон улсын цол хэргэм хүртсэн энэ л бахархам түүхээрээ тэд дэлхийд хуруу дарам тоологдох цөөхөн гэр бүлийн нэгд зүй ёсоор тооцогдож байна.
Б.Нямаагийн гэр бүлийн шатрын их ур ухааны эхлэл нь их холоос буюу түүний өвөө Яринпил, ээж Сэрэмжид, нагац эгч Ичинхорлоо зэрэг удамт шатарчдаас нь үүдэлтэй. Эндээс л урган гарсан, өсөн өндийсөн оюуны энэ соёлыг Б.Нямаа гуай үр хүүхдүүддээ өвлүүлэн Монгол Улсын шатрын түүхэнд онцгой гавьяатай нэгэн гэр бүлийг бүтээжээ. Б.Нямаа гуай шатарт хорхойтой нэгэн байсан төдийгүй шатрын спортын нэгдүгээр зэрэгтэй сайн тоглогч байж. Аавынхаа шатар тоглох арга ухаан, авьяас билгийг түүний долоон хүүхэд нь бүгдээрээ өвлөсөн. Нямаа гуайнх таван хүү, хоёр охинтой өнөр айл.
Б.Нямаагийн ууган хүү Н.Төмөрхуяг нь олон улсын мастер цолтой, Монгол Улсын аварга шатарчин байв. Тэрбээр Хэнтий аймгийн Биндэр сумын сургуулийн зургадугаар ангийн сурагч байхдаа буюу 1966 онд өсвөрийн шатарчдын тэмцээнд оролцож, Нямаагийнхан гэж дуурсагдах их айлын тэмцээнд оролцох анхны зам мөрийг гаргасан юм.

Харин хоёр дахь хүү Н.Түмэнбаяр нь шатрын спортын дэд мастер цолтой шатарчин бөгөөд идэрчүүдийн улсын аварга болж байсан түүхтэй. 
Гурав дахь хүү Н.Түвшинтөгс нь Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч. Шатрын спортын нэрт зүтгэлтэн түүнийг энэ салбарт танихгүй, мэдэхгүй хүн үгүй. Тэрбээр УИХ-ын гишүүн, Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн албыг хашиж байгаад одоо “Монгол туургатан” шатрын холбооны гүйцэтгэх захирал, “Урамтай” шатар” шатрын клубын захирал, дасгалжуулагчаар ажиллаж байна. Б.Нямаагийн удмынхнаас төрөн гарсан хамгийн өндөр амжилттай яваа тамирчин болох шатрын олон улсын эмэгтэй их мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Батчимэг түүний охин. Эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер цол хүртээд буй тэрээр 2010 онд Дэлхийн оюутны универсиадын аварга болж, идэрчүүдийн улсын аваргад зургаан удаа, насанд хүрэгчдийн улсын аваргад хоёр удаа аваргалж, Дэлхийн аварга Хоу Ифан, Мария Музычук болон дэлхийн супер их мастерууд болох Конеру Хампи, Пиа Крамлинг нарыг буулган аваад байна. Мөн сурагчдын дэлхийн аварга, Азийн үнэмлэхүй аварга, Өсвөрийн шатарчдын дэлхийн дэд аварга Есөнтөмөрийн Төгстөмөр бол түүний зээ хүү. Хоёрхон настайдаа өвөөгөөрөө шатар заалгаж байсан энэ хүү өнөөдөр Монголын бахархал болсон тамирчин болжээ. Н.Түвшинтөгс гуай өөрийн үр хүүхдэд шатрын спортыг өвлүүлэхээс гадна өөрийн амьдралаа зориулсан гэж хэлж болно. Монгол Улсад шатрын холбоо байгуулагдахад удирдах зөвлөлийн гишүүнээр нь, 1998-2001 онд Ерөнхийлөгчөөр нь ажиллаж, олон уралдаан тэмцээн санаачлан, 2009 оноос “Урамтай шатар” шатрын клубыг байгуулан, улирал тутам “Урамтай шатар” сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Мөн тэр Монголын анхны шатрын музей “Нямаагийнхан” музейг үүсгэн байгуулж, ухаант өвөг дээдсээс өвлөн ирсэн үнэт өвөө хойч үедээ өвлүүлэхээр зорин ажиллаж байна. 

Б.Нямаа гуайн дөрөв дэх хүү Н.Төрбат нь 1984 онд Монгол Улсын аварга шатарчин хэмээх эрхэм цолыг хүртэж, спортын мастер болсон байна. Тэрбээр Монголын хүүхдийн ордны шатрын дугуйлангийн багшаар 25 жил ажиллахдаа олон мянган хүүхдийг шатрын спортод хөтөлснөөс гадна олон улсын их мастер Д.Шаравдорж, Б.Мөнгөнтуул, Ц.Батчулуун, Т.Батчимэг тэргүүтэй нэрт шатарчдын анхны багш нь байсан юм. Түүний санаачилсан өсвөрийн шатарчдын “Цодгор хүү” тэмцээн нь уламжлал болж, шатар сонирхдог хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн хүсэн хүлээдэг шатрын баяр болон эдүгээ ч үргэлжилсээр байна.
Тав дахь хүү буюу отгон хүү Н.Төвсанаа нь олон улсын шатрын холбооны мастер, Монгол Улсын шатрын спортын 37 дахь аварга юм. Тэрбээр улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 23 удаа шалгаран оролцож, хоёр мөнгө, гурван медаль хүртэн 1993 онд спортын мастер, 1999 онд улсын аварга, олон улсын шатрын холбооны мастер болжээ. Зургаа дахь хүүхэд буюу том охин Н.Тунгалаг нь Монгол улсын аварга шатарчин, олон улсын шатрын холбооны мастер цолтой. Б.Нямаагийн удмын эмэгтэй шатарчдын түүх түүнээс улбаалан бичигдэнэ. Тэрбээр өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1985 онд алт, 1983, 1984, 1986 онуудад мөнгөн медаль хүртэж шатрын гараагаа эхэлжээ. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 15 удаа оролцож, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэн 1993 онд түрүүлэн алтан медаль хүртэж, улсын аварга хэмээх эрхэм алдарт хүрчээ. Өдгөө түүний бахархам амжилтыг охин Б.Энхсаран нь үргэлжлүүлж явна. Тэр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсган, хамгийн ирээдүйтэй шатарчдын нэгээр нэрлэгдээд байгаа юм.
Харин Б.Нямаа гуайн бага охин Н.Туяа нь шатрын спортыг мөн л чамгүй эзэмшсэн нэгэн ч бусад шигээ шатрын спортын зам мөрийг хөөгөөгүй юм. Товчхондоо Б.Нямаа гуай шатрын эрдэм ухааныг хүүхдүүддээ ингэж л өвлүүлсэн юмсанжээ.
Түүний үргэлжлүүлсэн өв дөрөв дэх үедээ үргэлжилж, амжилтын буухианы хамгийн бяцхан эзэн Е.Төгстөмөр нь Дэлхийн шатрын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн нь Монгол Улсаас эрэгтэй хүүхэд анх удаа дэлхийн аваргаас медаль хүртсэн тохиолдол болсон юм.

Удам дамжин өртөөлөн ирсэн шатрын арга ухааныг эзэмшиж, эзэн нь болж яваагаар нь энэ гэр бүлийг оюун санааны жинхэнэ элитүүд хэмээсэнгүй. Батын Нямаа гуай төр нийгмийн ажлаа нэр төртэй гүйцэтгэхийн хажуугаар 1942 оноос уран зохиолын бүтээлүүдээ туурвин “Гомпил”, “Хамаатан садан”, “Анхны жил” тууж, “Араараа модтой Биндэрьяа” “Бид гурав”, “Арандалынхан” роман, “Төөрсөөр төрөлдөө” уран сайхны кино, “Нэр төр”, “Нүд” зэрэг драмын жүжгийг хойч үедээ өвлүүлэн шилдэг бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн бол түүний хүүхдүүд шилдэг их дээд сургуулиудад суралцан Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулжээ. Түүний том хүү Н.Төмөрхуяг Ленинград хотноо И.Герцений нэрэмжит багшийн дээд сургуулийг дүүргэж, МУИС-ийн гадаад хэлний тэнхимд олон жил үр бүтээлтэй ажиллахаас гадна шатрын сайн нийтлэлч байж, “Монгол шатар” сонинг санаачлан эрхлэн гаргаж байжээ. Харин удаах хүү Н.Түмэнбаяр нь Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг төгсөж, Хятад судлалын мэргэжил эзэмшин Улсыг аюулаас хамгаалах байгууллага, дипломат албанд үр бүтээлтэй ажиллаж байжээ. Харин гурав дахь хүү Н.Түвшинтөгс нь Москвагийн эрчим хүчний дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр дүүргэн 1990 оноос ардчилалын төлөөх үйлст идэвхтэй оролцон, 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, төрийн бодлогыг тодорхойлолцож явжээ. Дөрөв дэх хүү Н.Төрбат нь МУИС-ийг япон хэлний орчуулагч мэргэжлээр дүүргэсэн бол том охин Н.Тунгалаг нь Ленинградын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ. Оюун санааны үнэт өв нь өдгөө хүртэл үргэлжилж, Б.Нямаа гуайн гурав дахь хүү Н.Түвшинтөгсийн хүү Т.Батзориг Монгол Улсын 1993 оны шилдэг сурагч, 2000 оны шилдэг оюутан тамирчин болж байжээ мөн Т.Батзоригийн дүү Т.Баярцэцэг нь 1999 онд Олон улсын сурагчдын мэтгэлцээний аварга, 2005 онд АНУ-ын их сургуулиудын мэтгэлцээний аварга болж, АНУ-ын Мериланд мужийн Таусоны их сургуулийн хүндэт төгсөгч болон Данийн Вант Улсын Копенгагены их сургууль, Францын шинжлэх ухааны технологийн их сургуульд мастерын зэрэг хамгаалжээ.
Б.Нямаа гуайн удмыг нэр төртэй залгамжлан авч яваа үр хүүхэд, ач зээгийн амжилтыг энэ мэтчилэн дурдвал хэдэн зуун хуудастай боть ном бүтээхээр байв. төгсгөлд нь Н.Түвшинтөгсөөс “Монголд олон зуун удам залгасан шатарчин гэр бүл бий. Гэхдээ танай гэр бүл шиг амжилт үзүүлсэн нь үгүй. Нямаагийнхны амжилтын нууц юундаа байна” гэхэд “Өвөг дээдсээс минь уламжлан ирсэн шатрын энэ их өвөө нэр төртэйгээр үргэлжлүүлэн авч явах хариуцлагаа бидний хэн хэн нь маш сайн ухамсарласан. Бидний гэр бүлийн амжилтын нууцын нэг хэсэг нь Хан Хэнтий нутаг минь. Миний нутгаас ямар алдартан цуутан төрөн гарав, би ямар газар төрсөн билээ, өвөг дээдэс минь хэн билээ гэж бодон хурцлагдаж, өнөөдрийн амжилтыг бүтээсэн” хэмээсэн юм. Түүний энэхүү хариултыг сонссоныхоо дараагаар эргэн харвал “Нямаагийнхан” музейн хойморт “Бурхан Халдун” уул сүндэрлэн байсан нь түүний чин сэтгэлээсээ хариулсан үгүйн баталгаа боллоо. Мөн тэр эцэст нь “Аав минь биднийг “Хүн шиг л хүн болоосой” гэж захиснаас биш сайн шатарчин болоорой үглэж дуулаагүй юм шүү” хэмээн онцоллоо. Дэлхийн болон шатрын спортын соёлын өвд тод мөрөө үлдээсэн Батын Нямаагийнхан ийм л түүхийг бүтээж, туурвиж, бичиж явна. Оюуныг дээдлэгч энэ л гэр бүлийн үргэлжлэл нь үргэлж дээшээ байж, улам олуулаа дэлхийн шатрын ноён “Хоймор”-т мандах биз ээ.
Б.Нямаагийнхнаас төрөн гарсан шатарчид
Түвшинтөгсийн Батчимэг-Монгол Улсын гавьяат тамирчин, шатрын олон улсын эмэгтэй их мастер, Дэлхийн оюутны универсиадын аварга, Идэрчүүдийн улсын зургаан удаагийн аварга, насанд хүрэгчдийн улсын хоёр удаагийн аварга
Нямаагийн Төмөрхуяг-Олон улсын мастер, улсын аварга
Т.Батцэцэг-Шатрын олон улсын мастер, Дэлхийн шатрын олимпиадын хүрэл медальт эмэгтэй анхны тамирчин, Азийн залуучуудын АШТ-ий хошой хүрэл, Дэлхийн оюутны аварга АШТ-ий хүрэл медаль, улсын насанд хүрэгчдийн АШТ-ий гурван удаагийн аварга, 2004 оны шилдэг тамирчинд олгодог “Бөртэ чоно”-ын эзэн
Нямаагийн Төвсанаа-Олон улсын шатрын холбооны мастер, улсын аварга
Нямаагийн Тунгалаг-Олон улсын шатрын холбооны мастер, улсын аварга
Есөнтөмөрийн Төгстөмөр(Түвшинтөгсийн Батцэцэг хүү)-Олон улсын шатрын холбооны дэд мастер, Сурагчдын дэлхийн аварга, Ази тивийн үнэмлэхүй аварга, Өсвөрийн шатарчдын дэлхийн дэд аварга, Өсвөрийн шатарчдын улсын гурван удаагийн аварга
Батсайханы Энхсаран (Нямаагийн Тунгалаг охин)-Олон улсын шатрын холбооны дэд мастер, Сурагчдын дэлхийн болон Ази тивийн дэд аварга, Өсвөрийн шатарчдын улсын аварга
Нямаагийн Түвшинтөгс-Монголын шатрын холбооны ерөнхийлөгч асан, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол туургатны шатрын холбооны гүйцэтгэх захирал
Нямаагийн Түмэнбаяр-Спортын мастер, улсын идэрчүүдийн аварга
Нямаагийн Төрбат-Спортын мастер, Улсын аварга, “Цодгор хүү” улсын тэмцээнийг санаачлагч
Түвшинтөгсийн Батзориг-Спортын дэд мастер, Дэлхийн оюутны АШТ-ий хүрэл медальт, идэрчүүдийн УАШТ-ий таван удаагийн аварга
Түвшинтөгсийн Баярцэцэг-Спортын дэд мастер, Идэрчүүдийн УАШТ-ий гурван удаагийн аварга
Төвсанаагийн Биндэръяа-Спортын дэд мастер, Идэрчүүдийн УАШТ-ий хоёр удаагийн аварга
Төмөрхуягийн Төгөлдөр-Спортын дэд мастер, Идэрчүүдийн улсын аварга 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн