Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

​ Б.Оюунчимэг: Бөөлжиж, суулгаж байгаа хүүхдийн хоолыг хасч болохгүй

​  Б.Оюунчимэг: Бөөлжиж, суулгаж байгаа хүүхдийн хоолыг хасч болохгүй
Нийтэлсэн 2015 оны 10 сарын 19
Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд суулгаж, бөөлждөг ханиадихээр гарч байгаа.Суулгаж бөөлждөг ханиад хүрсэн хүүхдүүд хаана хандаж, ямар эмчилгээ хийлгэх болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудлыг зохицуулах албаны дарга Б.Оюунчимэгээс тодрууллаа.

-Бага насны хүүхдүүдийн дунд суулгаж, бөөлждөг ханиад дэлгэрээд байна. Ходоод гэдэс хямрахаас гадна ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Ер нь ямар ч ханиад гэдэс барьдаг, хамар залгиур барьдаг гэсэн хоёр төрлөөр илэрдэг. Сүүлийн үед суулгаж, бөөлждөг гэдэс барьсан ханиад гараад байна. Ер нь сургууль, цэцэрлэг эхлэхээр хүүхдүүдийн дунд ханиад томуу их гардаг. Суулгалт, бөөлжилт хавсарсан шинж тэмдэгтэй ханиад бий. 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд суулгалт өвчин их байгаа бол 5-12 хүртэлх насныхны дунд ходоод гэдэс хямраадаг ханиад их байна. Халуурах, хамраас шингэн нус гарах, бага зэрэг ханиалгахын зэрэгцээ бөөлжиж, гүйлгэнэ. Энэ шинж тэмдэг нь таваас нэг долоо хоног хүртэл үргэлжилж болно. Ямар вирусээр үүсч байгааг нь хараахан судлаагүй байна.
-Ямар эмчилгээ хийх вэ?
-Бөөлжиж, суулгаж байгаа тохиолдолд хордлого авсан уу үгүй юу гэдгийг мэдэхийн тулд эхний ээлжид харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэг, хоёр дахь шатлалын хүүхдийн эмч нарт хандах хэрэгтэй. Эмнэлэгт үзүүлснээр хордлого байна уу эсвэл ходоодны замыг барьсан ханиад байна уу гэдгийг тодорхойлж эмчилгээ хийнэ. Эцэг, эхчүүд үүнийг мэдэлгүй хүүхдээ хордлого авсан аль эсвэл тархи нь доргисон гэж бодоод буруу эмчилгээ хийлгэдэг.
-Урьдчилан сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд ямар арга хэмжээ авах вэ?
-Бохир гараар дамжин суулгалт өвчин үүсдэг учраас гарын ариун цэвэр сахих хэрэгтэй. Бага насны хүүхдийн асран хамгаалагч гарын ариун цэврээ сахиж, хүүхдийнхээ баасыг цэвэрлэх бүртээ гараа угаах хэрэгтэй. Гарын ариун цэвэр сахихгүй бол хэчнээн эмчилгээ хийлгээд хүүхэд эдгэрэхгүй. Хоёрдугаарт, сэрүүний улирал эхэлж байгаа болохоор ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийнхээ дархлааг сайжруулж дулаан хувцаслах хэрэгтэй.
-Шингэн алдсан үед эцэг, эхчүүд ямар арга хэмжээ авах вэ?
-Эцэг, эхчүүд “Манай хүүхэд тэд бөөлжиж, суулгалаа” гэж тоо хэлээд байдаг. Гэтэл хамгийн гол нь бөөлжиж, суулгаснаар шингэн алдах нь аюултай гэдгийг мэдээд шингэн юм өгч нөхөх хэрэгтэй. Ингэж чадвал айх зүйлгүй. Шингэн алдсан хүүхдэд хярам, буцалсан ус, хорсоол будааны шүүсийг шингэн алдсанаас 2-3 дахин их хэмжээгээр өгөх хэрэгтэй. Хоолыг нь сойж болохгүй. Эцэг, эхчүүд өгсөн болгоныг гаргаад байна гээд хоолыг нь сойж, шингэн өгөхөө больдог. Энэ нь буруу. Шингэн дутагдсанаар хүүхдийн ам хуурайшиж, барсайсан улаан уруултай, цонхигор болдог. Шингэнийг аль болох шимэгдүүлэх замаар 1-2 минутын зайтай ганц хоёр халбагадаж өгөх хэрэгтэй. Гүйлгэж, өвдөж байгаа үед хоолыг сойж, солихгүйгээр өвдөхөөсөө өмнө нь ямар хоол идэж байсан тэр хоолыг нь үргэлжлүүлээд хооллох ёстой. Учир нь суулгалт өвчний үед хоёр аюулын нэг нь тураалд орох байдаг. Тэгэхээр суулгалт өвчтэй хүүхдийн хоолыг багасгавал хурдан турна. Иймд шингэц сайтай хоолыг шинээр бэлтгэн бага багаар аль болох олон удаа өгөх нь турах аюулаас сэргийлнэ. Хайрч, хуураагүй, махыг нь хүүхэд идэж болохоор жижигхэн болон зорж хэрчсэн байх ёстой. Уураар болгосон бор мах өгч болно. Эцэг, эхчүүд эмчийн зааваргүйгээр гэдэсний олон эмийг уулгадаг. Энэ эмүүд нь хоол боловсруулахад тусалдаг хэвийн нянгуудыг устгаж суулгалт өвчнийг ужиг хүнд болгодог гэдгийг анхааруулж хэлмээр байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн