Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

​Д.Оюунхорол: 2025 он хүртэл агаарын бохирдлыг бууруулахад 9.9 их наяд төгрөгийг зарцуулна

​Д.Оюунхорол: 2025 он хүртэл агаарын бохирдлыг бууруулахад 9.9 их наяд төгрөгийг зарцуулна
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 21
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрт 2025 он хүртэл хэрэгжих бөгөөд энэ хугацаанд 9.9 их наяд төгрөгийг агаарын бохирдол бууруулахад зарцуулах аж. Өөрөөр хэлбэл, жилд ойролцоогоор нэг их наяд гаруй төгрөгийг зөхвөн агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулах нь. Ингээд хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролоос тодрууллаа.
-Хөтөлбөрийг ямар үе шаттай хэрэгжүүлэхээр болсон бэ. Үр дүнг нь тооцсон уу?
- Монгол Улсад агаарын бохирдлын талаар гаргасан цэгцтэй бодлого байгаагүй. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөр богино болон дунд, урт хугацааны гэсэн гурван үе шаттай хэрэгжинэ. 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны, 2021-2025 он хүртэл буюу урт хугацааны гэсэн  үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Нийтдээ 59 арга хэмжээ бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хороолын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзана гэж тооцсон. Тодруулбал, эхний ээлжид цахилгаан, дулааны хүчин чадлыг нэмэгдүүлснээр түүхий нүүрсний Улаанбаатар хотод хэрэглэж байгаа хэрэглээг 50-иас доошгүй хувиар бууруулна гэж тооцсон. Хөтөлбөрийн гол зорилтын хүрээнд байгальд ээлтэй инженерийн дэд бүцтийн байгууламжийг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлснээр агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурна гэж үзэж байна. 
-Агаар, орчны бохирдлыг бууруулахад технологийн ямар шийдэл, шинэ санааг ашиглах вэ. Агаарын бохирдол бууруулах талаар тодорхой төслүүд байгаа юу?
-Хөтөлбөрийн зорилтын хүрээнд байгальд ээлтэй технологи, инновацийг хөгжүүлнэ. “Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв”-ийг БЗД, СХД, Чингэлтэй дүүрэгт байгуулна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна. Агаарын бохирдлыг үүсгэж байгаа түүхий нүүрсний хэрэглээг үе шаттай бууруулна. Хоёрт, хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтцийг оновчтой болгох асуудлыг шийдвэрлэнэ. Гуравт, авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утааг бууруулах талаар цогц арга хэмжээг авч ажиллана. Дөрөвт, агаар орчны бохирдлыг бууруулах удирдлага зохицуулалтад санхүүжилтийн механизм, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зайлшгүй шаардлага байна. Тавд, орчны бохирдлыг бууруулахад иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, амьдрах хэв маягийг нь өөрчлөх үзэл суртлын ажлыг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зайлшгүй хийх шаардлагатай гэж үзсэн.
Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Агаарын бохирдлын эсрэг сан байгуулах тухай хуулийн төслөөс гадна байгаль орчныг хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх чиглэлээр үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах юм.
Түүнчлэн зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах, цахилгаан халаагуур, шөнийн тарифт тоолуур зэргийг худалдан авах айл өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг боловсруулсан. Үүний зэрэгцээ агаар, орчны бохирдлыг бууруулах, цэвэрлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлнэ.
-Хөтөлбөр хэрэгжих хугацаанд нийтдээ 9.9 их наяд төгрөгийг зарцуулахаар батлуулсан байна. Эх үүсвэрийг 100 хувь төсвөөс гаргах уу?
-Ганц төсвөөс биш. Улсын төсөв, аж ахуйн нэгж, Төрийн бус байгууллага, Иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагаас нийтдээ 9.9 их наяд төгрөгийг босгож агаар, орчныг бохирдлыг бууруулахад зарцуулна гэж тооцсон дүн. Энэ нь нэг жил зарцуулах санхүүжилт биш, ирэх найман жилд агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах дүн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн