Open iToim app
Эрх зүй | 19 мин уншина

Г.Оюунболд: Хохирогч хохирч үлддэггүй, хорих ялыг заавал биечлэн эдлүүлдэггүй болно

Г.Оюунболд: Хохирогч хохирч үлддэггүй, хорих ялыг заавал биечлэн эдлүүлдэггүй болно
Нийтэлсэн 2016 оны 1 сарын 7
Энэ оны есдүгээр сарын 1-нээс орон даяар мөрдөж эхлэх шинэ Эрүүгийн хуулийн талаар Хууль сахиулахын их сургуулийн Судалгааны төвийн эрхлэгч Г.ОЮУНБОЛДТОЙ ярилцлаа. Тэрээр өнгөрсөн жилүүдэд тус хуулийг боловсруулах ажлын хэсэгт голлож ажилласан юм.

-Манай улс Эрүүгийн хуулиа 13 жилийн дараа шинэчлэн баталлаа. Гэмт хэргийн тухай хуулийн төсөл гэж байхаас авахуулаад маргаан, шүүмжийн дунд явсан хууль шүү дээ. Хоёулаа ярилцлагаа Эрүүгийн хууль гэж юу вэ гэдгээс эхэлье?
-Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаас шашин, зан заншлын хэмжээгээр бүхий л харилцааг зохицуулж ирсэн. Шашнаар нүгэлд, эсхүл зан заншлаар буруу гэж үзэн хариуцлага тооцдог байсан хулгай, дээрэм, хүн алах зэрэг үйлдлийг зохицуулж байгаад төрт ёсны үүсэл, эрх зүйн хөгжлөөс хамаарч хоёр, гурван мянган жилийн өмнөөс гарсан хүн төрөлхтөний бичмэл анхны хуулиудын нэг нь Эрүүгийн хууль. Эдгээр нь улс орон болгонд харилцан адилгүй боловч цэрэгт татлагаас зайлсхийх, татвар хураах, төрийн эсрэг бослого гарах, эх орноосоо урвах, дээрэмдэх, хулгайлахаас эхлэн тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг, тооцож, ял шийтгэж ирсэн. Ийм маягаар сүүлийн хэдэн зуун жилд соёлт, эрх зүйт нийгмийн хүнээ хамгаалах хамгийн том хэрэглэгдэхүүн нь Эрүүгийн хууль болж хөгжсөн юм. Монголд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 471 хууль бий. Эдгээрийн 200 орчим нь өдөр тутамд харилцаанд түгээмэл ашиглагдаж байдаг. Тэр болгоны болж бүтэхгүй, хүн, нийгэм, төрд хохирол, хор уршиг учруулсан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулиар зохицуулагддаг. Барилга барьж байхад өнөөх нь шаардлага хангахгүй байвал Барилгын тухай хууль тогтоомж зөрчлөө гээд торгоод явж байтал чанарын шаардлага хангахгүй барилга барьснаас хүний амь хохирвол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Татвараа төлөхгүй удаашраад байгаа бол хүү, алданги тооцоод явж байтал ор тас төлөхөөс зайлсхийж, зугтвал Эрүүгийн хуулиар шийтгэх жишээтэй. Тэгэхээр Эрүүгийн хууль бол бүх харилцааны шүүрэн шанага гэж энгийнээр ойлгож болох юм. Ром, Германы эрх зүйн тогтолцоотой манайх шиг улсууд Үндсэн хуулийн дараа орох томоохон хуульд Эрүүгийн хууль, Иргэний хуулийг тооцдог. Бүхий л хүн энэ хоёр харилцаанд ямар нэг байдлаар оролцдог. Манай 1924 он хүртэл Шүүх цаазын бичиг нэртэй эрүүгийн харилцааг зохицуулдаг хуультай байж байгаад социалист эрх зүйн системд шилжиж Эрүүгийн хууль гэж энэ нэрээр нэршсэнээс хойш даруй 90 гаруй жилийн хугацаа өнгөрчээ.
-Эрүүгийн хуулийг шинэчлэх цаг болсон гэдгийг УИХ-ын гишүүд бүгд хэлсэн. Дэмжсэн хүмүүсийн нэг, 2002 оны Эрүүгийн хуулийн автор гэгддэг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Дордуулснаас хэвээр үлдээсэн нь дээр гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ хууль хэр тогтвортой үйлчилж чадах бол. Шүүхийн багц хууль шиг заалт бүрээрээ Цэц дээр унаад байвал хэцүү байх?
-Нийгмийн харилцаа хурдацтай хөгжиж байна. Зөвхөн эрх зүйн харилцаа гэхэд сүүлийн таван жил маш хурдацтай хөгжиж байна. Шинээр олон хууль гарч байгаа ч зарим нь амьдралд, Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзэн Үндсэн хуулийн Цэц дээр өдөр бүр шахуу маргаан гарч байгааг бид мэднэ. Урьд нь нийгмийн харилцаа ийм хурдтай биш байхад хууль 10 жил үйлчлэхэд алдаа, оноо нь харагддаг байсан. Одоо бол нэг жилийн дотор юу нь болохгүй байгааг харж болохоор байна. Энэ бол сайн зүйл. Болж бүтэхгүй байгаа нь хурдан илэрч, хурдан засагдах ёстой. ОХУ гэхэд л 2004 оноос хойш Эрүүгийн хуульдаа 35 удаа өөрчлөлт оруулаад байна. Том улс учраас нэг муж, хэсэг дээр хэрэгжүүлж, туршиж байгаад хэрэгтэй зоримог өөрчлөлтийг цаг алдахгүй хийж байна. Мэдээж Эрүүгийн хууль 20-30 жилд тогтвортой үйлчлэх ёстой нь үнэн. Гэхдээ хэрэгжүүлэх явцдаа эргэж харах зүйлүүд байвал тухай бүр нь засах хэрэгтэй. Одоогийн Эрүүгийн хууль чинь 2002 онд батлагдаад өнөөг хүрэхдээ нийтдээ 12 удаа өөрчлөгдсөн. Томоохон нэмэлт өөрчлөлтийг дөрвөн удаа хийсэн. Тийм учраас баталсан хуульдаа гар хүрч болохгүй шүү гэдэг хандлагаа л өөрчилж, нэмэх, хасах зүйлээ байнга хийж л байх ёстой. Суурь зарчмын хувьд Монгол Улс Эрүүгийн хуулийн ялын бодлогын шинэ философи руу шилжлээ гэж харж байна.

-Шинэчлэхдээ гадаадын хууль хууллаа. Хөрсөн дээр буухгүй юм хийлээ гэсэн хатуу шүүмжлэл хэлсэн үг нь үнэлэгддэг хуульчид байгаа. Зарчмын хувьд шинэ философи руу шилжлээ гэдгээ та дэлгэрүүлж тайлбарлаач?
-Хэзээ ч сайн юмыг муу болгоно гэж хийхгүй нь тодорхой. Эрүүгийн хууль болохгүй байна гэж 2002 онд батлагдсанаас нь эхэлж шүүгчид ярьдаг байсан. Шүүмжлэх шаардлагагүй, батлагдсан хуулийг дагаж мөрдөх ёстой гэсэн чиглэл гарсан учраас хуульчид шүүмж хэлэхээ больсон. Судлаачид, багш нар эрдэм шинжилгээний хурал, өгүүлэл, илтгэлийн хэмжээнд байнга л ярьж, бичдэг байсан. Сая баталсан шинэ Эрүүгийн хуулийн гол үзэл баримтлал нь ялын бодлогын шинэчлэл бөгөөд заавал хорих ял оногдуулахгүй байх тухай асуудал юм. Хүнийг шоронд хийчихээд түүнтэй ажиллана гэдэг бол оройтсон асуудал төдийгүй мэргэшсэн гэмт хэрэгтэн бэлтгэх, гэмт хэргийн карьер өсөхөд шууд нөлөөлдөг. Дэлхийн бусад улсын жишгийг харвал хорих ял өгөхөөсөө илүүтэй гэмт хэрэг үйлдсэн хүнтэй хохирол, хор уршиг, гэм буруугийн асуудал асуудлыг судлан үзсэний үндсэн дээр ял өгөхгүйгээр 20-30 төрлийн албадлага, нөлөөлөх арга хэмжээ авчихаад, болохгүй бол хорих ялын асуудал ярьдаг. Ийм учраас гэмт хэрэгтэнд засрах, гэм хороо арилгах боломж гардаг. Манайх болохоор нэгийг нь шоронд хийж, нөгөөх нь хохирлоо барагдуулахгүй хохирсноороо үлддэг системтэй явж ирсэн. Гэмт хэрэг үйлдсэн нь ч тэр, хохирсон нь ч тэр аль аль нь хуулийн тогтолцоо, шүүхэд гомдолтой үлддэг. Яагаад 10 мянган төгрөг хулгайлсан хүн 10 жил авч байгаа юм. Яагаад 100 сая төгрөг залилсан хүн хохирлоо барагдуулахгүйгээр таван жил хоригдоод гараад ирж байгаа юм. Нэгэнт ял авах юм чинь хохирлоо барагдуулж яах юм гэдэг бодлыг өнөөдөр мөрдөж байгаа Эрүүгийн хууль төрүүлдэг. Ийм учраас бусдыг хохироосон бол хохирлыг нь барагдуулж, хор уршгийг арилгасны дараа оногдуулах ялыг хөнгөрүүлдэг, гэм бурууд нь тохирсон ял оногдуулах философи руу Монголын Эрүүгийн хууль шилжиж байна. Ялын хатуу хайрцаглагдсан бодлогуудаа бид задаллаа. Шүүхийн тогтолцоо сайжирч, иргэдийн итгэл харьцангуй сэргэж байгаа учраас шүүх эрх мэдэлдээ итгэл хүлээлгэсэн өөрчлөлтүүд орж байгаа. Шүүгч нарт төдийгүй, прокурор, хууль сахиулагчдад шинэ Эрүүгийн хуулийг хэрэглэхэд хандлагын томоохон өөрчлөлт хийх, хууль хэрэглээний шинэлэг ур чадвар эзэмших, урьд эзэмшсэн мэдлэгээ шинэчлэх шаардлагатай болно. Эрүүгийн хуульдаа ял хүндрүүлдэг шинжүүдийг ерөнхий ангидаа тодорхой бичээд, шүүгчид сонгож хэрэглэх боломжийг тодорхой болгосон.Гадны улсын хуулийг хуулсан гэвэл тэрэн шиг худлаа зүйл үгүй. Харин ч эсрэгээр Ром Германы эрх зүйн бүлд тэргүүлэх байр суурь эзэлдэг ОХУ, Герман улс, посткоммунист орнуудын шинэ Эрүүгийн хууль, Дэлхийн Эрүүгийн загвар хуулийг харьцуулан судалсан гэвэл илүү зохино.

-Хуулийг батлахад эрдэмтэн судлаач, өдөр тутам хууль хэрэглэдэг хүмүүсийн санал, шүүмжийг хэр тусгасан бэ?
-Хүмүүс 1996 оных Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шинэ хууль байсан мэт ойлгодог. Гэтэл бид 1986 оны хуулийг 2002 онд л өөрчилсөн. Тэр дунд 1993 онд мал хулгайлахаас авахуулаад шинэ өөрчлөлтүүдийг хийгээд 2002 он хүрсэн. 2002 оны хуулийг 2004 он хүртэл мөрдөөд, дунд нь хуулийнхан өөрсдөө дадлагажаад, хэрэглээд ирэхээр асуудлууд үүсч эхэлсэн. Хуулийг өдөр тутам хэрэглэдэг шүүгч, прокурорууд шүүмжлэл өрнүүлэхэд шинэ баталсан хуулийг хэрэгжүүлэх ёстой гэсэн чиглэл өгөхөд энэ талаар шүүмжүүд гарах нь багассан тал бий. 2004 оноос эхлээд Хууль зүйн үндэсний хүрээлэн Эрүүгийн хуулийн хэрэгжилт гээд суурь судалгаа хийсэн. Тэр судалгаагаа таван жилийн дараа буюу 2009 онд дахиж хийсэн. Одоогийн ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Т.Мэндсайхан ахлагчтай судалгааны баг Эрүүгийн хуулийг шинэчлэх төслийн санал гэсэн томхон судалгааг 2010-2011 онд хийсэн. Түүнчлэн С.Нарангэрэл академич шинэ Эрүүгийн төрөлжсөн хуулийн төслийг боловсруулсаныг хуульчид төдийгүй иргэд сайн мэднэ. Дээр нь сүүлийн жилүүдэд гарсан эрдэм шинжилгээний өгүүлэл тоймгүй. Жишээ авахад 2002 оны Эрүүгийн хуулийг батлуулахад хүүхдэд ял оноохоо багасгая, сургалт хүмүүжлийн тусгай байгууллага бий болгож тэндээ хүүхдийг хүмүүжүүлнэ гэсэн зүйл, заалт туссан боловч байгуулаагүй 13 жил өнгөрснийг дурдахад хангалттай.

-Тэр нь Зайсангийн тусгай сургууль биш байсан юм уу?
-Биш. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ гэсэн заалт бий юу. Тэр нь институт огт ажиллаагүй. Тийм учраас хүүхдүүд хорих ял авдаг хэвээрээ, хүүхдийн шорон дүүрээд л эхэлсэн. 2002 оны Эрүүгийн хуульд тусгасан зарим зүйлээ одоо хүртэл ажиллуулаагүй. Хоёрдугаарт, гэмт хэргийн ангиллын хүрээнд ялууд хайрцаглагдчихсанаас ялын бодлого хэт хатуу тусдаг. Жишээ авья: Хулгайн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 145.4 гэхэд урьд нь булаах, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээд дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхэд 10-аас дээш жилийн ялтай. 10 мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял авдаг эмэгтэйн кейс шүү дээ. Ялыг хатуу хайрцаглачихаад тухайн хүн хэчнээн буруугаа хүлээж, хохирлоо барагдуулсан ч гэсэн ял хорих ял авах нь гарцаагүй болдог. Тийм учраас хохирол барагдуулах систем ажилладаггүй. Залилан гэмт хэргээс жишээ татахад, 26 сая төгрөгөөс дээш хэмжээний залилан хийвэл 148.4-өөр зүйлчлэгдэнэ. Нөгөө хүн “Би одоо 30 сая төгрөгөө өгье. Миний ялыг хөнгөлж өгөөч” гэхээр “Та өгсөн, өгөөгүй 10 жил нэг хоногоос дээш хорих ял авна” гэдэг. Тэгэхээр нөгөө хүн “Би ял авах юм чинь өгч яадаг юм” гэнэ. Харин хохирсон хүн “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд надад мөнгө өгье гэж байсан хүн одоо больчихлоо шүү дээ” гээд гомдолтой үлддэг. “Өгнө гэж байхад нь цагдаад хэлнэ гэж айлгаж байгаад мөнгөө авчихдаг байж дээ. Цагдаад мэдэгдээд ёстой лай боллоо. Юугаа ч олж авч чадсангүй” гээд толгойгоо шаадаг. Ялыг хатуу хайрцагласнаар хүнд гэмт хэрэг дээр ялыг хөнгөрүүлэх, тэнсэх боломж хаагдаж байгаа учраас хохирол барагдуулсан, барагдуулаагүй ч ял нь хэвээр үлддэг учраас Эрүүгийн хуулийн хохирол барагдуулах систем ажиллаагүй. Тиймээс л хар, цагаан Эрүүгийн хууль гэдэг яриа үүсч эхэлсэн. Хүн рүү халдаж, цохьсон байхад “гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй” гээд хэрэгсэхгүй болгоод шийдчихэж байна. Эсвэл тэр хэргийг бүтэн жил шалгаад хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнө шүүх хурлаар оруулаад хэрэгсэхгүй болгочихно. “Таныг зодсон байна. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна” гэж хэрэгсэхгүй болгоод нөгөө хүн нь гайхаад үлдэж байна. Энэ л тогтолцоог бүхэлд нь өөрчилж, хохирогчоо нэгдүгээрт тавьж, хохирол, гэм хор арилгах бүхий л боломжийг нөгөө хүнд Эрүүгийн хуулиар олгож, хохирол барагдсан бол хөнгөлж үздэг, барагдуулаагүй бол нэмдэг үр нөлөөтэй байдал рүү шилжиж байна. Эрүүгийн хуульд ийм зоригтой өөрчлөлтүүдийг хийж чадсан гэж үзэж байгаа. Одоо гажуудуулахгүй, зөв ойлгож хэрэглэх эрмэлзлэлтэй хуульчдаас шаардагдана. Хуучин хуулийн хэвшмэл хандлага, бидний урьд авсан мэдлэг өөрчлөгдөх шаардлагатай болж байгаа нь илэрхий байгаа биз.
Гадны хуулийг хуулсан гэж байгаа боловч С.Нарангэрэл багшийн бичсэн төрөлжсөн хуулийн төсөл, Германы Эрүүгийн хууль, Оросын Эрүүгийн хуулийг сайн харьцуулж судалсан. Оросын хууль бол маш хурдан өөрчлөгдөж байгаа сайн хууль. Германых сүүлийн 90 гаран жил үйлчилж байгаа бага хэмжээний нэмэлт, өөрчлөлтийг орсон хууль. Бас Молдав, Эстон, Латви, Литви улсын Европын стандартад нийцүүлсэн хуулиудыг нилээд судалсан. Шинэ Эрүүгийн хууль бол зөвхөн ажлын хэсгийн дөрвөн жилийн ажил, эрдэмтэн, судлаачийн найман жилийн хөдөлмөр байна. 2013 оны зургадугаар сард л гэхэд эхний Гэмт хэргийн хууль нэртэйгээр нийтийн хэлэлцүүлэгт гарснаас хойш зургаан удаа хэлэлцүүлэгт ахиж гарсан. Урьдны Эрүүгийн хуулиуд ийм үр дүнтэй, удаан хугацаанд хэлэлцүүлэгт гарч байгаагүй. Сая баталсан шинэ Эрүүгийн хууль бол энэ нэрээрээ нэг, Гэмт хэргийн тухай хууль нэрээр таван удаа хэлэлцүүлэгт гурван жилийн турш хэлэлцэгдсэн. Дандаа хууль хэрэглэдэг хүмүүс, багш, судлаачид, төрийн бус байгууллагууд хэлэлцүүлэгт оролцож 3000 гаруй санал гарсан байдаг. Ийм хэмжээний судалгаа, хэлэлцүүлгийн дараа шинжлэх ухааны үндэсгүй гэж ярьж байгаа нь хэтэрхий үгүйсгэж байна уу даа гэж боддог.

-2002 оны Эрүүгийн хуулийг өөрчлөх ажил Ц.Нямдорж гишүүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад эхэлсэн гэдэг байх аа.
-Тиймээ. 2010 онд Хууль зүй, дотоод хэргийн яам гэж байхад Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ажлын хэсэг байгуулаад эхлүүлсэн байсан. Ажлын хэсгийг тухайн үеийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ахалж, судалгаа эхэлсэн байсан. Тэр ажил үргэлжилж яваад нэмэлт өөрчлөлтөөр биш бүхэлд нь өөрчилье гэдэг зүйл яригдаад өдийг хүрсэн нь энэ үр дүн. Гурван Засгийн газар дамжиж боловсруулж, хэлэлцсэн байгаа биз. Тухайлахад, сая шинэ Эрүүгийн хуультай хамт батлагдсан Зөрчлийн тухай хууль гэхэд Хууль зүйн яаманд 2008 оноос Захиргааны зөрчлийн төрөлжсөн хуулийн төсөл нэртэйгээр боловсруулагдаж эхэлсэн байдаг. Монгол Улсын эрх зүйн системд 228 хуульд хийгдсэн хамгийн анхны томоохон кодификаци гэж хэлж болно.
-Шинэ Эрүүгийн хуулийг бичихдээ өмнөх хуулиас хассан ямар зүйлүүд байгаа вэ?
-Ор байхгүй болсон зүйл гэхээс илүү зөрчил, гэмт хэргийн ялгааг арилгасан гэвэл зохино. Одоогийн хуульд тусгай анги дээр хэрэг бүрийн дор “энэ хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн бол” гээд хүндрүүлэх нөхцөлийг олон удаа бичсэн байдаг. Харин шинэ Эрүүгийн хуульд давтан, бүлэглэж үйлдсэн гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангидаа нэг л удаа бичигдсэн байгаа. Журамлаад хэрэглэж болно гэсэн үг. Шүүх тухайн хүний гэм бурууд тохирсон ялыг оногдуулах боломж бүрдэж байна. Ихэссэн багассан гэхээс илүү ял оногдуулах боломж уян хатан болсон. Хулгайн хэрэг гэхэд 7 хоногоос 5 жилийн ялтай. Шүүх 30 мянган төгрөг хулгайлсан хүнд 10 жил өгөхгүй нь тодорхой. 30 мянган төгрөг хулгайлсан бол нэг сар хорьё, давтан үйлдсэн юм чинь 4 сар болгоё, урьд нь ерөөсөө засраагүй байна 3 жил болгоё гэдэг ч юм уу тухайн үйлдэлд тохируулж хэрэглэнэ. Тэрнээс биш өмнөх шиг 10 мянган төгрөг хулгайлсан эмэгтэй 10 жил хоригдох асуудал үүсэхгүй. Хууль хэрэглээд эхлэхээр янз бүрийн асуудал гарах байх. Гол нь шүүх Эрүүгийн хуулийг хэрэглэх тодохой аргачлал гаргах ёстой байх. Өөрөөр хэлбэл, ял оноохдоо хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг яаж хэрэглэх вэ гэдгээ гаргах ёстой болов уу. Тэгэхгүй бол үзэмжийн асуудал болгож дураараа хэрэглэнэ гэсэн хардлага үүсэх талтай. Гэмт хэрэгтэй давхардаж байсан 36 үйлдлийг зөрчилд тооцсон байхад, зөрчилд тооцсон байсан 8 үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.
-Хуулийг дагаад хуулийн сургуулиудын хичээлийн хөтөлбөр, заах арга зүйд өөрчлөлт орох ёстой юу?
-Сургалтын тухайд тухайн батлагдсан Эрүүгийн хуулиа заах биш эрүүгийн эрх зүйн онол, хөгжлийн тухай заах ёстой. Гэтэл манай цагдаа, хууль сахиулах, хуулийн сургуулиудад одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг заадаг. Гэтэл оюутнууд төгсөөд ажлын талбарт гарахад нь шинэ хууль хэрэгжээд эхлэхээр хууль хэрэглэж чадахгүй асуудал үүсдэг. Гэмт хэрэг гэж яагаад байх ёстойг, эрүүгийн сонгодог онол, суурь сургаалуудыг заавал заах ёстой гэж үзэж байна.
-Шинэ Эрүүгийн хуульд шинээр орж ирсэн, томъёолсон ойлголтууд юу байгаа юм?
-Шинээр анх 45 гэмт хэргийг томъёолсон. Энэ нь хэлэлцүүлгийн явцад цөөрч 35 гэмт хэрэг болж орсон. Эдийн засгийн гэмт хэргүүдийг шинээр томъёолсон. Тухайлбал, зах зээлд монополь байдлаа тогтоож байгаад өрсөлдөгчөө зайлуулдаг байдлыг хууль бусаар өрсөлдөх гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Бодит байдлыг зохиомлоор бий болгож байгаад нийгмийн халамж, үйлчилгээ авахыг гэмт хэрэгт тооцсон. Соёлын өвийн эсрэг гэмт хэргийн бүлэг бүхэлдээ шинэ. Соёлын өвийн хулгайг бусад хулгайтай адил шийдээд байхаар соёлын өвийн үнэ цэнэ үгүй болж байсан. Соёлын үнэт зүйл, музейн үзмэр хулгайлах гар утас хулгайлах хоёрт адилхан ял шийтгэж болохгүй. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн бүлэг бүхэлдээ шинэ. Урьд нь хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг гээд бүгдийг нэг дор оруулчихсан байсан. Одоо бол хүүхдийн эсрэг 9 төрлийн хэргийг нарийвчлан тусгасан байгаа.

-Аав нь “монгол уламжлалт” аргаар хүүхэддээ алган боов амсуулахад ял шийтгүүлэх нөхцөл байдал үүслээ гээд ахмад хуульчид шүүмжилсэн. Энэ талаар юу хэлэх вэ?
-Мэдээж нэг удаад хүүхдээ загнах төдийд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байхгүй л байх. Илэрхий удаа дараа хүүхдээ зодож шийтгэдэг хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Хүнийг гудамжинд явж байхад нь нүүр рүү нь цохихоор гэмт хэрэг гэж үздэг атлаа хүүхдээ зодохоор яагаад гэмт хэрэг болдоггүй билээ. Хүүхдийг хүмүүжүүлэх олон янзын арга байхад зодох ёстой гэж ярьж болохгүй. Дээр нь бид нийгэмд байсан үзэгдлүүдээ гэмт хэрэг гэж үзэхгүй яваад ирж. Гэр бүлийн хүчирхийллээс авахуулаад согтуугаар жолоо барих зэрэг. Уг нь согтуугаар жолоо барихыг гэмт хэрэгт тооцъё гэж оруулж ирсэн. Гэтэл цагдаагийнхан 60-70 мянган гэмт хэрэг нэмэгдэхээр байна гэсэн прогноз гаргасан учраас зөрчилд тооцсон. Магадгүй шинэ Эрүүгийн хуулийг есдүгээр сарын 1-нээс мөрдөөд эхлэхээр, гэр бүлийн хүчирхийлэл, гэмтэл учруулаагүй ч бусдын биед халдах, бэлгийн дарамт учруулах, ялгаварлах гадуурхах үйлдлийг гэмт хэрэгт тооцчихоор гэмт хэрэг үйлдэгдсэн хамгийн багадаа 30-50 хувь өссөн дүнтэй гарна. Тэглээ гээд шинэ Эрүүгийн хууль гарснаас хойш гэмт хэрэг өслөө гэж харж болохгүй. Ерөөсөө нийгэмд байгаа хууль бус 30-40 мянган үйлдлээ ил гаргаж тавьж байна л гэсэн үг. Тэгж байж нийгэмд байгаа бодитой гэмт хэргүүдээ олж харж, түүнтэй тэмцэх арга механизмаа нарийвчилна гэсэн үг. Тэгж байж хууль сахигч иргэн бий болж, нийгэмд гарч буй хууль бус үйлдэл цөөрнө.
-Ялтай байдал гэж байхгүй болж байгаа юу?
-Албадлагын арга хэмжээ авагдаад ял шийтгүүлээгүй ч гэсэн эрх чөлөө хасах, эсвэл зан үйлийг нь засах сургалтад суулгачихаар ялтай байдал гэж тэр хүнд гарахгүй. Хариуцлагаа хүлээсэн л бол дараа нь нийгэмд хэвийн амьдрах боломжийг байх ёстой гэж үзсэн. Олон улсын нийтийн эрх зүйн жишгээр нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн суурь зарчимд нийцүүлсэн гэж ойлгож болно.
-Улстөрийн албан тушаал хаших эрхийг хэдэн жилээр хасах ялууд байгаа юу?
-Эрх хасах ял байгаа. Тодорхой албан тушаал, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял 1-8 жил байхаар заасан. Энэ бол нэмэгдэл ял хэлбэрээр авлигын хэргүүд дээр ихэвчлэн заагдсан. Жолооны эрх, улс төрийн албан тушаал хаших эрхийг хасдаг байсан бол багш, эмч, хуульч, нягтлан бодогчоос авахуулаад гэмт хэрэг үйлдсан бол тодорхой мэргэжлийн эрхийг нь хасаад эхэлнэ.
-Шинэ Эрүүгийн хуулийг баталбал Өршөөлийн хууль шаардлагагүй болно гэж анх ярьж байсан. Тэр үр дүнг хүлээж байгаа юу?
-Өршөөлийн хууль гаргах нь УИХ-ын Үндсэн хуульд заасан бүрэн эрх. Гэхдээ шоронгийн хэт дүүргэлт бий болоогүй байхад тэр хуулийг гаргахгүй шүү дээ. Янз бүрийн эрх хасч, үүрэг хүлээлгэж, цахим хяналт тавьж эрх чөлөөг хязгаарлаад шоронд хорихоос зайлсхийгээд ирэхээр Өршөөлийн хуулийн хэрэг аандаа байхгүй болчихно л доо. УИХ-ын бүрэн эрхийн асуудал шүү дээ. Давтамж нь ч багасна гэж үзэж байгаа.

-Ялын хувьд өмнөхөөсөө сонголтой болсон, шинэ ялууд оруулсан гэсэн. Энэ талаар?
-Одоо байгаа ялуудын заримынх нь нэр өөрчлөгдөж байгаа. Жишээлбэл, Монгол Улсын нэгдэн орсон конвенцийн дагуу бол Эрүүгийн хуульд албадан ажил хийлгэх гэдэг нэртэй ял байж болохгүй юм байна. Дэлхийн улсууд ийм ялаа “нийтэд тустай хөдөлмөр хийлгэх” гээд нэрлэчихдэг юм байна. Манайх сая шинэ Эрүүгийн хуульдаа 140 цагаас гурван сарын хугацаанд цалингүй нийтэд тустай хөдөлмөр хийлгэнэ гээд орууллаа. Нийтэд тустай хөдөлмөр хийх ёстой хүн өөрийн үндсэн ажлаасаа салахгүйгээр өдөрт 4 цаг ч юм уу, гудамж, талбай цэвэрлэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахихад оролцох гэх мэтээр нийтийн ажил хийж болно. Цаашид үүнтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой байгаа. Тэрэн дээр төрийн бус байгууллага, нийтийн тохижилт үйлчилгээний байгууллагуудыг татаж оруулах ёстой болох байх. Шүүх гэм буруутай хүнд тохирсон ямар цалингүй хийж болохоор нийтэд тустай хөдөлмөр байгааг гаргасан жагсаалтаас харж байгаад өгөх юм. Бас гэрийн хорио буюу зорчих эрхийг хязгаарлах ял нэмэгдсэн. Гэрт нь хорихгүй ч гэсэн явах чиглэл, маршрутыг нь тогтоогоод электрон, цахим гаваараа хяналт тавьж байгаа юм.
-Хөдөөгийн малчин яаж гэрийн хорионд байх вэ?
-ОХУ-ын захын мужид ч гэсэн зүүж хэрэглээд болж л байна. Зорчих эрхээ хязгаарлуулсан хүн сумын төв, аймгийн төв орж болох ч, нийтийн арга хэмжээнд оролцож болохгүй. Зорчихыг хориглосон хэсгийг нь заагаад өгчих юм. Хүмүүс суманд гар утас бариад болоод л байгаа шүү дээ. Электрон гав түүн шиг зарчмаар ажилладаг. Тэр бүсээсээ гарвал тахар, цагдаа, шийдвэр гүйцэтгэлийнхэнд сигнал өгөх гэх мэт байж болно. Зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн иргэн үүнийг биелүүлэхгүй бол хорих ялаар солих боломж хуульд байгаа.
-Мөнгөтэй нь хорих ял эдлэхгүй. Мөнгөгүй нь шорондоо орох юм байна л даа гэсэн яриа байгаа. Үнэхээр ийм нөхцөл байдал үүсэх үү?
-Торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солих зохицуулалт хуульд байгааг мушгин гуйвуулаад байгаа юм. Уг нь ял гарцаагүй байх зарчим хэрэгжүүлэх заалт. Гурван жилийн хугацаанд торгох ялыг барагдуулах график заагаад өгчихөөр хүн хоригдохгүйн тулд заавал хохирлоо төлнө. Тэрнээс биш хорих ялыг худалдаж авах тухай, хорих ял авчихаад өөр төрлийн ялаар солиулна гэсэн ойлголт ерөөсөө биш. Шүүх боломжтой гэж үзсэндээ хорих ял оногдуулахгүйгээр өөр төрлийн ял оногдуулж, албадлагын 3 төрлийн арга хэмжээ, 6 төрлийн үүрэг, хязгаарлалтаас сонгон оногдуулна. Харин таван жилээс дээш хорих ялтай гэмт хэрэг үйлдээд ирсэн хүнийг тэнсэхгүй. Тэр хүн үнэхээр гэм буруугаа хүлээгээд, хохирол гэм буруугаа арилгаад, хохирогчтой ямар ч асуудалгүй болвол ялыг хөнгөрүүлж болно. Манайд шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх гэсэн гэмт хэрэг байдал мөртлөө шүүхээр шийтгүүлсэн нь бараг байхгүй. Ял шийтгэх гэхээр сард таван мянган төгрөг төлсөн дүр үзүүлж биелүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэр биелүүлсэн ч юм шиг, биелүүлээгүй ч юм шиг ингэж явдаг. Одоо бол тийм зүйл байхгүй. Тогтоосон хугацаанд хохирол, торгуулиа барагдуулахгүй бол хорих ялаар солино. Шүүх шийдвэрийнхээ биелэлтийг харж байгаад болохгүй бол дахиж авч хэлэлцээд ял оногдуулна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын оролцоо, идэвх энэ хэрээр нэмэгдэж, ял илүү үр нөлөөтэй, бодитой болно.
-УИХ зориглоод Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг шинээр баталчихлаа. Есдүгээр сараас эхлээд хэрэгжинэ. Тэр хүртэл нягт уялдаатай процессын хуулиудаа баталж чадахгүй бол яах вэ. Хугацаа тун бага байгаа шүү дээ?
-Энэ чуулганы хугацаанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг батлах ёстой. Ингэж байж шинэ Эрүүгийн хуулиар тодорхойлсон институт, тогтолцоо ажиллах юм. Дутуу хийвэл олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн амлалтаасаа буцна гэсэн үг. Сая оны өмнөхөн хүний эрхийн хэрэгжилтийн талаар НҮБ-ийн төрөлжсөн байгууллагын хурлуудад Засгийн газрын төлөөлөл урьдчилсан амлалт олон улсад өгсөн. Тийм учраас амжаад батлачих болов уу гэж өөдрөгөөр харж байна.
-Гэмт хэрэгт тооцдог байсан ямар үйлдлүүд сая Зөрчлийн хууль руу орсон бэ?
-Одоо манай Эрүүгийн хуульд бусад хуулийг иш татан дурдсан багадаа л 36 гэмт хэрэг байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн бол, үүний улмаас хүний амь нас хохирсон бол гээд эсвэл үйлдвэр үйлчилгээний журам зөрчсөн бол гээд. Эдгээр нь хуулийг төсөөтэй хэрэглэх байдалд хүргэдэг байсан. Ийм учраас журам зөрчвөл Зөрчлийн хуулиар шийдэхээр болж хууль тогтоомж, захиргааны акт, гэрээ хэлцлээр үүрэг хүлээсэн хүн түүнийгээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон, гэмтэл учруулсан бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж үзэхээр нэгтгэж тодорхой болгосон. Ингэж бусад хуулиас иш татсан зөрчлүүдийг Зөрчлийн хуульд буцааж хийсэн.
-Хулгайн гэмт хэргийг яасан бэ. 192 мянган төгрөгөөс дээш үнэлгээтэй эд зүйл хулгайлбал хулгай болж, 190 мянган төгрөгийн эд зүйл хулгайлбал Захиргааны хариуцлагын тухай хуулиар 20 мянган төгрөгөөр торгоод явуулж байна. Хулгайч нарын толгойг ингэж илсээр халаасны хулгайч нар даварч байна шүү дээ?
-Шинэ хуулиар хулгай бол хулгай. Үйлдлээр нь биш хохирлоор нь ялгахаар гэмт хэрэг болгох уу, зөрчил болгох уу гэдэг нь хууль сахиулагчаас шалтгаалаад байсан юм. Ашиглан шамшигдуулах гэдэг нэр томъёог Захиргааны хариуцлагын тухай хуульд байсныг Зөрчлийн хуульд хассан. Үйлдлээр нь ялгасан учраас одоо асуудалгүй том жижиг ч хулгай. Бага юм хулгайлсан бол бага, их юм хулгайлсан бол их ял авна. Энэ зэргээр Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулийн хооронд давхацсан нэг ч үйлдэл байхгүй. Одоо хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бэлгийн дарамт зэрэг нь зөрчил байсныг гэмт хэрэгт тооцсон учраас баривчлах ялыг Эрүүгийн хуулиас хасч хорих ялыг 7 хоногоос эхлүүлж байна.

-Тэнсэхгүй ямар ял байх вэ?
-Таван жилээс дээш хорих ялтай хэргийг тэнсч, хянан харгалзахгүй. Наана нь хорихоос өөр төрлийн арга хэмжээ авахгүй гэсэн үг. Харин хохирол гэм буруугаа хүлээж, барагдуулсан бол эдлэх ялынх нь 2/3, 3/4 2/1 гэсэн хөнгөлөлтүүд байгаа.
-Ялын бодлогын хувьд аль төрлийн гэмт хэргийн ялыг нэмсэн бэ?
-Авлига, албан тушаалын хэргүүд, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргүүд өндөр ялтай. Гэхдээ одоо байгаа ялын бодлого айхтар өөрчлөгдөөгүй 12 төрлийн интервал бий болгосон. Ялын дээд доод хэмжээг сунгаж, оногдуулах ялыг уян хатан болгож шүүх, шүүгчид итгэл хүлээлгэж, хууль хэрэглэх өргөн боломж олгосон.
-Удахгүй УИХ, орон нутаг, дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуультай холбоотой гардаг гэмт хэргийн тухайд шинэ Эрүүгийн хуульд яаж туссан бэ?
-Одоогийн байгаа гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүд хэвээрээ байгаа. Сүүлд харин үйлдлийг нь илүү тодорхой болгосон байгаа. Шинээр сонгуулийн дүнд нөлөөлөх хуйвалдаан хийх гэмт хэрэг бичсэн. Энэ нь сонгуулийн санал хураалтын дүнг буруу гаргах, нөлөөлөх энэ хэргийг Төрийн эрх мэдлийг авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэргээс ялгасан. Сонгуулийн хуульд дурдсан зөрчлүүдийг 7 хоногоос сарын дотор шийдэх ёстой гээд онцгой зохицуулалттай учраас Зөрчлийн хуульд оруулаагүй. Зөрчлийн хуульд оруулъя гэхэд Сонгуулийн хууль бүхлээрээ орчих гээд байсан. Ийм учраас Сонгуулийн хуулиараа шийдэхээр үлдээсэн
-Шашин шүтлэгтэй холбоотой Эрүүгийн хуулийн зохицуулалтын хувьд?
-Манайх одоо шашны харгис үзэл номлолыг тулгахыг гэмт хэрэгт тооцдог Эрүүгийн хуультай. Гэтэл дэлхийн шашнууд чинь манайх харгис номлолгүй гэсэн ангилал байхгүй байна. Хэмжих боломжгүй, бүгд л өөрсдийнхөөрөө тайлбарладаг. Сүсэг бишрэлийн асуудал болохоор аль нь харгис номлолтойг тогтоох боломжгүй. Ийм учраас хассан. Харин иргэний хүсэл зорилгын эсрэг шашиндаа хүчээр татан оруулах, эд мөнгөөр татаж оруулахыг тусдаа гэмт хэрэг гэж томъёолсон. Хүний шашин шүтэх эрхийг хязгаарлаж, хаан боогдуулж байгааг бас тусдаа оруулсан.
-Чи бөө болох ёстой. Бөө болохгүй бол тахир дутуу болно, үр хүүхдэд чинь муу энэ тэр гэж байгаад маш их зардал гаргаж бөө болгосон явдлууд сүүлийн жилүүдэд гарсан. Үүнийг Эрүүгийн хуульд юу гэж үзэх юм бэ?
-Тэр бол залилангийн хэргийн шинж. Харилцааны явцад бий болсон итгэлцлийг ашиглаад залилж байгаа бол гэмт хэрэг гэж үзэхээр заасан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн