ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр болох тухай албан ёсны мэдэгдлийг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт ОХУ-ын Сонгуулийн төв комиссын нарийн бичгийн дарга Майя Гришина ОХУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээлэлд тайлбар хийхдээ хэллээ.
Оросын хууль тогтоомжоор төрийн тэргүүний сонгуулийг Холбооны Зөвлөл санал хураалт болох өдрөөс 100-аас илүүгүй, 90-ээс доошгүй өдрийн өмнө товлон зарладаг ба өмнөх Ерөнхийлөгчийн сонгууль явуулсан сарын хоёр дахь ням гариг нь сонгуулийн өдөр болдог ёстой. Өнгөрсөн удаад 2002 оны гуравдугаар сарын 5-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж байсан бөгөөд 2018 оных ийнхүү гуравдугаар сарын 18-нд буюу Крымыг Оростой нэгтгэсэн өдөртэй давхцаж байна.
Дараагийн ОХУ-ын төрийн тэргүүний албыг хэн хаших нь дэлхий дахинд болоод Монгол Улсын хувьд чухалд тооцогдох үйл явдал тул тэр хэмжээгээр ажиглагчид анхаарал хандуулж, өөр өөрсдийн таамгийг дэвшүүлсээр байна.
ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин ирэх сонгуульд оролцох эсэхээ албан ёсоор зарлаагүй ч Оросын ард түмний хүлээлт болоод, улс төр шинжээчдийн байр суурь түүнийг дахин сонгогдох магадлал өндөр байгааг хэлж байгаа юм.
Тус улсын Үндсэн хуулийн дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 он хүртэл зургаан жилийн хугацаанд өөрийн бүрэн эрхийн хугацаагаа сунган ажиллах эрх нээлттэй буюу дахин сонгогдон ажиллах боломжтой.
Өнгөрсөн 2016 онд болсон ОХУ-ын парламентын сонгуульд Ерөнхийлөгч Владимир Путиний “Нэгдсэн Орос нам” ялалт байгуулж, түүний нам Төрийн Думд олонх болсноор 2018 онд Владимир Путинийг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх зам засагдсан гэж хэлэхэд болно. Нөгөө талд Путиний дэмжигчид хэдий нь 2018 онд хүчээ зузаатгах ажлын төлөвлөгөөгөө боловсруулаад эхэлсэн.
Үүний дээр өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт нийтлэгдсэн судалгааны дүнд Оросуудын олонхи нь Владимир Путинийг Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллаасай хэмээн хүсч байгаа бол зарим нь түүний санал болгосон ямар ч хүнийг дэмжихэд бэлэн байгаа нь харагдсан.
Москва хотод байрладаг судалгааны "Левада" төвийн наймдугаар сарын 18-22-нд явуулсан уг судалгаанд хамрагдсан 48 бүс нутгийн 1600 хүний 60 хувь нь "Хэрэв ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн сонгууль болбол Владимир Путинийг Ерөнхийлөгчөөр дахин сонгоно" гэж хариулжээ. Мөн судалгаанд хамрагдагсдын 67 хувь нь “2018 оноос хойш Владимир Путин Орос улсыг дахин удирдахыг хүсч байна уу?” гэсэн асуултад зөвшөөрсөн хариулт өгсөн ба Путиний санал болгосон гэх нэр дэвшигчийг "Левада" төв зохиомлоор танилцуулахад 18 хувь нь тэр хүнийг дэмжинэ гэжээ.
“Хэдийгээр иймэрхүү төрлийн судалгаанд хязгаарлагдмал ч оросууд Владимир Путин болон түүний бодлогод бүрэн итгэдэг гэсэн ганцхан зүйлийг энэ судалгаа харуулж чадлаа” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн юм.
Владимир Путин яагаад ийм алдартай вэ
Улс төрийн шинжлэх ухааны уламжлалт хэлээр Путиний дэглэм буюу холимог авторитаризм гэж нэрлэж болох юм. Орост Путинийг нэг ёсны “хаан” гэж үзэх үзэл ноёлдог бөгөөд “Путин бол Орос, Орос бол Путин. Хэн Путиний эсрэг байна, тэр хүн Оросын эсрэг байна” гэсэн үгийг хүртэл ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Володин гаргасан байдаг. Мөн “Путин Орос оронтой гэрлэсэн” гэж үг бас бий.
Эдгээр үгс нь төрийн шаталсан удирдагчийн байр суурийг олон нийтийн төсөөлөлд “хааны хоёр бие” хэмээх дундад зууны үеийн сургаалаар тайлбарлах гэсэн оролдлого юм. Тус сургаалд “хаан бол ард түмэн” гэж заадаг бөгөөд энэ нь хаан насан өөд болох эсвэл шинэ залгамжлагчтай болсон ч улс төрийн хувьд хааны байр сууриа алддаггүй гэсэн үг. Тиймээс “хааны биеийн улс төр” орчин үеийн Орос улсад хадгалагдаж байгааг Путиний дэмжигчид харуулдаг.
Путинд хандах олон нийтийн хандлагыг харуулдаг “Левада”-ын жил бүрийн судалгааны дүнд олон нийт Путинд эерэг байр суурьтай ханддаг нь харагддаг бөгөөд судалгаанд оролцогчдын дийлэнх нь “түүний талаар хэлэх муу зүйл байхгүй” гэсэн хариултыг өгдөг болох нь харагддаг.
Сонгууль биш, итгэл хүлээлгэх санал хураалт
Владимир Путиний хувьд ирэх жилийн сонгууль түүний хувьд сүүлийнх байна гэж ажиглагчид харж буй юм. Учир нь тэрээр ахин сонгогдвол 2024 онд бүрэн эрхт хугацаа нь дуусгавар болох үед 72 настай болсон байх юм. Тиймээс энэ удаагийн сонгуулийг түүний хувьд сүүлийн сонгууль болно гэж үзэж байна.
Хэдий тийм боловч Путинийг дэмжигчид түүнд итгэл хүлээлгэсэн хэвээр байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулийг “сонгууль биш, итгэл хүлээлгэх санал хураалт” гэж тодорхойлж байна.
Улс төр судлалын хүрээлэнгийн захирал Сергей Марков “RBTH”-т өгсөн ярилцлагадаа “Одоогийн байдлаар Путинтэй өрсөлдөх нэг ч улстөрч албан ёсоор тодорхойлогдоогүй байгаа, хэдий өөр улстөрч нэр дэвшсэн байлаа ч Путин аль хэдий нь сонгуульд ялалт байгуулчихсан” гэж хэлж байсан юм.
Мөн Үндэсний стратегийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Михаил Ремизов “Хэн ч Путинийг ялж чадахгүй бөгөөд тэрээр ямар ч өрсөлдөөнийг бий болгохгүй. Тэр ч байтугай, 20 жилийн өмнө байсан ч энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байсан, хэдий өөр байлаа гэж бодоход ялихгүй л өөр байх болно” хэмээн өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байдаг.
Ирэх сонгуульд Владимир Путин нийт сонгогчдын 2/3 хувийн саналыг авна гэсэн урьдчилсан дүгнэлт байгаа юм.
Владимир Путинтэй хэн өрсөлдөх вэ?
Урьдчилсан байдлаар 2018 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн дотор ОХУ-ын Либерал Ардчилсан намын удирдагч Владимир Жириновский, Коммунист намын удирдагч Геннадий Зюганов, Яблоко намын удирдагч Григорий Явлински, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Путинийг эсэргүүцэгч, блогер, хуульч, улс төрийн идэвхтэн Алексей Навальный нарын нэр дурдагдаж байна.
Гэвч Алексей Навальныйгийн тухайд ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооноос түүнийг ирэх жилийн сонгуульд оролцох эрхгүй гэж мэдэгдээд байгаа юм. Учир нь тэрээр саяхан таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хуулийн хүрээнд гэмт хэрэгт яллагдсан хүмүүс 10 жилийн дараа шийтгэх хугацаа дуусгавар болдог бөгөөд тэр хүртэл аливаа төрийн албан тушаалд томилогдох эрхгүй байдаг аж.
Путинтэй өрсөлдөх хүмүүсийн жагсаалтад бас нэгэн сонирхолтой нэр дэвшигч сүүлийн үед яригдах болсон нь Ксения Собчак. Сэтгүүлч, хөтлөгч, нийгмийн идэвхтэн гээд олон зүйлийг зэрэг хийдэг Ксения Собчак “Дээд эрх баригчдын хэн нь ийм зүйл ярьж байгааг мэдэхгүй юм. Гэвч олон жил улс төртэй ойр явсан хүний хувьд надад нэг л үнэлгээ бий. Жентельмэнүүдээ, өнөөдрийн та нарын хийж байгаа улс төр бол хог шаар! Уйтгартай, жигшмээр зүйл!” гэж инстаграм хуудастаа бичжээ. 1990-ээд оны эхээр Санкт Петрбург хотын дарга байсан, Путинийг улс төрд орох эхэн үед нь дэмжигч байсан Анатолий Собчак түүний эцэг юм.
2018 оны сонгуульд нэр дэвшигчид энэ оны арванхоёрдугаар сар гэхэд албан ёсоор тодорхой болно.